Монгол Улсын Засгийн газар ураны хайгуул олборлолт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах Францын “Орано” групптэй Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн гэрээний протоколд Парис хотноо өнөөдөр гарын үсэг зурлаа. Бид гэрээ байгуулснаар гарах шууд үр дүн болон хэтийн төлөвийн талаар мэдээлэл бэлтгэснээ уншигчдадаа хүргэж байна.
МОНГОЛЫН ТӨРИЙГ 26 ЖИЛ ХҮЛЭЭСЭН “БАДРАХ ЭНЕРЖИ” ХХК-ИЙН ТҮҮХ
Монголд ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан гуравдагч хөршийн төлөөллөөс “Бадрах энержи” анх удаа ашиглалт, олборлолт хийх зөвшөөрлөө авч, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байна.
“Бадрах энержи” ХХК-ийн 66 хувийг Францын “Орано” групп, 34 хувийг “Мон Атом” компани эзэмшдэг. Монгол Улсад 1997 оноос ураны хайгуулын лиценз эзэмшин, 2006 онд Дулаан уул, 2010 онд Зөөвч-Овоо ордыг илрүүлж, өдгөө тус хоёр орд дээрээ олборлолт, үйлдвэрлэл явуулахад бэлэн болоод буй. Үндсэндээ Монголд хайгуулын лиценз эзэмшээд 26 жил, орд илрүүлээд 17 жил, ашиглалтын тусгай зөвшөөрлөө аваад долоон жил болсных нь дараа л Монголын төр боломж олгох гэж байгаа нь энэ.
Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд францын талаас “Орано групп” ерөнхий захирал Клод Имовен, монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ерөнхий захирал С.Наранцогт нар гарын үсэг зурлаа.
Гүйцэтгэх захирал Марк Мелеард нь өнгөрсөн зургадугаар сард, Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг уурхайн кэмпид ажиллах үеэр “Манайхыг Монголд орж ирж байхад зэрэгцээд ураны хайгуулаа эхлүүлсэн Казахстан улс эдүгээ дэлхийн ураны нийт олборлолтын 43 хувийг дангаараа хангах хэмжээнд хүрсэн” гэж хэлж байв.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАГДСАНААР ЯМАР ҮР ДҮН ГАРАХ ВЭ
"Бадрах энержи" ХХК нийт 100 гаруй ажилтантай, тэдний 96 хувь нь монгол хүмүүс. Одоо Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан тул төсөл хэрэгжиж, шууд 800, шууд бусаар мөн 800 ажлын байр бий болох нөхцөл бүрдэж байна.
Ажилчид хэр өндөр түвшнийх байх, монгол боловсон хүчнийг бэлтгэх тал дээр яаж анхаарах вэ гэдгийг манай тал нухацтай ярьсан байх учиртай.
Төслийн үргэлжлэх хугацаанд гарах эдийн засгийн үр ашиг, манай хүртэх өгөөж нь:
-Бэлтгэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үе шаттайгаар 47 жил үргэлжилнэ.
-2024 оноос үйлдвэрээ барьж эхлэн, 2028 оноос ажиллуулна.
-Төслийн сүүлийн есөн жилд нөхөн сэргээлт хийгдэнэ.
-Жилд 367 сая ам.доллар, үүний 131 сая ам.доллар нь цэвэр ашиг байхаар тооцсон.
-Монгол Улсад жилдээ 95.5 сая ам.доллар буюу гурван тэрбум гаруй төгрөгийн татвар төлнө.
Гэхдээ эдийн засгаас гадна өөр давуу талуудыг манайд бий болгож байгаа.
ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГО БАРЬЦТАЙ БОЛОВ
Монгол Улс тусгаар тогтнол аюулгүй байдлаа цэрэг зэвсгийн хүчээр биш, дипломат бодлогоороо хамгаалдаг. Хоёр хөршөө тэртэй тэргүй цэрэг зэвсгээр дийлэхгүй нь тодорхой тул 1990-ээд онд “Гуравдагч хөршийн бодлого”-ыг гаргаж ирж байсан түүхтэй.
Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд зөвхөн улс төрийн дэмжлэг хангалтгүй, эдийн засгийн ашиг сонирхлыг оруулж ирж байж л бодитой болдог тул манайхан нэг хэсэг гуравдагч хөршүүдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг шалгуургүй өгч байсан үе бий. Гэвч гуравдагчуудын төслийг урд хөршийн ААН-үүд үнэ цохиж худалдаж аван хүчгүйдүүлдэг байв.
Одоо хятадууд бүрэн ноёлж байгаа газрын тосны салбарт бид эхлээд АНУ-тай түшилсэн гэдгийг санахад хангалттай. Түүнчлэн, анхнаасаа үнэ өсгөж зарчихаад гарч явах сонирхолтой этгээдүүд ч тэдэн дунд байсан. Ураны салбарт л гэхэд Канадын “Хан ресурс” компани Дорнодын ураны ордын лиценз дээр хоёр хөршийн төрийн өмчит компаниаар үнэ хаялцуулж, Хятадын үндэсний цөмийн эрчим хүчний корпорацид /CNNPC/ зардгийн даваан дээр лицензийг нь цуцалж байв. Энэ явдлаас болж Арбитрын шүүхэд дуудагдаж өр төлбөрт унаж байсан удаатай.
Гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэхэд ямар хэцүү их саадтай байдгийг эндээс харж болох байх. Өдгөө олон улсын нөхцөл байдал өөрслөгдөж, талцан хуваагдах байдалд орж буй нь манай гадаад бодлогын амин сүнс болсон “Гуравдагч хөршийн бодлого”-ыг хүнд байдалд оруулж буй.
Тодруулбал, нэг талд ОХУ, БНХАУ, нөгөө талд барууны ертөнц бусдыгаа нэг талдаа гарахыг шахаж, албадаж байна. Энэ тохиолдолд манайх гуравдагчийн эрх ашгийг шинээр оруулж ирэх гэж гүйх хэцүү. Харин нэгэнт ороод ирчихсэн ашиг сонирхлыг тордож, томруулах нь хамгийн зөв гарц гаргалгаа байж болно. “Бадрах энержи” бүх талаараа энэ шалгуурт тэнцэж, тохироо бүрдсэнээр Монгол Улс “Брексит”-ийн дараа Европын холбооны лидерийн үүргийг гүйцэтгэх олсон Францтай түншилж, гуравдагч хөршийн бодлогоо хэрэгжүүлэх нэг том “барьц”-тай болж байна.
“Орано” групптэй байгуулсан гэрээ Монгол Улсыг атомын цахилгаан станцтай болоход нэмэр болох уу
Одоо хамгийн гол асуудал. Манайх “Бадрах энержи”-д хөдлөх боломж олгохдоо зөвхөн мөнгө бодоогүй, гадаад бодлогоо бас харсан гэдгийг дээр дурдлаа. Тэгвэл бас нэг харж байгаа хүлээлт нь атомын цахилгаан станц юм. Хөрөнгө оруулалтын гэрээ яригдаж эхлэх үед манай төрийн өндөр албан тушаалтнууд энэ асуудлыг хөндөж байсан. “Бадрах энержи”-н гүйцэтгэх захирал Марк Мелеард мөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа яг “Бадрах энержи”-тэй холбоогүй ч гэсэн “Монгол Улс бага оврын атомын цахилгаан станцтай болох боломжтой” гэж хэлж байв.
Дэлхий нийт цөмийн эрчим хүчинд хандах хандлагаа өөрчилж, цэвэр эрчим хүч гэж үзэх болсон. Хамгийн их эрчим хү хэрэглэгч БНХАУ Франц улсаар олон тооны атомын цахилгаан станц бариулах тохироотой. “Бадрах энержи”-н төсөл хөдөлсөн нь Франц-БНХАУ-ын энэ тохироотой хамгийн их хамааралтай байсан.
Жижиг оврын цөмийн цахилгаан станцыг дэлхийн өнцөг булан бүрт үр дүнтэй ашиглаж байна.
Тэгэхээр, цөмийн цахилгаан станц барих хамгийн шилдэг технологитой улстай хамтраад авсан юм чинь алсдаа станц барих чиглэлд хамтрах эхлэл болж болно. Мэдээж, хоёр тал хоёулаа хамтын ажиллагааны энэ хэтийн төлвийг харж байгаа. Францаас их юм шалтгаална.
Гэхдээ Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн зун манай улсад айлчилж, албан ёсны хэлэлцээ хийгээд буцахдаа "Миний бие хоёр улсын эдийн засаг болон биологийн олон төрөл зүйлийг нүүрстөрөгчөөс ангижруулах асуудлыг ярилаа.
ЭХНИЙ ЭЭЛЖИД, ЭРЧИМ ХҮЧНИЙ БИЕ ДААСАН БАЙДЛАА БЭХЖҮҮЛЭХИЙН ТУЛД НЭН ЧУХАЛ МЕТАЛЛУУДЫГ НИЙЛҮҮЛЭХ, танай улсын тус ашигт малтмалыг нийгэм, байгаль орчны шилдэг стандартуудыг дагаж мөрдөн улс орны хөгжилд хүчтэй нөлөө үзүүлэх төслүүдээр дамжуулахад хамтарч ажиллахаар шийдлээ. Үүний тулд "Орано" компанийн түншлэл нь ерөнхий бүтцийн элемент болж байна” гэж мэдэгдсэнийг сануулахад илүүдэхгүй болов уу.
Манайх баялагтай, хөгжих боломжтой гэж ярьдаг ч эрчим хүчгүй бол яагаад ч хөгжихгүй нь тодорхой. Уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хэрэгжих олон том төсөл эрчим хүчний хүрэлцээгүй байдлаас болоод гацаж, хүнд байдалд орж буй. “Боловсруулах үйлдвэр барья” гээд төслөө бариад ирж байгаа хөрөнгө оруулагчдад “Цахилгаанаа өөрсдөө шийд” гэж хэлж байгаа нь салбарын, цаашлаад Монгол Улсын хөгжилд том тушаа болж буй. Энэ гацаанаас гарах нэг хувилбар нь цөмийн цахилгаан станц байж болно. Манай улс цөмийн зэвсэггүй бүс болохоос цөмийн эрчим хүчгүй бүс биш.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.167.254
ЗА МЭДЭХГҮЙ ХЭЗЭЭ БҮТЭХ МӨРӨӨДӨЛ ЮМ. ДЭЛХИЙН НИЙТИЙН ЖИШГЭЭР ХАМГИЙН БАГАД ТООЦОГДОХ НЕФТ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ ГЭЖ 10 ЖИЛ ААХИЛЖ БАЙГАА ГАРУУД... ТЭГЭЭД ШАТ ШАТАНДАА АВИЛГА НЭХЭЭД ..
Хариулах66.181.190.54
наадах чинь нэг их газар авахгүй л боловуу,66г гадныхан эзэмшинэ гэхээр оюу толгойн араас орсон гэсэн үг,францыг африкаас хөөгдөөд гарсан гол асуудал нь ураныг нь хямд зөөж байсантай холбоотой,атомын цахилгаан станц баригдахгүй,оюу толгойн цахилгаан станц баригдахгүй хэдэн жил болж байна даа,энгийн нүүрсний станц бариулж чадаагүй байж мөн их хуцхиймаа,дэлхийн геополитик эрс өөрчлөгдсө н,барууных
Хариулах