Монголчууд дээр дооргүй хэмнэлтийн горимд шилжиж байна. Төрөөс үргүй зардлуудаа хасаж, импорт орлох, бие дааж оршиход хэрэгтэй төсөл хөтөлбөрүүдийг онцгойлон анхаарч хөгжүүлнэ гэдгээ амлалаа. Гэвч энх тайван цаг ирдэггүй л юм бол төр засгийн анхаарал, иргэдийн хичээл зүтгэлийг ч үнэгүйдүүлэх том бэрхшээл бидэнд алхам алхмаар дөтөлж байна. Тэр бол ирэх өвөл нүүрлэх нь бараг гарцаагүй болчихоод байгаа эрчим хүчний хомсдол.
Төр мөнгөө хэмнэж болно. Иргэд хэрэгцээгээ нөөцөлж болно. Харин цахилгаан эрчим хүчийг хадгалж болдоггүй. Болдог байсан бол, тэр аргыг нь нээсэн хүн лавтай манай эриний баатар болох байсан нь дамжиггүй. Чухам тийм учраас өвөл бид хөлдөж магадгүй. Өдгөө дэлхий нийтийн хараалыг идэж, сөрөн зогсож чадах эсэх нь эргэлзээтэй байгаа ОХУ-аас бид эрчим хүчний хамааралтай байдаг билээ.
Монгол Улс жилийн жилд л өвөл хэрэглэх эрчим хүчнийхээ тодорхой хэсгийг ОХУ-аас худалдаж авдаг байсан. Одоо харин ердийн үеийн хэрэгцээгээ хангахын тулд ямар ч нөөцгүй бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Өвөл ОХУ-аас нийлүүлэх эрчим хүч доголдвол хомсдол зайлшгүй. Бид шатахуун дээр нэмэгдээд эрчим хүчээрээ ОХУ-д барьцаалагдах болчихоод байна. Ер нь ч хойд хөршөөсөө нөхдөг байсан болохоос эрчим хүчний хямрал 2010-аад оноос л хоолой дээр тулчихаад яваад байсан. Гэсэн ч асуудлаа шийдэхгүй байсаар маш хүнд байдалд орох нь. Энэ нийтлэлийн утга санаа, зорилго нь гарцгүй байдалд орсон монголчуудыгаа тавлах гэсэнд бус. Өнгөрсөн жилүүдэд буруу бодлого барьж ирсэн эрх баригчдыг ч буруутгах гэсэнгүй. Гагцхүү улстөрчид, эрх баригчид эв түнжинтэй, нэг зүгт харж ажиллах, хүндээ хөнгөнөөс өгөхгүй байх нь ямар чухал вэ гэдгийг бодит баримтад түшиглэн ойлгуулах, иргэдэдээ санаа сэдэл өгөх гэснийх юм.
Тэгэхээр, бид өвөл эрчим хүчний хямралд орох магадлал талаас илүү. ОХУ-аас хангамж доголдох л юм бол эрчим хүчний өлсгөлөнд ороод байгаа урд хөршөөс илүүчлэнэ гэж горьдсоны гарз. Ингээд хязгаарлалт хийлээ гэхэд иргэд хамгийн их хохирно. Иргэдээ бодох уу, үйлдвэрлэлээ, эдийн засгаа бодох уу гэдэг сонголт нь төрд бий. Төр уул уурхай, үйлдвэрүүдээ юун түрүүнд хангахыг чухалчилна. Тэр нь ч зөв. Ингээд эцсийн эцэст иргэд, тэр дундаа хөдөө орон нутаг, төвийн гэр хороолол л цахилгааны хязгаарлалтад илүүтэй өртөнө.
Ийм байдалд хүргэсэн буруутан нь улс төрийн намууд. Нэгнийхээ шийдвэрийг үгүйсгэдэг, зөв зүйтэй ажил санаачилбал хамжилцдаггүй муу зан АН, МАН аль алинд нь байна. Олон жишээ бий. Энэ сэдэвтэй уялдах хамгийн эмгэнэлтэй жишээ нь V цахилгаан станц болж байна. Монголд эхэлснээсээ хойш 18 жил болсон ч баригдаагүй, тэгсэн мөртлөө улсын төсвөөс тэрбум тэрбумаар зарлага гаргасан нэг төсөл байдаг нь V цахилгаан станц барих төсөл. 2004 оноос эхэлсэн ажил зөвхөн газрын асуудлаас болоод зургаан жил сунжирсан. Анх саналаа ирүүлсэн 30 гаруй компани нь цөөрсөөр зургаа болсон нь хийсэн гэх ганц ажил нь. Сүүлд тунаж үлдсэн компаниуд нь III цахилгаан станцыг түшиглэж барих тооцоо хийсэн байсан. Байршил өөрчлөгдсөнөөр бас л бүх юм шинээр эхэлсэн. 14 аж ахуйн нэгж зөвшөөрлөөр ашигладаг, газар чөлөөлөхөд 55 тэрбум төгрөг шаардлагатай гэдгээс гадна хотын төвд цахилгаан станц баригдах нь зохимжгүй гээд 2012 онд больсон. 2012 оны сонгуулийн дараа байршлаа дахин сольж “Ургах наран” хорооллын урд Хөлийн голын хөндийд барих Хотын даргын зарирамж гарсан байдаг. Гэвч газар хөдлөлт, цэвдгийн бүс байсан гэдэг шалтгаанаар 2021 онд зогссон.
Иргэд өвөлд сайтар бэлтгэх хэрэгтэй
Утаа бууруулах кампанит ажлын хүрээнд нийслэлд цахилгаан халаалттай байшингууд олноороо баригдсан. Энэ байшингууд өвөл хамгийн их эрсдэлд орно. Тиймээс иргэд байшингаа цахилгаан, галлагаа хосолмол болгох, гэр, байшингаа дулаалах зэргээр одооноос бэлтгэх шаардлага байна. Адаглаад л хүйтрэхээс урьтаж халаагууртаа ус биш, хөлддөггүй шингэн гүйлгэх ухаалаг алхам болно. Улс орон эрчим хүчний хямралд өртсөн ч иргэд хашир, алсын хараатай хохирол багатай давж чадна. Мөн нар салхинаас эрчим хүч гаргах, нарны тусгалаас дулаан үйлдвэрлэх зардал багатай, хялбар технологиудыг зундаа багтаан аажуу уужуу туршиж, орон гэртээ суурилуулахыг бодох хэрэгтэй байна. Шинжлэх ухаан, техник технологийн чиглэлийн их дээд сургуулиудыг бодлогоор дэмжиж, энэ талын тоног төхөөрөмжийг яаралтай үйлдвэрлэн иргэдээ хангах нь эрсдэлээс зайлсхийх нэг арга мөн. Өвөл болдгоороо болно, харин хэрхэн давах нь төр засгаас гадна иргэдийн арчаатай, ажилсагаас шалтгаалдаг билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.144
Sergeedeh erchim huchind hurungu oruul . Stants bari
Хариулах66.181.182.168
Untraa hemne
Хариулах