“Бие даах” эрмэлзэл

Х.Батсайхан
2023/12/14

Манай Улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг импортоор авч, багахан хэсгийг өөрсдөө үлйдвэрлэдэг. Тэр дундаа 100 хувь дотоодоосоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн хуруу дарам цөөн, тиймдээ ч бүтэц, найрлагад ордог нэг орц, сав баглаа боодлоос болоод зогсдог. Цар тахлын үеэр тарианы шингэнг дотооддоо хийдэг ч зориулалтын гялгар уутыг нь импортоор авдаг, тараг, сүүгээ өөрсдөө хийдэг ч сав баглаа боодлыг нь импортоор авдаг гэх шалтгаанаар хүнд байдалд орж байсан. Гэсэн ч дэлхийн чиг хандлагаа дагаад хэрэгцээгээ дотоодоосоо хангах хүсэл бидний гол зорилго байсаар ирсэн. Тэгвэл өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, хүнсний салбарт бид энэ жил зорилгодоо тулж иржээ.    

Монгол Улс энэ жил анх удаа хүнсний ногооны хэрэгцээнийхээ 85 хувийг дотоодоосоо хангах боломж бүрдсэн байна. Ингэснээр дараагийн шатны арга хэмжээ буюу үйлдвэрлэгчдээ хамгаалах, импортын бүтээгдэхүүнээс хамгаалах зорилт тулж ирсэн байна. Үүний тулд бид олон улсын өмнө хүлээсэн үүрэг, эрхийн хүрээнд олгогдсон боломжуудаа тултал нь ашиглах цаг ирээд байна. 

 Дэлхийн худалдааны байгууллага гэж юу вэ, ямар зорилготой вэ

Дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах асуудал олон улсын өмнө хүлээсэн, үүрэг эрхтэй холбогддог нь ДХБ-тай холбоотой. Монгол Улс 1997 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ албан ёсоор элссэн байдаг.

ДХБ-ын гишүүн орнууд бие, биедээ нэн тааламжтай үндэстний нөхцлийг харилцан олгодог бөгөөд гишүүн орон тус бүр импортын татвараа бууруулах, цаашид өсгөхгүй байх дээд хязгаарыг тогтоосон үүрэг амлалт авдаг онцлогтой. Мөн дотоодод үйлдвэрлэдэг ижил төрлийн үйлдвэрлэлийг дэмжихдээ зөвхөн тарифын зарчмыг баримтлах үүрэг хүлээдэг.

Өөрөөр хэлбэл, Монголд хөгжих гэж ядаж байгаа хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжихдээ гадаадын ижил төрлийн бүтээгдэхүүний импортод квот тогтоох, шууд хориглох гэх мэт тарифын бус арга хэрэглэж болохгүй.

Импортын татварыг нэмэгдүүлэх аргаар л тэмцэнэ гэсэн үг. Гэхдээ тариф нь хэмжээтэй. Монгол Улсын хувьд, нийт барааны импортын тарифын дээд хязгаар- 20%. ДХБ-ын гишүүн орнуудаас импортолж буй бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид хийгээд эхэллээ гэхэд импортын татварыг 20 хүртэл нэмэхээс өөр хамгаалалт хийх боломжгүй.

Монголд 100 хувь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэчихлээ гэхэд ижил төрлийн бүтээгдэхүүний импортыг хориглох хаах эрх байхгүй. Татвараа л 20 хувьд хүртэл нэмнэ. Тухайн импортын бүтээгдэхүүн хямд өртгөөр хийгддэг бол энэ 20 хувийн босгыг төвөггүйхэн даваад дотоодын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөж чадна.

Импортын татвараас гадна өөр бусад татвар дээр ч манайх ДХБ-ын өмнө үүрэг хүлээдэг.

“Импортын бараанд ногдуулах дотоодын аливаа татвар (НӨАТ, онцгой татвар г.м.) нь дотоодын үйлдвэрийн ижил төрлийн бараанд ногдуулж буй татвараас илүүгүй байх, татвар ногдуулах аргачлал адил байх” гэсэн ДХБ-ын дүрмийг манайх ёсчлон сахин биелүүлдэг учраас ийм болдог.

Дээр нь, өөрсдөө дотооддоо үйлдвэрлэл явуулдаггүй, импорт зогсвол өлсөх учраас тэр бүр импортын татварыг нэмэх боломж ч байсангүй. Харин энэ удаад бараг анх удаа гэж хэлж болохоор боломж хүнсний салбар, тэр дундаа хүнсний ногоон дээр бий болж байна. Ирэх жилээс дэмпингэд өртөх магадлал өндөр боллоо гэсэн үг. Манайд Дэмпингийн эсрэг хууль байхгүй учраас байгаа боломжийнхоо хүрээнд үйлдвэрлэгчдээ дэмжих нь төрийн үүрэг болоод байна.  

Манай улс одоо импортын хүнсэнд 5 хувийн татвар ногдуулдаг.Тэгвэл ХААХХҮЯ, сайд Х.Болорчулуун цаашдаа хүнсний салбарт импортын татварыг ДХБ-ын өмнө хүлээсэн үүргийн хэмжээнд  хүртэл буюу 20 хувьд хүртэл нэмэгдүүлэх шаардлага, боломж бүрдсэн гэдгийг хэлж байгаа юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.154
    2023/12/15

    дхб бол хөгжилтэй орнууд манайх шиг орнуудад бараагаа хүчээр тулгадаг систем шүү дээ анусын дээрмийн байгауулга,анус өөрөө дхб-ын дүрмэнд захирагддаггүй байж бусдыг биелүүлэхийг шаарддаг,орост хориг тавина,хятадтай байнга худалдааны дайнтай гэх мэт,иймд эргэж харах юм бна бна

    Хариулах
  • 202.9.46.139
    2023/12/14

    Ихэнх орк монголчууд бие даан амьдарч чаддаггүй. Бусдаас хамааралтай амьдардаг.

    Хариулах