Самнах ямаа нь хорогдсон “Ноолуурын улирал”

Zuv.mn
2024/03/05

Хавар гуравдугаар сарын дундаас тавдугаар сарын эх хүртэл малчдын хувьд сэтгэл тэнийсэн, гэрэл гэгээтэй үе болж өнгөрдөг. Цаг ирж, малын зоо тэнийхээс гадна ямаатай айлууд ноолуур самнаж, олсон мөнгөөрөө өвөл тавьсан өр зээлээ дарах боломж гардаг юм.

400 ямаа самнадаг айл 100 килограмм ноолуураа нэг кг-ыг 100 мянгаар өгч, 10 сая төгрөгтэй болсон малчин 4 саяыг нь банкинд хадгалуулж, 2 саяыг нь найр наадам, өвчин зовлонгоос эхлээд гэнэтийн зардалдаа өгч, 2 саяыг өдөр тутамдаа хэрэглэлээ гэхэд жилийн хагасыг ямартай ч давчихна. Харин өвөл, жилийн төгсгөлд ирэхэд мал хуйгаа заазлаж, зарж мөнгөжинө. Үүгээр малын шим буурдаг өвлийг давах бэлтгэл, өвс тэжээлээ авна. Хэцүү өвөл таарвал өр тавьж байж давна. Эргээд хавар болоход бүх санхүүгийн асуудлаа ямааны ноолуураараа дарна.

Ер нь малчдын зээлийг намар мал бэлтгэлийн үеэр, хавар ноолуурын үеэр гэсэн хоёр удаагийн эргэн төлөлттэйгөөр олгодог жишиг ч бий. Энэ үе улс орны хэмжээнд ч чухал нөлөө үзүүлэх бөгөөд чухам энэ үед Нарантуул, Да хүрээ захуудын борлуулалт өсөж, эдийн засагт шинэ цус сэлбэгдэн, иргэд амьжиргааныхаа ээлжит эх үүсвэртэй залгадаг онцлогтой. Тэгвэл, энэ жилийн тухайд, яг ноолуураас олдох мөнгө тодорхой хэмжээгээр багасаж, улс орны эдийн засагт үзүүлэх нөлөө нь тэр чинээгээрээ багасах нөхцөл үүсээд байна. 


Зөвхөн Монгол гэлтгүй, дэлхийн эдийн засагт ч нөлөөлөх нь ойлгомжтой болоод байна. Дэлхийн зах зээлд ноолуур бэлтгэж өгдөг гол улсууд нь Монгол, БНХАУ. Дэлхий нийт жилдээ 18-20 мянга орчим тонн ноолуур бэлтгэдэг гэж байгаа ч үнэн хэрэгтээ үс, хялгас, тоос, бүдүүн ширхэгтэй ноолуур зэргийг салгасны дараа тансаг бүтээгдэхүүн хийхэд бэлэн 6500 тонн орчим түүхий эд л үлддэг гэсэн тооцоо бий. Бэлтгэгчид нэг ямаанаас 250 грамм ноолуур самнадаг байтал үйлдвэрлэгчид “Нэг цамц хийхэд дөрвөн ямааны ноолуур шаардлагатай” гэж ярьдгийн учир энэ. Тэгэхээр, зуданд үрэгдсэн ямаа манайхны бойжуулах гээд ядаад байгаа үндэсний үйлдвэрлэгчид, цаашлаад Итали, Франц, АНУ-ын тансаг хувцас хэрэглэл үйлдвэрлэгчдэд нөлөөлнө гэсэн үг.   

Эндээс “Малчид хувийнхаа өмчийг үхүүлж байгаа, төрөөс, нийт улсаараа хандив туламж өгч хамгаалах шаардлагагүй” гэдэг санааг илэрхийлэгсэд яагаад Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг” гэж зааж өгсний шалтгааныг бага ч гэсэн ухаж ойлгох болов уу. Дэлхий нэг нэгнээсээ ийм хамааралтай, "хавтгай" байхад 1 сая 500 мянган квадрат дээрээ монголчууд ийм тэнэг байж болохгүй. 

Статистикаас харахад, нийт хорогдсон малын дийлэнхийг ямаа эзэлдэг. Өнгөрсөн жил гэхэд зүй бусаар хорогдсон 3.6 сая малын 1.5 саяыг нь ямаа эзэлж байсан. Нэг ямаанаас 200 грамм ноолуур авдаг гэж тооцоход жил бүр 300,000 кг ноолуур авах боломжоо алдсан гэсэн үг. Энэ жил хамгийн сүүлийн үеийн дүн мэдээгээр улсын хэмжээнд 3.3 сая мал хорогдсон байна. Ямаан дээр авч үзэхэд, нийт сүргийн 4.6 хувь нь хорогджээ.  2023 оны эцсийн дүнгээр тоологдсон хонин сүргийн 5.1 хувь, ямаан сүргийн 4.6 хувь, үхэр сүргийн 5.4 хувь, адуун сүргийн 3.4 хувь, тэмээн сүргийн 0.3 хувийг алджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна