Шүүхээс хүчингүй болгосон 1 хувийн шимтгэл зээлийн хүүнд шингэх вий

Zuv.mn
2023/09/11

ШӨХТГ “Банкууд ипотекийн зээлдэгчдээс 1 хувийн шимтгэл авдаг байсан нь үндэслэлгүй” гэж үзэн нэр бүхий есөн банкийг 20 сая төгрөгөөр торгосон хэрэг банкуудын гомдлоор Дээд шүүх дээр очоод байсан билээ. Анхан шатны шүүхээс хэргийг банкуудын талд шийдсэн ч ШӨХТХ давж заалдсаныг Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх өнгөрсөн зургадугаар сарын 15-нд хэлэлцээд “Ипотекийн зээлийн нэг хувийн шимтгэл үндэслэлгүй” гэж шийдвэрлэснийг банкууд зөвшөөрөлгүй хэрэг Дээд шүүхэд очоод байсан юм. Тэгвэл Дээд шүүх бүх гишүүдийнхээ хурлаар энэ хэргийг хэлэлцээд, өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  

Ипотекийн зээл авсан ИРГЭН БҮР 1 ХУВИЙН ШИМТГЭЛ-ээ  БУЦААЖ АВАХ БОЛОМЖТОЙ юу

Арилжааны банкууд зээлдэгчдээсээ авдаг шимтгэлийн асуудал шүүхээр анх удаа шийдвэрлэгдэж байгаа нь энэ биш юм. Өмнө нь иргэд энэ асуудлаар нэг бус удаа шүүхдэж байсан бөгөөд тодорхой шийдвэрүүд гарсан байдаг. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа өмгөөлөгч С.Ялалт "ШӨХТГ-аас арилжааны банкуудад тавьсан албан шаардлагын дагуу Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэрэгжээд эхэлбэл өмнө нь үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг зээлдэгч нарт буцаан олгох, ирээдүйд олгох зээлээс шимтгэл авахгүй байх үр дагавар үүсэж байгаа. Хэрэв албан шаардлагыг банкууд сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн гүйцэтгэх ажиллагаа явуулаад албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ авах ёстой. Энэ нь зээлдэгч нарын 2021, 2022 онд авсан ипотекийн зээлийн шимтгэлтэй холбоотой асуудал.

Үүнээс өмнөх онд авсан ипотекийн зээлийн шимтгэлийн тухай ярихад иргэний хэргийн гурван шатны шүүхээр хоёр удаа шимтгэлийн асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа. Иргэд шүүхэд сайн дураараа "Шимтгэл үндэслэлгүй аваад байна" гэх нэхэмжлэл гаргаад арилжааны банкийг Дээд шүүх дээр хоёр удаа ялаад, шимтгэлээ буцааж авсан.

Тэгэхээр 2021, 2022 оноос өмнөх хугацаанд ипотекийн зээл авахдаа шимтгэл төлсөн зээлдэгч нар Иргэний хэргийн шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргах боломж нь нээлттэй" гэсэн талбар өгч байв. Хэрвээ энэ тайлбар зөв бол одоо ойрын гурван жил дотор зээл авсан иргэд шимтгэлээ буцааж авах нь. 

Гэхдээ үүнээс чухал нэг асуудал нь ипотекийн зээлээс гадна, өөр бусад зээл дээр ч шимтгэл авдаг явдлыг болиулах уу, үгүй юу гэдэг асуудал юм. 

Ойрын гурван жил дотор зээл авсан иргэд л шимтгэлээ асуудалгүй буцааж авна

Тэгэхээр, шимтгэл төлсөн бүх зээлдэгч мөнгөө эргүүлж авах боломжтой юу гэдэг асуудалд эхлээд хариулт хайлаа. Он удаан жил үргэлжилсэн, өндөр дүнтэй тул хэрвээ үнэн бол банкуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, улмаар иргэдэд буцаасан шимтгэлээ зээлийн хүү дээрээ нэмж ирээдүйд зээлдэгчдийг хүндрүүлэх ч эрсдэл байсан учраас энэ асуудал анхаарал татаж байв. Тэгвэл өмнө нь шүүхээс гарч байсан шийдвэрээс үзвэл шимтгэл төлсөн иргэн бүр буцаж авах боломжгүй харагдаж байна.

Кэйс: Иргэн Г.Ариунаа “Голомт” банкийг яг энэ асуудлаар Шүүхэд өгч, Дээд шүүх хүртлээ заргалдсан бөгөөд Дээд шүүхээс гаргасан шүийдвэрт уг хэргийг “Гэрээний маргаан” тул тул зээлийн шимтгэлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа  Иргэний хуульд заасан гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах гурван жилийн хугацаанд хамаарна гэж шүүх дүгнэжээ. 

Дээд шүүхээс хэвээр үлдээсэн, Давж заалдах шатны шүүхийн шийдвэр ч энэ үндэслэлээр гарсан билээ. Гэхдээ өмнө нь зээл авсан хүмүүс шүүхэд хандаад тодорхой хэмжээний буцаалт авах боломж байгаа талаар доороос уншина уу. 

Шимтгэл ЦААШИД ҮГҮЙ БОЛОХ уу

Шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор иргэд цаашдаа зээл олгосны шимтгэл гэж байхгүй болох юм байна гэсэн ойлголт авч байна. Тэгвэл энэ асуудал дээр Шүүхийн шийдвэрийн үндэслэлүүд нь хоёр талтай гарч байжээ.

Өнгөрсөн жил шийдэгдсэн нэг Хяналтын шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь ”Иргэний хууль, зээлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулиар “зээлийн хүү” гэдэг нь “мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу “үнэ” байдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүд  “шимтгэл” багтдаггүй. Түүнчлэн “зээлийн бодит өртөг” гэдэгт хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардал байдаг бөгөөд зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ шимтгэл тогтоож буй банкны үйл ажиллагаа хууль зөрчөөгүй. Харин хариуцагчаар төлүүлж буй шимтгэлийн хэмжээ үндэслэлтэй, бодит зардалд нийцсэн байх ёстой бөгөөд талууд зээлийн гэрээнд шимтгэлийн хэмжээг  1 хувь гэж тохирсон боловч яагаад 1 хувь эсвэл түүнээс доош байх эсэх талаар хариуцагч банк шүүхэд баримт гаргаж өгөөгүй” гэж гарсан. 

Үүнээс үзвэл шимтгэл нь хууль бус биш,  харин банк нь зээлийн бүтээгдэхүүний онцлогоос хамаараад шимтгэлийн хувь хэмжээг нарийвчилсан шалгуураар тогтоосон байх ёстой болж таарч байна. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн 1 саяыг ч авсан бай, 180 саяыг ч авсан бай зээл олгоход гарсан зардлыг бодитоор тооцох ёстой гэдэг байдлаар гарсан байна.

"Шимтгэл цаашдаа байхгүй болно" гэх хүлээлт биелж болохоор ч шийдвэр ч гарч байжээ.

Тодруулбал, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс шимтгэлийг хууль бус гэж үзэж шийдвэрлэж байсан удаатай бөгөөд үндэслэл нь “Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээл олгосон шимтгэл буюу зээлдүүлэгчийг өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг зээлдүүлэгчээс авах эрхийг хуулиар банкинд олгоогүй” гэж гарсан. Өөрөөр хэлбэл, “Шимтгэл авна гэсэн заалт хуульд байхгүй учраас” гэж тайлбарлажээ.

Тэгэхээр, Шүүхийн практикаас харвал, зээл авсан хүн бүр төлсөн шимтгэлээ буцааж авах асуудал, цаашид шимтгэл үгүй болно гэх асуудал хоёулаа эргэлзээтэй нь харагдаж байна. Тодруулбал, шимтгэлийг авдгаараа авах ч муйхар байдлаар шууд "1 хувь" гэж хувьчилж авдгийг болиулах магадлал харагдана. 

Гэхдээ, мөнгөө хэрхэн залах нь эх үүсвэрийн эздийн асуудал байдаг. Өөрөөр хэлбэл, шимтгэл үгүй болсон ч хүүнд шингэх магадлал байгаа. Өөрөөр хэлбэл, ипотекийн 6 хувийн хүүтэй зээл 7 хувь, найман хувийн хүүтэй зээл ес, 10 хувь, банкуудын өөрийн эх үүсвэрээр олгох зээлийн хүү, үйлчилгээний хлсөөр дамжин  тодорхой хэмжээгээр нэмэгдэхийг үгүйсгэхгүй юм. Тиймээс иргэд олон нийт болон ШӨХТГ цаашдаа банкуудын зээлийн хүү, үйлчилгээний шимтгэл, банкуудын ашиг зэрэгт онцгой анхаарч ажиглах цаг ирж байна.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна