Анхны баялгийн сан 1950-иад оны үед Кувейт, Кирибати, Венесуэльд байгуулагдаж байжээ. Харин оргил үе нь XX, XXI зууны заагт тохиосон гэж хэлж болно. Энэ үед улс орнууд дор бүрнээ баялгийн санг маш эрчимтэй байгуулсан байдаг. Хөгжлийнхөө эхэн үед баялгийн сангийн нөлөөлөл харьцангуй бага байсан бол аажимдаа цар хүрээ нь тэлж, тэр хэрээр болзошгүй эрсдэлийг үүсгэх болсон байна. Үүнтэй холбоотойгоор баялгийн сантай улсууд хөрөнгө оруулалтын бодлогодоо эрс шинэчлэлтийг хийж эхэлж байгаа юм. Zuv.mn “Хөрөнгө оруулалтын сан” сэдвийн дор баялгийн сангийн эерэг тал болон үйл ажиллагааны явцад гарч буй эрсдэлийн өнөөгийн байдлыг хөндөхөөр бэлдлээ.
САЙН ЖИШЭЭ
Өдгөө дэлхий дээр байгалийн баялаг ихтэй 48 улсын 70 гаруй Үндэсний баялгийн сан ажиллаж байгаа бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ нь найман их наяд ам.долларт хүрчээ. Эдгээр улс орны бүгдийнх нь хувьд баялгийн сан нь “Эрсдэлийн сан”, амьдрал хэцүүдсэн үедээ гаргаж хэрэглэх хадгаламж гэдгээрээ ижил боловч эргэлтэд оруулж байгаа арга хэлбэрийн хувьд ялгаа бий.
Нэг хэсэг нь баялгийн сангаасаа гаднын улс орнуудад хөрөнгө оруулалт хийж ашиг хүртэн, төсвийн зардлаа нөхдөг бол зарим нэг улсын хувьд үндэсний баялгийг тэгш хуваарилах хэрэгсэл болдог байна.
Баялгийн сангаа төсвийн орлогын эх үүсвэр болгосон орны тоонд Арабын нэгдсэн Эмират Норвеги, Азербайжан улсууд орно. Газрын тосноос өөр экспортын орлогогүй байсан Арабын нэгдсэн Эмират улс эдүгээ ДНБ-ийхээ 20 гаруйхан хувийг нь л “хар алт”-наас олж байна. Үлдсэнийг нь 828 тэрбум /2017/ ам.долларын хөрөнгөтэй “Abu Dhabi Investment Authority” хэмээх хөрөнгө оруулалтын хүчирхэг сангийн орлогоос бүрдүүлдэг аж. Тус санг үүсгэн байгуулснаар Арабын нэгдсэн Эмират улс ганц газрын тосны салбараас хараат байхаа больж, санхүүгийн эх үүсвэрээ “солонгоруулж” чаджээ.
Харин Азербайжан улс төсвийнхөө тал хувийг баялгийн сангаасаа бүрдүүлдэг. Каспийн тэнгисээс газрын тос олборлож эхэлсний дараа буюу 1999 онд байгуулсан сан нь 20 хүрэхгүй жилийн дотор жилд 6.8 тэрбум ам.долларын орлоготой том сан болжээ. Энэ орлогын 5.5 тэрум орчмыг нь улсын төсөвт шилжүүлж, үлдсэн нь сангийн хөрөнгийг нэмэгдүүлнэ.
Ихэнх улс орон баялгийн сангийнхаа хөрөнгийг аль болох өсгөхийг чухалчилж, ашигтайгаар байршуулахыг эрмэлзэх бөгөөд үүний тулд ил тод байдлыг дээд зэргээр хангах, менежментийг дээд түвшинд явуулахыг зорьдог. Засгийн газар сангийн мөнгийг зээлийн барьцаа болгох, төсвийн цоорхой бөглөх гэх мэт аливаа хэлбэрээр авч ашиглахыг хориглодог. Харин хөрөнгө оруулалтаас орж ирсэн цэвэр ашгийн тодорхой хувийг төсөвт ашиглахыг зөвшөөрдөг. Өдгөө хөрөнгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлж байгаа Норвег, Арабын нэгдсэн Эмират, Саудын Араб зэрэг улсын баялгийн сан үйл ажиллагаа энэ зарчмаар явагддаг байна.
Баялгийн сантай улсууд нь хөрөнгөө арвижуулах үүднээс дэлхийн хаана ашигтай бизнес байна хэмээн байнга эрэлхийлж байдаг нь бусад орнуудын хувьд хөгжих боломж нээж өгдөг эерэг талтай. Тиймээс баялгийн сан нь зөвхөн байгалийн баялагтай гэлтгүй, бүх улсад байх ёстой бөгөөд “Баталгаа” мөн юм.
БАЯЛГИЙН САНГИЙН ЭРСДЭЛ, ТҮҮНИЙ ШАЛТГААН
Шилдэг менежмент хэрэгжүүлсэн зарим улсын баялгийн сангийн хөрөнгийн хэмжээ хэт их нэмэгдсэн нь буй болгосон баялгаа тодорхой зорилготойгоор ашиглах боломжийг тухайн улсдаа нээж өгч байна. Баялгийн сангуудын эзэмших хувьцааны жин нэмэгдсэнээр зарим төрлийн хөрөнгийн зах зээлд бодитоор нөлөөлөх боломжийг олгож, хөрөнгийн зах зээлийг мөнгөтэй улсуудын геополитикийн тоглоомын талбар болгох ч эрсдэл үүсгэж байгаа юм. Нэг их наяд ам.долларын активтай, дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан болох Норвегийн “Government Pension Fund Global” дэлхий дээрх бүх хувьцааны 1.3 хувийг эзэмшиж байгаа нь үүний нэгээхэн жишээ юм. Дэлхийн геополитикт маш амбийцтай тоглогч болоод буй БНХАУ-ын “China Investment Corporation”-ы актив Норвегийнхэд хүрэхгүй ч бусад гурвынх нь активыг нийлүүлбэл 1 их наяд 554.8 тэрбум ам.доллартай тэнцэж буй.
Хувьцаа, тогтмол ханштай үнэт цаас, бизнес төсөл, үл хөдлөх хөрөнгөнд тараан байршуулсан энэ их хүч тодорхой нэг улсын тодорхой нэг салбар руу чиглэж, зорилго нь эдийн засгийн гэхээсээ улс төрийн шинжтэй болж хувирвал “бай” болсон улсын хувьд ямар том эрсдэл үүсгэхийг төсөөлшгүй юм. Энэ болгоомжлолоос болж Европын холбоо хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхой түвшинд хязгаарлах зорилготой “Алтан хувьцаа”-ны бодлогыг хэрэгжүүлэх гэсэн ч олон улсын зүгээс ирэх дарамт шахалтаас эмээгээд больсон байдаг юм.
ОУВС гишүүн 185 улсынхаа сангийн сайд нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулж, баялгийн болон хөрөнгө оруулалтын сантай холбоотой харилцаанд мөрдөх “Нийтээр зөвшөөрөгдсөн зарчим ба практик”-ийг гаргаж, хөрөнгө оруулалтын сангийн зорилгыг тодорхой болгосон “Сантьягогийн журам”-ыг баталжээ.
Мөн баялгийн сангуудын “Линабург-Мадуэллийн ил тод байдлын индекс”-ийг гаргаж, улирал тутамд олон нийтэд зарладаг зарчимд шилжсэн байна. Линабург Мадуэллийн индексийг тухайн сангийн санхүүгийн эх үүсвэр, эзэмшигч, эзэмшигчдийн хувь, газар нутгийн байршил гэх мэт 10 үзүүлэлтийн ил тод байдлаар дүгнэн тус бүрт нь “+1” оноо өгөх зарчмаар гаргадаг бөгөөд 10 оноо авсан баялгийн санг хамгийн ил тод, итгэж болох нь гэж тодорхойлж болох юм.
Сонирхуулахад, хамгийн сүүлд гаргасан тайланд Австралийн Ирээдүйн сан, Сингапурын Темасек, Норвегийн “Government Pension Fund Global” тэргүүтэй 12 сан 10 үнэлгээ авсан бол манайхны сайн мэддэг БНХАУ-ын CIC буюу “Чайна инвестмент корпорэйшн” найм, Хятад Африкийн хөгжлийн сан /China-Africa Development Fund/, гадаад валютын эргэлтийг хянадаг Гадаад валютын удирдах газар /State Administration of Foreign Exchange/ тав, Үндэсний нийгмийн хамгааллын сан /National Social Security Fund/ дөрвөн оноо авчээ.
Олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтаар ийнхүү нийтээр мөрдөх журмаа баталсан ч дэлхийн геополитикийн нөхцөл байдал хурцдахын хэрээр баялгийн сангийн эзэн, хөрөнгө оруулалт авч байгаа улс аль аль нь маш нухацтай хандах шаардлага тулгарсан нь үнэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны наймдугаар сард Гадаадын хөрөнгө оруулалтын эрсдэлийн судалгаа, шинэчлэлтийн тухай хууль /Foreign Investment Risk Review Modernization Act/ баталсан бөгөөд энэхүү хуульдаа Нэгдсэн улсын гадаадын хөрөнгө оруулалтын хороо /CFIUS/-ны эрх мэдэл, үүрэг хариуцлагыг мэдэгдэхүйц өргөжүүлж өгчээ. Өөрөөр хэлбэл, тодорхой үйлдвэр, компанид орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтыг тус байгууллагаас хянаад шаардлагтай гэж үзвэл шууд зогсоох эрхтэй болсон. АНУ-ын энэхүү алхам нь улсдаа хяналтгүй хөрөнгө оруулалт оруулахгүй байх эрмэлзлийн илэрхийлэл юм.
Маш их хөрөнгө оруулалтыг нэг цэгт төвлөрүүлж, тодорхой зорилготой ашиглах боломжтой гэдэг утгаараа хөрөнгө оруулалт авч байгаа улсын хувьд баялгийн сан нь “Эрсдэл” байж болно. Харин сангийн эзэн улсын хувьд хэзээд баталгаа болох бөгөөд менежментийн алдаанаас л “Эрсдэл” болж хувирч болох юм.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ГЕОПОЛИТИКИЙН НҮҮДЭЛ
Дээр хэлсэнчлэн, дэлхийн геополитикийн нөхцөл байдал хурцдахын хэрээр хөрөнгө оруулалт нь осолтой тоглоом болж хувирч байна. Улс төрийн нөхцөл байдлаас болж харилцаа муудвал тухайн улсад оруулсан хөрөнгө оруулалт царцдаг практик бий болсон. Энэ нь том зах зээлтэй улсуудад бусдын оруулсан хөрөнгө оруулалтаар тоглох боломжийг ч олгож байгааг бид бүхэн хангалттай харсан. Ялангуяа АНУ, Европын холбоо ийм алхмыг олон удаа хийж байна. Дэлхийн хамгийн том зах зээл гэдэг утгаараа бусад улс хөрөнгөө АНУ, ЕХ-нд байршуулахыг эрмэлздэг. Гэтэл нөгөөдүүл нь хөрөнгийг нь улс төрийн зорилгоор ашиглаж, царцааж байгаад дайснуудад нь өгсөн тохиолдол Ливи улс дээр гарсан. Улс орнууд одоо яг энэ шалтгааны улмаас хөрөнгө оруулахдаа цаашид удаан хугацаанд бат найрамдалтай байх улсуудыг сонгодог болоод байна.
Турк, Венесуэль, арай хожуу Өмнөд Америкийн улсууд АНУ-аас алтны нөөц, хөрөнгө оруулалтаа зугуухан эргүүлж татаж байгаа нь хамгийн сүүлийн жишээ юм.
Эцэст нь, өгүүлэхэд, баялгийн сан нь байгуулсан улсынхаа хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралд өгөөжөө өгдөг маш чухал бүтэц. Харин байгуулсан хойноо менежментийн бодлого хэрэгжүүлэх, бусад улсын баялгийн сангаас хөрөнгө оруулалт татах тал дээр маш нухацтай хандахыг улс орнуудаас шаардаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.196
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах