Тээр жилийн цагаан сар

2018/02/15
Нэлийсэн их цастай, тачигнасан хүйтэн өвлийг манай сургуулийнхан зутраад арайхийж өнгөрөөлөө. Жижиг шилэн савтай хөх бэх дорхноо хөлдчихнө, түүнийгээ гарынхаа алганд өнхчүүлж, үлээж байж гэсгээнэ. Тэр үед хичээнгүй бичгээр гоёор бичиж болдог уян налархай “11-тийн үүэг, түргэн гулгуулж бичиж болдог “хумбан цагаан” гэх үзэг байсан. “11-тийн үзэгэнд зэс утсыг ороож суулгавал бэх тасраад байдаггүй удаан бичүүлдэгийг миний үейиэнхэн мэдэх байх. Түүн дээр манай нутагт алтлаг ялтсыг хаанаасаа хэн нь олсон юм мэдэхгүй, түүнийгээ савтай бэхэнд хийлээр алтарч харагдаад гайхалтай болдсогсон. Бодвол, Багшийн сургуулийн л мундаг багш байсан байлгүй дээ, Цэвэгжав гэдэг хүний “Хичээнгүй бичиг” гэсэн ташуу шугмын дагуу гайхалтай бичсэнийг дууриалгаж байгаад сургуулийнхаа гоё бичгийн аварга гэсэн хатуу цаасан дээр гараар бичсэн хөөрхөн үнэмлэхтэй болж билээ. Миний хамгийн анхны шагнал нь энэ. Гоё сайхан бичдэг гээд захирал надаар “Сургуулийн дотоод дүрэм” гэгчийг бичүүлэхэд, нөгөөх алтлаг өнгийн бэхэн үзгээр бичлээ. Багш нараас магтаал сонслоо. Түүнийгээ харах тусам “Үүнийг би бичсэн юм шүү дээ” гэж сэмхэн гайхуулна. Гэвч хэдхэн хоногийн дараа сургууль дээр ирээд нөгөөхөө хартал тэр чигээрээ бэх нь доошоо нүүж урсаад, хүн харахын аргагүй юм болжээ. Усаар тургичихгүй юу? Ингэж би “атаархал” гэгч аюултай юм байдгийг сүрхий мэдэж авлаа. Захирал багш хүүхэд болгоныг байцааж “Хэн ингэж сургуулийг дайсагнасан бэ?” гэж шалгааж, байцааж, зарим сахилгагүйг ангид хонуулна гэж сүрдүүлж байсан ч эзнийг олсонгүй. Тэр үеийн айхтар шийтгэл бол “Ангид хонуулах” явдал байсан юм. Хичээл номоо давтдаггүй, сахилгагүйтсэн хүүхдийг шөнөөр хоосон харанхуй ангид ганцааранги хонуулна, давсаг султай нь шээчихсэн байх, мөн бүдүүлэг арга байгаа биз. Сандал өргөж зогсоох, анги хэсүүлж, бусдын өмнө нүүр улайлгаж баалах, нэг хөлөө өргөж салхи өөд харуулж зогсоох зэрэг нь энүүхэндээ. Ер нь тэр үеийн багш нар дүндээ ч хатуу, шийтгэлдээ ч хатуу байжээ. Бас сахилгатай байж дээ, цонхыг нь хагалаад гараад явчихдаггүй, өглөө ирэхэд нөгөөх нь толгойгоо илээд, инээх, ярвайхын хооронд “Айж хонолоо, муухай юмаа… одоо би дахиад хэзээ ч сахилгагүйтэхгүй” гэсэн ам тангараг тавина. Түрүүчийн миний бичсэнийг хэн ингэж сүйтгэснийг дотроо олчихсон мөртлөө ам алдалгүй өнгөрсөн. Надаар түүнийгээ дахин бичүүлэхэд хэзээ хойно хэвээрээ харагддаг, хэн ч зүрхэлж “дайсагнаагүй”, би ч өөрийгөө гайхуулахаа больсон юм. Төдхөн аймгийн төвд дунд сургуульд ороод, хурдан бичих шаардлага тулгараад, юун нөгөөх мундаг “элементээр” бичдэг хөг өнгөрч, мундаг бичигчийг сураг тасарсансан.

Энэ яриад байгаа юмс бол алс тэртээх 1963 он л доо. Манай сум өвс ч тогтохын аргагүй саруул дэнж дээр байдаг, одоо ч тэндээ. Хоёр жилийн өмнөх айхтар зуднаар нийгмийн мал сүргийг хамгаалж, амь эрсэдсэн хүнийг алдаршуулсан хөшөө сумын хойхно харагдана. Хөшөө гэдэг юмыг анх үзэж байгаа нь тэр. Битүү цас айлуудын гэр дээврээ хүртэл дарсанаас болоод бусдаар өргүүлэн тооноор гарч онгойлгож байсан цаг. Жил жилийн хавар эхлээд сумын хойт саруул дэнж дэвсэг, хөшөөтийн хөндийгөөр нэг л өдөрр нүүгээд ирэх шиг санагддагсан.Суугантын энэ л нэлгэр талаар хаврын зэрэглээ мяралзан, таана, хүмэлийн үнэр хамар сэтлэх шахахад л сая ужиг урт өвлийн ард гарч, зуны амралт дөхөж, гэртээ харьж, хамгаас хайртай ижийдээ очих цаг боллоо гэж догдолдогсон.

Манай сумын бага сургуулийн дотуур байр охидынх, хөвгүүдийнх гээд дөрвөн гэрт байх. Дотуур байрны нусгайчуул гэрийн голын дүлий зуухан дээр бараг тэгнээд зогсоод байхад бүлээцэхгүй. Халзан Дагва хэмээх лам сургуулийнхаа гадуур нь төмөрлөөд гялайтал хараар будчихсан ханан пийшинг дүнгэнэтэл галлах боловч, хөгшин хүн дотуур байрын гэрүүдийн хооронд явдаг болохоор дорхноо хөрчихнө. Мөнөөх ламын дөрвөн ханатай гэмээр жижигхээн гэрт хааяа гордисхийн ороход өмнөөс пүнхийнэ. “Хүү юу гэж явнав? Дотуур байр цатгахгүй байна уу?” гэж инээмсэглэн асууна. Гуулин домбо, зэсэн эдлэлд нүүр харагдмаар гял цал. Зуухан дээрх хоолоо гаргаад өөрийнхөө аяганд сэвхийтэл хийхэд нэг гурил ч доошоо илүү гарахгүй яг таарна. “Ийм л байна даа” гэх шиг өөдөөс дулаахнаар инээмсэглэн харна. Ер нь лам нарын дийлэнх нь иймэрхүү амьдралтай байсан юм билээ.

Тэр үед дотуур байранд суухад эцэг эхчүүдээс аргал түлээ, мах хувь оногдуулан авдаг байсан тарчиг цаг. Ходоод хонгилзуур өлсөнө гэж жигтэйхэн. Айхтар ширүүн дориун, хяргаад хаячих шахдаг Мижээ захирал их сургуулийн оюутан болж гэнээ гэж ярилцаж байсан санагдана. Сүүлд Мандалговь хотын 1О жилийн сургуулийг улсын тэргүүний сургууль болгосон, улмаар өөрөө гавъяат багш цол хүртсэн том нэр хүндтэй, жинхэнэ зохион байгуулагч удирдагч. Орон нутагтаа бараг хаан шахуу болчихсон Аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн өөдөөс тоохгүй үгээ хэлчихнэ. Гаднаа ширүүн боловч цаанаа өрөвч өгөөмөр сэтгэлтэй тэр эрхмийг ёстой аймгийн нохойн гөлөг ч нэрээр нь дуудаж магад, андахгүй ээ. Тэр захирал манайхтай төрөл садан юмсанж. Нэгдүгээр ангид ороход Мижээ захирлын гэрт орхичихоод яваад өгч билээ. Гэрийн хоймрын авдар дээр жижигхэн дугуй хар юмнаас хүн ярина, хөгжим дуугарна. Би гайхаж бараад “Энд юу дуугараад, хүн яагаад яриад байгаа юм бэ?” гэж гэрийн эзэгтэй Чимэд эгчээс асуухад “Ойртож болохгүй шүү, энэ жижиг хар хайрцагийн ард хүн суучихсан яриад, хөгжимдөөд байгаа юмаа” гэхэд савж унатлаа гайхаж байснаа санаж байна. Захирлын гэрт сууна гэдэг дороосоо зүүгээр хатгуулах шиг тун хэцүү, гэвч “ чоно үүрэндээ өлзийтэй” гэгчээр иймээ тиймээ юм байгаагүй ээ. Дотуур байранд ороод амьсгаа авч билээ.

Мижээ захирлын оронд нь “шаазан” хэмээх Гомбожав гэдэг өндөр шар хүн ирлээ. Яагаад “шаазан” гэж хочилсныг ерөөсөө мэдэхгүй, одоо ч тааварлахгүй байна. Олон үггүй, сүйд болтол загнадаггүй, бидэнтэй тоож ч ярьдаггүй тийм л нэг тийм гэхийн аргагүй хүн байсан. Тэднийх манай дотуурын байрын гэртэй бараг залгаа байсан, яндангаар нь галын оч харваж байхыг хараад “Мөн ч дулаахан сайхан байгаа даа, ороод дулаацах юмсан“ гэж бодно. Нэг гоё юм бол авгай нь гэх залуувтар хүүхэн дөнгөж тосноос нь гаргасан цагаан түмпэн дүүрэн боорцог гэрийнхээ гадаа гаргаж тавина. Хөргөж байгаа юмуу, мэдэхгүй…Пөөнийсэн үстэй дээлтэй, хүзүү нь булигаар шир шиг болсон бид яг л элээ шиг шурдхийн шүүрнэ. Ёроолд нь нэг ч боорцог үлдэхгүй. “Яахнав” гэж бид хаалганы тотгоор харахад, нөгөөх хүүхэн гарч ирснээ хоосон түмпэнгээ барин машид гайхшран тэнгэр өөд харах нь шувуу шүүрчихэв үү? гэж таамаглаж байгаа бололтой. Говийн бүүдгэр тэнгэрт бор болжмор л байна уу? гэхээс юуныхан нь элээ, тас байхав. Дараагаар нь салхинд хийчихэв үү? гэж байгаа бололтой салхины уруу харж хэсэг зогсоно. Тэгсэнээ мэл гайхаж, толгой сэгсрээд гэртээ орно. Сайндаа л дөрөвдүгээр ангийн нөгөө муу нусгайчуул бас сүрхий үгтэй, бага хүүхдийг басаж болдоггүй юм билээ. Тэд подгор, сүрхий үгтэй, хэзээний аавын цээж болсон нь ч байсан. Зарим нь хөдөө хээр чөтгөр шулмастай таарч явсан гэж жигтэйхэн үнэмшилтэйгээр худал зална. “Цаг цагаар нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг, шавхаруу, шавхаруу идээд ч цаддаггүй “шаазан” Гомбожавын боорцогоор нэг цаддаг” гэсэн үг гаргаадах нь. Хоёр удаа биднийг сайн гэгч нь цатгаад тэр эмэгтэй хашираад дахиж, гэрийн гадаа боорцогоо тавихаа больсон билээ.

Үнэндээ ч тэр үед нэгдлийн малчдын ажлын хөлсөнд төмс, байцаа өгдөг байсан цаг. Одооныхон итгэхгүй л байх. Ээж минь “Нөгөөх чинь бас л шуудайгаар ирлээ, цаанаа яасан барагддаггүй эд вэ?” гэж хальширангуй хэлээд төмс, байцаа ирэнгүүт авахаас яахав гээд авнаа. “Энэ шороо амттай төмс гээд орос ногоо мөн ч урамгүй шүү. Аягатай хоолонд овоо нэг өөх ороод ирлээ гэхлээр төмс гэгч нь нульхийгээд л явчихна. Миний хүү үүнийг чулуун хорооныхоо ард гайгүй сайн ухаад булчихаарай. “Соёлын хувьсгал” гээч юм цаана чинь өрнөөд байгаа Бригадын дарга малчид ногоо идэж сурч байна уу? гэж дараа ирж нүдээрээ шалгах юм гэнэ лээ. Сайн ухаж булаарай гэх. Үнэхээр “Соёлын хувьсгал” гэсэн туган дээрээ бичээстэй, хар хурдаараа давхиж яваа морь унасан хүний зурагтай ухуулах хуудас айл болгонд тархаж, унинд хавчуулаастай байна. Малчид ногоо идэж сурах гэж зүдэж байсан нь одоо инээдтэй. Хавар болоход нөгөө хорооны ард соёлчихсон төмсийг үхэр мал мөн дуртай иддэгсэн.

Дун үлээхэд навсгарууд жагсаалаараа явж, жижигхэн шавар байшинд хооллоно. Байцаатай шөлийг идэхийн аргагүй тул байрны багшийн нүдийг харуулдаж байгаад, шөлийг сорсон болоод байцааг ханцуйлна. Далбайсан ногоон навчийг тэр чигт нь шахуу хэрчлүүртэй чаначихдаг болохоор хоолой руугаа явуулахын аргагүй. Зарим хөвгүүн бүүр тэр чигт өвөртөлчихнө. Биднээр аяга таваг угаалгаж, ойр зуурт туслуулна, ингэснээр хавирга, бин зэрэг нь олдоно. Ийм амнаасаа тургиж хаямаар гүйлэгнэсэн усан байцаатай хоолорхуу юм хийдэг мөртлөө туслах тогооч Тамжид гэх залуухан хүүхэн “Бид чинь энэ сумандаа өмнөө барих боловсон сэхээтэн шүү дээ. Юм юманд дуудагдаж байна, хурал хуй гээд оролцохгүй юм алга. Томоо… том…” гээд учиргүй чангаар инээдэгсэн. “Сэхээтэн” гэдэг нь юу байдгийг мэдэхгүй ч гэлээ, ийм усан байцаатай муухай шөл хийдэг хүн үхсэнийх нь том байхав гэж дотроо эгдүүцэн бас шоолох санаатай . Манай байрны гэрийн гаднаас хоёр гурван ямаа салахаа байсан нь тэрхүү бидний ханцуйлсан байцааны амтанд орсных байлаа.

Орой шөнө болонгуут хүүхдүүдийг нэг гэрт цуглуулаад, дөрөвдүгээр ангийн Борхүү гэх шаггүй атмаан Ч.Лодойдамба гуайн зохиол Зүрх уулын танхимын тухай бичсэн “Манай сургуулийхан” туужийг сүрхий ярина. Хоёр, гуравдугаар ангийн бид түүний дараа уулзаж ярихыг тэсч ядан хүлээнэ.”Арын хүрээ” рүү Бурантагийг дагуулж явсан зэрэг зориуд одоо яах бол? гэсэн сонирхолтой хэсэг дээр таслан зогсоно. Туужид гардаг Далхаа шиг сайхан сэтгэлт багшийг тэр багшийгаа гэх, “Муусайн гахайнууд” гээд толгой руу заагуур модоор цохидог, захны даавууг хуу ханзалдаг, гар хуруу нь сайртай бохир, бэхтэй гэж хараадаг ууртай багшийгаа муухай Ням гүн мөнөөсөө мөн гэж хочлон онооно. Харин “Бурантаг” Сүрэн нь хэн бэ? гэлцэх боловч оноохгүй, бараг л бүгдээрээ бурантаг болоод тэр.Бид цагаан сар, хаврын амралт хоёрыг л тэсч ядан хүлээнэ. Би чихрийн цаас, захидлын дугтуй, марк учиргүй ихийг цуглуулдаг, түүн дотор “Амралт” гэдэг зөөлөн амтлаг чихрийн цаасыг тусгайд нь хадгалж, түүнийг харангуут сэтгэл хөдлөөд, бараг нулимс унагах шахдагсан. Цагаан сараар сумын улаан буланд том идээ засаж, ахмадуудтай золгох нь жил бүрийн уламжлал болчихоод байсан. Энэ үеэр дотуур байрны хөвгүүд бид, ёстой зээрийн үнэр авсан чоно шиг болцгооно. Сумын дарга ерөөл хэлээд хэдэн үеэр зассан хэвийн боовтой идээгээ бариад олны дундуур явахад, үүнийг отож байсан арай сэргэлэн нь тавгийн идээг малгайгаараа цохиж унагаана. Тэгэнгүүт шалаар нэг энд тэнд тарж унасан боов, чихрийг тэр дор нь өвөртөлж аваад арилж өгөцгөөнө. Одоо ч гэсэн миний нүдэнд хов хоосон болчихсон цагаан түмпэн гартаа бариад “мондинууд” гээд чинэртлээ уурласан хэрнээ яаж ч чадалгүй үлдсэн сумын даргын хүрэлгэр царай харагдсаар байна.

Нэгэн удаагийн цагаан сарын өмнөхөн өвлийн амралт яг таарч эцэг эхчүүд хүүхдүүддээ эрт авч, Лууяа ах бид байрандаа хоёулхнаа үлдэв. Манайх Яшил уулын олон сархиагтай, хад асгатай, нөмөр нөөлөгтэй дулаан газар өвөлжиж байсан юм. Тэсч чадсангүй ээ, хоёулаа гэр рүүгээ оргоё. Аав эзгүй байгаа хэрэг. Байсан бол аль хэдийнэ морь хөтлөөд ирнэ. Золиг минь чи битгий нойрмоглож, үүрэглээд байгаарай, үүрийн харанхуйгаар босно шүү. Эхлээд шууд илээр цагаан газраар явахгүй, баруун хар овооны цаад хадаар тойрч, дараа нь сумын төв харагдахааргүй болохоор замаа товчилно. Их алхана шүү, араас багш нар ирж магадгүй. Хурдан алхана, гүйх газраа гүйнэ. Шуурга болбол аюултай, хамаг байдгаараа хувцаслаарай, аавын жолооч малгайг чамд өмсгөнө, би яахав, надад ороолт байхад болоо” гэж хэлэв. Уг нь хамгаас зөөлөн ах маань яггүй сүржин болчихож.

Орголоо. Хэн ч сэжиг авсангүй. Харин толгойд тэр үед элэгдтэлээ гарч, бараг арваад удаа үзсэн “Түмний нэг” киноны хоёр хүүхэд оргож, Чимэд багш хойноос нь савхин гуталтай яваад цасан шуурганд хөлдөж үхэх шахдаг хэсэг толгойд орж ирж байв. Ах намайг хол хаячихаад алхаад байна, би гүйцдэггүй ээ. Намайг ойртонгуут цаашаа алхана. Би “Хог минь хүлээгээч, гутал багадаад хөл холгоод явж болохгүй байна” гэж уурлан хашгирна. Ах “Чихгүй толгой шиг” тоохгүй. Чулуу шидэж үзлээ. Нэг гайгүй ойртоод, “Цас тааралдвал араараа эргэж хараад, мөрөө балалаарай” гэхчихээд улмаа хурдлан алхана. Нар жаргахаас арай өмнөхөн гэрийнхээ барааг холоос хараад түүн шиг баярласан нь үгүй. Ээж минь “Хоёр хүүгээ алах шахлаа. Хаврын тэнгэр хартай. Цас орж, шуурга шуурсан бол сүйд болох нь байж шүү дээ. Аав чинь та хоёрт морь барих гээд хэдэн адууныхаа хойноос явсан” гэж дуу алдан хөл алдан уулзалдлаа. “Дүүдээ ширүүн хандаж, хөлийг нь сүйд хийх шахаж” гэж ахыг зэмлэв. Би ч холгосон хөлөөрөө ялархаж, хэд хоног хонь малд явалгүй жаргав.

Цагаан сарын боов хэвлэнэ, хийнэ гэдэг бол хамгийн хэцүү ажил…хар өглөөгүүр Бага ижий маань гурил зуурч биднээр нухуулав. Бүх юм санаанд нь таарч тохирдоггүй ижийн минь төрсөн дүү бага ижий “Энэ гурил чинь хүв хүйтэн байна, цэврүү үсэрсэн байна. Болоогүй байна. дахиад сайн нух” гээд өдөржин нухуулна. Нухаж нухаж бага ижийн гарт өгөхөд хутгаар нэг зүсэж үзэхэд л үнэхээр нүх сүв харагдана. Угийн өрөвч зөөлөн ээж минь “Оргож босоод арайхийж ирж байхад хүүг минь зовоолоо, одоо болноо. Ямар Гандангийн боов хийх гэж байгаа биш, ямар урьдны муу Тасран гуай биш дээ” гэх. Суганыхаа булчирхайгаа цуцтал нухлаа. Зуухныхаа аман дээр аргал зэрэглэж, ижийн минь царай гэрэлтэж, гал хөсийг нь гайхалтай тааруулж, хэвийн боовоо хайчаараа ганц нэгээр эргүүлэн гаргаж байгаа тос даасан царай, тэр гоё зураг миний тархины бор давхараанд үлджээ. “Боов сайхан боллоо, сайхан жил гарах нь ээ. Өглөө эрт мориороо мөрөө гаргацгаана. Улс амьтан эрт ирэх байх” гэж аав маань нэрмэлдээ царай нь ягаарч туяараад бүр сайхан зан нь хөдөлчихөж. Тэр үед хөдөөгүүр “радиожаагүй” болохоор цагаан сарын бөх сонсоно гэсэн юм байхгүй байв. Ер нь ч цагаан сарын бөхийн барилдааныг нэлээд хойхноос нэвтрүүлж эхэлсэн байх.

Битүүний шөнө гэрээс гарахад дулаахан чулуун хороонд хонь налайтал хэвтэж, хивэх нь хивж, босох нь босож, бяруу шиг эр ямаа гэмгүй хонийг мөргөн босгож, дулаан хэвтрийг булааж, өөрөө орж хэвтээд цаанаа л налгар тайван харагдана. Уг нь битүүлгийн бууз айлдаа аваачиж өгдөгсөн. Энэ жил айл байхгүй нь гунигтай санагдав. Манай ангид шилжиж ирсэн тэр үед бараг байгаагүй улаан, цэнхэр туузтай цовоо хөөрхөн Цэнгэлсүрэн манайхтай айл байвал гоёо. Тэгвэл шөнө орой болтол бөгзөг нясалж, морь уралдуулна даа ” гэж томоор бодож байж билээ. Үнэхээр маниусыг бодвол, суурин газрын дэгжин тэр охин дуулж, бүжиглэнэ, багштайгаа нууцаар ард алчуур хаяж тоглоход, туулайн бүжин шиг гүйж яваа нь онцгойсон. Үнэхээр ч тэр маань багаасаа авьяас нь тодорч, хожмоо хилийн цэргийн анасамблын гоцлон бүжиглээч болсон билээ.

Дотуур байрнаасаа оргож, босож анх удаа эрийн шийр зааж очсон тээр жараад оны шинийн нэгэн, цагаан сар нэг л тогтуун, налгар тайван сэтгэлээс гарахааргүй болжээ. Хөлөрч цантсан, тогтож ядсан морьтой, үнэгэн лоовууз малгайтай шинэлээчид хаа сайгүй давхилдаж, их л хөл хөс болж би ч даган баясаж хөөрөлдөж байлаа. Өөр сум, нутгийн оторчид байсан болоод тэр үү, урт урт уурга суналзуулсан, ёстой идрийн цог золбоо гялалзсан залуус байсансан. Тэр үеэр “падгар” нэртэй жижгэвтэр биетэй тэмээгээр айлаас айл руу хэсэж, бөхнөөс нь зүүсэн уутандаа дүүрэн чихэр, боовтой хөл хөөрцөг болон ирж байв. Манайхтай айл саахалт олон жил болсон Халтар гуайнд хонож өөхтэй буузандаа пологтож, авдрын нүүрэн дээр нь толбо үлдээхэд, гэрийн эзэгтэй Цэсэм гуай “Хүүгийнээ үүнийг арчихгүй ээ, хүүхдийн заяа буян их…ийм заяа буяныг хэвээр нь байлгана” гээд үнэхээр арчаагүйсэн, олоон жилийн дараа цэргээс халагдаад тэднийхээр ороход тэр толбо хэвээрээ байж билээ. Ер нь “Хуучны улсууд гэдэг хуудас дүүрэн судар” байжээ. Ер нь сургуулийн дотуур байранд хөдөө гэрээ, аав, ижийгээ санах үедээ “Унших бичгээсээ” дахин дахин уншаад бүр цээжилчихсэн:

Өвлийн шөнө

Өвөлжөөн дээр

Буурал цас

Будран ороход

Сар хүрээлж

Салхи жаварлаад

Дугираг буйртай

Дулаан гэртээ

Аагтай цайгаа

Амтлан ууна” гэсэн хөдөөгийн монгол айл гэр, адуу мал аяндаа харагдмаар, аав ээжээ голоороо санамаар мөр бадгууд зүрх сэтгэлд хадагдсан байж билээ. “Өнчин цагаан ботго”, “Цуутын цагаагч гүү” зэргийг уншаад ангиараа шахуу өөрийн эрхгүй нулимс унагаадагсан. Магадгүй өнөөдөр миний зохиолч, сэтгүүлч нэртэй явж байгаа минь тээр жараад оноос ёстой л “Бурантаг” шиг бүдэрч, өнхөрч, дэгдэж явахдаа уншсан, уран зохиолын номуудын минь ач, гэрэл гэгээ юм гэдэгт баттай итгэдэг ээ.

До.ЦЭНДЖАВ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна