Лениний оргил: Уулчдын амийг залгигч догшин хайрхан

Х.Батсайхан
7 цаг 37 минутын өмнө

Одоогоос хоёр жил хагасын өмнө монгол уулчин Х.Бумхишиг Тажикистан, Киргизстаны нутагт орших Лениний оргилд ганцаарчилсан авиралт хийж явахдаа хөлөө хөлдөөн хүнд байдалд орж байсан билээ. Тэр үед нутаг нэгтнээ аврахаар эндээс уулчдын баг мордож, өдгөө зорьсон хэргээ бүтээгээд ирсэн байдаг. Х.Бумхишигийн авирч явсан Лениний оргилын талаар мэдээлэл хүргэж байна.

Хамгийн хүнд маршрут нь 1969 онд нээгдсэн энэхүү оргил нь авирахад амаргүйгээс гадна үе, үе хилэгнэн, уулчдын амийг олноор авч оддогоороо зартай, догшин хайрхан ажээ.

ПАМИРЫН ИХ УУЛС ХИЙГЭЭД, КОММУНИЗМЫН БЭЛГЭДЭЛ БОЛСОН ОРГИЛУУДЫН ТУХАЙ

Памирын уулс, Заалайн нуруу нь дундаж өндөр нь 5500 метр орчим байдаг. Лениний оргил нь Памирын их уулсын салбар, Тажикистан, Киргизстаны хил дээр оршдог бөгөөд 7134 м өндөр нь тухайн үеийн ЗХУ-даа хоёрт ордог байжээ.

Памирын уулс, түүний шинж байдлыг шинжлэх ухаанчаар судлах ажил 1870-аад оноос эхэлсэн ч гол судалгаа нь шинэ залуу ЗХУ-ын үед буюу 1928 оноос эхэлсэн байдаг. Тэр үеийн геологичид шинэ оргил нээгээд ЗХУ, коммунизмыг бэлгэдсэн нэр өгөх их дуртай байж. Тиймээс ч 1928 онд ЗХУ-ын Шинжлэх ухааны академиас илгээсэн судалгаа шинжилгээний багийн олсон оргилууд

  • -Дзержинскийн оргил
  • -Свердловын оргил
  • -Красины оргил хэмээх нэрийг олсон аж.

Хожим Герман, Австрийн уулчид Лениний оргил орчмыг нарийн шинжлэн судалсан бөгөөд энгийн арьсан гутал, одооны уулчдыг бодвол гар хоосон шахуу явсаар оргилд нь гарч чадсан түүхтэй.

Лениний оргилын амаргүй нөхцөл байдал чухам энэ үеэс илэрч эхлэн, тэдгээр уулчид бууж ирснийхээ дараа удаан хугацаагаар эмчлүүлэх хэрэгтэй болсон гэдэг.

ЗХУ-ын уулчдаас 1934 онд уг оргилд анхлан хөл тавьж, байгаль цаг уурын хүнд нөхцөл байдлыг нэлээд нарийвчлалтай тогтоосон байдаг. Гол нь хад чулуу, хөрсний болон цасны нуранги, салхи шуурга гол эрсдлийг үүсгэдэг нь тодорхой болсон байна.

Газар хөдлөлийн маш их идэвхтэй, нуралт байнга болдог, орчны байдал өөрчлөгддөг тул төөрөх аюул ихтэй. Тэд оргилд гарах Хойд зам гэгддэг маршрутыг нээсэн юм.

Заалайн нуруунаас гайгүй судлагдсан нь болох Төв болон Зүүн Заалайд энэ онцлог тод илэрдэг. Гэхдээ 5Б ангилалд багтах хамгийн хүнд маршрутыг 1969 онд нээжээ. Зөвлөлт, Германы уулчин судлаачид хамтарсан багаар шинэ маршрут гаргасан гэх бөгөөд бас л бөөн хүндрэл, адал явдал болж Зөвлөлтийн уулчид тусламж дуудахаар буцаж байсан гэдэг.

Одоо Лениний оргилыг Тажикистанд Али ибн Сины оргил гэдэг. Харин Киргизстанд хуучин нэр нь хадгалагдаж үлдсэн байна. Дээр дурдсан эвгүй онцлогуудаасаа болоод өвөл гарахад хамгийн хэцүү оргилд тооцогддог. Анх 1988 онд л өвлийн авиралт амжилттай болсон. Энэ амжилтыг давтах эр зоригтон өнөөдрийг хүртэл цөөхөн гарсан гэнэм.

ДОГШИН ХАЙРХНЫ ШИДИЙГ ҮЗЭГСЭД БУЮУ АМИА ӨРГӨСӨН УУЛЧИД

Энэхүү оргил руу дайралт хийнэ гэдэг маш туршлагатай хаданд авирагч, уулчдын л зүрхлэх ажил гэдгийг баталсан олон тохиолдол бий. Тэдгээрээс хамгийн харамсалтай нь 1990 оны, 43 уулчин нэг дор амиа алдсан осол юм. Нөгөө л газар хөдлөлийн идэвхжилээс болоод уулын оройгоос бөөн хад чулуу нурж, доохон нь байх уулчдын отгийг дарчихсан гэдэг. Халуун зунаар болсон энэ гэнэтийн аймшигт осол 43 уулчны амийг авсан бөгөөд дарагдсан хүмүүсээс ердөө хоёрыг нь л аварч чаджээ.

Газрын чичирхийллээс гадна эндхийн ер бусын шуурга уулчдын эрлэг болох явдал бий. 1974 онд оргил руу дайралт хийсэн эмэгтэйчүүдийн багаас найман гишүүн нь л оргилд гарах гэж зориод бүгд амь насаа алдацгаасан байдаг. Тэд бүгд зүгээр ч нэг уулчид биш, ЗХУ-ын шигшээ багийн гишүүд байсан гэдэг.



Зүүнээс баруун тийш, дээд эгнээнд Т.Бардашева, Н.Васильева, И.Любимцева, Л.Манжарова, И.Мухамедова, Г.Переходюк, В.Фатеева, Э.Шатаева

Хожим энэ аяллын талаар зохиолч Владимир Шатаев “Хүндрэлийн ангилал” /Категория трудности/ хэмээх ном бичсэн байдаг. Энэ авиралтаас болж ЗХУ-д эмэгтэйчүүдийн ууланд авиралтыг хөгжүүлэхээ зогсоож байсан гэдэг.

Товчхондоо Лениний оргилд амиа алдсан уулчид олон, гэмтэж бэртсэн нь түүнээс ч олон бөгөөд дэлхийн хамгийн хүнд бэрх, эрсдэлтэй, уулчдын жинхэнэ эр зориг, шандсыг сорьдог газрын нэг юм. Ёс юм шиг байнгын салхи шуургатай байдгаас уулчид хөлдөх явдал хамгийн түгээмэл бөгөөд манай уулчин Х.Бумхишиг ч мөн энэ онцлогт нь өртсөн байдаг юм. Тэрбээр чухам ямар газар руу зориглож зорьсон хийгээд амьд мэнд бууж ирсэн нь хэчнээн азтай хэрэг болох нь дээрх түүхээс харагдаж байгаа биз ээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна