Тэвчээрийн ТОГ тасарлаа

2023/09/28

Нийслэлд ирэх дөрвөн жил нэг ч орон сууц нэмж барих боломжгүй. Учир нь Улаанбаатар хот цахилгаан, эрчим хүчний гүн хомсдолд орсон. Шинэ эх үүсвэр нэмэхгүй л бол энэ өвөл хөлдөх эрсдэл өндөр байгааг салбарынхан нь хүртэл ил, цагаан зарлах болсон. Эрчим хүчний салбарын эрдэмтэд судлаачдын ярьж буйгаар “Лаа барьж, гал түлэх вий” хэмээн ярьж буй олны үг ортой бололтой юм.

Эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх боломжтой гаргалгааны талаар салбарынхан хоёрхон хоногийн өмнө чуулав. “Чих тавьж” байхад манай улсын эрчим хүчний салбарт үндсээр нь шинэчлэл хийхгүй бол цаашид нөхцөл байдал улам дордох нь тодорхой болжээ.

Өдгөө Монгол Улс эрчим хүчний 20 хувийн дутагдалд орсон гэнэ. Түүгээр зогсохгүй дулааны эрчим хүчний чадлын дутагдалтай аж. Цахилгаан станцуудын хүчин чадал хэрэглээгээ гүйцэхээ больсон гээд тулгамдаж байгаа асуудал их.

Хамгийн эрсдэлтэй нь эрчим хүчний нийт тоноглолын 40 хувь нь ашиглалтын хугацаа нь дууссан гэнэ. Ядаж байхад ОХУ-ын эрчим хүчний системийг найдвартай гэж үзэж болохооргүй нөхцөл байдал үүсээд байгаа. Эдгээрээс дүгнэж үзвэл эрчим хүчний салбарт гарцаагүй хүндрэл тулгарсан уу гэвэл, тулгарсан. Дээрээс нь хуучин буюу одоо ашиглагдаж байгаа цахилгаан станцуудын хувьд цаашид хүчин чадлыг нэмж ашиглах ямар ч боломжгүй. Шинээр баригдах цахилгаан станц ч гэж байхгүй.

Одоогоор зөвхөн “ДЦС-3” ТӨХК-ийн 300 мегаваттын өргөтгөл яригдаж байна. Энэ бүтээн байгуулалт ашиглалтад ороход дөрвөн жил шаардлагатай.

Түүнээс өмнө шинэ хүчин чадал, эрчим хүчний эх үүсвэр ашиглалтад оруулж чадахгүй гэсэн үг. Тиймээс ч ирэх дөрвөн жилд нийслэлд нэг ч орон сууцны барилга барих боломжгүй, даац хэтэрсэн болохыг салбарын инженерүүд анхааруулсаар байгаа. Харамсалтай нь тэдний үгийг сонсдог, үүсээд байгаа нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийдэг хүн алга. Нийслэлд гишгэх газаргүй болтол орон сууц баригдсаар байна.

Эцэст нь ямар ч төлөвлөлт, тооцоололгүй барилгууд сүндэрлэж, цахилгаан дээрээ гацах вий. Анхаарах л асуудал. Аливаа улс орны хөгжлийн хэмжүүрийн хамгийн чухал үзүүлэлт нь эрчим хүч байдаг. Тэгвэл Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнол өнөөдөр 100 хувь хангагдаагүй. Тоон хувиар илэрхийлбэл 80 хүртэлх хувийг хангаж байгаа гэх. Үлдсэн 20 хувийг Орос болон Хятадаас импортоор авдаг. Энэ бол тусгаар тогтнол хангагдаагүй байгаагийн илрэл.

Иймээс л шинэ цахилгаан станц бий болгож байж дотоодын хэрэгцээг бүрэн хангах асуудлыг шийдвэрлэнэ. Түүнээс өнөөгийн нөөцөөр эрчим хүчний салбар тусгаар тогтноно гэвэл боломжгүй аж. Нэгэнт эрчим хүчний дутагдалд орчихсон өнөөгийн нөхцөлд бид яах ёстой вэ. Мэдээж төрөөс бодлогын хүрээнд шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулах нь зөв. Нөгөө талаар хэрэглэгчдийн хувьд ч өөрөөс шалтгаалах зүйлээ хийх хэрэгтэй: Тэр нь цахилгааны зохистой хэрэглээ. Зайлшгүй шаардлагатай үедээ л эрчим хүч ашигла. Болж өгвөл гамна. Гэрэл, цахилгаанаа хэрэглэхгүй үедээ унтрааж занш.

Энгийн боловч энэ үйлдэл чинь эх оронд чинь хэрэгтэй байна. Тухайлбал, 17:00-22:00 цагийн хооронд оргил ачааллын үе таардаг тул манай улс Оросоос өндөр үнээр эрчим хүч авахаас өөр аргагүйд хүрдэг гэнэ. Үүнийг иргэд ойлгож, хэт хэрэглээгээ тодорхой хэмжээнд бууруулж яагаад болохгүй гэж. Энэ өдрүүдэд эрчим хүчний салбарынхан ТЭВЧЭЭРИЙН ТОГ ТАСАРЛАА нэрэн дор чуулж байна. Бодит байдал, болзошгүй эрсдэл энэ салбарт нүүрлээд байгааг хаана, хаанаа ухаарах цаг иржээ. 

 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.