ОХУ эрчим хүчний экспортоо өнгөрсөн онд огцом багасгасан дүн гарчээ. Тус улс 2022 онд 13.6 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч экспортолж байсан бол 2023 оны эцэст 10.7 тэрбум кВт.ц болж, 21.3 хувиар буурсан талаар Интер РАО (ОХУ-ын эрчим хүчний нэгдсэн импортлогч экспортлогч) компанийн ТУЗ-ийн гишүүн Александра Панина хэвлэлд ярьсан байна. Редакцийн зүгээс түүний өгсөн мэдээлэлд эрчим хүчний эксперт Кирилл Родионовын тайлбарыг хамтатгасан байв.
Тэдний ярианаас чухал хэсгүүдийг дурдвал:
-2023 онд Казахстан, Монгол Улсуудад нийлүүлсэн эрчим хүчний хэмжээгээр дээд амжилт тогтоосон. Казахстанд 4.7 тэрбум кв/цаг, Монголд 900 сая Кв/цаг эрчим хүч нийлүүлсэн.
-Мөн Турк, Азербайжан Гүрж улсууд руу эрчим хүч экспортолсон.
-БНХАУ-д нийлүүлэх эрчим хүчний хэмжээ 2022 онд 4.6 тэрбум кв/цаг байсан бол 2023 онд 3.1 тэрбум кв/цаг болж буурсан. Шалтгаан нь Алс Дорнодын эрчим хүчний дутагдалтай холбоотой хязгаарлалт. Одоо ч БНХАУ руу хязгаарлалттай нийлүүлж байгаа. Экспортын татвартай холбоотойгоор өнгөрсөн аравдугаар сараас нийлүүлэлтээ зогсоох магадлалтай байсан ч зардлаа долоон хувиар нэмэхээр тохиролцсоноор нийлүүлэлтээ үргэлжлүүлж байна.
-2021 онд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад нийт 2.6 тэрбум кв/цаг эрчим хүч нийлүүлсэн бол БНХАУ, Монголд 4.5 тэрбум кв/цаг эрчим хүч зарсан.
-Европ руу хийх эрчим хүчний экспорт 2022 оны зургадугаар сараас зогссон. Түүнээс хойш хөмгийн том худалдан авагч нь БНХАУ, Казахстан болсон.
-Цаашдаа өсөлт үзүүлэх хамгийн өндөр магадлалтай нь Казахстан, Монгол. Монголын эрчим хүчний хэрэглээ 2012-2023 оны хооронд 83 хувиар нэмэгдсэн. Казахстаных мөн их хэмжээгээр өссөн. Энэ хоёр улсын ойролцоо байдаг ОХУ-ын эрчим хүчний бүс нь хоёулаа илүүдэлтэй нь ийм боломж олгож буй. Тухайлбал, 2023 оны Сибирийн ЭХС-ийн цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадал, хэрэглээний зөрүү 17.6 гигаватт байжээ.
-Эрчим хүчний төслийн хамтын ажиллагааны хүрээнд Алма атад атомын цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Гэхдээ 2034 оноос наана ашиглалтад орохгүй. Харин Монгол Улс нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ч нийт хэрэглээнийхээ өсөлтийг хангах магадлал бага.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна