С.Бямбацогтын "Тойргоо усалсан 180 тэрбум" буюу төсвийн мөнгийг нутаг руугаа урсгасан БАРИМТ

С.Гандэлгэр
Өчигдөр 08 цаг 54 минут

Сайд дарга нар улс төрийн сонгуульд ялах амин хувийн эрх ашгаа гүйцээхийн тулд төсвийн хөрөнгийг тойрогт чиглүүлдэг муухай арга байдаг. Жижиг мажоритар тогтолцооны гажиг гэж нэрлэгддэг энэ цоорхойг хамгийн сайн ашигладаг байсан хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт байжээ. 

2008 оноос хойш завсаргүй УИХ-д сонгогдон. Бүлгийн дарга, Байнгын хорооны дарга, ХЗДХ-ийн сайд, Зам тээврийн сайд, БХ-ын сайд гээд хашиж үзээгүй албан тушаал үгүй энэ хүн ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрс зэрэг олон асуудалд холбогдсон ч сайдын суудал сэлгэсээр байдгийн нэг нууц нь тойргоо төсвийн мөнгөөр "услах" явдал юм. 

Тэрбээр Батлан хамгаалахын сайд болохоосоо өмнө Зам тээврийн сайдаар жил гаруйхан хугацаанд ажиллахдаа өөрийн сонгогдсон Ховд аймаг  руугаа тэрбум тэрбумаар нь төсөл хөтөлбөр, зам барьсан мэдээллийг та бүхэнд хүргэе.  

Хар богоч уулаас Дөргөн сум хүртэлх 40.7 км зам тавих 49.8 тэрбумын тендер

Ховд-Дөргөн сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, 40.7 км /Ховд, Дөргөн сум/

Нийт 49 тэрбум 859 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 40.7 км замын төсөл. Зам Хар богоч уулаас Дөргөн сумын хооронд тавигдах бөгөөд Хар ус нуурын баруун болон хойд хэсэгт байрлах юм. Энэ онд санхүүжих дүн 5.5 тэрбум. 

Сумын төвд зам тавих 1.5 тэрбумын тендер

Ховд аймгийн дөргөн сумын төвийн хатуу хучилттай зам

Энэ оны хоёрдугаар сард зарлагдсан тендер. Нийт 1.5 тэрбум төсөвт өртөгтэй. Дөргөн сумын төвд 1км авто зам барих юм. Санхүүжилтийг энэ онд олгоно

Баруун босоо тэнхлэгийн авто замыг Ховдын Мөнххайрхантай холбох 70.1 тэрбумын тендер 

Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, 63.5 км /Ховд, Мөнххайрхан сум/

Баруун босоо тэнхлэгийн автозамаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто зам 63.5 км замын тендер. Төсөвт өртөг нь 70.1 тэрбум. Энэ онд 8.5 тэрбум төгрөгөөр санхүүжнэ. Ерөнхийдөө баруун босоог Ховд аймгийн Мөнххайрхан сумтай холбох зам гэсэн үг. 

Ховдын дарви сумруу чиглэсэн 32.58 тэрбумын тендер

Хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай авто замтай Цэцэг сумыг холбох хатуу хучилттай авто зам, 32.4 км /Ховд, Дарви сум/

Нийт 32.4 км урттай хатуу хучилттай авто зам. Ховд - Улаанбаатар буюу хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай замыг Хөшөөтийн уурхай буюу МоЭнко компанийн уурхайтай холбох авто зам. Нийт төсөвт өртөг нь 32.5 тэрбум. Энэ онд 5 тэрбумаар санхүүжнэ. 

Дээр дурдсанчлан С.Бямбацогт төдийгөөс өдий хүртэл МоЭнко болон Хөшөөтийн уурхайн талаар ганц үг дуугарч байгаагүй. Бүр хамгаалдаг хэмээн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хэлж байв. Түүгээр зогсохгүй дүүгийнхээ компаниар Хөшөөтийн нүүрс тээвэрлэлт, төсөл хөтөлбөрүүдийг нь авдаг гэх мэдээлэл байдаг. Тодруулбал С.Бямбацогтын төрсөн дүү С.Баянмөнхийн “Алтай строй” ХХК нь “Хөшөөт”-ийн нүүрсний уурхайн нүүрсийг Ховд аймгийн Булган-БНХАУ-ын Такашикен боомтоор дамжуулан урд хөрш рүү гаргах тээвэрлэлтийг хариуцдаг аж. Ингээд харвал түүний сайд байхдаа Хөшөөтийн уурхай руу 32.4 км зам тавих гэсэн үйлдэл ойлгомжтой болно.


Ховд аймгийн Буянт сумд: 2.5 км замыг 22.6 тэрбумаар барих тендер

Нутгийн зам төслийн хүрээнд хэрэгжүүлэх хатуу хучилттай авто зам /Ховд, Булган, Буянт сум/

Ховд аймгийн Буянт сумд 2.5 км хатуу хучилттай зам тавигдах бөгөөд нийт төсөвт өртөг нь 22 тэрбум 661 сая төгрөг. 2024 онд 9 тэрбум 577 сая төгрөгөөр санхүүжнэ. Ингээд харвал нэг км замыu 9 гаруй тэрбум төгрөгөөр барьж байна гэсэн үг юм. 


Гурван тэрбумын зөвлөх үйлчилгээний тендер

Ховд-Дөргөн сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, 40.7 км /Ховд, Дөргөн сум/, Хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай авто замтай Цэцэг сумыг холбох хатуу хучилттай авто зам, 32.4 км /Ховд, Дарви сум/, Сумын төвийн хатуу хучилттай авто зам /Ховд,Дөргөн сум/-ын ажлын техник, технологийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Энэ бол зам барих бус зөвлөх үйлчилгээний тендер. Дээрх гурван тендерт зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах зорилго бүхий тендер юм. Нийт төсөвт өртөг нь 3 тэрбум 28 сая. Энэ онд 435 сая төгрөг. Энэ дүн зөвхөн зөвлөх үйлчилгээнд зарцуулагдана. 

2.7 тэрбумын зөвлөх үйлчилгээний тендер

Баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, 63.5 км /Ховд, Мөнххайрхан сум/, Нутгийн зам төслийн хүрээнд хэрэгжүүлэх хатуу хучилттай авто зам /Ховд, Булган, Буянт сум/, Ногоон байгууламж бүхий орчны тохижилт /Ховд, Зэрэг, Мянгад, Буянт, Ховд, Чандмань, Архангай, Өгийнуур сум/-ын ажлын техник, технологийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах

Мөн л зам барих бус зөвлөх үйлчилгээний тендер. Мөн л Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, 63.5 км болон Нутгийн зам төслийн хүрээнд хэрэгжүүлэх хатуу хучилттай авто зам /Ховд аймгийн сумд/, Ногоон байгууламж бүхий орчны тохижилт /Ховд аймгийн сумд/-ын зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулах тендер юм. Нийт төсөвт өртөг нь 2.760 тэрбум. Энэ онд 578 сая төгрөгөөр санхүүжнэ. 

Дээрх тендерүүд нь зөвхөн энэ онд С.Бямбацогтыг Зам тээврийн сайд байх хугацаанд зарлагдсан тендер. Анзаарвал Ховд аймгийн сумдыг төв замтай холбох өндөр дүн бүхий тендерүүд байгаа. Нийт дүн нь 180 тэрбум давна. Зам харилцаа мэдээж чухал. Гэхдээ хэзээ, ямар зам барих вэ гэдгийг Бодлогын яам нь тодорхойлох ёстой. 

Эдийн засгийн ач холбогдол, зорчих хөдөлгөөн зэрэл олон асуудлыг харгалзан шийдвэр гарах ёстой. Уг нь Монгол Улс 21 аймагтай. Гэтэл Зам тээврийн сайдынх нь дөрвөн удаа сонгогдсон Ховд аймаг ганцхан жилийн дотор 180 тэрбумаар авто зам бариулна гэдэг бол маш өндөр дүн. 

Тэгэхээр эрхэм сайд С.Бямбацогт Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа Монголд ганцхан аймаг байдаг мэт авирлаж, хэдэн арав, зуун тэрбумаар нь нутаг руугаа чиглэсэн зам барьсныг дээрхээс та бүхэн харж болох юм. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.100
    11 цагийн өмнө

    Алс хязгаар Ховд нутагт зам тавина гэдэг харин ч нутгийн иргэдийн зоо тэнийсэн буянтай ажил шүү дээ. Энэ эргүү сэтгүүлчийг Ховдод аваачиж байгаад Мөнххайрхан, Дөргөн сумууд руу машинаар явуул үзүүлэх юмсан

    Хариулах
  • 202.9.40.213
    Өчигдөр

    hovdiin urainhai zahchin bayduud narsnii hulgaich guilagchin

    Хариулах
  • 103.57.94.56
    Өчигдөр

    Энэ ёстой таалагддаггүй их зальтай хүн шиг санагддаг.тэгээд яам сэлгээд явдаг бүх төрлийн мэргэжилтэй хүн юмуу

    Хариулах
  • 103.168.34.56
    Өчигдөр

    ene shunalt tun udahguidee !

    Хариулах