Аягаа хөмөрч тавьдаггүй
Араг сандайлж суудаггүй
Алга хоосон ташдаггүй
Амьтан тамалж зовоодоггүй
Авдар сав онгорхой хаядаггүй
Арцны галыг үлээж унтраадаггүй
Архадын ёроол хоосолдоггүй
Аянчин гийчинг ад үздэггүй
Босгон дээр суудаггүй
Болсон идээнээс өнгөрдөггүй
Багана хоорондуур гардаггүй
Бүс малгайгаа сольдоггүй
Бурхан шүтээн рүү хөл жийдэггүй
Буруу гараар хүнд юм өгдөггүй
Буцааж тус нэхдэггүй
Буйран дээрээ гишгэдэггүй
Буурлын минь ёс жаяг ийм
Дааганд ам гардаггүй
Даланд шүд хүргэдэггүй
Даарсан ч галд ээдэггүй
Давсгүй цай ууснаа хэлдэггүй
Малгай давхарлаж өмсдөггүй
Малиа тулж босдоггүй
Манцуй хээр хаядаггүй
Матаас хов зөөдөггүй
Мануусын ёс жаяг ийм
Голд буртаг угаадаггүй
Галд хог шатаадаггүй
Гас мод хатгаж хаядаггүй
Гэрээ буруу төгөөлдөггүй
Нохой зайдалж морддоггүй
Ном судар дэлгэж орхиддоггүй
Навч цэцэг тасдаггүй
Настны өмнүүр цахилдаггүй
Нутгийн минь ёс жаяг ийм
Саваа мод барьдаггүй
Салаагаараа юм өгдөггүй
Сар өдөр товлодоггүй
Санаснаа бүтсэнд тооцдоггүй
Сав хоосон буцаадаггүй
Сахиусаа газарт унагаддаггүй
Сэтэрхий зүү хадгалдаггүй
Сэтгэлийн минь ёс жаяг ийм
Хаалгаа алдалж зогсдоггүй
Хайч ангайлгаж тавьдаггүй
Хар ус хүн рүү цацдаггүй
Хангайн буянт чамладаггүй
Харанхуйд хэрүүл хийдэггүй
Халаасаа эргүүлж явдаггүй
Хавшиж эмхээ зуудагүй
Хажуулдаж хэвтэж хоол иддэггүй
Хаадын минь ёс жаяг ийм
Хутганы ир дээш нь харуулдаггүй
Хуувангийн бахуу тэвэрдэггүй
Хулхайн идээнээс амсдаггүй
Хуудуутай үгэнд итгэдэггүй
Холын хүнийг хоосон хонуулдаггүй
Ховын үгээр хоол хийдэггүй
Хүний өмнөөс үнс гаргадаггүй
Хүүхдийн зулай тэмтэрдэггүй
Хөгшдийн минь ёс жаяг ийм
Усанд цагаа оруулдаггүй
Улаа хүүхдэд үзүүлдэггүй
Уул овоонд хог хаядаггүй
Ульдаг нохой тэжээдэггүй
Усны эхэнд гэрээ барьдаггүй
Унаганы зэл дээгүүр алхдаггүй
Урт настай амьтан алдаггүй
Уруугаа харсан сав бэлэглэдэггүй
Угийн минь ёс жаяг ийм
Толгойгоо салаавчилдаггүй
Толь бүтээлэггүй хонуулдаггүй
Тогоо шанага нийлүүлж хонуулдаггүй
Тотго хатавчаар шагайдаггүй
Тулгар бүсгүйн өмнүүр гардаггүй
Тургиж, исгэрч, гийндэггүй
Туг сүлдээ бөхийлгөдөггүй
Түүх соёлоо мартдаггүй
Түмний минь ёс жаяг
Жаргасан ч орондоо дуулдаггүй
Зовсоноо олонд дэлгэдэггүй
Ядарсан хүнийг шоолдоггүй
Явуулын хүнийг өөлдөггүй
Хөлөө ачиж суудаггүй
Хөл нуруугаа нийлүүлдэггүй
Өлзий хээг доор байрлуулдаггүй
Өвс мод зурдаггүй
Өвгөдийн минь ёс жаяг
Шидэж юм өгдөггүй
Шүүрч юм авдаггүй
Шүдээ хавирч болдоггүй
Ширээ буландаж суудаггүй
Сүүн дээр ус хийдэггүй
Сүүжний яс гэрт хонуулдаггүй
Сүүдрээ өндгөнд тусгадаггүй
Суурин дээрээ холбирч хувирдаггүй
Санааны минь ёс жаяг ийм
Энгэр задгай золгодоггүй
Элэг гэдсээ тэвэрдэггүй
Эдрэн нургандаа үүрдэггүй
Эмээл хойш нь харуулдаггүй
Элдэв цаас хийрэмчдэггүй
Ээм нь цоорхой хувцас өмсдөггүй
Эмэгтэй хүн завилж суудаггүй
Эцгийн буйд сахал тавьдаггүй
Элэнцийн минь ёс жаяг ийм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна