Дуулианы мөрөөр: Сурагчаа зодсон багшид хариуцлага тооцсон тохиолдлууд ба хууль эрхзүйн орчин

Zuv.mn
Өчигдөр 11 цаг 43 минут

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЕБС-ийн бага ангийн багш А.М сурагчаа зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан билээ. Улмаар зүй бус үйлдэл гаргасан багш А.Мягмарсүрэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэсэн мэдээлэл хамгийн сүүлд цацагдаад байна.

Манай улсад багш нь сурагчдаа гар хүрэх тохиолдол багагүй гардаг бөгөөд хариуцлага тооцсон байдал нь харилцан адилгүй байна.

Практикаас харахад, дийлэнхдээ сурууль нь тухайн багшид дотоод журмынхаа дагуу хариуцлага тооцоолд өнгөрдөг бөгөөд ажлаас халсан нь цөөн, хуулийн байгуулагаар шийдэгдсэн нь бүр ч цөөн байх ажээ.

Хуулиараа бол багш нь сурагчаа зодсон үйлдлийг танхайрах гэмт хэрэг гэж үздэг бөгөөд хаана үйлдэгдсэнээс нь шалтгаалаад олон нийтийн газарт эсвэл орон байранд, хэрүүл маргаан үүсгэж, биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцох боломжтой байдаг.

Багш А.М-ийн үйлдлийн тухайд олон нийтийн газарт буюу сургуулийн хичээлийн байранд үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 6.20 дугаар зүйлийн долоо дахь хэсэгт заасан “Хүүхдийн бие махбодод халдах” болон Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Танхайрах” зөрчлийн шинжийг агуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 6.20 дугаар зүйлийн долоод “Хүүхдийн бие махбодод халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус, тус заажээ.

А.М-ийн гаргасан зөрчлийн хэргийн тухайд, хохирогч хүүхэд гэмтэж бэртсэн зүйлгүй тул хүндрүүлэх нөхцөл байхгүй юм.

Сурагчийн эрхийг хамгаалсан хууль тогтоомжууд

-Боловсролын тухай хуульд 2006 онд “Багш нь сурагчийн бие махбодод халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг оруулж өгсөн. .

-2016 онд батлагдсан Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийг нийгмийн бүхий л орчинд зодож шийтгэхийг хориглосон.

-Хүүхдийн эрхийн тухай хуульд,

-7.1 "Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй."

-2.6 "Хүүхэд, өсвөр насны хүнийг халамжлах, эмчлэх, удирдан чиглүүлэх, тэдэнд боловсрол олгох үүрэг хүлээсэн эцэг эх, асран хамгаалагч, бусад хүн тэднийг хүмүүжүүлэх, алдаатай зан авирыг нь засахдаа бие махбодын болон доромжлон гутаасан бүх төрлийн шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно"

-5.4 "Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ" гэсэн заалтуудаар сурагч буюу хүүхдийн эрхнийг хамгаалдаг.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг нийгмийн бүх орчинд хориглодог юм. 

Сурагчаа зодсон багшид хариуцлага тооцсон тохиолдлууд

2021 оны ХI сар

Нийслэлийн Баянгол дүүргийн ... дугаар сургуулийн багш А "Гэрийн даалгавраа хийгээгүй" гэх шалтгаанаар сурагчаа зодсон. Хэрэг гарснаас хойш хоёр сар гаруй дараа багш А ажлаа хийсээр байсан мэдээлэл цахим орчинд тавигджээ.   

2022 оны V сар

Дорнод аймгийн Халхгол сумын сургуулийн багш А даалгавар хийгээгүй гэх шалтгаанаар сурагчдаа зодсон. Багшийг ажлаас нь халсан. 

2024 оны VI сар 

Нийслэлийн ЕБ-ын ... сургуулийн багш Х нь сурагчаа "Хувийн орон зайд халдлаа" гэх шалтгаанаар зодсон. Уг багшид 10 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ. 

Сурагчийн ёс зүй, үүргийг хэрэгжүүлэх шаардлагатай

Дээхнэ үед багш төвтэй сургалт гэж байхад хүүхдийг сургах үүргийг багшид оноож, тэр утгаараа багш нар хүүхдээ сургахын тулд янз бүрийн арга барил ашигладаг тохиолдол байсан. Сүүлд шавь төвтэй сургалтад шилжсэнээр сурах үүрэг шавьд илүү ногдож, багш заахаа зааж, тохирсон дүнг нь тавиад явуулахаас өөр үүрэг хүлээхээ больсон байдаг. 

Харин сүүлд багш нарт үр дүнгийн урамшуулал олгодог болсноос хойш багш нар сурлагын хоцроогдолтой хүүхэдтэй тулж ажиллах, улмаар тухайн хүүхдийн хүчин чармайлтгүй юм уу чадамжийн ялгаатай байдлаас болоод ахиц дэвшил гарахгүй тохиолдолд уурлаж бухимдах явдал гардаг байж болохыг А.М. багшийн жишээ харуулж байгаа юм. 

Эцэст нь хэлэхэд, багшийн мэргэжил амаргүй бөгөөд эрхээ бүх талаараа хамгаалуулсан хүүхдүүд багшид дарамт үзүүлэх, тэр бүү хэл биед нь халдах тохиолдол ч мөн адил гарч байгааг дурдах нь зүйтэй болов уу. Сургууль болгонд сурагчийн ёс зүй, үүргийг тодорхойлон дагаж мөрддөг ч зөрчил гарсаар байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна