Ц.Шаравжамц: Тамирчдын хувцасыг ямар ч өнгөөр хийлгэсэн шүүмжилдэг

2018/02/05
Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцын “Eagle news” телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Удахгүй эхлэх өвлийн олимпод манай гурван тамирчнаас гадна хэчнээн хүн оролцох вэ?

-БСШУС-ын сайд тэргүүтэй албаны хүмүүс явна. Мөн холбоодоос нь хүмүүс явахаар төлөвлөж байгаа. Нийтдээ 30 орчим хүн явна.

-Өвлийн олимпод оролцох хүмүүсийн хувцас, хэрэглэл олны анхаарлыг татаж байна. Энэ хувцсыг хийлгэхэд хэчнээн төгрөг зарцуулсан юм бэ?

-“311 сая төгрөгөөр 30 хүний хувцас хийлгэлээ” гэсэн мэдээлэл гарсан. 311 сая гэдэг бол манай байнгын болон байнгын бус шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын 280 орчим хүний хувцасны төсөв. Олимп, Азийн тоглолтуудын хувцасны зардлыг Олимпийн хороо гаргадаг. Харамсалтай нь энэ удаад Олимпийн хороо “Манайх санхүүгийн хувьд хүнд байгаа учраас танай байгууллага энэ удаа гаргаач” гэсэн хүсэлт тавьсан юм. Тийм учраас үндэсний шигшээ багийнхаа тамирчдын хувцасыг олимпод оролцох хүмүүсдээ өмсгөх шийдвэр гаргасан.

-Олимпод оролцож байгаа тамирчдад маань тусгайлсан хувцас байхгүй юм байна, тийм үү?

-Тийм. Үндэсний шигшээ багийн хувцас дээр өвлийн гутал нэмсэн. Нэг хүний иж бүрэн хувцас, хэрэглэл нь сая гаруй төгрөгийн үнэтэй. “Joma” брэндийн пүүз, бэлтгэлийн хувцас, гадуур кроссонд гүйхдээ өмсдөг зузаан куртик, малгай, бээлий, ороолт, цүнх орж байгаа. Манай үндэсний үйлдвэрлэгчид харин ч ашиг харахгүйгээр хямдхан хийж өгсөн. Куртикийг нь “Бараан өнгөтэй байна. Хэтэрхий зузаан байна” гээд шүүмжлээд байгаа. Энэ чинь Монголынхоо өвлийн хатуу ширүүн нөхцөлд өмсөх куртик шүү дээ.

-Өнгөний сонголтынх нь тухайд?

-Өмнө нь манайхан янз бүрийн аргаар сонголт хийдэг байсан юм билээ. Дизайнеруудыг цуглуулаад загвар гаргуулж байсан. Шинэ жилийн гацуур шиг гоё загвар ч сонгож байсан. Гэвч үндэсний үйлдвэрлэгчид маань түүнийг нь оёж чаддаггүй. Үүнээс өмнө Азийн тоглолтод оролцсон тамирчдын хувцасыг цайвар өнгөөр хийлгэсэн. Тухайн үед “Хэтэрхий цагаан байна” гэж шүүмжилсэн. Тэгэхээр ер нь ямар ч өнгө сонгосон шүүмжилнэ. Ер нь цаашдаа тогтсон нэг өнгөтэй болгохоор ажиллаж байгаа.

-Аливаа тэмцээн уралдаанд оролцож байгаа тамирчид түрүүлэх, ядаж медальт байранд орох зорилт тавьдаг. Гэтэл өвлийн олимпод оролцож байгаа манай цаначид эхний 50 байранд орох зорилт тавьж байгаа гэсэн. Энэ нь тийм хангалттай амжилт мөн үү?

-Одоогийн хөгжлийн төвшинд бол эхний 50 гэдэг том амжилт. 100-д орно гэдэг багагүй амжилт. Дараагийн олимпоор эхний 20, түүний дараа медальт байр гэх мэтээр яваандаа энэ амжилтаа ахиулна шүү дээ.

-Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд бэлтгэл хийх орчноо сайн бүрдүүлэх шаардлагатай байх?

-Тийм. Манайх уг нь Хандгайтад сайхан цанын замтай байсан юм. Гэвч одоо байхгүй болсон.

-Яагаад байхгүй болчихсон юм бэ?

-Томчууд газрыг нь хувьчилж аваад голоор нь тасдаад хаячихсан. Гэхдээ манай Цанын холбоо сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Монголдоо бэлтгэл хийхээс гадна зарим тохиолдолд гадаадад очиж бэлтгэл хийж байгаа. Өвлийн олимпийг өнжихгүйгээр эрхээ аваад явж байгаа нь сайн хэрэг.

-Сагсан бөмбөгийн холбоо тойрсон маргаан тасрахгүй байна. Тэнд яг юу болоод байгаа юм бэ?

-2013 оноос өмнө нэг байсан холбоог салгаад Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоог байгуулсан. Түүнээс хойш сагсан бөмбөгийн холбоо бутарсан. Хүмүүс хоёр холбоо байна л гэж хараад байх шиг байна. Яг үнэндээ 20 орчим холбоо бий. Монголын сагсан бөмбөгийн холбооноос гадна Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоог байгуулаад ихэрлүүлээд хаячихсан. Логог нь ашиглаж хуурамч хурал хийгээд тамга, тэмдэг авчихсан юм. Шинээр байгуулагдсан энэ холбоог Дээд шүүх дэмжчихсэн. Үүнээс болоод эвгүй байдал үүсчихээд байгаа юм. Үүнээс гарах ганцхан л арга бий. Энэ бол сагсан бөмбөгийг улс төрөөс холдуулах.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна