ШӨХТГ-аас “Арилжааны банкууд иргэдэд ипотекийн зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй” хэмээн нэр бүхий есөн банкийг тус бүр 20 сая төгрөөгөөр торгосон билээ.
Дээрх банкууд энэ шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандаж, анхан шатны шүүх дээр ялсан ч ШӨХТГ давж заалдсанаар өнгөрсөн зургадугаар сард Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, ШӨХТГ-ын гомдлыг хангаж шийдвэрлэсэн юм.
Өөрөөр хэлбэл, “Банкууд ипотекийн зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй” гэж үзсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Ингэснээр “Ипотекийн зээл авсан иргэд банкуудад төлсөн нэг хувийн шимтгэлээ буцааж авч болох юм байна” гэсэн ойлголт үүсээд буй.
Үүнтэй холбоотойгоор Арилжааны банкуудаас тодруулахад “Бид Монголын банкны холбооны гаргасан мэдэгдэлтэй ижил байр суурьтай байгаа. Ипотекийн зээлийн 1 хувийг иргэдэд өгөх эсэх талаар шийдгүй байна” гэсэн мэдээллийг өглөө.
Харин Монголын банкны холбооноос тодруулахад “Шүүхээс “Банкуудын маргаж байгаа нь үндэслэлгүй” гэдэг л шийдвэр гарсан. Тиймээс өгнө өгөхгүй гэдэг дээр шийд гараагүй. Манайх асуудалд шууд оролцоотой субъект биш. Албан ёсны пэйж хуудастаа мэдэгдэл гаргаж, байр сууриа илэрхийлсэн” гэдэг тайлбар өгсөн юм.Банкуудын холбооноос гаргасан албан ёсны мэдэгдэлд “Банкууд ипотекийн зээл олгохдоо иргэдээс 1 хувийн шимтгэл авах нь хууль бус болох Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээсэн.
Тэгвэл шүүхээс гаргасан шийдвэрт "Банкууд ипотекийн зээлийн шимтгэлийг авах эрхгүй, буцааж төлөх, шилжүүлэх" гэсэн агуулга байхгүй болно. Харин арилжааны есөн банк 20 сая төгрөгийн торгууль төлөх, банкнаас орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоох арга хэмжээг авахаар болж байгаа юм.
Санхүүгийн байгууллагууд зээлийн хүсэлт авахаас эхлээд зээл шинээр олгох хүртэл тодорхой хэмжээний зардал гаргадаг...
Банкууд харилцагчдын эрх ашгийг дээдлэн, хамгаалж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зогсолтгүй сайжруулсаар ирсэн. Цаашид ч орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн шимтгэлийн хувь хэмжээг тогтоох, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд зохицуулагч байгууллагуудтай хамтарч ажиллах болно” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна