Улсын дээд шүүх ХҮНамын даргаар Б.Найдалааг батламжилжээ

2017/06/14
Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга, удирдах зөвлөлийн ажилтнууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаар Монгол Улсын Дээд Шүүхийн 2017 оны зургадугаар сарын 7-ны хуралдаанаар Хөдөлмөрийн Үндэсний Намын даргаар Бадрахын Найдалааг бүртгэсэн талаар, мөн тус намд гишүүнчлэлийн хөдөлгөөн өрнөж байгаа талаар мэдээлэл хийв. 

Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга Б.Найдалаа :

-ХҮН анхнаасаа Монгол оронд тулгамдсан асуудлыг шийдэх, дүгнэлт өгөх, мэдлэг боловсролтой, шинэлэг үзэл санаатай, улс орны хөгжлийг тодорхойлох нам байхаар зорьж байгуулагдсан билээ. 

Бид зорилгынхоо дагуу ажиллах явцдаа улс төрийн туршлага дутсаны улмаас улс төрийн богино хараатай, алсын хараагүй, ойр зуурын улс төрийн ашиг хонжоо харсан, ёс зүйгүй хүмүүстэй хамтран ажиллаж, удирдлагад оруулснаар ажлын хариуцлага алдсанаа гүнээ ухамсарлаж, нийт иргэд, дэмжигчдээсээ уучлал хүсэж байна. Цаашид бид анх байгуулагдсан зорилгынхоо дагуу тууштай ажиллах болно.

Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга : 

-Хөдөлмөрийн Үндэсний намын дарга Бадрахын Найдалааг Монгол Улсын дээд Шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг нийт гурван удаа Дээд Шүүхэд гаргасан. Эхний хоёр удаа буюу 2016 оны гуравдугаар сарын 18-ны өдөр, 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хүсэлтийг Дээд Шүүхийн хуралдаанаар нам дотоод зөрчилтэй байгаа тул бидний хүсэлтийг батлахаас татгалзсан. Харин 2017 оны зуравдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн Үндэсний Намын дотоод зөрчил арилсан учир бидний хүсэлтийг хүлээн авч, Бадрахын Найдалааг ХҮН-ын даргаар бүртгэсэн. 

Дотоод зөрчил гэж юуг хэлээд байна вэ гэхээр Тухайн үед ХҮН-ын гишүүн байсан С.Ганбаатар болон дүрмийн дагуу сонгогдсон намын удирдлагын хооронд үүссэн үл ойлголцол зөрчил юм. С.Ганбаатар тэр зөрчилөөс болж ХҮН-аас гарч, өөр намаас Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн. Одоо МАХН-д элссэн тул Хөдөлмөрийн Үндсэн Намын үймээн дууссан гэж хэлж болно. 

Өнгөрсөн оны хоёрдугаар сараас  хойш манай намын хувьд онцлог том үйл явдал болсон. Бид дээр дурдсан үймээнээс болж 2016 оны сонгуульд өрсөлдөж чадаагүй. Одоогийн байдлаар гишүүнчлэлийн хөдөлгөөн өрнөж байгаа. Цаашдаа намын стратеги хэтийн төлөвийг бид эргэж харан хэлэцэх, хянах ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа онцлов. 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд танай нам аль хүчнийг дэмжиж оролцох вэ? С.Ганбаатарыг дэмжих үү? 

ХҮН-ын дарга Б.Найдалаа: -Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн нэр дэвшсэн байна. Харамсалтай нь гурван сая Монголчууд бидэнд сонголт алга. Парламентад суудалтай гурван намаас шигшиж шигшиж нэр дэвшүүлсэн эдгээр гурван нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг сайн судалсны үндсэн дээр дүгнэлт хийж байгаад байр сууриа илэрхийлэх болно. Сонгуулийн сурталчилгааг харахад улс төрийн бодлого, цаашдын хөгжил бус хов жив, ойр зуурын хувийн чанартай сэдвүүдээр хөөцөлдөж, иргэдийн тархийг зовоож байгаа нь харамсалтай байна. Гэхдээ хичнээн сонголт байхгүй ч гэсэн Монголчууд ерөнхийлөгчөө сонгож байгаа нь маш чухал том үйл явдал учраас бүгд сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Хэн нэгнийг сонгохоос өөр ямар ч арга байхгүй.

-ХҮН анх байгуулахдаа боловсролтой залуучуудаас бүрдсэн, эх орны тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө ажиллана хэмээн маш хүчтэй гарч ирсэн. Дотоод зөрчлөөсөө болж сонгуульд ч оролцож чадаагүй. Цаашдаа ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ? 

-Үүсэн байгуулагдсан зорилго, үнэт чанарууд, тэр байтугай бүрэлдэхүүн нь яг хэвээрээ байгаа. Зөвхөн богино хугацааны ашиг хонжоо харсан зарим увайгүй хүмүүсийг эгнээндээ нэгтсэндээ, тэднээс сэргийлж чадаагүйдээ, 2016 оны сонгуульд оролцож чадаагүйдээ бидэнд итгэж найдаж байсан олон мянган хүний итгэлийг алдсандаа бид үнэхээр гэмшиж байна. Иргэдээсээ дахин уучлалт хүсье . Цаашдаа Монголчуудад тулгамдсан асуудал хэвээрээ байгаа цагт бид ард түмнийхээ төлөө тэмцэх болно.  Өнөөгийн Монголчуудад улс төрийн шийдэл, шинэ нам зайлшгүй хэрэгтэй. Үүний төлөө бид тууштайгаар тэмцэх болно.

С.Тэргэл 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна