Сумаасаа аймгийн төвд ирж суралцсан 2 жил минь

2020 оны 03 сарын 30

/ДУРСАМЖ/

Өвөрхангай аймгийн төвийн 10-н жилийн дунд сургуулийг

 1980 онд төгссөн 10б ангийн хамт олныхоо

40 жилийн ойд зориулав.

Баруун баян улаан сумынхаа 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1978 оны хавар төгслөө. Төгсөлтийн шалгалтыг 4 хичээлээр авлаа. Математик, Орос хэл, Түүх нийгэм судлал, Монгол хэл уран зохиолын хичээлээр шалгалтууд авсан. Өгсөн шалгалтуудаа бүгдийг бэлтгэлгүй хариулж, аймгийн комисст магтагдаж, онц өглөө.

Монгол хэл уран зохиолын улсын шалгалтанд найруулан бичгээр шалгалт авч “Агтны манаанд сэтгэл сэргэнэ” нэртэй найруулан бичлэгийг 3 удаа багш уншиж дууссанаас хойш 30 минутын дараа би бичиж дуусаад өгөхөөр бослоо. Аймгийн шалгалтын комиссоор ирсэн Сэлэнгэ гэдэг өндөр нуруутай, цайвар шаргал царайтай эмэгтэй гайхаж харсанаа миний материалыг авч уншаад инээмсэглэж, гарч болно гэж хэллээ. Харин Цэвэлбадам багш /хэл уран зохиолын багш/ маань алдаагүй биз? Жаахан сууж харахгүй байсан юмуу? 3 цаг болох ёстой шүү нөхөр минь гэж анхааруулаад гаргаж билээ. Үдээс хойш дүн дуудахад намайг маш богино хугацаанд “Онц сайн” бичсэн гэж онцолж дуудсан юм. Энэ шалгалт 8 дугааар ангиа төгсөх хамгийн сүүлчийн шалгалт байлаа. Бушуухан гэррүүгээ харихын түйс. Бас тэр доороо харьж болохгүй боллоо. Төгсөлтийн банкиат хийнэ, мөнгө ч хураалгах юм болоод явчихлаа.

Тэгсэн сумын ерөнхий нягтлан бодогч Дамдинсүрэн гуай /манай ангийн Энхтайваны аав/ энэ нөхөр Ц.Борыг гэрээд нь явуулж хонь, ааруул, цагаан идээ авчруулах хэрэгтэй гэж манай ангийн багшид хэлж гэнэ. Манай ангийн багш ч тэгье гэцгээж. Сонин юм шүү! Би гэр хол,30 гаруй километр. Манайх “Хар дэлд” усны дээд талд зусаж байсан юм. Хүүхдүүд төгсөж ирэхээр холын нүүдлээ хийх гээд хүлээж байсан үе. Тэр үед бас тэмээгээр нүүх ховордсон байсан юмаа. Айлууд ер нь л трактороор нүүдэг болоод байсан үе шүү. Гэтэл Ц.Бор заавал ааруул, хонь олж ирэх хүүхэд болоод явчихдаг. Би ямар баян хүн биш. Том хүн биш. Одоо бодоход яаж надад тэр үүрэг оногдовдоо, аз завшаан гэж боддог юм. Харин сумын ерөнхий нягтлан бол тарган хонь авч ирнэ шүү нөхөр Ц.Бор?? Чамд УАЗ-469  машин гаргаж өгнө гэж байна. Тэгэхээр хонь бол Ц.Бор болон Ц.Борын аав хувиасаа гаргах биш нэгдлийн малаас хасагдах болоод явчихаж байгаа боловч даан ч сүүлд нь жилийн эцсээр манай аавд акт бичиж өгөөгүй гэсэн... яахав яахав.

Төрийн минь сүлд. Юу ч атугай тэр 34 хүүхдээс Ц.Бор төгсөлтийн баярын банькиатны хонийг олж чадах хүүхэд гэж “Чойбалсанч” нэгдлийн захиргаа, сургуулийн захиргаа шийдвэр гаргасан байгаа нь одоо бодоход сайхан санагддаг юм. “Чойбалсанч” нэгдлийн захиргаа, Баруун баян улаан сумын сургуулийн захиргаа Ц.Бор хүүг хонь, ааруул,цагаан идээнд явуулж, олж ирүүлэх шийдвэр гаргасан нь зөв ч байсан байх.

Учир нь манай ангид Сумын намын үүрийн дарга Сияан-нямбуу даргын хүү Лхавгасүрэн, сумын ерөнхий нягтлан бодогч Дамдинсүрэн гуайн охин Энхтайван, сургуулийн захирал Гэндэнжамцын охин Цолмон, сумын АХШХДарга Сүү-Адъяа гуайн охин С.Халтар /Энд бас нэг юмыг бахархаж дурьдахад манай ангийн С.Халтар бол манай суманд сагсан бөмбөг гэгч юмыг анх дэлгэрүүлсэн, зан ааш сайтай, сайхан  охин байсан юм гэж дуурсахад таатай байна./, сумын АДХГЗ-ны хариуцлагатай нарийн бичгийн дарга Цамбагарав даргын хүү Дэлэгжаргал, “Чойбалсанч” нэгдлийн нягтлан бодогч Дэлэг гуайн хүү Гэндэнпэл, нэгдлийн нярав Осор гуайн охин Отгонцэцэг, математикийн багш Нангид багшийн авгайн дүү Лхавгадаш, Пионерийн удирдагч Төмөрчөдөр багшийн авгайн дүү Лүг-очир зэрэг тус сумын бараг бүх багш ажилчид, сум нэгдлийн албан хаагчдын хүүхдүүд сурдаг бас сумын удирдлагуудын төрөл 5-10  малчны хүүхэд суралцдаг байсан тул Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн Нарийн тээл, Баруун баян улаан зэрэг 2 аймгийн 3 сумын зааг зэлүүд нутагтай, хайхрах эзэнгүй, сахилга байхгүй, хэнэггүй Ц.Борыг сумын нам захиргаа хонинд явуулж ирэх нь зөв ажил байсан байх.

Би нэгдлийн даргын УАЗ-469 машинтай төрийн сайд шахуу юм машины ард суучихсан гэрээдээ хонь, ааруул тараг сүү, архи, юу ч байсан олж ирэхээр явж өгвөө. Урд суудал дээр Дамдинсүрэн гуай сууж яваа. Замдаа нэгдлийн ажлаа л яриад яваад байсан. 30 км сайхан талаар давхиад миний “Хар дэл”-д  үдийн алдтайд очлоо. Аав хониноос ирээгүй,ээж маань миний хүү төгсөөд ирэв үү?? Эгч чинь хаачсан юм гэж ирээд үнслээ. Миний 2 эмэгтэй дүү цүрдгэр бор юмнууд тараг уугаад л өөдөөс хараад байж байна. Бусад дүү нар маань морь малд явчихсан байсан юм. Удалгүй хониноос уул шиг аав минь ирж сувай харандан хонь хонины хонхорт хийж өгөөд, гэрт гадаа байсан бүх аарц,  ааруулыг хамж 70кг-ын шуудайд  хийж өгөөд явууллаа. Аав ээж минь гайхаад л хоцорч билээ. Удаж төдөлгүй сум орчихлоо. Би сууж байсан Айлаа Дорж ахынхаа ойролцоо буугаад гэрт нь орж хувцасаа солиод төгсөлтийнхээ үдэшлэгт очвоо. Манай ангийн төгсөлтийн үдэшлэг дээр илгээлтийн эзэн залуучууд, манай бригадын цэргээс ирээд авгай аваагүй удсан ах нар, бас аймгийн усжуулахын жолооч гээд ижилхэн 2 улаан цоохор цамцтай 2 ах тэмээчин Дашцэрэн гуайн охинтой бүжиглээд л байх юм. Манай сургуулийн захирал багш үг хэлж үдэшлэг эхэллээ. Захирал багш өөрөө их сайхан акардион, Баян хуур дарна. Тэр үеийн сайхан сайхан уянгын дуунуудыг дарж байна. Хавар ирлээ шүү хүүхнүүдээ. Урьхан цэнхэр хавар гэх мэт... Талын таван толгой дуулаад л зарим илгээлтийн эзэн ах эгч нар бүжиглээд байсан. Би 8 дугаар ангиа төгсөөд хаашаа явах талаар тодорхой мэдлэг чиглэсэн юм байхгүй, зөвлөгөө өгөх, урагш харах хүн ч байсангүй... Гэхдээ би Алтанбулагын хөдөө аж ахуйн техникумд явдаг ч юм билүү уг нь малын чих сайн тасддаг хүн болно доо гэсэн шүү юм боддог байлаа. Учир нь миний аав ээж нар Баянтаацынхаа баруун хөдөөгүүр өгсөж, уруудаж нүүдэллэсэн, удам дагасан малчид байсан юм. Захиргаадалтын хэцүү өндөр шаардлагатай үе байсан учраас нэгдлийн мал үхүүлж, чононд идүүлсэн доорвол өөрөө үхсэн нь дээр шахуу хатуу шаардлагатай үе байлаа. 1977 оны намар 8-н сард манайх “Эрээн хадын булан”-гаас нүүж Тэмээ нь усны Хар толгойд буулаа. Мал таргалж байгаа гэж жигтэйхэн. Манайх Дэлээбазар гуайнтай саахалт 2 гэрээрээ намаржиж сайхан байсан юм. Би Хашаатын хүрмээр, өвөр бэлээр нь, дэнжээр, хүрэмний хөрөө дамжуулж хонио хариулдаг байлаа.

Мал сайхан таргалсаан. Манайх 3 гүү уячихна. Миний ээжийн хийсэн айраг даан ч гоё. Намаршаад сургуульдаа явах болоод байтал арваад хонь гэнэтхэн татаад л үхчихдэг юм байна. Бригадын бага эмч Дүүвээ гуайд хэлүүлсэн 2 хоногийн дараа ирлээ. Тэгсэн 2 хонины чих тасдаад бусдыг нь бул гэчихээд явчихлаа. 8 хонь сох дутлаа... үүнээс болоод малын эмч болох гээд байсан санаа нь тэр... За ингээд үдэшлэг дуус ч, маргааш нь хувиараа сонс ч аймгийн төвийн 10-н жилийн дунд сургуульд хуваарьлагдаж салхи нь хүртэл цэцгийн үнэртэй, хавар намартаа униартаж харагддаг, хааяаа хөөврийн худаг дээр багширсан олон тэмээ ус уудаг, 8 жил дотуур байранд нь сууж, сүүлийн 3 жил байрын зөвлөлийн даргыг нь хийж, төрийн буянаар 7 хоногт шинэ цагаан хэрэгсэл сольж, өглөө бүр бүх хүүхдүүд нь 48-ын чихэр идэж, шинэ шүдний оо, гутлын тосны хангамжтай шахуу байсан бүхнээс үнэтэй миний гэр, дотуур байр, ижил дасал болсон хүүхдүүд минь ард үлдэж, дотуур байрны хүүхэд би Баруун баян улаан сумандаа дахиж хэзээ ч хичээлд суухгүйгээр явлаа. Учраа ч олсонгүй.

Гэрээдээ Пүрэвдулам эгчтэйгээ хамт харьлаа. Эгч бид 2 нэг ангид 8 дугаар анги төгсөж байгаа юм. Эгч маань аймгийн УААТМС-Д  хуваарьлагдсан юм. Бригадаар дамжаад явган нүцгэн холиод л харьцгаалаа. Манай гэр миний “Хар дэл” бригадын төвөөс 14 км зайтай байдаг байсан юм. Манайх тэндээсээ Таацын голд бригадын төвийн харалдаа голын хойд талд бууж сар гаруй болоод наадмын дараа “Гончиг”-ын гашуун гэж Нарийн тээл сумын нутагт Өшгөгийн ард зуссан юм. Эндээс Өвөрхангай аймгийн төвийн 10-н жилийн сургуульд суралцахаар Баянтээгийн уурхайгаар дамжиж, нүүрсний машинд сууж Төмөрчөдөр ах, Дашдэгд эгч  нартайгаа явлаа. Дашдэгд эгч манай анхны бэр, манайд бэр болж ирээд буцахдаа эгч бид 2-ыг аваад аймаг явж байгаа юм. Ингээд Өвөрхангай аймаг гэдэг юм руу анх удаагаа зүглэж, малчны хотноос ховхорч алсын аянд мордоно гэдэг шиг л юм болж байгаа юм. Тэр зун газар сайхан гарсан шүү. Нүүрсний чиргүүлтэй тэргэнд суугаад яваад л байсан, яваад л байсан.

Аймгийн төвөөс 160 гаруй км хол зайтай байгаа юм. Тэгээд шөнө ирсэн. Зам дээр буугаад нэг их хол биш “Хөдөлмөрийн төлөө” сонины ажилчдын хашаа гэдэгт манай ахынх байдаг юм байна. Шөнө ирж хоносон.  Өглөө босоод ийш тийшээ харсан нэг их олон хашаанууд, урагшаа байшингууд, сумыг бодвол их олон хүн явж, хөлхөлдөж байгаа харагдаж байсан.  

За тэгээд өглөө нь ахыгаа дагаад Арвайхээр хотын 10-н жилийн дунд сургуульд бүртгүүлэхээр явж өглөө. Сургууль манай ахынхаас маш ойрхон бараг хэдхэн байшингийн цаана юм байна. Бөөн хүүхдүүд л шуугиад байна. Тэр үед аймагт ганцхан 10-н жилийн сургуультай, Хужирт, Хархорин суманд 1:1 10-н жилийн сургуультай байсан юм билээ. Иймээс 18 сумын 16 сумаас 8 дугаар анги төгссөн хүүхдүүд аймгийн төвийн 10-н жилийн сургуульд ирж суралцдаг байсан юм. Тэр жил төв хөдөөгийн 364 хүүхэд 9-н бүлэгт худаагдаж, нэг ангид дунджаар 42 хүүхэд бүртгүүлж анги дүүрэн юм л байдаг байлаа. Сургуулийн үүдэн дээр нэрс гарчихсан ватум дээр нэрсийг нь бичээд шилэн самбарт хадчихаж. Хөдөөний болтой зарим хүүхдүүд аав ээжтэйгээ ярьж байгаа нь 9а ба 9б бүлгүүдэд аймгийн дарга нарын хүүхдүүд ордог юм гэнэ.

9б бүлэгт сум нэгдлийн дарга нар болон бусад дарга сэхээтэн айлын хүүхдүүд хуваарьлагддаг юм гэнэ гэж ярьцгаагаад байх шиг байх юм. Надад тэр ямар хамаа байхав дээ. Нэрээ доороос нь дээш нь өгсүүлээд хайгаад байсан чинь ойр байдаггүй... явсаар байтал 9б анги гэдэг дотор дээрээсээ 8 дахь хүүхдийн нэрээр бичигдчихсэн байна. За за байгаагаас л цааш болоо гэж бодоод ахынд очдог юм билүү гэж бодож байтал ах маань ажил руугаа явлаа, гэрээ олох уу гэж байна. Уг нь амархан 2 булан тойроод л байгаа юм. Тэгсэн манай голын миний бүр багын найз, миний дээд ангид төгссөн Б.Готовсүрэн тааралдлаа. Бид 2 зун нь тааралдаагүй юм. Тэднийх Таацын баруун хойгуур байсан уу?? Таацын голд зуссан уу бүү мэд??. Манайх тэр зун л урьд нь ердөө нутаглаж байгаагүй баян Таацын зүүн урд арын үзүүр Гончигын гашуунд зуссан юм.

Тэр жил хуучин нутаглаж байсан нутгаар тааруу гарсан байсан байх. Урд жил нь бас Салхитын мухарт зуссан юм. Ахиж энэ шинэ нутгуудаар аав минь нутаглаагүй. Нөгөө л Хөх үзүүр, Хар дэл, Цагаан дугуй, Баянтаац, Овоо нь өвөр, Өлзийтийн өвөр, Далан дэрс, Ганц хашаат, Хоёр хашаат, Задгай, Цагаан толгой, Хар толгой, Тэмээ нь ус, Латаан аман ус, Уулангын хавцгай, Ар даравгай, Өвөр даравгай, Эрээн хадын булан, , Их нь зүлэгт, Дэрсэнэ худаг, Баян, Бэлгих, Бэлгэхийн хөв, Дунд түрүү, Ялаат булаг, Бийрийн хөндий, Баригийн эх, Арцын цагаан асга, Нарийний эх, Хайрханы эх  гэх мэт эцэг өвгөдийн минь тахиж шүтэж нутаглаж ирсэн уудам том нутгуудаар өгсөж, уруудаж Баянтаацынхаа баруун хөдөөгүүр нутагласан даа.

За тэгээд Готовсүрэнтэй тааралдсан гэдэг чинь ахыгаа, ижлээ, юм юмаа л олоод авч байгаа хүн боллоо. Энэ олон бужигнасан Арвайхээр хотод чинь ёстой болоод явчихлаа. Готовсүрэн айлд очиж айраг ууя, манай найз аймгийн үндэсний бөхийн идэрчүүдийн аврага Гансүх гэж байгаа гэж байна. Шөнө оройтож нүүрсний машинаар ирсэнийг хэлэхүү? Айраг ард хоцорсоныг хэлэх үү? Уухайн тас тэгье боллоо. Хаашаа явах юм гэсэн Зүүн балгасны хойд энгэрээд байдаг юм л гэж байна. Яваад очисон чинь зассан шагай шиг сайхан бор залуу, цээж нүцгэн угтлаа. Намайг бодвол том ах л гэсэн үг. Би одоо билэгшээдэг юм. Тэр чинь аймгийн идэрчүүдийн аврага бөх хүн шүү дээ гэж. Өө айраг уу гэж байна. Нэр асууж байна. Жаахан хөөрхөн хүү байна гэж байна. Зөндөө айраг уулаа. Готовсүрэн, Гансүх 2 том том асуудлууд ярьж байгаа. Би айраг уугаад л сууж байгаа. За тэгээд ахындаа очлоо. Нөгөө өглөө хаашаа ч явахаа мэдэхгүй, 2 алхаад л төөрөх учиртай Бор хүү харин ч бүр догь амьтан, гэдэс нь айргаар дүүрэн гэхэрсэн хүн, ахындаа ирж хонолоо. Ер нь олон жил дотуур байраар явчихсан хүүхэд бол орчиндоо амархан дасдаг, тэгсгээд л болчихдог юм л даа... За тэгээд маргааш өглөө нь хичээлдээ очлоо. 48-ийн дэвтэр 10 –аадыг авсан,ойр зуурын хичээлийн хэрэгсэл авчихсан, цоо шинэ 15 төгрөгийн үнэтэй хар цүнх барьчихсан явж өглөө. Харин гортиг аваагүй шүү. 21 төгрөгийн үнэтэй байдаг байсан юм. Үнэтэй гэсэн үг л дээ. Анги ангиар нь жагсааж байна. Манай ангид 42 хүүхэд хуваарьлагдсан, 1 давхарт 107 билүү ангид орцгоож байна. Би сүүлээсээ 8 орчимд жагслаа.

Хүүхдүүд анги руу ороод бараг дууслаа. Ард байсан хэдэн хүүхэд ч суудлаа олоод суучихлаа. Би сумаасаа хамт ирсэн Халтартайгаа суудаг юм билүү гээд хайсан чинь хамгийн ард нэг ахтай хамт суучихаж. Суудлууд дууссан хамгийн урд эгнээний зүүн талд хаалганы хажууд нэг суудал үлдсэн байна. Би сандалаа өөррүүгээ дөхүүлээд нөгөө суудал дээр сууж авлаа. Нөгөө сандал дээр нэг орос маягийн жөмбийсөн цэвэрхэн шар охин суучихсан, намайг сандалаа өөррүүгээ татаж суухаар, өөрийнхээ сандлыг цааш нь бага зэрэг татаад цомцойж сууж байна. Энэ бол одоогийн Сарантуяа буюу Их Сургуулийн орос, ангил хэлний алдарт багш, том сурган хүмүүжүүлэгч Сарантуяа байсан юм. Ангийн багш гээд намхан шар хүн Тогооч гэдэг гэж өөрийгээ танилцуулаад биднийг суудлаа яаралтай цэгцэлж, чимээгүй болохыг анхааруулж байна. Хүүхдүүдийг нэрээр нь дуудаад харж байна. Баруун баян улаан сумаас Ц.Бор, С.Халтар гэдэг 2 хүүхэд ирсэн, нэг нь сумын АХШХ-ны даргын хүүхэд нөгөөх нь малчны хүүхэд гээд л танилцууллаа. Манай ангийн эвлэлийн үүрийн даргаар Түндэвдоржийн Пүрэвчулуун гэж Уянга сумаас онц төгсөж ирсэн хүүхэд ажиллана гээд л шууд томилж гарлаа. Пүрэвчлууны ах бол манай энэ 10 жилийн сургуульд сурч байхдаа ангийнхаа эвлэлийн үүрийн даргаар ажиллаж , хариуцсан ангиа “Улсын тэргүүний эвлэлийн үүр” болгож байсан шилдэг сурагч байсан бөгөөд Москвад Олон улсын харилцааны дээд сургууль төгсөж одоо Гадаад явдлын яаманд ажиллаж байгаа гэж танилцуулж байна. Тэр хүрэх зам даан ч хол санагдаж билээ. Ангийн даргаар Ё.Энхсайхан ажиллана гэсэн чинь нөгөө манай С.Халтарын дэргэд сууж байсан ах босож ирээд буцаад сууж байна. За ингээд л хичээл ороод яваад байлаа. Би завсарлагаанаар ангийнхаа хүүхдүүдийг сэм харахад нэгэн жигд, их цэвэрхэн, торгон, хөөрхөн хүүхдүүд харагдсан юм. Ерөөсөө надаас өөр улаан хацартай, хөдөөний хүүхэд харагдсангүй. Харин маргааш нь Тарагт сумын гаралтай, аймгийн бойны цэгийн няравын хүүхэд гэж тайргар урт хөлтэй, урт гартай, улаан хацартай, яриа хөөрөө гэж багшаас ч илүү, дарга шахуу хүүхэд орж ирсэн юм.

Ингээд манай ангид улаан Ганболд гэж хүүхэд нэмэгдлээ. Намайг нэр нь бор юм болохоор улаан гэхгүй байсан шүү. Харин манай ангийн бусад хүүхдүүд ихэнх нь аймгийн төвийн дарга, сэхээтэн айлын хүүхдүүд, бас сумдын нэгдлийн дарга нарын хүүхдүүд ирж суралцаж байгаа юм байна. Аймгийн АДХГЗ-ны хариуцлагатай нарийн бичгийн дарга О.Адъяа даргын охин А.Ариунаа гэж байна. За тэгээд аймгийн АЦХСС-ын эмч, нэрт эмч Цэдэнбямба эмчийн хүү сагсан бөмбөгийн 1 дүгээр зэргийн тамирчин Ц.Мягмарсайхан гэж хүүхэд байна. БНМАУ-ын Урлагын гавъяат зүтгэлтэн Оригын Сэлэнгэсайхан гэж охин байна. Баянгол сумын Сум нэдлийн даргын охин Эрдэнээ, Төгрөг сумын АХШХДаргын охин Ц.Энхжаргал гэх мэт олон сайхан сэхээтнүүдийн хүүхдүүд манай ангид орсон юм байна. За ингээд хичээл ороод л яваад байлаа. Би хааяаа нэг дотуур байр хэзээ авах талаар чих тавиад л яваад байдаг байлаа. Тэгтэл 14 хоногийн дараа намрын ажилд “Арвайн тал”-руу явж төмс хурааж ирээд байранд хүүхдүүдийг авах гэнэлээ гэж дуулдаж байна. Хэд хоног хичээллээд Тарагт сумын нутаг “Арвайн тал”-руу 10ж бүлэг Цогзолмаа гэж УБДСургууль дөнгөж төгсөж ирсэн залуу эмэгтэй багшийн ангитай манай анги хамт ажилд явлаа. 2-3 гэр барьчихсан, хүүхдүүдийг гэрт байрлуулж ажил хийлээ. Өө 14 хоноход ангийн хүүхдүүдтэйгээ бага зэрэг танилцаад ногоо голдуу хоол идээд хэд хоног сайхан байлаа. Тэр үе захиргаадалтын үе байсан болохоор хүүхдүүд намрын ажилд туслахаар ирсэн л бол ямар ч ажлыг заавал хийлгүүлж байж салдаг байсан үе. Хий хоосон зай ямар ч түвшинд гардаггүй, хатуу чанга байсан үе л дээ. Сайхан цаг үе байсан юм даа. Намрын ажлаасаа бууж ирээд нэг их удалгүй дотуур байрандаа орлоо. Бөөн баяр. Намайг дотуур байрны 2 давхарт нэг том өрөөнд 10 гаруй том, жижиг хүүхдүүдтэй хамт орууллаа. Тэр нь Өвдөгийн худгийн Тоосгон заводын ажилчдын хүүхдүүд юм байна. Бүгд ах дүүсээрээ, сумдаас ирсэн хүүхдүүдээс арай дээгүүр хэвлүүн зантай, хэл амтай, хотожсон маягийн хэдэн хүүхдүүдтэй 7 хонолоо. 8 дахь хоног дээрээ Өвдгийн худгын хүүхдүүд дангаараа байна гээд намайг урагш нь 1 давхар байрны 28 дугаар тасагт 20 гаруй хүүхдүүдтэй хамт орууллаа. Энэ тасагт манай ангийн Д.Батсүрэн, Төгсөө, Адъяасүрэн нар байна. Миний ор 9ж ангийн Ганболдын ортой зэрэгцэж байрладаг юм байна. Өө ангийнхантайгаа нэг тасагт ороод сайхан байнаа. Бөөн шуугиан, нэг үеийн хүүхдүүд, оройд хөгжилтэй юм ярьцгаана, бас барилдана. Гүэ ёстой сайхан байлаа. Манай хажуу талын тасагт манай ихэр өвөлжөөний миний дээд ангийн Д.Төмөрчөдөр байж байна. За тэгээд л хичээлдээ яваад, байрандаа орчихсон, бодож санах юм байхгүй, сайхан байнаа. Манай ангийн охидууд Пүрэвчлуун, Энхжаргал, Охинтогтох, Цэцэгээ, Д.Алтанцэцэг өөр хэн ч билээ дээ тэд нар 2 давхар байрны 2 давхарт хамтдаа нэг тасагт орчихсон байсан. Хааяаа хоолон дээр л тааралдана. Өө тэд нартайгаа нийлээд аймгийн төвийг төв дотроос нь өөртөө үйлчлэх дэлгүүрээс нь эхлээд хэсэж гарлаа. Орой өөртөө үйлчлэх дэлгүүрийн араар нь хүртэл орж молоко авч уулаа.

Ерөнхийдөө аймагт ирсэн орчиндоо бага зэрэг дасаж байна. Хичээлдээ өдөр бүр л яваад байгаа. Гэхдээ хичээлээ нэг л сайн ойлгохгүй, багш нарын яриа зааж байгаа арга нь нэг л бууж өгдөггүй дээ. Математикийн хичээл Чойгил гээд анги дээр тамхи татах шахуу юм болдог, бугшиж ханиалгасан хөх хүн орлоо. Индукци гээд л яриад байх юм. Уран зохиолын хичээлийг Дэжидмаа гээд багш орж байна. Ягаан капрон алчуур хузүүндээ зүүсэн, цэнхэр керпелэнэн пиджак, юбкатай, нүдний шилтэй, шар хүүхэн. “Как заклялась сталь” гэж асууж байх юм. Юм яриад л байх юм. Уранзохиолыг уран яруу сонсголонтой заахгүй, жаахан тийм дарга маягийн багш санагдсан. Нөхөр нь аймгийн эвлэлийн хороонд том дарга юм гэнэ лээ гээд л манай дарга нарын хүүхдүүд ярьж байна. За за яахав. Цэрэнгаамаа билүү нэг эмэгтэй багш Газар зүйн хичээл заалаа. Бас л эх газрын Газарзүй гэж заагаад л байна. Янз бүрийн хойг арал ярьж л байна. Бас л хичээл заах нь ширүүн хүн юм. Миний Баруун баян улааны миний хэдэн алтан бурхан багш нар шиг хөрсөн дээр нь хичээл заадаг багш, ойлгуулж заадаг, ой тойнд оруулдаг, хөл рүү өшиглөдөг багш нартай адилгүй байна. Хэд хонож л байгаа. Багш нарын арга барилд сайн дасаж өгөхгүй л байлаа. За тэгээд 1 дүгээр улирлын амралт эхлэж, ихэнх хичээлүүд дээр сайн дүн авч харих боллоо. Манай сумруу ПАЗ шар автобус явахаар байрны гадаа ирсан байна. Гучин-ус, Баруун баян улаан сумдын хүүхдүүдийг хамтад нь хүргэх юм байна. Шөнө л сум орж байсан юм. За тэгээд тэгж ингээд л 9 дүгээр ангиа төгсөх болчихлоо. Харин Адъяасүрэн, Батсүрэн, Энхсайхан, Эрдэнэцогт, Сосорбурам, Ганбаатар, Ганхуяг, Пүрэвчулуун, Энхжаргал гээд олон сайхан найз нартай болоод 9 дүгээр ангиа төгслөө. 9 дүгээр ангиа төгсөх өдөр ангиараа цэцэрлэгт зургаа авахууллаа. 10 дугаар ангид ороход овоо зүгширчихсэн, нилээд өөр бодолтой, их дээд сургуульд орох ухааны юм дотуураа бодоод байгаа. 10 дугаар ангид орсон 1979 оны намар хичээл эхлээд 10-аад хонож байтал “Аймгийн хөдөлмөрийн аврага” хүүхэд боллоо. 1979 онд 5тн өвс хадсан гэсэн бичиг Баруун баян улаан сумын Сум нэгдлийн орлогч дарга хийж өгсөн юм. Тэр үед сургуулийн хүүхдүүдэд зуны амралтаараа зурам алах, хадлан тэжээлд оролцох, сүү сааль саах, эмнэг сургах зэрэг даалгаваруудыг өгч, намар хичээлд ирэхдээ бүртгүүлдэг байсан юм. Тиймээс сум нэгдлийн даргаас нийтийн хадланд явсан талаараа тодорхойлолт хүстэл 1979 онд 5тн өвс хадсан гэсэн бичиг хийж өгсөн нь тэр л дээ. 

Учир нь би 1972 оноос хойш 1979 он хүртэл 7 жил тасралтгүй “Шар бүрд”-ний улсын хадланд  явсан, хадлангийн Бор нэртэй хүүхэд байсан юм. Манай бригадын адуучин, сумын заан Ж.Банзарагч гэж “Шар бүрд”-ний нийтийн хадланд олон жил явсан ах байсан юм. Банзарагч ах их хөгжилтэй, шуугиур, сайхан барилддаг хүн байлаа. Хадланчид ажлаас орой буугаад амрах үед бөхчүүд зодоглоод гэж дуудана. Тэгснээ гэнэт хадлангийн Бор ирчихжээ гэж дууддагсан. Санаанаас гардаггүй, сайхан санагддаг юм. Тэр үед нийтийн хадланд хүүхэд авахгүй гэдэг байсан боловч намайг очихоор хөөдөггүй байсан юм. Манай гэрээс өөр явах хүн ч байхгүй байсан юм. Эгч дүү нар минь л байдаг байлаа. Аав минь гадаа гэрт малын ажлаа бардаггүй юм.  За ингээд 10 дугаар ангид ороод 10 хоноогүй шахам байхад “Аймгийн хөдөлмөрийн аврага” хүүхэд болсон явдал бол хичээл хийхэд урам болж л байсан байх. 10 дугаар ангидаа дотуур байрандаа эртүү ороод авлаа. 2 дугаар байрны 27 дугаар тасагт Бямба отгон, Галсандорж, Эрээнхүү Доржготов нартай орлоо. Манай тасгийн Бямба отгон хичээл их давтдаг хүүхэд байсан юм. Би бас жаахан дуурайна. Дотуур байрны багш Бар Самка буюу Самданцоодол гэж хөнгөн хөдөлгөөнтэй өндөр, туранхай  бор өвгөн, дуу чанга гэж жигтэйхэн. Юм л бол байрнаас хөөх гэээд байдаг байлаа. Өглөө бүр 7 цагт босгож, урагшаа наадмын талбайн дэргэдэх  морины бариа хүртэл гүйлгэж ирээд, 16 тоот гимнастик хийлгээд, ор дэвсгэрээ хураагаад, өглөөний цайнд ордог хатуу журам тогтоосон юм. Бүртгэх гэж жигтэйхэн. Нэг ч хүүхэд хоцорч байгаагүй, хоцрох ч үндэс байхгүй, шууд байрнаас хөөдөг байсан юм. 1980 оны хавар 10 дугаар ангиа төгсөх жил манай ангийн хүүхдүүдээс надаас өөр эрэгтэй хүүхэд дотуур байранд байгаагүй санагдаад байх юм. 10-р ангид ороод хэд хоног хичээллээд Уянга сумруу өвс хураах ажилд явлаа. Хүүхдүүд өвс сайн хураасандаа. Өдөр бүр л завгүй ажиллана. Ажлаа дуусгаад бид нарт айраг, хонь өгсөн санагдаж байна. Бас тэндээсээ “Найман нуур”-ыг / Буман хөхөө донгодсон Булгын дуудлага уянгалсан Ижил мөнгөн хундага шиг Ихэр найман нуураа хөө гэж ирээд л манай найз Нэргүйн Ганбат нэг их уран, уянгын хоолойгоор цангинатал дуулдагсан. /Ум ма ни бад ми хум./ “Хөдөлмөрийн төлөө” сонины эрхлэгч н.Гомбосүрэн гэж хүн үгийг нь бичсэн юм гэж яриад байсан байхаа.../- үзээд харихаар болцгоож шар УАЗ-53  машинд суугаад хүүхдүүд дуулаад явж өглөө. Хаагуур ч яваад байгаа юм бүү мэд. Мэдэхгүй нутаг болохоор анзаарч байсангүй. Тэгсэн Ширээтийн даваа өгсөөд давааны дээр гарч “Найман нуур”-ыг хараад, бууж  бага зэрэг амарцгаагаад буцаж явсан чинь гэнэт л түг таг гээд явчихлаа. Бас машин гал гарлаа гээд хүүхдүүд шуугиад байна. Тэгсэн машины тормоз байхгүй болсон юм байж. Бас яндан дээр нь өвс унаж  оч гарах алдтайд хөвөнтэй куртикээрээ дарж унтраасан гэж байгаа. За ингээд машин засагдаж бага зэрэг айдастай хүүхдүүд аймагт ирлээ. 5 хоногын дараа хичээл орно гэж байна. Замын унаанд суугаад сумруугаа явсан чинь нөгөө машин нь айл нүүлгээд, таяг тойруугаар тэнэсээр байгаад замдаа 3 хоноод гэртээ харьж, маргааш нь ааваараа Өшгөгийн нурууны баруун үзүүр “Овоо нь өвөр”-өөс Баянтээгийн уурхайд мориор хүргүүлж буцаад л аймагтаа ирлээ. Төгсөх жил манай анги сургуулийн 2 дугаар давхарт багш нарын конторын хажууд, физикийн кабинетад, их олон үзүүлэнгүүдтэй ангид хичээллэж дуусгасан юм. Манай ангийн багш физикийн багш байсан болохоор ч тэр юм уу бас сургуулийн захирал Б.Шадав багш манай ангийн багштай их сургуулийн нэг анги байсан болоод тэгсэн үү гоё ангид хичээллэдэг байсан шүү. Манай анги их цэвэрхэн, ардаа физикийн янз бүрийн үзүүлэнгүүдтэй анги байсан юм. Манай ангийн Р.Адъяасүрэн идэрчүүдийн 48 кг-ийн жингийн “Аймгийн аврага” хүүхэд байсан юм. Адъяасүрэн завсарлагаанаар юм л бол дэвэх гээд, бас зүгээр байлгахгүй барилдах гээд байдаг хүүхэд байсан юм. Д.Батсүрэн маань барилдах их дуртай, унана гэж байхгүй, барилдаж байхдаа аллаа, ёо ёо гэж дуулана. Их хөгжилтэй хөөрхөн ааштай, сэргэлэн, нийтэч, онц сурдаг, манай ангийн №1 хүүхэд байсан юмдаа. Ум ма ни бад ми хум. Батсүрэн маань барилдаж Адъяасүрэнд унаж дуусаад, Бүрэнбаярыг нэг гэжигдэж аваад ширээн дээрээ суудаг байсан юм. Энхсайхан Ум ма ни бад ми хум бид 2 бас барилдана. Ингээд бид 4 завсарлагаа бүрээр барилддаг байлаа. Сүүлдээ чимээ гараад, тоос бужигнаад, багш гүйж орж ирдэг болсон юм. Бид 4 барилдаж дуусаагүй шахам байхад л завсарлагаа дуусана. Орж ирсэн багш нар хичээлээ шууд асуудаг, бид нар онц авдаг үе байлаа шүү. Сайхан үе байж дээ. Энхсайхан маань хааяа надад унана. Уначихаараа Халтарыгаа гэжигддэг байсан. Яадгын бүү мэд. Сүүлдээ Напа, чөргөр Ганбаа, улаан Ганболд нар барилдаанд оролцдог болсон. Ганбаатар барилдаж эхлээгүй шахам байхдаа л зугтаагаад, эсвэл боксоор ёслоод байдаг хөгжилтэй хүүхэд байж билээ. Ширээн дээрээсээ завсарлагаанаар ч босдоггүй Гэрэл, Охиндолгор, Дуламжав гээд хөөрхөн охидууд байлаа. Бид нар дугтуйтай хүн гэж нэрлэнэ. Ард бид мэт нь барилдана. Ширээн дээрээ хөдөлгөөнгүй сууж байгааг нь гэжигдэнэ. Гэтэл урдуур түүнээс ч илүү будилаантай байж. Завсарлагаанаар багш гарахтай зэрэгцээд манай ангийн овгор Мяга /Ум ма ни бад ми хум/, чөргөр Ганбаа нар урд талаар суудаг гоё охидуудыг үнсэж айлгадаг байсан юм байна.  Иймээс охидууд багштай зэрэгцээд хаалгаар шахалдаад, бөөн шуугиан гардаг байсан гэж хэзээ хойно нь л ярьцгааж байсан шүү. Ай алтанхан үе минь, хөөрхөн дуулиант нас минь. Би 10 дугаар ангид ороод намар, өвлийн амралтаар гэртээ ердөө хариагүй. Намар ирээд хавар л буцсан. Амгийн төвд нилээд догширч байгаа нь тэр. Бас сурлага сайжирч онц сурч байгаа гэх мэт ололтууд байлаа. За тэгээд хүүхдүүд ерөнхийдээ л уяагдаж байгаа морьд шиг, зарим нь хоршоонд тавих гэж байгаа монголын шар шиг ер нь л жигдрээд битүүхэндээ их хүлээлт рүүгээ л дөхөөд байгаа. Энэ бол тэр үеийн маш хатуу шаардлагатай конкурс буюу элсэлтийн шалгалтанд бэлдэж байгаа үеүүд эхэлсэн гэсэн үг. Шалгалт дөхөхөөр дотуур байрны хүүхдүүд ч гадуур айлаар суугаад байгаа юмуу гэмээр санагдаж байсан.  Би ч бас 3 сард байрнаасаа хөөгдөөд гарчихсан ахындаа сууж байлаа. Сайндаа ч биш манай тасгийн Д.Галсандорж 150 төгрөгийн үнэтэй биеийн тамирын цэнхэр хослол аваад түүнийгээ мялааж байгаа гээд 1 шил архи авч манай тасгийн 5 хувааж уугаад, үүдээ түгжилгүй унатаад, орой байрны багшид баригдаж, бүгдээрээ хөөгдлөө. Харин ч 111-д баривчилна гээд байсан больсон шүү. За ингээд конкурс дөхөөд байдаг, байрнаасаа хөөгдчихсөн нэг л сайхан биш л байлаа. Хичээлдээ яваад л байлаа. Тэр жилийн хавар эрт урь унаад сайхан зун болох шинжтэй байсан шүү. Манай ахынх хашаанаасаа нүүгээд аймгийн захиргааны хашаанд буучихлаа. Бүр амар, хичээлд ойрхон. Манай ахын гадаа захиргааны гаражын дэргэд 2 хэсэг газар баахан банз хураалтай. Би өглөө эрт босоод л нөгөө банзан доогуур орж суугаад хичээлээ уншина. Нар гарахаар дээр нь суучихна. Хөлөө хөдөлгөөд л сууж байна. Тэгсгээд л манай ахынх босдог юм. Цайгаа чанаад дуусах үед нь орж боорцог идчихээд л хичээлдээ явдаг байлаа. Сайхан байсан шүү. Бас ямар хувь зохиолоор ч юм О.Адъяа даргын өрөөнд Ариунаа, Сарантуяа  2-той хамт 1-2 удаа хичээл давтсан санагдаж байна. Тэр үеийн аймгийн АДХГЗ-ны хариуцлагатай нарийн бичгийн дарга гэдэг бол том хүн байлаа шүү дээ. За тэгээд хавар шалгалтууд эхлэж бид 10-р ангиа төгсцгөөлөө. Манай ангийн дотуур байранд суудаг байсан охидууд хөгжилтэй, нэг насаараа дуурсах түүхтэй төгсөцгөөсөн юм.  Төгсөлтийн баяраа О.Сэлэнгэсайханы гэрт хийж, 2 шил архи идэж уух юмтай товчхон тэмдэглэсэн юм. Би 10 дугаар ангиа онц дүнтэй төгсөж, ЗСБНХУ-д Цэргийн академийн хуваарь шууд авч гэрээдээ харьлаа. Одоо ингээд 40 жилийн өндөрлөгөөс харахад манай 10б анги  бол хамгийн олон хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, техникумд элсэн орж төгссөн, өндөр боловсролтой, ажилсаг, нөхөрсөг, манлайлагч хамт олон юм билээ. Манай ангиас эрдэмтэн, инженерүүд, алдартай эмч, багш нар,  Төрийн дээд шагналтнууд, Засгийн газрын дээд шагналтнууд, Мянгат малчид, Бизнесменүүд зэрэг олон сайхан алдартнууд төрсөн байна. Ингээд Өвөрхангай аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийн 10б ангийг 1980 онд төгссөн эрхэмээс эрхэм, хүүхэд насны нандин дурсамж, шуугиант мөчийн минь жинхэнэ эзэд Та нартаа 40 жилийн ойн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ц.Бор

(Барилга, хот байгуулалтын яамны

Хяналт шинжилгээ-үнэлгээ дотоод аудитын газрын ахлах шинжээч

Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол улсын зөвлөх инженер)

2019.11.22

 

 

Сэтгэгдэл (16)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 04 сарын 30
202.21.109.42
Чука

Бордоо ажилд нь өндөр амжилт, гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг хүсье...

2020 оны 04 сарын 30
202.21.109.42
Чука

1980 онд миний бие ПДС-ийн Цэргийн барилгын инженерийн ангийн 2-р курсын оюутан болчихоод бас ч үгүй жаахан дэггүй нэртэй харайж явахад доод курсын хэдэн шинэ сонсогч нар дөнгөж карантинаас ирсэн байхад нь манай курсын хэдэн нөхөр 2-р байрны жорлонд оруулж шоглоход жинхэнэ хөдөөж маягийн Улаан нөхөр зогсож байсан нь дээрхи дурсамжийг тэрлэсэн эзэн нь болой. Тэр цагаас 40 жил өнгөрчээ гэж бодоход хүний амьдрал урт бөгөөд их богино шүү хүү минь Номыг л сайн хичээж сурна шүү гэж захидаг байсан ээжийн минь үг сонсогдох шиг. Нээрээ нэг сонин ярихад оюутан найрагч Борын анхны фенүүд нь манай хоёр...

2020 оны 04 сарын 27
43.228.131.45
Мongol

Бор ах ёстой янзын хөөрхөн дурсамж бичиж. Шүлгийг бол бүр ч дориун бичдэг хүн дээ.

2020 оны 04 сарын 22
64.119.18.107
Э.Дэлгэрмаа

Хүндэт Ц.Бор ахыгаа маш ухаалаг, алсыг харсан холч ухаантай, өндөр боловсролтой, ажилч хичээнгүй, бүх л муу сэтгэлүүдээ аль хэдийн дарчихсан, гэгээлэг цагаан сэтгэлтэй, зөв ёс суртахуунтай, тусч нигүүлсэнгүй зантай, хүнд байх эрхэм сайхан зан чанарууд бүгд цогцолсон, энэ цагийн нэгэн Бодисадва гэдгийг танилцсан өдрөөсөө эхлэн мэдэж, өгсөн зөвлөгөө бүрийг нь даган биелүүлж явдаг бөгөөд хамт суралцсандаа их бахархаж явдаг билээ.

2020 оны 04 сарын 22
64.119.18.107
Э.Дэлгэрмаа

Мөн миний хувьд очиж үзээгүй ч гэсэн Өвөрхангай аймгийн Баруун баян улаан сумын Баян таац, Эрээн хадын булан, усны Хар толгой, Хашаатын хүрэм, Таацын гол гээд олон сайхан нутаг усанд нь очоод ирсэн мэт дүнхийсэн сайхан хайрхад уулс, мяралзсан гол ус мөрөн нь нүдэнд харагдаж сэтгэлд их таатай байлаа. \nЭнэ сайхан түүхийн үргэлжлэл болгон хэлэхэд Хүндэт Ц.Бор ах бид хоёр Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурхан Шашны Их Сургуулийн оройн дээд курсын нэг зиндааны (нэг ангид хамт суралцан төгссөн) хоёр юм.

2020 оны 04 сарын 22
64.119.18.107
Э.Дэлгэрмаа

Миний маш их хүндэтгэж явдаг Хүндэт Ц.Бор ах маань бага нас, сурагч үеийн дурсамжаа түүх болгон үлдээж, үнэхээр гайхалтай сайхан хөрөг найрууллыг тэрлэжээ. Энэхүү хөрөг найрууллыг уншиж байхдаа Ахтайгаа амьдралынх нь түүхийн алтан хуудсуудаар хамт аялах ховор завшаан олдсонд их баярлаж байна. \nЭнэ хэсэгхэн зуурын хугацаанд Хүндэт Ц.Бор ахтайгаа хамт 1978 оны хавар Баруун баян улаан сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг, бас 1980 онд Өвөрхангай аймгийн төвийн 10-н жилийн дунд сургуулийг 10б ангийг хамт олонтой нь цуг төгсөж байгаа мэт гүн гүнзгий сэтгэгдэл төрж, сэтгэл их догдоллоо.

2020 оны 04 сарын 12
202.9.46.115
А.Солонго

Сайхан дурсамж байна. Соц нийгмийн дэг журамтай сахилга баттай хүмүүжилтэй ажилсаг хүү нүдэнд бууж байна.Энгийн мөртлөө энгүй уянгалаг сайхан бичжээ. Нутгийн ах таньдаа болон гэр бүл үр хүүхдэд нь эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсье.

2020 оны 04 сарын 08
37.48.19.248
Т. Лхагвасүрэн

Гоё дурсамж болсон байна дүү нь уншаад баахан инээлээ ахдаа амжилт хүсье

2020 оны 04 сарын 08
66.181.168.81
Нямсүрэн

Сайхан дурсамж байна. Хүүхэд насны минь нэгэн үе нүдний өмнүүр жирэлзээд өнгөрөх шиг л санагдлаа. Амжилт хүсье.

2020 оны 04 сарын 01
66.181.184.243
О.Сүнжидмаа

Таны дурсамж үнэхээр он цагийн түүхийг өгүүлжээ. Би таны дурсамжийг уншаад сэтгэл маш их хөдөлж байна. Танд аз жаргал эрүүл энхийг хүсье.

2020 оны 03 сарын 31
66.181.161.91
Отгоншагай

Vneheer goy boljee ahdaa amjilt hvsiy

2020 оны 03 сарын 31
122.201.31.79
Цэрэнхорол

Энгийн юмшиг хэрнээ утга уянга төгс сайхан бичжээ.Манай Бор ах уул шиг түшигтэй үнэн үгтэй сайхан хүн шүү

2020 оны 03 сарын 31
202.21.118.6
B.Sainjargal

Нутгийн хүндэт ах маань сайхан дурсамж бичжээ. Ёстой л нутгийн уул ус нүднээ тодорч салхи нь үнэртэх шиг боллоо, ийм сэтгэлд ойр нэмэр хачиргүй үнэнг та л бичнэ дээ. \n

2020 оны 03 сарын 31
64.119.26.111
Сарантуяа

Сайхан дурсамж бичжээ,үнэхээр багаасаа л ажилсаг ухаантай ,хамт олонтой залуу бна.Одоо л бүр сайн хань,аав,бурханы номыг амьдралдаа хэвшүүлсэн ховор хүн дээ.Чамдсайнсайханыг хүсье.Буяны садан Сараа

2020 оны 03 сарын 30
202.9.40.69
Ариун

Ангийн анд тун сайхан бичжээ. Кино үзэж байгаа юм шиг л ... Мартсан олон үйл явдлыг сануулж 10б ангидаа ороод сууж байгаа юи шиг Ганбаа шүүр унасан эмгэн болж ширээн дээгүүр дүүлж, Мийгаа охидыг цочоон хашгируулж, орос нэлний хичээл дээр нэг нэгээрээ нууцаар мөлхөж гардаг, их завсарлагаа, цонхтой цагаар 100 хүний гуанзанд орж 40 мөнгөний аарц авч уугаад сууцгааж байгаа юм шиг санагдлаа.Ярих инээх дурсамжууд мөн ч их байна даа анд минь...

2020 оны 03 сарын 30
202.180.220.81
Г.Пүрэвсүрэн

Үнэхээр сайхан болжээ ахдаа ажлын амжилт хүсье. Та минь мундаг шүү таниараа бахархаж байна.