-Хөрөнгө оруулалтын гэрээ “Рио Тинто”-д ашигтай юу, Монголд ашигтай юу гэдэг асуултын хариуг иргэдэд бага атугай тодорхой болгоё-
Өнгөрсөн сарын 13-нд "Оюутолгой" ХХК-тай холбоотой нэг сонин үйл явдал болов. Тус компани ойрын хугацаанд ашиглалтад бүрэн оруулахаар эрчимтэй ажиллаж буй гүний уурхайн бүтээн байгуулалтад хэрэглэх 1.1 тэрбум ам.долларын зээл авахаар болжээ. Энэ шийдвэрийг нь 34 хувь эзэмшдэг Монголын тал эсэргүүцсэн ч дийлээгүй, олонхийн саналаар шийдсэн гэнэ.
"Оюутолгой" ХХК-ийн хувьцааны дийлэнхийг эзэмшигч "Рио Тинто" зээлийн асуудлыг өмнөх сард /2023.XI сар/ нь ТУЗ-ын хурлаар оруулж ирсэн бөгөөд суурь хүүг нь зургаан хувь байхаар тооцсоныг Монголын тал эсэргүүцэж, шийдвэр гаргалтыг хойшлуулан, хүүг бууруулах чиглэлд ажиллахаар болоод тарсан байдаг аж. Харин дараа сард нь, эхэнд дурдсанчлан хүүг 2.2 хувиар бууруулаад Монголын талын эсэргүүцлийг үл харгалзан баталжээ.
Энэ санхүүжилтийг Эрдэс баяялгийн мэргэжлийн зөвлөл хараахан батлаагүй байгаа гэсэн. Батлахгүй байх хэрэгтэй. "Уурхай ашиглалтад бүрэн орвол танайх ийм ашиг хүртэнэ шүү дээ" гэх, "Алаагүй баавгайн арьс" харуулж өөрсдөдөө аигтай байдал үүсгэдэг аргыг хангалттай удаан хэрэглэлээ.
"Оюутолгой" цаашаа явах ёстой, хамтарсан төслийн хувьд аль, аль тал нь үүнд хүчин чармайлт гаргах үүрэгтэй. Гэлээ гээд лобардны хүүтэй санал оруулж ирээд ББСБ-ынх болгож буулгачихаад хүч түрэн баталж болохгүй.
Энэ удаад жишээ нь, зээлийн талаар мэдээлэхдээ "Зээлийн хүү 2.2 хувиар буурснаар Монголын талын хүртэх мөнгөн урсгал 262 сая ам.доллараар нэмэгдэнэ" гэсэн өгүүлбэр оруулсан байна.
Оюутолгойн уурхай ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засагт ямар их үр өгөөж өгч байгаа талаар “Рио Тинто” байсхийгээд л дэлхий нийтэд тайлагнадаг. “Оюутолгой” ХХК-ийн албан ёсны цахим хуудсанд монгол хэл дээр /монголчуудад зориулсан/ тавигдсан тайлангуудад ч “Бид л өгдөг” гэсэн агуулга нэвт шингээстэй. Жишээлбэл, 2018 оны тайланд “Оюутолгой компанийн Монгол Улсад оруулсан хөрөнгө 8.7 тэрбум ам.долларт хүрэв. “Оюу толгой” 2018 онд татвар, хураамж, бусад төлбөрт 322 сая ам.доллар, үндэсний худалдан авалтад 439 сая ам.доллар зарцууллаа” гэжээ.
Уг нь бол, тухайн жилд хийсэн хөрөнгө оруулалтаа бичээд, араас нь нийт дүнг тавих нь агуулгын хувьд зөв баймаар. Гэтэл Оюутолгой тайлангууддаа нийт оруулсан хөрөнгөө эхэлж бичээд араас нь тухайн жилд төлсөн татвар төлбөрүүдээ бичдэг аж. Зүйрлэвэл “Би энэ жил тэдэн төгрөгийн хөрөнгө орууллаа. Урьд жилүүдийнхтэй нийлээд нийт тэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан байна” гэхийн оронд “Би нийтдээ төдөн төгрөг өгсөн шүү. Энэ жил төдийг өгсөн” гэж байгаа нь яах аргагүй дарамталсан өнгө аястай. За яах вэ, өгсөн нь үнэн юм бол хэлэх эрх нь байгаа гэж бодоё. Гэхдээ цахим хуудсаараа дамжуулан “Рио Тинто” л зөвхөн өгөөд, төр аваад явдаг гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлэх нь зохисгүй.
Монголын төр ч хариуд нь хангалттай “эрхлүүлж” байгаа. Чухам яаж, ямар байдлаар эрхлүүлж байгаа вэ гэдгийг олон нийтэд таниулах цаг нь болсон. Энэ бол их энгийн. “Оюутолгой”, “Рио Тинто” тийм их хөрөнгийг Монгол Улсад шингээдэг, төрд өгдөг юм бол Тогтвортой байдлын гэрээний дагуу эдэлж буй хөнгөлөлтүүдийг нь ч давхар зарлан, олон нийтэд хүргэдэг байх ёстой гэсэн санаа юм.
Ингэхдээ тухайн жилд эдлэсэн хөнгөлөлт, тогтвортой байдлын гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш эдлэсэн нийт хөнгөлөлт зэргээ цугт нь зарлана. “Оюутолгой” жирийн компани байгаад тогтвортой байдлын гэрээнд хамрагдаагүй байсан бол ийм хэмжээний татвар төлөх байсан гэж зарлах хэрэгтэй. Энэ бол "Оюутолгой" ХХК Монголд хүртээсэн өгөөжөө мэдээлдэг шиг л энгийн мөртлөө заавал тогтмол гаргадаг мэдээлэл болох ёстой. Үр дүнгийн тухайд, ядаж л монголчууд тэднийг буянтан биш, ижил тэгш эрх, үүрэгтэй хамтрагчид гэж хардаг болох юм.
Оюутолгойн санхүүгийн талаар манай улс тодорхой, бүрэн гүйцэт мэдээлэл олж авч чадахгүй нөхцөл байгаа нь үнэн. Гэвч одоохондоо байгаа мэдээлэл дээрээ тулгуурлаад тооцоо хийж болно. “Рио Тинто“ буян үйлдэгч биш, хамтран ажиллагч, “Оюутолгой” ХХК Монголын аж ахуйн нэгж гэдгийг ойлгуулахад чухал ач холбогдолтой. Ингэж байж зэс боловсруулах үйлдвэр, цахилгаан станц зэрэг хамтарч ажиллах бусад төслүүдийг ажил хэрэг болгоход нэмэр болно. Хөрөнгө оруулалтын гэрээ “Рио Тинто”-д ашигтай юу, Монголд ашигтай юу гэдэг асуултын хариуг иргэдэд бага атугай тодорхой болгох юм. Асар их татвараас чөлөөлөгдөж, тэр мөнгөнийхөө нэг хэсгээр нийгмийн хариуцлага хэрэгжүүлчихээд буян үйлдэгчийн дүр эсгэх ёсгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.166
ямар ч ашиггүй компани шүү одоо больё усгүй бол бүгд үхнэ биз дээ
Хариулах183.177.99.226
Оюутолгой компани говийн гүний цэнгэг улсыг ашигладаг 1 секүдэнд 6000 тонн ус ашигладаг харамсалтай өнөөдрийг хүртэл литрийн цэвэр усны татвар өгөөгүй байгаа юм
Хариулах