Монголыг эрчим хүчний гуйлгачин болгосон нэг буруутан нь Оюутолгой ХХК, "Рио Тинто"

Х.Батсайхан
2023/12/14

-Зүгээр л мэдээд авчих, “Оюутолгой” ХХК “манай тал” биш шүү-

ОХУ Монгол Улсад нийлүүлэх эрчим хүчнийхээ хэмжээг хоёр дахин багсгах болсноо өчигдөр мэдэгдэж, бид хэмнэлтийн горимд шилжихээс аргагүй байдалд ороод байгаа билээ.

Энэ тухайгаа зарласан хэвлэлийн хурал дээр ЭХ-ий сайд Б.Чойжилсүрэн хэрэглээ нэмэгдсэн ч нэмэлт эх үүсвэр бариагүй асуудлыг “Бид энэ талаар мэдээгүй биш, мэдэж байсан. 60, 70 жилийн асуудал ярих болно” гэж хариулсан. Тэгвэл 60, 70 жил биш, 6, 7-хон жилийн өмнөх нэг асуудлыг эрхэм сайд болон уншигчдадаа сануулах гэсэн юм.

Монгол Улс ОХУ-аас жилдээ 300 гаруй МВт эрчим хүч импортоор авдаг. Тэгвэл бид энэ хэмжээний цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг аль 2018 онд ашиглалтад оруулчих байсан юм. 2014 онд эхэлсэн. Оюутолгой ХХК хөрөнгө оруулах ёстой байсан ч үүргээ биелүүлээгүйгээс одоо болтол гацаж байгаа Тавантолгойн цахилгаан станцын талаар энд ярьж байна.  

Монголын алт, зэсийн хамгийн баялаг ордыг нээн илрүүлж, ашиглаж байгаа Оюутолгой ХХК-ийн хөрөнгө оруулагчидтай Монгол Улсын Засгийн газар 2009 онд анх Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа эрчим хүчээ Монгол Улсын дотоод эх үүсвэрээс авах үүргийг оруулж өгсөн байдаг. Улмаар энэ үүргийг нь гүйцэтгүүлэхийн тулд 2014 онд Оюутолгой ХХК-тай Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээг байгуулж байжээ. Манай талын гол сонирхол нь Тавантолгойн ордод түшиглэсэн, нүүрсээр ажилладаг цахилгаан станц байгуулаад тэндээсээ Тавантолгой, Ухаа худаг, Оюутолгой, цаашлаад говийн бүсийн хэрэглэгчдийг хангах явдал байсан бөгөөд “Оюутолгой” ХХК-тай гэрээ байгуулсан нь станц барих хөрөнгө оруулалтыг авах гэсэн зорилготой байв.

Гэтэл “Оюутолгой” буюу “Рио Тинто” манай аргагүй байдлыг ашиглаад гэрээний 1.4.1-т “Оюутолгой ХХК-ийн Тавантолгой дахь цахилгаан станцын төсөл дэх оролцоо үргэлжилж байгаа нөхцөлд эрчим хүчний хэрэгцээгээ Монгол Улс дахь эх үүсвэрээс хангах үүргийг заавал биелүүлэх шаардлагагүй” гэсэн утгатай заалт оруулсан байдаг.


“Оюутолгой” ХХК цаашилбал “Рио Тинто” групп 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр (7.3) хүлээсэн эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь дотоодын эх үүсвэрээс хангах үүргээсээ ингэж бултжээ.

Манай тал төслөө хурдан хугацаанд ашиглалтад оруулах нь л чухал гэж үзсэн учраас Оюутолгойгоос татах хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжиж, станц ашиглалтад орох хугацааг л тооцоод гэрээ байгуулчихсан байдаг. Гэвч дээрх заалтыг гэрээнд тусгаснаараа төсөл үргэлжлэх хугацааг сунжруулах эрсдлийг тооцохгүй алдаа гаргасан байдаг юм.  

“Оюутолгой” ХХК жилд 200-250 сая ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас авч хэрэглэдэг /Гэрээ байгуулагдах болон үргэлжлэх үед/. Тиймээс Тавантолгойн цахилгаан станц баригдчихвал хурдан хугацаанд хөл дээрээ босч, хөрөнгө оруулалтаа нөхөх нь өдөр шиг тодорхой зүйл байв. Одоо үүсээд байгаа эрчим хүчний хараат байдал ч арилж одох байлаа /Тавантолгойн цахилгаан станцын төлөвлөгдсөн хүчин чадал 300 МВт буюу ОХУ-аас импортоор авч буй хэмжээтэй дүйж байгаа/.

Гэтэл одоо болтол баригдаагүй нь “Рио Тинто” уг төслийг анхнаасаа хэрэгжүүлэх сонирхолгүй, цаг хожиж, Засгийн газартай байгуулсан гэрээгээ биелүүлэхгүй байх арга болгосонтой нь холбоотой байсан юм.

Тэд хөрөнгө оруулах үүргээ биелүүлээгүй. Улмаар Засгийн газар үүргээ биелүүлэхийг шаардахад албан ёсны цахим хуудсандаа мэдэгдэл гаргасан байдаг.

Мэдэгдэлдээ “Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд “Оюутолгой” ХХК нь Засгийн газартай 2014 оноос хойш /мэдэгдлийг 2018 онд буюу төсөл хэрэгээд дуусаж байх ёстой үед бичсэн/ хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Тавантолгойн цахилгаан станцын төслийн хэрэгжих боломжийг судалж, цахилгааны станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийж ирсэн билээ. Өнөөдөр Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгогдож байна” гэсэн байсан юм.

Өөрөөр хэлбэл, Тавантолгойгоос Оюутолгой хүртэл 220 кВт-ын шугам татах асуудлыг дөрвөн жил судалсан гэж бичсэн.

Бас Засгийн газар гэрээгээ биелүүлэхийг шаардсаныг “Гэрээгээ цуцаллаа. Засгийн газар Тавантолгойн цахилгаан станцыг боломжит хувилбар гэж үзэхгүй байгаа юм байна” гэсэн санааг илэрхийлсэн нь үнэн байдалтай огт нийцэхгүй. Манайд эрчим хүчний эх үүсвэр шиг хэрэгтэй зүйл юу  байх билээ.

Тухайн үед Засгийн газар Оюутолгой ХХК-д шаардлага хүргүүлсэн нь  дээр дурдсан гэрээний 1.4.1 дүгээр заалт буюу “Оюутолгой ХХК-ийн Тавантолгой дахь цахилгаан станцын төсөл дэх оролцоо үргэлжилж байгаа нөхцөлд эрчим хүчний хэрэгцээгээ Монгол Улс дахь эх үүсвэрээс хангах үүргийг заавал биелүүлэх шаардлагагүй” гэдэг заалтыг хүчгүйдүүлэх, улмаар 2009 оны анхны Хөрөнгө оруулалтын гэрээний нэг гол нөхцөл болох 7.3 дугаар зүйлийг бодит болгохыг л эрмэлзсэн хэрэг байсан. 

Гэтэл “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Гэрээ цуцлагдсанаар “Оюутолгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбарыг сонгон хэрэгжүүлэх ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой” гэж, 7.3-т заасан үүргээ дахин дөрвөн жил биелүүлэхгүй гэдгээ ил тод илэрхийлсэн.

“Оюутолгой” ХХК, үнэн хэрэгтээ гол хувьцаа эзэмшигч “Рио Тинто” Тавантолгойн цахилгаан станцыг ингэж саатуулж, монголчуудыг “цусгүй алсан” түүхтэй.

Түүгээр ч зогсохгүй, яг алж байх үедээ /“Рио Тинто”/ Австралийн голдуу цахим хуудсуудад тавигдсан мэдээлүүддээ “Оюутолгой ХХК нь Тавантолгойн цахилгаан станц төсөлд 2019 онд 250 сая, 2020 онд 250 сая ам.доллар оруулахаар шийдвэрлээд байсан” гэж даапаалж байв.

Монгол Улсад бүртгэлтэй “Оюутолгой” ХХК Монголд амин чухал эрчим хүчний төсөл, татвар болон өөр бусад асуудал дээр ингэж хүнийрхүү ажиллаж байгааг харахаар “Монгол Улс 34 хувь эзэмшдэг нь ер нь үнэн юм уу” гэсэн бодол төрөх юм. Уншигч та ч тэгж бодож байгаа биз ээ. 

Монголын гэх "Оюутолгой ХХК", "Рио Тинто"-гийн балгаар Тавантолгойн цахилгаан станцын төсөл одоо ч цаасан дээрээ байсаар. Энэ оны эхээр тендер зарлагдсан ч маргаан гарч, одоогоор ялагч тодроогүй, ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй. Харин Монгол Улс, монголчууд ОХУ-ын эрхшээлд, БНХАУ-аас эрчим хүч гуйлгачлаад сууж байна. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.226
    2023/12/14

    гэрээгээ өөрчлөхгүй бол үйл ажиллагааг ни зогсоо баялгаа гаргахаа болиоч

    Хариулах
  • 176.66.87.78
    2023/12/13

    Оросын захиалгаар бичиж...

    Хариулах
  • 202.21.107.9
    2023/12/13

    5-r tsahilgaan stants yaagaad barigdaaguin buruutan hen be? OT bish shuu dee300han MW stants helnii heregtseeg hangah ve?OT stants urged undertei geed manaihan erh ch bish buchirhai ch bish bolgoson duulddagS.Bayar Anglid elchin said baih daa Shiveeovoogiin 800MW stantsiin hurenge oruulagchidtai sudalgaa Baa ehluulj yavahad ni Anglid tsaga achilsan heden avigaid Aidart eh oron amlaj jagsaal hiilgej baigaad taraj avchirch ene tom tusliig zogsooson hunii talaar duugaraach Batsaihaan

    Хариулах
  • 202.126.88.236
    2023/12/13

    тиймээ хөөж гаргах хэрэгтэй Сү Батболд Элбэгдорж Баяр Сайханбилэг тэргүүтэй хэдхэн хүн Оюу Толгойс тэжээгдэж бна Монгол.н урд говь 40н жилийн дараа ямарч усгүй хүн амьдрах арга үгүй болно ..

    Хариулах
  • 202.131.238.26
    2023/12/13

    ОТ төслийн мөнгөөр амь зогоож байж битгий ингэж худлаа гуцаж бай

    Хариулах