Дорнын тэнгэрийг эзэгнэгч

2018/02/20
Хятадын хотжилтын тухай бичнэ гэдэг “хамгийн, хамгийн”-ий туйлыг төсөөлнө гэсэн үг юм. Гуч гаруй жилийн эдийн засгийн тогтвортой өсөлт сая сая хятад хүнийг ядуурлаас аварч, буйд нутагт амьдрагсдыг төвийн бүсэд авчирсан. Хүн төрөлхтний түүхэнд тун цөөхөн тохиолдсон иймэрхүү их нүүдлийг ажиглахгүй байхын аргагүй цаг үед бид амьдарч байна. Энэхүү өөрчлөлт шинэчлэл, хүч нөлөөллийн шинэ тэнцвэржилтийг Хятадын тэнгэрт сүндэрлэх хэдэн мянган өндөр барилгаас харж, мэдэрч болно. 

Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн дүнд 1992 оноос хойш саяас олон хүн амтай их хотын тоо Хятадад 46-аар нэмэгдэж, өдгөө 110-т дөхжээ. Эл бахдам үзүүлэлт тус улсын төдийгүй дорно дахины орнуудын гэнэтийн хүчирхэгжилтийн ердөө эхлэл юм. Одоогоор Хятадын хүн амын 40 орчим хувь нь хот суурин газарт амьдарч байгаа нь 1885 оны үеийн АНУ-ын ахуй байдалтай адил хэдий ч энэхүү үзүүлэлтийн өсөх хурд хэнийг ч гайхшируулна. 2025 он гэхэд дахин 350 сая гаруй хятад хүн хот хүрээ газар суурьшина гэсэн тооцоо бий. Энэ нь хотожсон хятадуудын тоо тэрбум давна гэсэн үг. Ийм олон хүнийг орон сууцжуулах нь дэлхийд урьд хожид өрнөж байгаагүй их бүтээн байгуулалт байх нь ч дамжиггүй юм. 

Дэн Сяопиний 1970-аад онд эхлүүлсэн эдийн засгийн хувьсгалын эхний 20 жилд хятадууд нийт 6.5 тэрбум ам метр талбайд орон сууц барьсан нь дундаж хэмжээний 150 гаруй сая орон сууцны барилга сүндэрлүүлсэн гэсэн үг. Шанхай хотод 1980 онд тэнгэр баганадсан нэг ч барилга байгаагүй бол өдгөө Нью-Йоркийнхоос хоёр дахин олон өндөр барилгатай болжээ. Хотын захиргаа 1990-2004 онд шинээр барилга барихын тулд 85 ам метр талбайг зайчилсан гэдэг. Энэ нь 334 ширхэг Эмпайр-стейт-билдинг багтах талбай юм. Шанхайг тэнгэр баганадсан орд харшийн хот болгосон барилгын ажилчдыг нийлүүлэн Хятадад өдгөө барилгын салбарт ажиллаж буй хүмүүсийн нэгдсэн тоог гаргавал даруй 37 сая давж байна. Тэд дэлхийн зах зээл дэх бүх ган, цементийн тэн хагасыг хэрэглэдэг гэдэг. 

Гамбир хайрах ухаан 

Гэвч ихийг бүтээхийн тулд золиос гаргах нь зүй. Орчин үежсэн хөгжингүй улс болох гэж яарсан Хятад улс энх цагт өөр нэг ч оронд үзэгдээгүй нүүлгэн шилжүүлэлт хийсэн нь дэлхийн түүхэнд өөр хаа ч байгаагүй, дайны самууны бус үеэр дайжин дүрвэгсдийн хамгийн урт цувааг үүсгэсэн юм. Зөвхөн Шанхайд гэхэд л 1990 оноос хойш барилгын ажлаас болж албадан шилжүүлэлтээр нүүж, уугуул бууриа сэлгэсэн хүний тоо АНУ-д 30 жилийн дотор өрнөсөн их нүүдлийн хоморгод өртсөн хүмүүсээс ч давжээ. 

Хот тэлэлт, барилгын өргөн далайцтай ажлыг хятадууд “тан да бин” буюу гамбир хайрах гэдэг. Сүүлийн 30 жилд Хятадын газар тариалангийн үржил шимт нутгийн 116 мянга гаруй ам метр газар “гамбир” болж, хуучны хэдэн зуун байшин шинэхэн барилга байгууламжийн суурь болжээ. Энэ нь Британийн газар нутгийн тэн хагастай тэнцэх өргөн уудам нутагт шинэ барилга баригдсан гэсэн үг. Хятадын хотын соёлын өнгө төрх, хандлага барууны, ялангуяа Америкийнхаас эрс ондоо. Нэг байшин буюу эсвээc нэг эдлэн газрыг нэг өрх айл дангаараа эзэмших нь ховор бөгөөд хоёроос гурван айл, заримдаа таван айл ч нэг том сууцанд амьдрах нь бий. Нягтрал их гэсэн шалтгаанаар Хятадад байшин барилгаас гадна хурдацтай нэмэгдэж буй өөр нэг зүйл бол автомашин юм. 

Хятадын дотоодын машины зах зээл Америкийнхийг хэдийнэ гүйцсэн бөгөөд ирэх арван жилд дэлхийн автомашин үйлдвэрлэлийн гол төв Лос-Анжелес, Хьюстон биш Бээжин, Шанхай болох нь тодорхой байна. Эдгээр хотод өдөрт дунджаар 1000 машин бүртгэгддэг гэх судалгаа бий. Энэ нь ертөнцийн түүхэн дэх хүний гараар бүтсэн хамгийн том, хамгийн олон гэх бүхэн Хятадад төвлөрөхийн ердөө нэгээхэн баримт. 

Дэлхийг аврах нь 

Эдгээр нь байгаль дэлхийд сөрөг нөлөөтэйг харин мартаж болохгүй. Барууныхан орон сууц, унаа тэргээс эхлээд аж амьдралын уламжлалт хэв маягаа хүртэл байгаль дэлхий, хүрээлэн буй орчинд ээлтэйгээр өөрчилж эхлээд байхад хамгийн их хүн амтай улс мөнөөх тав тухтай атлаа байгальд халтай аж төрөхүйн хэв маягт хурдтай дасан зохицож байна. 

Хүн амтай нь харьцуулахад нэг хүнд ногдох автомашины тоогоор Хятад улс Америктай дөхөж ирвэл цэнгэг агаарын тухай ярилтгүй болно гэдгийг эрдэмтэд онцолдог. Тэрбум хүний тэрбум тэрэг гэдэг товчхондоо дэлхийг “шатааж” орхино. Үүнийг хүн амынхаа тоогоор хэзээ мөдгүй Хятадыг гүйцэх гэж байгаа Энэтхэгийн өсөлттэй зэрэгцүүлбэл гариг дэлхий хэчнээн хүнд ачаа үүрэхийг төсөөлөх ч аргагүй юм. Пол Гилдинг нарын нэрт судлаачдын дүгнэснээр дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд өнгөрөгч 50-хан жилд 150 хувиар нэмэгджээ. Эрдэмтдийн тооцоогоор өнөөгийн дэлхий дахины, тэр дундаа Хятад, Энэтхэг зэрэг хурдтай хөгжиж, хот суурингуудынх нь тоо гэрлийн хурдаар өсөн нэмэгдэж буй Азийн орнуудын хөгжих орон зайг багтаахын тулд хүн төрөлхтөнд дэлхийн тэн хагастай тэнцэх хэмжээний өөр нэг гариг хэрэгтэй гэдэг. 

Гэхдээ үүнийг хэрхэн зохицуулах вэ? Дорнын бүү хэл бүх дэлхийн тэнгэрийг эзэгнэсэн өндөр барилгуудаа барихаа зогсоо гэж хятадуудад хэлэх эрх хэнд ч байхгүй. Аз болоход Хятадын эрх баригчид өөрсдөө энэ асуудалд сэтгэл зовж, санаа тавьж эхэлсэн бөгөөд “Pew” сангийн тооцоогоор Бээжингийн албаныхан хаягдалгүй эрчим хүчний үйлдвэрлэлд 2005-2011 онд 50.6 тэрбум ам.доллар зарцуулсан нь энэ салбарт хамгийн их хөрөнгө оруулдаг гэх Америкийнхтай харьцуулахад хоёр дахин их юм. Азийнхан өрнийн соёл иргэншлийн ололтоос авто хөсөг, эдийн засгийн нарийн ухааныг суралцсан байж болно. Харин байгаль дэлхийг хэрхэн аварч, хамгаалах тал дээр дорнынхон барууныханд илүү ихийг зааж сургах цаг айсуй вий. 

Томас Ж.Кэмпанелла (“Гахиуран луу” номын зохиогч) 
Орчуулсан Г.Лхагвадулам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна