МАХН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн шударга бус гарсан хэмээн үзэж энэ талаар мэдээлэл хийн, СЕХ-нд хандан мэдэгдэл гаргалаа. Хэвлэлийн бага хуралд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн С.Ганбаатар, намын дэд дарга Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж болон сонгуулийн штабынхан оролцлоо. Тэд “Энэ удаагийн сонгууль шударга бус боллоо. Энэ үйл ажиллагаанд СЕХ биечлэн оролцож байгаад харамсаж байна” хэмээв.
Намаас гаргаж буй мэдэгдэлд “Ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхитэй оролцож, манай намаас нэр дэвшиж оролцсон С.Ганбаатарын төлөө саналаа өгсөн монголчууддаа талархал илэрхийлье. Энэ сонгууль монголчуудыг сэрээлээ. Монголчуудын сонголтоор манай нэр дэвшигч бүрэн ялсан. СЕХ нь хууль зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байна. Энэ сонгуулийн дүнг манай нам хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрөх ямар ч үндэс байхгүй” гэлээ. Мөн энэ сонгуулийг гадныхан ажиглаж байгаа. Тэдэнд нэр хүндээ алдаж, олон улсад шившгээ дэлгэж байна. Үндсэн хуулиа уландаа гишгэж иргэдийн сонгох сонгогдох эрхийг хязгаарласан сонгууль боллоо.
Тиймээс СЕХ-г энэ луйвараа зогсоохыг шаардаж байна гэсэн юм. Нэр дэвшигч С.Ганбаатар “Монголын ард түмэн өнөөдөр хулгайчгүй төртэй баймаар байна. Үүний төлөө олон ард иргэд зүгтгэж, тэмцэж байгаа. Энэ хүмүүсийн өмнөөс, энэ луйврын үр дүнтэй эвлэрч болохгүй. СЕХ бол луйварчдын гар хөл болж, илбэ үзүүлдэг байгууллага болж. Тусгаар тогтнол, язгуур эрх ашгийнхаа төлөө энэ ёс зүйгүй зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид олон жил давруулсан. МАХН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнийхөө төлөө бид энэ үр дүнг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид тэмцлийн замаасаа ухрахгүй. СЕХ үнэн мөнөөр ажилладаг болтол нь тууштай зүтгэнэ. Эцэст нь хэлэхэд биднийг дэмжсэн сонгогч түмэндээ баярлалаа. Бид үндсэндээ ялсан".
Хурал үргэлжилж байна.
Т.Батсайхан
Сэтгэгдэл бичигдээгүй байна