“Рио Тинто” групп Оюутолгой төслийн талбайд хоёр ашиглалтын лиценз эзэмшдэг “Онтрэ гоулд” ХХК-тай хэлэлцээр хийж, хувь эзэмшлээ тохирох гэж байгаа энэ цаг үед хууль тогтоогчдийн байр суурийг Зөв.мн сайт хүргэсээр байгаа билээ. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас байр суурийг нь тодрууллаа.
- Оюутолгой ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг Монгол Улсын Засгийн газар мөн энэ хэлэлцээрт оролцож, “Онтрэ гоулд”-д ногдох хэсгээс Баялгийн сангийн тухай хуулийн дагуу хувь эзэмшлээ хэрхэн тогтоох, Монголд ашигтай ямар нөхцөл байдал үүсэх зэрэг асуудал ид яригдаж байна. УИХ-ын гишүүний хувьд үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Товчхондоо хэлэхэд Онтрэ гоулд компанитай холбоотой асуудал дээр би О.Батнайрамдал гишүүнтэй санал нэг байгаа. Бид саналаа солилцож, холбогдох материалууд дээр нэлээн сууж байгаа.
Эцсийн дүгнэлт нь бол Засгийн газартай Онтрэ гоулд компани шинээр хөрөнгө оруулалтын гэрээ хийх ийм л байдалд орох юм билээ.
Тухайлбал Монгол Улсын Засгийн газартай Оюутолгой компани 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн шүү дээ. Яг үүнтэй адил Онтрэ гоулд компани Монгол Улсын Засгийн газартай гэрээ хийнэ гэсэн үг. Тэгж байж Үндсэн хуульд тусгагдсан нийт баялгийн үр өгөөж нь эцсийн дүндээ дийлэнх нь Монгол Улсад үлдэнэ гэдэг заалт чинь хангагдана.
Бусдаар бид Оюутолгойтой Онтрэ гоулдыг холиод явбал 2009 оны гэрээгээр явж таарна. Үүнийг Монгол Улсад үр ашиггүй гэдгийг олон жил ярилаа шүү дээ. Тиймээс цоо шинээр тусгай АМНАТ-аар хувиа орлуулах байдлаар хийх нь хамгийн зөв.
Энэ хоёр компанийн хоорондоо хийсэн гэрээнд Монгол Улсын Засгийн газар оролцоогүй. Зөвхөн хоёр хуулийн этгээдийн хооронд л хийсэн гэрээ байна. Гэтэл баялгийн эзэн нь нэг ч оролцоогүй.
Тиймээс Монгол Улсын Засгийн газартай тусдаа Хөрөнгө оруулалтын гэрээ, Ашигт малтмалын хууль, Үндсэн хуулийнхаа дагуу л хийгдэнэ гэж ойлгож байна.
-Хармагтайн ордыг стратегийн ордод бүртгэж авах ёстой гэдэг байр суурийг гишүүд илэрхийлж -байна. Хармагтай орд стратегийн орд мөн үү?
-Хармагтайн орд болон Оюутолгойн орд манай Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр байрладаг.
Зарчим нь тодорхой. Мөн л ялгаагүй Үндсэн хууль, Ашигт малтмалын тухайн хуулийн дагуу стратегийн ордод аваад хөрөнгө оруулалтын гэрээ хийгээд явах ёстой.
Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээнд орон нутгийн асуудлыг орхигдуулахгүй зохицуулах ёстой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна