ХЭЛЭЛЦЭЭР: "Онтрэ"-тэй хийх тохирооны боломжит гурван хувилбар

Zuv.mn
1 цаг 38 минутын өмнө

-Г.Занданшатарын цаг дуусаж, Н.Учралын, “Рио”-д ээлтэй цаг явж эхэлсэн үү-

“Рио Тинто” групп Оюутолгой төслийн талбайд хоёр ашиглалтын лиценз эзэмшдэг “Онтрэ гоулд” ХХК-тай хэлцэлцээр хийж, хувь эзэмшлээ 80/20 хувь байхаар тохирсон билээ.  "Онтрэ"-гийн зүгээс энэхүү өөрт ногдох 20-иа 100 хувь гэж үзээд 34 хувийг нь төрд эзэмшүүлэх саналыг тавьсан гэж мэдээлэгдэж буй. Өөрөөр хэлбэл, энэ бол УИХ, Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийн халаасанд ороод ирчихсэн, наад захын үр дүн. Түүнээс илүү үр дүн гаргах боломж бий. 

Тодруулбал, Монголын Засгийн газар "Онтрэ"-гийн лицензит талбайд байгаа баялагийн 34 хувийг шууд эзэмших байр суурьтай буй. Энийг хүлээн зөвшөөрөхгүй бол лицензийг цуцлах ч боломжтой. Энэ гурван хувилбараас  Монголд ашигтай ямар нөхцөл байдал үүсэхийг хялбаршуулсан байдлаар хөндөж байна.

        "Онтрэ"-гийн санал лицензит талбай дахь баялгийн 6.8 хувь, манай Засгийн газрын хүсэл 34 хувь

Эхлээд сүүлийн хувилбар буюу бидний хүсээд байгаа лицензит талбайд буй баялгийн 34 хувийг эзэмшвэл ямар байхыг тооцоолж үзье. 

“Онтрэ гоулд”-ын лицензит талбай гэдэг нь “Шивээ толгой” буюу Хойд Хюго ордын хойд үзүүр хэсэг, “Жавхлант” буюу Херуга ордын урд сүүл хэсэгт байрлах хэсэг бөгөөд энэ хоёр талбайд нийтдээ 10.3 сая тонн зэс, 742 тонн алт, 3300 тонн мөнгө, 190,000 тонн молибдений нөөц бий. 

Хэрвээ Ажлын хэсэгт санасандаа хүрч чадвал 3.4 сая тонн зэс, 247 тонн алт,  1100 тонн мөнгө, 63000 тонн молибден ногдоно. 

Харин "Онтрэ"-гийн санал болгож буй, "Рио Тинто"-той хийсэн 80/20 хувийн тохироогоо хүлээн зөвшөөрөхийг шаардсан хувилбараар явбал доорх байдалтай болно.  

“Онтрэ гоулд”, “Рио Тинто” компаниуд 2004 онд байгуулсан гэрээгээрээ хүдэр “560 метрээс илүү” гүнд байвал “80:20”, “560 метр хүртэлх” хүнд байвал 70:30 хувиар хуваахаар тохирсон байдаг.

“Онтрэ” ХХК уг хувь эзэмшлээсээ Баялгийн сангийн хуулийг дагаж “Монгол Улсад 34 хувийг нь  өгөхөд бэлэн“ гэдгээ илэрхийлсэн. Энэ бол Монголын Засгийн газар “Онтрэ”-гийн лицензит талбайгаас олборлох нөөцийн 6.8 хувийг (20 хувийг 100 хувь гэж үзвэл 34 хувь нь нийт нөөцийн /Онтрэгийн лицензит талбайн) 6.8 хувь/ эзэмшинэ гэсэн үг. 

Мэдээж, Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ашиглаад хувь эзэмшлээ бүтээгдэхүүн хуваах гэрээ юм уу, тусгай АМНАТ-өөр орлуулж болно.  Гэхдээ лицензит талбайд ногдох баялгаас авах байсан 34 хувь нь  6.8 хувь хүртэл буурах юм.   

Тодруулбал, 10.3 сая тонн зэсийн 6.8 хувь /700,000 тонн зэс/, 759 тонн алтны 6.8 хувь /51.6 тонн алт/ гэх мэтээр эзэмших нь. 

Засгийн газарт бүх боломж нь бий болчихсон "Лиценз цуцлах" хувилбар

"Онтрэ"-ийн лицензит талбайд байгаа бүх баялаг буюу Оюутолгой төслийн нийт нөөцийн 20 гаруй хувийг шууд Монгол Улсын Засгийн газар эзэмших боломж бий. Эх сурвалжийн хэлснээр, Оюутолгойн сонсголын үеэр грагасан хамгийн гол үр дүн нь шинжээчид "Онтрэ"-гийн лицензийг цуцлах бүх үндслэлийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийг цуцлах түлхүүрийг гартаа атгасан байна. Энэ хоёр талбайд нийтдээ 10.3 сая тонн зэс, 742 тонн алт, 3300 тонн мөнгө, 190,000 тонн молибдений нөөц бий. Хэрвээ "Онтрэ"-г гаргавал Засгийн газар бие дааж "Рио Тинто"-той яриа хэлэлцээр явуулах боломжтой. Бөөн маргаан болох ч эцэстээ дундын хувилбар олох нь гарцаагүй. Манай тал бол Онтрэгийн лицензийг 2009 оны ХОГ-ний хэсэг биш гэдгийг тогтоочихсон. Ядаж л татвар хураамж дээрээ одоогийн хуулиар явах боломжтой гэсэн үг. 

Г.Занданшатар Ерөнхий сайдын суудлаасаа буухаас өмнө "Онтрэ"-гийн лицензийг цулах чиглэл өгсөн байсан гэсэн мэдээлэл бий. Мөн хэлэлцээрийг тавдугаар сарын 31-ний дотор багтааж дуусгахаар байсныг уншигчид санаж буй байх. Энэ хугацаа дуусчихлаа. Оюутолгойн сонсгол чухам түүний үед явагдсан тул магадлалтай. Харин одоо Н.Учралын үед хэлэлцээр сунжирч "Рио Тинто-д ээлтэй тавиухан цаг хугацаа явж эхэлсэн бололтой.

"Онтрэ"-г шийдсэний дараа зээлийн хүүг шийднэ. Уг нь зээлийн хүүг эхлээд шийдэх ёстой ч "Онтрэ" түрүүлж орж ирж байгаа нь бас л хардлага сэрдлэг дагуулах бөгөөд бид энэ талаар дараа дахин хөндөнө.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна