Сонгуулийн жилийн төсвийн сайн мэдээнүүд

Х.Батсайхан
2023/10/10

Ирэх оны Төсвийн төсөл УИХ-д өргөн баригдаад байна. Практикаас харахад сонгуулийн жил төсөв тэлдэг, ингэхдээ мажоритар тогтолцооны сул талыг шингээсэн буюу сонгуулийн тойрог бүрт жаал жаалхан бүтээн байгуулалт хийх байдлаар хуваарилагддаг ажиглагддаг байсан. Энэ удаа ч нэлээд тэлсэн буюу 25.3 их наядын орлого,  27.4 их наяд төгрөгийн зарлагатай төсөв УИХ-ын босго давсан. Гэхдээ гишүүн тус бүрийн оруулж ирсэн, жижиг мажоритарын эрх ашгийг хангасан төслүүд биш, пропорциональ агуулга шингэсэн, томоор харсан бүтээн байгуулалт хийгдэнэ гэсэн хүлээлт байна. Учир нь, Ерөнхий сайд болон Сангийн сайд нар өнгөрсөн хугацаанд аймгуудаар явж, иргэдтэй уулзан, хэрэгцээ шаардлагыг нь сонссон юм.  

Мөн олон жил хийх гээд хийж чадахгүй байсан бодлогын шинэчлэлийн чанартай ажлууд руу багагүй мөнгө хуваарилсан сайн талууд ажиглагдаж байна.

Тухайлбал, тэтгэврийн нэрийн дансыг мөнгөжүүлэхэд 370 тэрбум төгрөг тавьсан. Монгол Улс нийгмийн даатгалын тогтолцоогоо шинэчлэхийг эрмэлзэж, Нэрийн дансны тухай /1999/ хууль баталсан. Энэхүү хуулийг баталснаараа эрх баригчид тухайн үедээ иргэдэд “Эв санааны нэгдлийн” тогтолцооноос “Хуримтлалын”, “Хагас хуримтлалын” тогтолцоонд шилжих эрмэлзлээ харуулж, оноо авч чадсан. Гэхдээ хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөний бололцоо хомс байсан тул дансан дээр хий хоосон тоо бодогддог ч хэзээ нэгэн цагт хэрэгжүүлэх байх гэсэн итгэлийг иргэдэд төрүүлсээр байсан юм. Тэгвэл энэ итгэл ирэх жил батжиж, Монгол Улс 24 жил хоосон бичилт хийж ирсэн жишгээ өөөрчлөн, 370 тэрбум төгрөгийг нэрийн дансны хоёр хувийг мөнгөжүүлэхэд хуваарилжээ.

Нэрийн дансны тухай хуульд 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдын шимтгэлийг “Нэрийн данс”-нд төвлөрүүлэх, төвлөрүүлсэн мөнгөнд хүү тооцохоор зохицуулсан байдаг бөгөөд хуульд заасан насны ахмадууд 2015 онд тэтгэвэрт гарч эхлэхэд сандарсан эрх баригчид хэрэгжилтийг нь хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн юм.


Энэхүү хуулийг хэрэгжүүлэхгүй удсан, тэр хооронд тогтолцооны гажиг улам тодорч, тэгш бус байдал газар авсан шалтгаан нь “Санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй” гэх ганцхан шалтгаантай байсан. Өөрөөр хэлбэл, нэрийн дансыг мөнгөжүүлэхэд шаардлагатай 10 орчим их наяд төгрөг бидэнд байгаагүй. Тийм ч учир иргэд хүлцэн тэвчиж, шударга бус байдалтай эвлэрэн өчүүхэн тэтгэвэрээр амь зогоож ирсэн. Гэхдээ нэгмөр мөнгөжүүлэх 10 гаруй их наяд төгрөг байхгүй ч тэтгэвэрт гарч байгаа ахмадуудынхаа нэрийн дансыг бага, багаар мөнгөжүүлэх бололцоо харагдаж байсан. Ирэх жилээс энэ зарчим руу шилжих нь гэсэн итгэлийг ирэх оны төсвийн төсөл харууллаа.

Б.Жавхлан: Ирэх жилийн хөрөнгө оруулалтын жагсаалтад зураг төсөвгүй төсөл нэг ч байхгүй

Ирэх жилийн төсвийн онцлог гэвэл, бид сая төсвөө бэлтгэх явцдаа өмнө нь лсын төсөвт хүндрэл учруулж байсан урсгал зардал, хөрөнгө оруулалт гээд олон зүйл дээр төсвийн шинэчлэлүүдийг шат дараатай хийж яваа. Хаврын чуулганы сүүлийн өдрүүдэд Төсвийн тухай болон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтүүдээ 2024 оны төсөвтөө маш сайн мөрдүүлж чадсан.

Ингэснээр зураг төсөвгүй төсөл оруулж ирдэг, маш бага төсөв амсуулаад тавьчихдаг, үүнээс болоод олон жил сунжирдаг, тэр хооронд үнэ өртөг нь өсөх зэрэг өмнө нь гардаг байсан хүндрэлүүд арилсан. Ирэх жилийн төсөв дээр зураг төсөвгүй нэг ч төсөл байхгүй. 

БҮСИЙН НЭМЭГДЛИЙГ БОДИТ ДЭМЖЛЭГ, БОДЛОГЫН ШИЙДЭЛ БОЛГОВ 

Алсыг харсан бас нэг шийдлийн санхүүжилт ирэх оны төсөвт багтсан нь бүсийн нэмэгдлийг 20-40 хувь буюу түүхэнд байгаагүй өндөр тогтоосон явдал олж байна. Ирэх жилээс Хөдөө нутаг эзэнгүйрч, улсын хүн амын талаас илүү ганц нийслэлд төвлөрч байгаа энэ үед бодлогын дагуу зоригтой шийджээ.

Зөвхөн төрийн захиргааны албан хаагчдад л өгдөг байсан орон нутгийн 20 хувийн нэмэгдлийг ирэх жилээс нийтлэг үйлчилгээний алба хаагчдад мөн өгөхөөр болсон.

Тэтгэврийг сүүлийн долоон жилийн дунджаар тооцдог байсныг ирэх жилээс буцаагаад таван жил болгосон. Энэ зорилгоор 20.6 тэрбум зарцулах болсон нь сайшаалтай ч өнгөрсөн хугацаанд долоон жилээр тооцуулаад тэтгэвэрт гарчихсан ахмадуудын асуудлыг орхисон нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 5.6 их наядаар өсгөсөн зарлагатай төсвийн хувьд шүүмжлүүштэй болсон байна. Энэ асуудал хэлэлцүүлгийн үед хөндөгдөх биз.

Түүнчлэн, нас барсан иргэний ар гэрт тэтгэврийнх нь 20 хувийг өвлүүлдэг болсонтой холбоотойгоор 20.3 тэрбум төгрөг хуваарилсныг онцолж байна. Үүнийг Сонгуулийн тогтолцоонд пропорциналь хувилбарг оруулсантай холбоотойгоор УИХ-аас гарсан дэвшилтэт шийдлүүд төсөвт тусгалаа олж байна гэж хэлж болох биз ээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.48
    2023/10/09

    Хоосон амлалтанд хууртагддаг цаг улирч бнө. Залуу ЕС түүний багт баяр хүогье. Сэрэх нэг цаг ирж бна уу даа. Сумдад иргэдийн мэдлийн төсөв өгөөрэй.

    Хариулах