Хөдөө орон нутгийн иргэд-Аялал жуулчлалын шинэ нөөц

Х.Батсайхан
2023/09/28

Монголчууд маань эх нутгаараа аялах нь нэг үеэ бодвол их болжээ. Гэвч очсон түүхийн дурсгалт газрынхаа сайн, сайхныг үзэж харах боломж хомс хэвээр байна. Учир нь “Аялал жуулчлалын бүс” гэгдсэн байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудад тогтоосон үнэ ханш дотоодын аялагчдын хувьд хэтэрхий өндөр байгаа юм.

Ганцхан жишээ дурдая. Хөвсгөл бол монголчуудын төдийгүй дэлхий нийтийн сэтгэлийг соронздон татдаг нутаг. Тиймдээ ч "Монголын Швейцарь" гэж нэрлэгдсэн биз. Энэ нутгийн сувд, "Далай" гэгдэн хүндлэгдсэн Хөвсгөл нууран дээр ирсэн баргийн Монгол хүн эрэг дээрээс нь харж сонирхохоос усаар нь аялж сэтгэлийн таашаал авах боломжоо халтар төгрөгт хаалгуулжээ. Эргээс 10 орчим километр зайд орших "Хүслийн хад" гэгч рүү хүмүүс их очдог юм байна. Тийшээ усан онгоц, моторт завиар зугаалах нь хоймор нутаг руу мацаж хүрсний хэргийг ганц гаргаж байгаа хэрэг гэх. Гэвч зардал нь дэндүү гэмээр өндөр бөгөөд нэг хүний 40 орчим мянган төгрөг төлж байж завинд суух эрхтэй болох юм. Найман хүний багтаамжтай завин дээр 10 гаруй хүн суулгаж, аялагчдын амь насыг эрсдэлд оруулах нь энгийн үзэгдэл. Гэтэл гадаадын жуулчид тур операторуудад хандаж, тусгай хөтөлбөрт хамрагдсан байдаг учраас очих ёстой бүх газарт очиж, бүрэн үйлчилгээ авч чаддаг.

Дотоодын аялагч жуулчид ийнхүү үзэж харах ёстой зүйлсээ үзэж, авах ёстой үйлчилгээгээ авч чадахгүй байгаагийн хамгийн гол шалтгаан нь энэ салбарт зохион байгуулалт дутагдаж байгаатай холбоотой. Монголчууд эх орондоо аялах сонирхолтой ч тэдэнд зориулсан хөтөлбөр, үйлчилгээ санал болгох тур операторууд алга. Дотоодын жуулчид өнөөдөр эх орноороо аялахдаа цэвэр бие даасан аяллыг зохион байгуулж байна. Унаа тэргээ өөрсдөө олж, шатахуун тосоо өөрсдөө хийж, хоол унд, хонох газраа өөрсдөө зохицуулж, аюулгүй байдлаа өөрсдөө хангаж... Ер нь бүхий л зүйлсээ өөрсдөдөө найдсан зарчим дээр зохион байгуулж байна. Бие дааж ингэж аялах нь маш их зардал шаарддагийн дээр эрсдэлтэй. Аялж яваад осолд орох зэргээр хохироход даатгал ч байхгүй. Аялагчид маш их зардал чирэгдэл гаргасан учраас зорьсон газраа очсон хойноо олигтой үйлчилгээ авч чаддаггүй. Зарим нь төлбөртэй үйлчилгээ авах мөнгөө хэмнэх гэж аргагүйн эрхэнд майханд хоноглоно. Тэгээд зогсохгүй архи ууна. Энэ нь даамжирсаар амарч аялахыг архидах гэж ойлгодог болтлоо гажууджээ.

Аялал жуулчлалын бүс нутгийнхан ч даварчихсан. Өрсөлдөөн байхгүй, Тайхар чулууны хажууд морьтой хоёр хүн жуулчдад үйлчилж байгаад нэг нь гэртээ харьсны дараа нөгөөх нь үнээ нэмдэг ийм л байдалтай аялал жуулчлал хөгжиж байна.

Аялал жуулчлалын компаниудын үндэсний сүлжээ байгуулбал байдал сайжирна

Монголчууд гадаадад хоёр сая гаруй жуулчин илгээж, 500 мянган жуулчин хүлээж авдаг. Зөрүү нь 1.5 сая. Монгол Улсын хүн амын тал нь гэсэн үг. Монголчууд гадагш жуулчилдаг улс болчихож, энэ бол факт. Яагаад ийм болов. Дэлхий дээр хамгийн эртний төрт улсыг байгуулсан, хаа ч байхгүй онгон байгальтай, хүн ам цөөн манайх шиг улсад гаднаас ирсэн аялагч жуулчид гадагшаа аялсан дотоодын жуулчдаас тоогоор ямагт давж байх ёстой биш бил үү. Гэтэл тийм биш ажээ. Монголчууд мөнгөтэй болчихсондоо ингэж гадагшаа их жуулчилж байгаа ч юм биш. Гадныхан зохион байгуулалттайгаар үнээ хямд байлгаж чадаж байгаад л гол учир нь байгаа юм.

Хөвсгөл далай, Байгаль нуур руу хийх аяллыг аваад үзье л дээ. Байгаль нуур руу аялах бол бол дурын компанид сая төгрөг тушаагаад л дөрвөн өдөр, гурван шөнийн хөтөлбөрт хамрагдаж болно. Гэтэл Хөвсгөл рүү хөтөлбөр санал болгох компани байхгүй учраас бүхнийг бие дааж зохион байгуулах шаардлагатай болж, дээр ширхэгчлэн дурдсан бэрхшээлүүдтэй учирна.  Үүнийг арай хатуугаар, Монголын тур операторуудын санаачилгагүй байдлыг ОХУ-ын компаниуд ашиглаж, үнэ ханшаа буулган Хөвсгөл далайн маршрутыг монголчуудаас хулгайлж байна гэсэн ч болох юм. Нэг гэр бүл ойролцоогоор сая төгрөгөөр дотоодын аялал хийлээ гэхэд талыг нь шатахуунд зарцуулдаг. Энэ нь дотоодын аялал жуулчлал орон нутгийн хөгжлийг гэхээсээ илүү ОХУ-ын эдийн засгийг дэмжиж байгааг харуулж байна.   

Тэгвэл энэ гажуудлыг арилгах гол арга нь дотоодын аялагчдад тохирсон хөтөлбөрийг санал болгох явдал юм. Жуулчдыг бөөнөөр нь зохион байгуулалтад хамруулснаар хүн нэг бүрээс гарах зардлыг 2-3 дахин бууруулдаг. Энэ боломжийг ашиглан тодорхой хөтөлбөрийн дагуу аялах нөхцлийг дотоодын аялагчдад бүрдүүлж өгвөл энэ салбарт маш том өөрчлөлт гарна.

Хөдөө орон нутгийн иргэд-Аялал жуулчлалын шинэ нөөц

Монгол Улсын иргэд гадагш их жуулчилдаг болсон талаар бид дурдсан. Гэхдээ дотоодын аялал жуулчлалын салбарт шинээр зохион байгуулалт хийснээр энэ аялагчдын тодорхой хэсгийг дотоодын аялал жуулчлал руу татах боломж бий.  

Монгол Улс гурван сая гаруй хүн амтай. Түүний талаас илүү хувь нь хөдөө орон нутагт оршин суудаг. Эдгээр иргэд эх орондоо аялах маш их сонирхолтой байдаг ч аялах боломж тэр бүр гардаггүй. Уг нь бол говийн хүмүүс хангайд, хангайн хүмүүс говьд очихыг, Монголд байтугай дэлхийд алдартай эх нутгийнхаа нэгээхэн хэсэгтэй танилцахыг бусдын л адил хүснэ. Тэгвэл аялал жуулалын компаниуд нэгдэж нийлэн сүлжээ үүсгэж чадвал эдгээр иргэдэд боломжийн нөхцөл санал болгож, аялал жуулчлалын салбарт “тэсрэлт” хийх юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна