Р.Ринчинбазар: Улс орнууд эдийн засгийн бүсийг төлөвлөлтийн механизм, арга хэрэгсэл гэж ойлгодог

Х.Батсайхан
2024/02/01

Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн дарга, доктор, профессор Р.Ринчинбазар “Монголын эдийн засгийн форум 2024” Бүсчилсэн хөгжлийн хэлэлцүүлэгт чиглүүлэгчээр суухдаа хэлсэн үгийг хүргэж байна.

Тэрбээр “Ерөнхий ганц зүйл хэлье. Сонгуулийн том тойрог, иргэдийн сонгох, сонгогдох тэгш эрхийг хангах тухай... Сонгуулийн тойргийг өөрөөр зурах боломж байсан уу гэвэл байсан. Хөдөө долоо, Улаанбаатарт зургаан тойрог, дунджаар 260 мянган хүн амтай, зургаан мандаттай гэж. Энэ яах вэ, нэг асуудал. Тэгэхээр сонгуулийн том тойргоо одоо эдийн бүсчлэл болгож буулгаж байна. Энэ дээр арга зүй, аргачлал гээд ярих юм бий. НҮБ-аас тогтоосон эдийн засгийн бүсчлэлийн зургаан шалгуур гэж байдаг. Тэрийг хангаж байна уу гээвэл бас ярих юм бий. Гэхдээ энэ бол асуудлын гол нь биш. Энэ бүсчлэлээр явж болно. Хамгийн гол нь сонгуулийн тойргийг томсгох улс төрийн шийдвэр гаргаж байж бүсчилсэн хөгжлийн бодлогыг урагшлуулахад түлхэц болж байгаа нь их том зүйл гэж харж байна. 

Засаглал, удирдлагын асуудал ярья. Эдийн засгийн бүсчлэл гэдэг нь хоёрдмол шинжтэй зүйл. Нэг талаар бодитой. Энэ гээд зааж болно. Нөгөө талаар бас хийсвэр. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс орнууд энийг төлөвлөлтийн механизм, арга хэрэгсэл гэж ойлгодог. Тэр үүднээс нь харах юм бол энэ засаг захиргааны ч нэгж биш, бүсийн дарга, удирдлага гээд явж болохгүй гэсэн үг. Яагаад гэхээр, Засаг захиргааны нэгжийн удирдлагын чинь хооронд дахиад нэг шат гарчих гээд байна шүү дээ. Тэгэхээр энэ талаас нь ойлгох хэрэгтэй. 

Хоёрдугаарт, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын хууль гэж бий. Энэ хуулийг шинэчилж найруулах ёстой. Тэр дотор “Бүсийн зөвлөл” гэж нэг үг бий, та бүхэн санаж байж магадгүй. Тэр нь юу гэх вэ гэхээр, ижил статустай аймгийн даргыг бүсийн зөвлөлийн дарга гэж нэрлээд олон жил явчихсан. Асуудал шийдэх механизм байхгүй. Одоо хэрвээ цаашдаа хуульд “Бүсийн зөвлөл” гэдэг үг байх юм бол тэнд тэр бүсийн аймгийн удирдлагууд орох ёстой. Дээр нь тэр бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Иргэдийн хурлын төлөөлөгчид, иргэний нийгмийн төлөөлөл, бизнес эрхлэгчдийн төлөөлөл орох ёстой. Ингэж байж энэ нь цаашдаа бүс нутгийн хөгжлийг дэмжих институц болж төлөвшинө. Аймаг ярьдаг засаг даргаатай байсан бол бүс ярьдаг болж, энэ цаашдаа бодлого хэрэгжихэд дөхөм болох юм болов уу гэсэн бодол байна гэж л хэлье дээ” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна