Чухал ашигт малтмалыг чухалчлахын учир

Zuv.mn
2023/09/12

Ашигт малтмал, уул уурхайн салбарт “Критикал минерал” гэх нэр томъёо цуурайтах болсныг анзаарав уу, та. “Чухал ашигт малтмал” хэмээн монгол хэлнээ хөрвүүлээд байгаа энэхүү нэр томъёог Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгад оны эхэнд оруулсан нь цаанаа учиртай. Уг хуулийн төслөөр “Чухал ашигт малтмалын жагсаалтыг Засгийн газар батлах бөгөөд эрэл хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газар жил бүр төлөвлөх үүрэг хүлээхээр тусгажээ. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад  ийнхүү “Чухал ашигт малтмал”-ыг онцгойлон оруулсан нь олон учир шалтгаантай. Монгол Улсын төдийгүй дэлхийн эдийн засагт, тэр тусмаа ашигт малтмалын салбарт “Чухал” гэх тодотголтой ашигт малтмалын асуудал анхаарлын төвд ороод байна. Тиймээс ч уул уурхай, ашигт малтмалын салбарын  дэлхийн томоохон тоглогч улс орнууд “Чухал ашигт малтмал”-ын ордоо нээж илрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар нэгэнт анхаараад эхэлсэн. Тэгвэл “Чухал ашигт мадтмал” гэдэгт юу багтаж байна вэ. Нэгдүгээрт зэс. Яагаад гэж үү. Хүн төрөлхтөнд нүүрсхүчлийн хийн ялгарал, шингээлтийн харьцааг тэглэхийн тулд 700 гаруй сая тонн зэс шаардлагатай байна. Уг тооцооллыг Олон улсын эрчим хүчний агентлаг гаргачихаад байгаа. Ирээдүйд улам өсөн нэмэгдэх зэсийн энэ их эрэлтэд Монгол Улс ч бэлэн байх ёстой. Нөөцийн хувьд газрын ховор элементийн дөрвөн орд, 80 гаруй илрэл манай улсад тогтоогдоод буй. Гэхдээ энэ тоо бол одоогоор шүү. Ирээдүйд илүү олон илэрц гарч ирэхийг ч үгүйсгэхгүй. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчлах үеэр хөндөгдсөн хамгийн гол сэдэв ч “Чухал ашигт малтмал” байв. Иймээс л ирэх он жилүүдэд эдийн засагт эрчимтэй өсөлт авчрах гол найдвар “Чухал ашигт малтмал” гэдгийг өгүүлээд буйн учир энэ билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна