(Гадаадад байгаа монголчуудаас)
Найман зууны тэртээд суу алдар нь дэлхийд түгсэн нүүдэлчин монголчуудын 21 р зууны үргэлжлэл, дэлхийгээр тархан суугаа монголчууд бид 2017 оны Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох сонгуульд намуудаас нэр дэвшигч та нарыг хүндэтгэн мэндчилж байна. Нам дагасан талцал, мѳнгѳ дагасан шунал, эрх мэдэл дагасан зусардалтын хар бараан тоосон дунд бие биенээ хэмлэн тасчих араатнуудын архираан шиг хэмлэлдээн дундаас ѳчүүхэн жаахан итгэл найдвар, гэрэл гэгээг олж мэдрэн сонголтоо хийх гэж чармайж байнаа. Буцаж нэгэн цагт очих туурга тусгаар “Эх орон” гэдэг ямархан үнэ цэнэтэй эрхэм зүйл болохыг нулимсаараа, хѳлсѳѳрѳѳ, шаналлаараа дэнчин тавьж үхаарсан монголчууд бид та нарт хандаж байна.
Нэгэн учирлал; Харьд ажиллаж амьдарч буй монголчууд нэгэн цагт бусдын эрхшээл дор ѳѳрийн зардлаар ѳѳрсдийгѳѳ хѳгжүүлж байсан бол, ѳнѳѳ цагт ѳѳрсдийн бизнесээ босгон ѳѳртѳѳ болон ѳрѳѳл бусдад “Баялаг бүтээгчид” болон хѳгжиж байна. Бидний дундаас ирээдүйд тѳрѳх “Саятан”- гууд маргаашийн ѳдѳр Монголдоо “Хѳрѳнгѳ оруулагчид” болж Монголын хѳгжлийг түүчээлнэ. Бид дэлхийн хэмжээнд сэтгэж, дэлхийн энд хүрч хѳгжихийг зорьж яваа монголчууд.
Нэгэн учирлал: Гадаадад үлдэх шаналлын минь аргамжаа болсон бидний үр хүүхдүүд үхаантай, авьяастай, зүтгэлтэй хүн болгонд боломж олгодог энэ оронд олдсон боломж болгоныг амжилт болгон хувиргахыг хичээж буй. Нэгэн цагт “Монгол”- оороо овоглосон олон олон залуус дэлхийн дэвжээн дээр “Тѳрийн дуулал”-ыг минь эгшиглүүлнэ гэдэгт бид итгэдэг. Энэ боломжийн тѳлѳѳ эцэг эхийнх нь урссан хѳлс нь шингэсэн мѳнгѳ, нулимсаа залгилан байж гаргасан тэвчээр, адлагдсан бэрхшээл бүхнийг хамтдаа тэсвэрлэн давсан зүтгэл бүхэн талаар болохгүй гэдэгт бас итгэдэг.
Нэгэн учирлал: “Хѳрс нь хатуу” хүний нутагт хуулийн дор, шударга хѳдѳлмѳрѳѳр олсон мѳнгѳ бүр нь ямархан үнэ цэнэтэй болохыг бид мэддэг болсон. Хар дарсан зүүд шиг ѳнгѳрүүлсэн ѳдѳр хоног бүр ямархан үнэ цэнэтэй болохыг бид мэддэг болсон. Үнэ цэнэтэй бүхнээ эх орон руугаа, ардаа үлдээсэн амраг садан руугаа зориулах сэтгэл бидэнд бий. Монголдоо очоод хүнд сүртлын ѳмнѳ ѳвдѳг сѳгдѳн зусардаж, хѳдѳлмѳрлѳж олсон мѳнгѳѳ хэн нэгэнд авилгал болгон атгуулж, шударга бус бэртэгчингүүдийн амны зугаа, доог тохуу болмооргүй байна.
…Монголчуудын эв нэгдлийн бэлэгдэл, бас зангилаа болох үүрэгтэй Монгол Улсын Ерѳнхийлэгчийн сонгуульд амлалт ѳгѳн ѳрсѳлдѳж буй та нартаа үүний тѳлѳѳ учирлаж байна. Бидэнд мѳнгѳнѳѳс шударга ёс нь үнэтэй байна, амлалтаас хариуцлага нь чухал байна, хорслоос мѳн чанар нь илүү байна, талцлаас эв нэгдэл нь эрхэм байна. Дэлхийгүйгээр “Монгол” орших аргагүйн лугаа дэлхийн дайдад монголчууд бид эх орноо зүрх сэтгэлдээ тээж бас сурталчилж яваа. Тийм болоод л жалгын хэмжээний мунхаглалыг тань дэлхийн сэтгэлээр уучилж явдаг юм шүү. Хичнээн ихээр талцаж маргалдавч сонгуулийн маргааш нар манддагаараа мандаж, бидний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Харин танд хилэнц дагуулсан эрх мэдэл бий болно. Алд биеэ алжаан байж ахуй Тѳрийг минь тѳвхнүүлэх аваас бид таныг чин сэтгэлээсээ дэмжих болно. Бүтэн биеийн ѳчүүхэн ашгийн тѳлѳѳ бүрэн Монголыг минь сулруулах аваас үеийн үедээ хараан цээрлүүлэх болно. Чадал ухаан тань хүрэхгүй аваас, буцаад очих Монгол орныг минь бүтэн үлдээгээрэй, гүйя. Хэрхэхийг та нар мэдтүгэй.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл бичигдээгүй байна