З.Баянсэлэнгэ: Ардын нам, Ардчилсан намын зүгээс эд зүйл тарааж, хууль зөрчиж байна

2017/06/15
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаа эхлээд 10 хонож байна. Энэ хугацаанд МАН, АН-ын Сонгуулийн штабын зүгээс сонгуулийн тухай хууль зөрчих,  мөнгө, эд бараа тараах явдал хэрээс хэтэрлээ. Түүнчлэн МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй С.Ганбаатарыг элдвээр гүтгэж, доромжилсон агуулга бүхий материалыг олон янзаар хэвлэн тарааж, сонгогчдыг төөрөлдүүлж байна.  Иймд шударга сонгуулийн  төлөө тэдгээр намын  жирийн гишүүдийг нь уриалж, иргэд, ард түмэндээ хандаж байна хэмээн МАХН-ын Сонгуулийн төв штабаас  “Үндэсний мэдээллийн төв”-д   мэдэгдэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан  асан З.Баянсэлэнгээс цөөн асуултад хариу авлаа.

-Сонгуулийн сурталчилгааны явцын талаар та ямар байр суурьтай байна?

-Манай нам бусад улс төрийн хүчин  шиг, мөнгө, эрх мэдлийг урдаа бариагүй. Ийм боломж ч байхгүй. Дээр нь Монголын ард түмний олонхийг төлөөлсөн нэр дэвшигчтэйн хувьд аливаад хүлээцтэй хандаж, сонгуулийн бохир үйл ажиллагаанаас хол байж ирсэн. АН,МАН-ын хоорондын зөрчил, сүүлийн үед рейтинг өсч байгаа МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар руу хэвлэл мэдээллээр, телевизийн захиалгат нэвтрүүлгээр, сошиал орчинд дайрч, нэр төрийг нь гутаах ажиллагааг ихээхэн явуулж байна. Ялангуяа төрийн зүгээс эрх мэдлээ ашиглан төрийн албан хаагчдыг сонгуулийн сурталчилгаандаа ашиглах, албадах, төрийн өмчит байгууллага, төрийн өмчийн заал, байр, автобусыг дайчлах хууль бус ажиллагаа хэрээс хэтэрч байна. Тиймээс  бид өнөөдөр арга буюу олон нийтэд мэдээлж, мэдэгдэл гаргаж, шударга өрсөлдөхийг МАН,АН-д уриаллаа. Мөн  Ард түмний сонгох эрхийг хүндэлж, үлдсэн 10 хоногт сонгуулийн сурталчилгаагаа хуулийн хүрээнд явуулахыг анхааруулсан.

-Хууль зөрчсөн ямар  үйлдлүүд байна. Та бүхэнд баримт байна уу?

-Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын Сонгуулийн штаб олон зөрчлийг илрүүлж баримтжуулсан байгаа. Сонгинохайрхан дүүрэг 85 мянган өрхтэй,  310 гаруй мянган иргэнтэй. Нийслэлийн хүн ам түлхүү төвлөрсөн том дүүрэг. 32 хороон дээр манай нам 39 зууттай ажиллаж байна. Нийтдээ 40 ухуулах байртай үйл ажиллагаа явуулж байгаа. Сонгуулийн сурталчилгааны явцад бид бусад нам, нэр дэвшигчдийг өдөөн хатгасан, нэр хүндийг нь унагасан аливаа хууль бус үйлдэл, зөрчил гаргахгүй байх, аль болох шударгаар өрсөлдөх, ард түмний сонголтод хөндлөнгөөс ямар нэг хэлбэрээр нөлөөлөхийн эсрэг, саналыг худалдаж авах гэсэн аливаа хууль бус үйлдлийг таслан зогсоох, тэр даруйд нь мэдэгдэх, албан бичиг өгөх зэргээр ажиллаж байна. Гэсэн хэдий ч сонгогчдын саналыг худалдаж авах, мөнгө төгрөг тараах, төрийн албан хаагчдыг төвлөрүүлэх уулзалт зохион байгуулах, хүчээр оролцуулах, тулган шаардах, гулууз мах тараах, 50 төгрөг өгөх, тэр бүү хэл БНН-ын дарга нь тамгатайгаа АН-д элсчихсэн энэ тохиолдолд БНН-д хүн элсүүлнэ гээд ноолууран цамц тараагаад байж байгааг эсэргүүцэж бид цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Удаа дараагийн ийм зөрчлүүд гарч байна.

-Сонгууль шударга явагдана гэсэн итгэл үнэмшил захын дүүрэг, хороодод суларч байна гэсэн мэдээллийг иргэд бас ярьж байгаа. Энэ тохиолдолд ямар алхам хийх ёстой бол?

-Сонгууль шударга болно гэсэн итгэл алдарч байгаа иргэддээ хандаж хэлэхэд тараагаад байгаа мөнгө нь та бидний төлсөн татварын мөнгө шүү. Бид татвар төлж төсвийг бүрдүүлдэг. Өнөөдөр бид Улсын бүртгэлийн газраас нэг лавлагаа авсан ч 1000 төгрөг төлдөг. Биднээс авч байгаа энэ татвар, хураамжаас улсын төсөв бүрддэг. Улсын төсвөөс үйл ажиллагаа явуулж, тендер нэрээр мөнгө завшиж тэрбумтангууд төрдөг. Эргээд завшсан мөнгөө өөрийнх мэт хүмүст тарааж санал худалдаж авах гэж байгаа нь зохисгүй үйлдэл. Явуургүй үйл ажиллагаа. Ард түмэн та бүхэн өөрслийнхөө мөнгийг авч байгаа шүү. Та бид  хэн нэгний халааснаас мөнгө гаргуулж авч байгаа зүйл биш. Энэ бол таны саналыг худалдан авах гэсэн явуургүй үйл ажиллагаа учраас иргэд энэ байдлыг ялгаж салган ойлгож, ухаалгаар шийдэж, саналаа бүү худалдаарай гэж хэлье. Өнөөдөр гурван нэр дэвшигч өрсөлдөж байгаа мэт боловч цаанаа улс төр, .нийгэм, эдийн засгийн маш том бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа баян, ядуу болон эсрэг, тэсрэгийн зөрчил байгаа юм шүү гэдгийг ухаарч, саналаа өөрийн сонгосон зөв хүндээ өгөөрэй гэж уриалж байна.

МАХН-ын Сонгуулийн штаб


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна