Монгол Улсад бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өсөж, эдийн засаг дахь тэдний оролцоо улам бүр идэвхжиж буй энэ цаг үед ХААН Банк бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдэд тэгш боломжийг олгох, банкнаас олгож буй дээрх санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээний хүртээмжийг тэлэх зорилгоор “Women in business” арга хэмжээг орон нутагт цувралаар зохион байгуулж буй билээ.
Өнгөрсөн сард Дархан-Уул аймагт тус арга хэмжээг зохион байгуулсан бол энэ удаа Ховд аймагт 150 орчим эмэгтэй бизнес эрхлэгчийг урьж, бизнесээ өргөжүүлэхэд нь хэрэгтэй мэдлэг мэдээлэл өгч, сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг тавьж, туршлага хуваалцлаа. Баян-Өлгий аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл энэ удаагийн уулзалт, сургалтад мөн зорин ирсэн нь онцлог байлаа.
Олон ястны өлгий нутаг Ховд аймагт 2500 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд
үүний 25 орчим хувь нь эмэгтэй үүсгэн байгуулагчтай аж. Мөн 15,000 орчим иргэн хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд үүний 47 орчим хувь эмэгтэй бизнес эрхлэгч байгаа зэрэг нь бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо тус аймгийн хувьд өндөр байгааг харуулж байна.
“Women in business” арга хэмжээнд ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тэргүүтэй банкны төлөөллөөс гадна, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжигч холбоод болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр ХААН Банкнаас бизнесийн өсөлтийг дэмжих банкны онцлох бүтээгдэхүүн үйлчилгээг ХААН Банкны Стратеги хариуцсан дэд захирал Ю.Төрмөнх танилцуулснаас гадна Жижиг дунд бизнесийн академийн менежер Э.Түвшинбаяр “Цахим шийдэл- ирээдүйд суралцах хэв маяг” сургалт зөвлөгөөг өгч, бизнесээ хэрхэн өсгөх боломжуудын тухай ярилцан, хэлэлцүүлэг өрнүүллээ. Ингээд “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг өсөлтөд хөтлөхүй” хэлэлцүүлгийн үеэр дурьдагдсан онцлох санаануудыг тоймлон хүргэе.
-ХААН Банкны Орон нутгийн иргэдийн банкны захирал Р.Ичинноров:
ХААН Банк 2024 оны 6-р сараас Эмэгтэй бизнес эрхлэгчдийн цахим шилжилтийг дэмжих бизнесийн зээлийн бүтээгдэхүүнийг Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран зах зээлд нэвтрүүлсэн. Энэхүү зээлд хамрагдаад, амжилттай төслөө хэрэгжүүлээд дуусгасан тохиолдолд 10 орчим хувь буюу 30,000 хүртэлх долларын буцаан олголтыг авах боломжтой байгаа.Үүнээс гадна эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд зээлийн барьцаа хөрөнгийн шаардлагуудыг багасгаж, хүртээмжийг илүү нэмэгдүүлэхийг зорьж байна.
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Х.Баасанхүү:
-Бид ажилч хичээнгүй, баялаг бүтээгч бизнес эрхлэгчдийнхээ хөдөлмөрийг дэмжих чиглэлээр 2,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж чадсан. Түүнчлэн, ХХААХҮЯ-тай хамтраад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан 600 сая төгрөгийг, залуу гарааны бизнес эрхлэгчдийн startup төсөлд зориулан 60 сая төгрөгийг тус тус төсөвлөсөн. Эдгээр хөтөлбөрүүдэд бизнес эрхлэгч нар маань идэвхитэй хамрагдаад, хөгжөөд явбал улсаас татаас авдаггүй бие даасан эдийн засагтай чадварлаг бизнес эрхлэгчидтэй аймаг болох зорилгоо биелүүлэх юм.
Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны баруун бүсийн тэргүүн Г.Ичинноров:
-Малын захад байгаа эмэгтэйчүүд маань цагаан идээгээ үйлдвэрлэж байна, гэртээ байгаа бүсгүйчүүд маань ч гэсэн гар урлал, дээл хувцас оёж орлогоо нэмэгдүүлэх гээд хичээж байна. Эдгээр бүсгүйчүүдийнхээ сэтгэлгээ, дадлыг өөрчилж, баялаг бүтээхэд нь дэмжлэг үзүүлэх, хувь хүний хөгжлийн 8 модультай Менторшип хөтөлбөрийг манай Холбоо хэрэгжүүлж, сургалт хөтөлбөр тогтмол явуулж байна.
Ховд аймгийн “Саруулгэрэлтэх оч” ХХК-ны үүсгэн байгуулагч, эмэгтэй бизнес эрхлэгч Ж.Саруул:
-Миний бие 5 хүүхэдтэй, залуу бизнес эрхлэгчдийн төлөөлөл. Би 2014 онд хувийн цэцэрлэгээ Ховд аймагтаа байгуулсан. Анх нөхрийнхөө ХААН Банкнаас авсан цалингийн зээлээр түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Нөхөртэйгээ хамт дотор заслыг нь хийгээд, цагаан хэрэглэл зэргийг өөрсдөө оёод хийж байсан. Дараа нь цэцэрлэгийнхээ байрыг мөн банкны зээлээр аваад, төлж дуусгаж байсан юм. Хамгийн гол нь бусдын итгэлийг алдахгүй байх гэдэг чухал, хэн нэгэнд хийнэ гээд амласан бол хийдэг байх, хэрвээ амжихгүй бол амжихгүй гэдгээ хэлдэг байх. Үүнийг би ажилтнууддаа ч бас сайн хэлж заадаг, тохирдог
ХААН Банкны Ховд салбарын захирал Д.Жаргалбилэг:
-Ховд аймаг бизнесийн зээлийн багцаараа 21 аймаг дотроо тэргүүлэх байр эзэлдэг. Бизнесийн зээлээр манай салбар тэргүүлж байгаа нь Ховд нутгийн бүсгүйчүүд маань маш их хөдөлмөрч, бизнес сэтгэлгээтэй, ажил хичээнгүй хүмүүс юм гэдгийг илэрхийлж байгаа юм. Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан манай хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүн үнэхээр бодит хөнгөлөлтийг өгч чаддаг. Хүүний нөхцөл тодорхой функтээр буурахад л тухайн бизнест нэгж ажилтны цалинг олгох хэмжээнд давхар хэмнэлт болж байдаг.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна