Үл хөдлөхийн түрээсийн орлогоос татвар олж авъя гэвэл ТӨР ӨӨРӨӨ ЭХЭЛЖ ҮЛГЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ

10 цаг 27 минутын өмнө

Иргэд татвар гэхээр уурлаж, бачимддаг болжээ. Төлсөн татварынхаа үр шимийг хүртэж чадахгүй байгаа улсад угаас ийм зүйл болдог бичигдээгүй хуультай. Гэхдээ энэ удаад шинээр татвар бий болгох, хувь хэмжээг нэмье гэсэнгүй. Татварын хувь хэмжээг багасгаад ч болтугай бүгдээрээ тэгш төлдөг болъё, одоо байгаа хуулиа хэрэгжүүлж, илүү уян хатан болгоод түрээслэгч, түрээслүүлэгч, улс аль, алиндаа ашигтай хувилбарыг олъё гэсэн санаа юм.  

Дэлхийн том хотуудын төсвийн гол эх үүсвэр нь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогын татвар, өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлснээс орж ирэх төлбөр байдаг жишиг бий. Гэтэл манайд дээрх хоёр төрлийн орлого боломжит хэмжээнээс маш доогуур, иргэд үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлж олсон орлогоосоо татвар төлөхийг зөвшөөрөх битгий хэл жадлан эсэргүүцэх хэмжээнд байгаа нь өчигдөр shinlen.gov.mn цахим хуудаст байршсан төрийн өмчийн байрны түрээсийн мэдээллээс харагдлаа.

Зөвхөн төрийн өмчийн гэлтгүй, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогоос татвараа авч чаддаггүй нийтлэг дутагдал нь хөгжлийг тодорхой хэмжээнд доош татаж, нөгөө талаар төрийг хүчгүйдүүлж байна.

Түрээсийн орлогоос авах татварын хувь хэмжээ Монголд

Төр түрээслүүлэгчдэд нөлөөлөх боломжгүй гэдгээ эс үйлдлээрээ илэрхийлсээр байгаа. Энэ нь үл хөдлөхийн түрээстэй холбоотой хууль эрхзүйн орчин, хэрэгжилт нь гажигтай байгааг харуулж байгаа юм. Дээр дурдсанчлан, дэлхийн томоохон хотуудын орлогын эх үүсвэрийн багагүй хэсгийг үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогын татвар бүрдүүлдэг. Зарим нь сарын орлогын хэмжээнээс хамаарч гурван шатлалтай (Сард 1500 ам.доллар хүртэлх, 1500-6000 ам.доллар, 6000 ам.доллароос дээш гэх мэт) харилцан адилгүй татвар авна. Ихэнхдээ орлогын хэмжээ ихсэх тусам татварын хувь хэмжээ нэмэгддэг.

 Манай хойд хөрш ОХУ-д сарын орлогын хэмжээнээс үл хамаарч түрээсийн орлогоос 20 хувийн татвар авдаг бол БНХАУ-д таван хувийн татвар ногдуулдаг. Ерөнхийд нь аваад үзвэл түрээсийн орлогод ногдуулах татварын хувь хэмжээ 3.0-35.0 хувьд хэлбэлзэж байна.


Манай улсын хувьд, түрээслүүлсний орлогоос 10 хувийн татвар авахаар заасан нь харьцангуй багад тооцогдоно. Хүн амын орлогын албан татварын тухай хуульд:

6.3. Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно:

6.3.1. цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;

6.3.2. үйл ажиллагааны орлого; 6.3.3. хөрөнгийн орлого; 6.3.4. хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого;

6.3.5. шууд бус орлого; 6.3.6. бусад орлого.

9 дүгээр зүйл. Хөрөнгийн орлого 9.1. Хөрөнгийн орлогод дараах орлогыг хамруулна:

9.1.1. хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний орлого;

16 дугаар зүйл. Хөрөнгийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

16.1. Хөрөнгийн орлогод албан татвар ногдуулах орлогыг дараах байдлаар тодорхойлно:

16.1.1. хөрөнгө ашиглуулсны, эсхүл түрээслүүлсний нийт орлогоос тухайн хөрөнгийг ашиглуулах, эсхүл түрээслүүлэхтэй холбогдон гарсан баримтаар нотлогдох зардлыг хассан зөрүүгээр; (...)

хэмээн маш тодорхой зааж өгчээ. Гэсэн ч хэрэгжилт нь хангалтгүй, нэлээд хэсэг нь орхигдсоор байна.

Түрээсийн орлогоос авах татварын хувь хэмжээ дэлхийд

Манайхан Улаанбаатар хотоо “мега сити” гэж өргөмжлөн нэрлэх дуртай. Тэгвэл тэр мега ситинүүдийн орлогын гол эх үүсвэр нь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн татвар байдаг. Дэлхийн улсуудад үл хөдлөх хөрөнгийн татварыг хэрхэн ногдуулдгийг харъя.

Англид үл хөдлөх хөрөнгө эзэмшигч нь бусдад түрээслүүлж орлого олж байгаа бол татвар төлөх үүрэгтэй байдаг. Төлөхдөө жилээр нь тооцож төлнө. Үл хөдлөх хөрөнгийн эзэн, нэгээс дээш үл хөдлөх хөрөнгө түрээслүүлдэг, түрээслүүлж ашиг олох зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан бол “бизнес” гэж үзэж албан татвар ногдуулна. Мөн жилийн түрээсийн орлого нь 6365 фунт стерлингээс илүү гарсан тохиолдолд бизнес гэж үзнэ.

Германд орлого олж байгаа хүн бүр хэлбэрээс үл хамааран заавал татвар төлөх хуультай. Үл хөдлөх хөрөнгө түрээслүүлж ашиг олсон бол 5.5 хувийн татварыг заавал төлнө. Орлого нь 801 еврогоос илүү гарвал 28.0 хувийн татвар ногдуулдаг.

Канад идэвхтэй бизнесийн орлого мөн эсэх, орлогын хэмжээнээс шалтгаалаад хоёр янзын татвар авдаг. Идэвхитэй бизнесийн орлого мөн боловч жижиг дунд бизнесийн ангилалд хамрагдаж байвал 15.5 хувийн татвар төлнө. Энэ ангилалд хамрагдахааргүй өндөр бол 26.5 хувийн татваар төлдөг байна.

Татвар ногдуулахдаа бас авахыг урьтал болгохгүй. Хувийн үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлсэн бол босго тогтооно. Англид жишээ нь, 1000 хүртэлх фунт стерлингийн орлогод татвар ногдуулдаггүй. Гэлээ гээд үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид нь хуурамч гэрээ байгуулж орлогоо нуугаад байдаггүй. Харин ч тусгай цахим сайттай, татвар төлөгч өөрөө бүртгүүлээд орлогоо бичиж, татваараа төлдөг байх юм.

Түрээсээс олох орлогоос авах албан татварыг даатгалын тогтолцоотойгоо нягт уялдуулснаар ийм нөхцөлийг бүрдүүлж чадсан байна.

Авч чадвал үл хөдлөхийн түрээсийн татвар нь улсын сангийн том эх үүсвэр болж чадна

Монголд сайн зохион байгуулж хэрэгжүүлбэл үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогоос татвар авч, цаашдаа түрээслэгч, түрээслүүлэгчийн аль алиныг нь бодлогоор дэмжих боломж бий. Юуны түрүүнд өмчийн бүртгэлийг маш тодорхой болгох нь чухал. С.Баярын Засгийн газрын үед хэрэгжиж эхэлсэн “Таван төгөлдөршил”-ийн хамгийн чухал нь бүртгэлийн төгөлдөршил буюу төрийн ой санамжийг сайжруулах явдал байсан. Энэ ажил тодорхой хэмжээнд хийгдээд явж байгаа ч төрийн хүчээр бүхнийг хийж байгаа нь учир дутагдалтай юм.

Үл хөдлөх хөрөнгийг тодорхой болгохоор 2013 онд тооллого хийж байсныг энд дурдаж болно. Хэрвээ энэ арга зөв зүйтэй байсан бол тэгэхэд л түрээсийн орлогыг хяналтдаа авчихсан байх байв. Тиймээс өөр арга хэрэгжүүлэх цаг болсон. Ингэхдээ иргэдийн өөрсдийн хүчийг ашиглах нь хамгийн зөв юм.

Эдүгээ амжилттай хэрэгжиж байгаа НӨАТ-ын “ибаримт” сүлжээний зохион байгуулалтыг энэ ажилд ашиглаж болно. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгө түрээслэж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн төлбөрийн хэмжээгээ мэдүүлж, тодорхой хөнгөлөлт авдаг болно гэсэн үг. Төр мэдүүлгийн дагуу түрээслүүлэгчээс орлогын албан татвараа авна. Энэ татвараас нь даатгалын мөнгийг төлдөг болох гэх мэт идэвхжүүлэлтийг хийж болно.

Мөн цар тахлын халдвар гэх мэт давагдашгүй хүчин зүйл үүслээ гэхэд татвараас чөлөөлөх гэх мэтээр нөлөөлөх боломж бүрдэх юм.

Төр юу хийх ёстой вэ

Татвар авдаг боллоо гээд түрээсийн үнэ ханш нэмэгдэнэ гэж айх явдалгүй. Өнөөдөр төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн түрээс л бага байгаа болохоос тэртэй тэргүй үнэ ханш дээд цэгтээ тулчихсан байгаа.

Татвар аваад эхэллээ гэхэд түрээслэгчийн боломж, хэтэвчний хэмжээ өсөлтийг нь хязгаарлачихна. 

Эрх баригчдын анхаарах зүйл гэвэл, орж ирсэн орлогыг төлсөн хүмүүст нь эргүүлээд зарцуулах ил тод байдлыг л бүрдүүлэх хэрэгтэй юм. Татвар төлнө гэдэг иргэн хүний нэг том бахархал, энх цагийн баатарлаг үйлс байдаг. Энэ бахархал, баатарлаг үйлс нь “Миний татвар миний төлөө зарцуулагдана” гэсэн итгэл дээр суурилж байдаг юм. Тиймээс нийслэлийн зүгээс түрээслүүлэгчдээс татвар авахын тулд юуны түрүүнд өөрөөсөө эхэлж цэвэрших хэрэгтэй.Том хотуудын орлогын нэг гол эх үүсвэр нь “Өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлсний төлбөр” байдаг. Манай хотын хувьд эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийн зарим нь орлогоосоо илүү зарлагатай. Заримыг нь зах зээлийн жишгээс хэт багаар түрээслүүлдгээс хэн нэг дарга даамлын ах дүү хамаатан садан бүхэл бүтэн барилгаар нь түрээсэлж авчихаад давхар түрээс хийн хөлждөг талтай. Тиймээс энэ мэт гажуудлаа арилгаж, бүртгэлээ төгөлдөржүүлээд дараа нь түрээслүүлэгчдээс татвар авбал мөн ч нөөц бололцоо байна.

Нийслэлд төрийн өмчийн 800 гаруй объект түрээстэй байна. Хувь хүмүүсийн тухайд, хүн ам, орон сууцны тооллогоор нийслэлд 30 гаруй мянган өрх зөвхөн амьдрах зориулалтаар үл хөдлөх хөрөнгө түрээсэлж байгаа гэх нэлээд хуучирсан статистик байна.

Түүний цаана төдий тооны түрээслүүлэгч орлого олж байгаа нь тодорхой. Дээр нь ажлын байрыг нэмбэл илрээгүй нөөц бололцоо их бий. Татвар ногдуулахдаа муйхраар тооцохгүй. Орлогын хэмжээнд босго тогтоож болно. Уян хатан болгоход асуудалгүй. Бэлээхэн туршлагын талаар дээр хангалттай нуршлаа.

Эцэст нь хэлэхэд, түрээсийн орлогоос татвар авах нь шинэ татвар бий болгож байгаа хэрэг биш, гарсан хуулиа хэрэгжүүлж, төрөө чадавхижуулж байгаа хэлбэр юм.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.56
    2023/09/20

    ийм ханаж цаддагүй засаг татвар төлөх бол бараг л гэмт хэргийг өөгшүүлж байгаа хэлбэр

    Хариулах
  • 213.87.129.38
    2023/04/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 59.153.113.113
    6 цагийн өмнө

    хэрвээ түрээс нь орлого мөн л бол татвартай л байх ёстой.

    Хариулах