СЕХ-ны урьдчилсан дүн дөнгөж сая эцэслэгдлээ. Ингэснээр Х.Баттулга 517478, М.Энхболд 411748, С.Ганбаатар 409899 иргэний саналыг авч, Х.Баттулга, М.Энхболд нар дахин санал хураалтаар өрсөлдөхөөр болсон байна.
Хуулийн дагуу дахин санал хураалтыг анх санал хураалт авсан өдрөөс хойш буюу энэ сарын 26-наас хойш 14 хоногийн дотор явуулах учиртай. Тэгэхээр дахин санал хураалт долдугаар сарын 10-ны дотор болох юм. Дахин санал хураалт явуулж, шинэ Ерөнхийлөгч сонгогдож, МУ-ын тавдахь Ерөнхийлөгч ирэх долдугаар сарын 10-ны өдөр тангаргаа өргөх ёстой юм.
Сонгуулийн тухай хууль
105 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь санал хураалт явуулах
105.1.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна.
105.2.Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна.
106 дугаар зүйл.Нэмэлт санал хураалт явуулах
106.1.Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна.
106.2.Тухайн сонгуулийн тойрогт сонгуулийн дүн гаргах эрх бүхий сонгуулийн байгууллага нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргана.
106.3.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргасан бол ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулна.
106.4.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрт санал авах байр, өдөр, цагийг заах ба түүнийг амралтын өдөр явуулна.
106.5.Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож саналаа өгнө.
106.6.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргана.
Т.Очир
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна