УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард офшор данстай холбоотой хэд хэдэн шаардлагуудыг УИХ-ын дарга болон Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 25-ны дотор ирүүлэхгүй бол Байнгын хороодын хурал, УИХ-ын чуулганы хуралдааныг орхино гэдгээ мэдэгдсэн аж. Гэвч шаардлагын хариу одоо болтол ирээгүй байна. Иймд ажил хаялт зарлажээ.
Энэ талаар С.Жавхлан “Шаардлагыг энэ хүмүүс нохой хуцсан чинээ тоодоггүй юм байна. Гадаадад мөнгө хадгалсан хүмүүсийн мөнгө хүчтэй юм. Хүний олон нь цөөнөө барьдаг болчихжээ. Уг нь Монголд сайн сайхан цаг ирээсэй, үнэн зөв амьдрал бий болгох юмсан гэсэн зорилгоор би УИХ-д орж ирсэн. Би энд байх нь зөв ч юм уу буруу ч юм уу. Худлаа зүйлийг өдөр болгон хэлэлцэж, түмэн олныхоо талд шийдвэр гаргадаггүй төр байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу.
Хилийн чанадад мөнгөө нуусан хүмүүс ялдаг юм байна. Үнэн худалд ялагддаг юм байна. Монгол түмний заяа буян нь хаяж, сэтгэл нь харалган болвол сайхан зүйл бодоод ч яах билээ. Завсарлага ч авах эрхгүй, Засагт ч байх нэмэргүй хүн болчихлоо би.
Түмэн олны төлөө гэсэн зүйл алга. Дэнжийн мянгын Дорж, Долгорын амьдралд нөлөөлөх хууль гарахгүй байна. Эрх баригчид өөрсдийн бузар булайг халхалсан хууль хийж байна. Би энд байгаад буулгалаа, ялагдлаа, гуниглалаа, гутарлаа. Би энэ бүхнийг залруулах гээд шаардлага хүргүүлж байхад намайг ард түмэнд ажлаа тасалж байна гэж ойлгуулж байна.
ТҮЦ-ийн асуудал нийгэмд асуудал дагуулж байхад тэдний төлөө юу ч дугараагүй хэр нь оффшорчдоо хамгаалсан хууль баталж байна. Би тойрогтоо юм тарааж, ганц зам барих гэж гишүүн болоогүй” гэжээ.
Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр залруулга хийлгэх тухай шаардлага хүргүүлэх аж. Шаардлагадаа “УИХ-ын гишүүн С.Жавхлан миний бие 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр шийдвэр гаргаж, албан бичгээр тодорхой шаардлагуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, МАН, АН, МАХН-ын дарга нарт хүргүүлсэн болно. Уг шаардлагуудын хариуг иртэл миний бие УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, ажил хаялт зарлаж, тэмцэл өрнүүлж байгаа билээ. Гэтэл үүнийг буруу ташаагаар нийгэмд ойлгуулж, идэвхгүй мэтээр харуулж байгаад харамсаж байна. Ийм энэ нөхцөл байдалд УИХ-ын дарга та залруулга хийж өгнө үү” хэмээсэн байна.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна