О.Чулуунбилэг: Яваандаа телевизэд улс төрийн тоймчоор ч ажиллах мөрөөдөл бий

2017/05/19
Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн талаар болон нэр дэвшигчдийн тухай ярихад хуулийн  хязгаарлалттай болж эхэлнэ. Иймд уг хязгаарлалтаас урьтаад нэгэн зочныг урьж ярилцлаа. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг. Тэрбээр АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийг улс төрийн менежер мэргэжлээр төгссөн, хэд хэдэн сонгуульд ажилласан менежерийн хувьд сонгуулийн өмнө, хойно түүнтэй ярилцахад сонирхолтой байдаг. 

-Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтан одоогийн Ерөнхийлөгч анх удаа ажлын тайлангаа тавьж шинэ жишгийг тогтоож байгаа нь талархал хүлээж буй. Таны хариуцсан салбарын хувьд  ямар онцлогтой вэ?


-Өнгөрсөн бямба гаригт  “Ардын үг” дээр ерөнхийлөгчийн ногоон хөгжил, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр хийсэн тайланг тавилаа. Миний ажлыг өмнө нь хоёр хүн хийж байсан. Би одоо ажиллаж байгаа учраас л тайлан тавьж байгаа болохоос Э.Зоригт, Л.Эрхэмбаяр гээд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажил байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж найман жилийн ажлын тайлангаа тавьснаараа маш зөв, шинэ жишгийг тогтоолоо. Болдогсон бол одоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ч өмнө нь хийсэн ажлаа тайлагнах хэрэгтэй. Одоогоор мэтгэлцээнээ л хүлээж буй байх. Мэтгэлцээн бол шийдэл олох зорилготой болохоос байр сууриа илэрхийлээд, үзэгчид алгаа ташаад эсвэл толгой сэгсэрч суух үүрэгтэй биш. Асуулт нь ч ерөнхий, хариулт нь  ерөнхий. Наад зах нь “Та гадаад бодлогын талаар ямар байр суурьтай байна” гэсэн ерөнхий асуултад ерөнхий хариулаад л Хятадын талыг, аль эсвэл Оросын талыг баримтлагч болчих жишээний. Тэгээд л дэмжигчид нь талцаад цахим хуудсаар үзэлцээд байх мэтээр буруу чиглэлд хөтөлдөг. Энэ нь мэтгэлцээний үр дүнг бүдгэрүүлдэг. 

-Та одоогоор тодорхой ажил хариуцаж байгаа болохоор сонгуулийн ажилд  оролцохгүй байх. Гэхдээ судлаачийн хувиар харахад ямар нэг таамаглал дэвшүүлэх эрх бий. Яг одоогийн байдлаар сурталчилгаа эхлээгүй байгаа болохоор хуулиар олгогдсон боломж, хугацааг ашиглахгүй байж чадахгүй нь.

-Мэдээж би АН-ын гишүүний хувьд намаасаа нэр дэвшигчийг дугуйлж, ҮБХ-ны гишүүний хувьд Дархан-Уул аймагт ажиллаж таарна. Гэхдээ хөндлөнгөөс, судлаачийн хувиар ажиглахад энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хоёр намын нэр дэвшигч маань хоорондоо эрс тэс ялгарал тун багатай байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, урьд нь зөвхөн гоц тасарсан лидертэй бусад нь өрсөлддөг байсан бол энэ удаад тийм нэгнээсээ тасарсан рейтинг харагдахгүй байна.  Тиймээс тэдний “пиарчид” юуны өмнө хол тасархай харагдах тод ялгааг харуулахаар ажиллах нь тодорхой. Монгол Улсын Ерөнхийлөгч бол үндэсний лидер байх ёстой.  Тийм ч учраас нийт сонгогчдын 50-аас дээш хувийн саналыг авч байж Ерөнхийлөгчөөр сонгогддог.  Түүнээс биш маргааш сонгууль болоход хамгийн олон санал авсан нь сонгогдохгүй. Тэгэхээр эхлээд имижийг нь салгах гэж оролдож байгаа нь зөв. 

-Би лав аль нэг намын гишүүн биш, шулуухан хэлчихье. Сөрөг хүчин АН-ынхан дотооддоо нэлээд зөрчилтэй байгаа. Давуу тал нь юу байна?

-Ямар ч үед эрх баригч хүчний нэр дэвшигчид сонгогчдын тодорхой хувь дургүй байдаг. Эсвэл дургүй дүр үзүүлдэг. Ер нь 30-аас дээш хувь нь хатуу дэмждэггүй. Үүнийг эрх баригчдын синдром гэж нэрлэх тохиолдол байдаг. Энэ нь сөрөг хүчинд халаасны оноо болдог.  Давуу тал нь энэ. Үүнийг манай намын нэр дэвшигчийн менежерүүд ашиглах бүрэн боломж бий. Дээр нь дахин хэлэхэд ирц  бүрдээсэй гэдгээ мартаж болохгүй.

-Яг одоо миний хамгийн их санаа зовинож  байгаа зүйл юу гээч. Сонгогчдын ирц. Эндээс л бүх зүйл эхлэх байтал буруу цэгээс эхлэх гээд байгаа мэт харагдахгүй байна уу. Надад харагдаж байгаагаар эхлээд саналын ирц бүрдээсэй  гэж бодогдож байна. Гэтэл өнөөдөр олон нийтийн сүлжээгээр аль хэдийнэ дараагийн Ерөнхийлөгчийг тодруулчихсан, сонгогчдын сэтгэл зүйг бэлтгэх, эсвэл боловсролын төвшин, хөрөнгийн хэмжээг жигнэж дэнслэн талцаж суугаа харагдана. 

- Хэрэв  нэр дэвшигчдийн нэр хүнд ойролцоо, ялгарал багатай дээрээс нь сөрөг мэдээлэл ихтэй бол яадаг гээч. Өнөөх “цагаан захтнууд”, жижиг бизнес эрхлэгчид, оюутнууд гэх мэт нийгмийн дундаж ангиллынхан санал өгөх сонирхолгүй болчихдог. Нийгмийн дундаж ангийн дэмжлэггүйгээр хэн ч ялалтын хувь авч чадахгүй. Тэдэнд тухайн нэр дэвшигч миний төлөө юу хийж чадах юм бэ гэдэг л хамгийн чухал. Тиймээс мөрийн хөтөлбөр, уриа, хийх ажил нь прагматик, өгөх амлалт нь товч, тодорхой байх тусмаа сайн. Харин ирцийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явбал айлтгүй байх.

-Нөгөөтэйгүүр, сошиалд тэргүүлэх хэр чухал вэ, хамгийн мэдээлэл муутай хэсэгт сурталчилгааг яаж хүргэх вэ, телевиз үзэгчид сувагаа солих мөчлөгийг яаж хянах мэтгэлцээн үүргээ биелүүлж чадах уу гэхчлэн нэлээд онцлогтой сонгуульд арай л дутмаг цар хүрээгээр бэлтгээд байна уу даа?

-Яг одоо хоёр нэр дэвшигчийн хэнийх нь штаб илүү хурдан зохион байгуулалтад орж сэтгэлээрээ, эмх замбараагүй сурталчилгаа хийж буй шүтэн бишрэгчдийгээ нэгтгэсэн нь давуу байршилд гарч мэднэ. Хэдийгээр хэн хэнийх нь албан бус сурталчилгаа эхэлсэн харагдаж байгаа боловч тархай бутархай фэнүүд нь нэгдсэн зохион байгуулалтад ороогүй л байна. Нэмж хэлэхэд нэр дэвшигчдийн талаарх мэдээллийн сан-DATA алга.  

-Тийм шүү. Мэдээллийн сангаас илүү мэтгэлцээнд, тэр ч байтугай мэтгэлцээний хөтлөгчид хүртэл ач холбогдол өгөөд байдаг. Гэтэл мэдээллийн сангийн оронд мэдэмхийрэгчид байр суурийг нь эзэлчихдэг хандлагыг өөрчлөх цаг болсон баймаар...

-Ерээд оны эхээр ардчилагч уу, коммунист уу гэдэг намуудын хоорондын ялгарал сонгогчдод сонин байсан бол одоо намууд дотроо улстөрчдийн ялгарал  нь давамгайлах болсон. Бүгдээрээ эх орон, газар шороо, эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгө оруулалт ярьж байна. Санал өгөхөд идэвхи муутай байх эрсдэлтэй дундаж сонгогчдын хувьд М.Энхболд улс орны эдийн засагт ямар үр дүн авчрах вэ, тэр тусгалаар нь иргэн миний ямар асуудлыг яаж шийдэх вэ, намайг яаж ажилтай болгох вэ. Х.Баттулга манай өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд саад болоод байгаа асуудлыг хэрхэн арилгах вэ, эрүүл мэндийн даатгалыг яаж ашигтай байлгах вэ. С.Ганбаатар юу хийж чадах вэ гэдгийг л харж, үүнийг ялгарал болгох учиртай. Хэн нь, яаж утааг арилгана гээд байгаа юм бэ. Яриагүй л байна. Мөрийн хөтөлбөртөө үүнийг л тусгаасай гэж хүлээж байна. 

-Д.Трампын АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон шалтгаан ч үүнтэй холбоотой байх, тийм үү?

-Энэ бол яах аргагүй нэг кэйс мөн. Хэвлэлүүдээр хамгийн их муулуулж, шоолуулсан тэрбээр нийт сонгогчдод гэхээсээ өөрт бодитой санал өгөх сонгогчдийн коллект  хэрэгтэй асуудлыг амлаж чадсанд л сонгогдсон шалтгаан нь оршиж байгаа юм. Маш тодорхой кэйсүүдийг санал болгосон. Түүнийг амласнаа биелүүлж чадна гэдэгт тэгтлээ итгээгүй ч санал болгосон кэйсүүд нь сонгогчдын тулгамдсан асуудал мөн байсан. Өрсөлдөгчид нь Трамп муухай гэж хэчнээн тараагаад ч ялж чадсангүй. Манайд ч ийм л байдал үүсчихээд байгаа шүү дээ. 

-Францын Ерөнхийлөгчийн сонгууль л гэхэд яагаад ганцхан мэтгэлцээнээр Ерөнхийлөгчөө сонгочихов гэдгийн хариулт ч мөн л тодорхой зүйлийг санал болгохтой холбоотой юу?

-Тийм. Хамгийн тодорхой амлалтыг санал болговол сонгогчид хүлээж авч байна. Хэнд ч, юуг ч санал болгоогүй байхад хэн чин сэтгэлээсээ очиж санал нэмэрлэх вэ гэдэг энэ сэтгэхүй манай сонгогчдод ч хангалттай байгаа. Энэ бол Баянхонгорын, эсвэл Төв аймгийн, Дархан-Уул аймгийн гэх зэрэг жижиг тойргийн сонгууль биш, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль. Нэр дэвшигч заавал 50-аас дээш хувийн санал авах ёстой гэдгээрээ онцлогтой. Жишээ нь, МАХН-ын нэр дэвшигч мэтгэлцээн дээр хамгийн сайн ярьсан нь байлаа ч АН-ын нэр дэвшигч илүү тодорхой шийдэл ярьвал сонгогчдоос илүү оноо авах магадлал өндөр гэсэн үг. 

-Ажлын тайлангаа тавих үеийг чинь тааруулж тантай ярилцахаар тохирсон ч гэнэтийн шалтгаанаар таны нэртэй холбоотой, хувийн амьдралын чинь талаарх нэгэн сөрөг мэдээлэл амралтын өдрүүдэд  ихээхэн анхаарал татлаа. Та харсан байх, “Ерөнхийлөгчийн зөвлөх эхнэрийнхээ хамрыг нь хуга цохиж гэмтээлээ”гэж хохирогч өөрөө зураг, баримтуудыг олон нийтийн сүлжээгээр тараасан.  Ерөнхийлөгчийн сонгуулийн энэ эгзэгтэй үед үнэн бодит мэдээллийг өгч болох уу.?

-Гавьяа байгуулсан хэрэг биш болохоор надад мэдээж ярихад эвгүй, хэцүү байгаа ч би тайлбарлах үүрэгтэй. 2017 оны тавдугаар сарын 9-10-ны шөнийн 02 цаг өнгөрч байхад миний өмнө нь хамтран амьдарч байсан Г бүсгүй гэрт ирж маргаан гарсан. Цагдаад дуудлага өгч, маргаан үргэлжилж гомдол санал болцгоосон. Хэд хоногийн дараа харилцан буулт хийж, эмоцоо дарцгааж эвлэрсэн. Бид хоёр дундаа том хүүхэдтэй. 

-Таныг эхнэрээ зодлоо гээд олон нийтийн мэдээллийн сүлжээгээр хэд хоног шуугьсан. Та “огт цохиогүй” гэж хариулж байна уу?

-Тэр үед манай эхнэр, хүүхэд гэртээ амарч байсан. Би цохиогүй. Биеийн болон тактикийн тодорхой түвшний бэлтгэлтэй байдаг хүнд цохиулсан эмэгтэй хүн босч ирэхгүй. Харин эмэгтэй хүнийг гэрээсээ хүчээр гаргахаар оролдсон нь миний буруу. Би бас буруугаа хүлээж уулзаж уучлал гуйсан. Зурагны тухайд эмэгтэй хүний гоо сайхны нууцын тухай би энд дэлгэрэнгүй тайлбарлах нь бүдүүлэг. Одоо хэцүү нь бид хоёр эвлэрсэн ч  сошиал медиагаар  миний хүүхдүүдийг хүчирхийлэгчийн хүүхэд хүчирхийлэгч байж таарна, үр хүүхэдтэйгээ хамт тэднийг энэ нийгэмд амьдруулмааргүй байна гэж хүртэл бичиж байна. Нэг нь таван настай, нөгөөх нь зургаан сартай хүүхэд юугаа мэдэхэв. Намайг шүүмжлэх, заналхийлэхэд би тэсээд гарна. Үр хүүхдийг минь оролцуулж ялгаварлан гадуурхах хэрэггүй. 

-Энэ бүхэн ярихад таатай асуудал биш. Таны хувийн амьдрал. Гэвч таныг зөвлөхийнх нь хувьд Ерөнхийлөгчөөр “овоглож” бичсэн болохоор олон хүний анхаарлыг татсан. Олон нийтэд байнга нээлттэй, ойр байдаг Ерөнхийлөгч маань тантай үүнтэй холбоотойгоор уулзсан уу?

-Би өнгөрсөн бямба гаригт “АСЕМ вилла” цогцолборт болсон “Ардын үг” хэлэлцүүлгийнхээ үеэр Ерөнхийлөгчтэй уулзсан. “Яагаад ийм явдал болов” гэж надаас асуусан. Би болсон явдлыг тайлбарлаад, хувийн асуудлаа би өөрөө зохицуулах ёстой байсан. Гэнэтийн явдал боллоо. Таны ажил хэрэг, нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц байдал үүсэж байгаа бол өргөдлөө  өгөөд явах ёстойгоо илэрхийлсэн. 

-Та гэр бүл, хүүхдийнхээ төлөө тайлбар өгч байгаа юм байна. Энэ бүхэн улс төртэй холбоотой байж болох уу. Танд тийм хардлага төрсөн үү?

-Би тэгж гоншигнохгүй. Цаг хугацаа харуулах биз.

-Ажлаа өгөхөөр боллоо гэхэд шалтгаан нь эвгүй юм аа даа, уг нь хуулийн хугацаа дуусахад сар гаруйхны хугацаа үлдлээ. Аль ч шалтгаанаар байсан ажлаа өгсний дараа юу хийх гэж байна даа?

-Таны хэлснээр ямар ч байсан сар гаруйн дараа би улс төрөөс холдоно. Тэр үед юуны өмнө ногоон хөгжлийн чиглэлээр бизнес эрхлэх санаа байна. Хоёр жил гаруйн хугацаанд энэ чиглэлээр ажиллахдаа ажилдаа дуртай ч болчихлоо, ер нь ирээдүйд дэлхийгээс Монголд  ногоон хөрөнгө оруулалт оруулж ирэх ногоон бизнесийн асар том боломж байгааг олж харлаа. Мөн сонгуулийн менежментийн чиглэлээр оюутнуудад хичээл заах, боломж олдвол өөрөө шинэ  мэргэжлээр суралцах зэрэг төлөвлөгөөтэй байгаа.  Яваандаа телевизэд улс төрийн тоймчоор ч ажиллах мөрөөдөл бий. Улс төрийн хөшигний ард юу болдогийг, тухайн нөхцөлд шатрын өрөг яаж өрөгдсөн стратегийг бас чиг “доторлох” дөр бага багаар сууж л байна. Түүнийгээ үзэгчид, сонгогчидтой яагаад нээлттэй хуваалцаж болохгүй гэж. 

-Сайхан мөрөөдөл байна. Мөрөөдлөө биелүүлнэ, бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Танд амжилт хүсье!

Ярилцсан сэтгүүлч У.Оргилмаа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна