Монголын аялал жуулалын салбарын задлаагүй үүц-Халал аялал жуулчлал

Өчигдөр 09 цаг 14 минут

Монгол Улс аялал жуулчлалыг хөгжлийнхөө нэг тулгуураар сонгож, эрчимтэй хөгжүүлэх бодлого баримталж байгаа билээ. Бид энэ удаа тус салбарынхны хувьд нэгэн том боломж гэж тооцогдоод байгаа халал аялал жуулчлалыг танилцуулахаар бэлдлээ. Манай улс жилдээ 500 орчим мянган жуулчин хүлээн авч, 400 орчим сая ам.долларын орлого олон, ДНБ-ийхээ 5 орчим хувийг энэ салбараас бүрдүүлж буй. Халал стандартыг хэрэгжүүлснээр энэ ашиг огцом өсөх боломж бий. 2018 онд Монгол Улсад ирсэн жуулчдын тоо анх удаа 530 мянгын босгыг давсан. Энэ бол манай хамгийн дээд үзүүлэлт байсан ч дотор нь лалын шашинт улсын жуулчдын эзлэх хувь маш бага байв. Турк улсаас 2000 орчим ирдгийг эс тооцвол бараг байхгүй гэж хэлж болно. Энэ нь халал стандартын аялал жуулчлал хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг харуулж байгаа юм.   

Аялал жуулчлалын компаниудын шинэ боломж

Аялал жуулчлалын салбарыг амьдрах үндсэн аргаа болгосон улс дэлхий дээр олон бий. Зөвхөн энэ салбарт 1.2 их наяд буюу өдөр бүр гурван тэрбум ам.доллар эргэлдэж байдаг. Дэлхий дээрх 12 ажлын байр тутмын нэг нь энэ салбарынх болтлоо хөгжжээ. Гэсэн ч улс орнууд энэ салбараас олдог орлогоо нэмэгдүүлэхээр урам зоригтой урагшилж байна. Тэд лалын шашинтай улс орны иргэдийг орлого нэмэгдүүлэх гол эх үүсвэрээ гэж харж буй. Үнэхээр ч лалын шашинтай улсын жуулчид олон улсын хувьд энэ салбарынх нь ирээдүй, хөндөгдөөгүй “үүц” гэж хэлж болохоор байдалтай байгаа юм.

“Crescent Rating” агентлагийн хийсэн судалгаагаар, лалын шашинт жуулчдын тоо хурдацтай өсч байгаа бөгөөд 2026 онд 230 сая жуулчин гадны улс орнуудад аялна гэсэн төлөв гарчээ. “Pew Research Center” судалгааны байгууллага “2050 он гэхэд дэлхийн бүх хүн амын 1/3-ыг лалын шашинтнууд бүрдүүлнэ” гэж дүгнэсэн байна. Дээрх судалгаа, төлөв байдал бол энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ханцуй шамласан улсуудын ирээдүйн баталгаа юм.    

Халал аялал жуулчлал гэж юу вэ

Халал аялал жуулчлал гэдэг нь лалын шашинт жуулчдыг  лалын шашны ёс жаягаа эвдэхгүйгээр аялж амрах нөхцөл бололцоог бүрдүүлэхийг хэлдэг. Тухайлбал, халал зочид буудал нь залбирал хийж болохуйц өрөө тасалгаатай, согтууруулах ундаагаар үйлчилдэггүй, эрэгтэй эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө, усан сан, амрах өрөөг тусад нь шийдсэн байх ёстой. Халал жуулчдыг хүлээж авах стандартыг хамгийн дээд зэргээр хангасан зочид буудлууд Турк, Малайз, АНЭ улсад бий. Эдгээр улсын халал зочид буудлуудын гал тогоонд Шариатын хуулиар хоригдсон хоол хүнс бэлтгэдэггүй. Халал стандартын зочид буудал барилаа гэхэд ойр хавьдаа лалын шашны сүмтэй газрыг сонговол давуу тал болно.  

Тээврийн салбарын тухайд, зөвхөн лалын шашинтнуудад зориулагдсан нислэг хүртэл гаргасан улс байна. Халал жуулчдад үйлчлэх онгоцны хоол унд лалын шаiинд нийцсэн, суудал тус бүрийн арын халаасанд Коран судар хийсэн байх жишээтэй. Мөн лалын шашинт улс орнуудын хэлээр чөлөөтэй ярьдаг боловсон хүчнийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай юм.

Халал жуулчлалаар тэргүүлэгч улс орнууд

Аялал жуулчлалын салбарт халал жуулчдын эзлэх хувийг нөөц бололцоотой нь харьцуулж үзвэл одоогоор маш бага гэж хэлж болно. 1.2 их наяд ам.долларын 250 орчим тэрбум ам.доллар нь халал жуулчлалын салбарт ногддог. Гэхдээ хурдацтай өсч байгаагаараа бусад төрлийн аялал жуулчлалаас аргагүй ялгагдана. Дээрх үзүүлэлт 2016 онд 220 тэрбум ам.доллар байсан, 2020 он гэхэд 35 хувиар өсч 300 тэрбумд хүрэх төлөвтэй явж байна.

   Шаардагдах орчин нөхцөл, үйлчилгээ нь нарийн байдгаас болж халал жуулчид цөөн хэдхэн улсад /шашин ижил/ зорчдог онцлогтой. Сингапурт төвтэй “Mastercard-Crescent” агентлаг 2018 онд лалын шашинт жуулчдын санаанд нийцэж, хамгийн олноороо аялсан улсуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг Индонези, Малайз тэргүүлж, турк гуравдугаарт орсон байв. Халал жуулчдын 36 хувь нь дээрх жагсаалтын эхний 10-т бичигдсэн улсуудад ногдож байгаа нь лалын шашинт аялагчдын сонирхлын хүрээ харьцангуй хумигдмал, цаашдаа өргөжвөл бусад улсуудад том боломж байгааг илтгэнэ.  

Тайвань улс халал аялал жуулчлалыг хөгжүүлэн орлогоо өсгөж байна

Пей Ю Вей бол тайвань хүн. Тайваний Гадаад хэргийн сайд Зүүн Өмнөд Азийн улс орнуудын албан ёсны төлөөлөгчдийг хүлээж авч уулзах үед өрнөсөн ярианаас халал аялал жуулчлал гэж байдгийг анх мэдэж авчээ. Тайванийн хүн амын 2 хувийг л лалин шашинтай иргэд эзэлдэг тул өмнө нь энэ талаар анхаарч ч байгаагүй аж. Тиймээс төлөөлөгчдийг Тайпей хотын алдартай шөнийн захаар дагуулан явж, хамгийн түгээмэл “cong zhua bing” гэдэг хоол авч өгч. Гэтэл энэ хоолонд нь гахайн тос орсон байдгийг мэдээд маш эвгүй байдалд орсон байна. Тэрээр үүний дараа халал жуулчдыг ая тухтай аялж, амрахад нь туслах зорилготой “Halal Trip Guru” аяллын товчоогоо байгуулсан гэнэ. Өдгөө халал аялал жуулчлал Тайваньд маш эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Пей Юу Вугийн компани энэ өсөлтийн нэхээхэн хэсгийг бүрдүүлдэг болжээ.  


“Crescent Rating”-ийн судалгаанд өгүүлснээр, 2018 онд Тайваньд ирсэн халал жуулчдын тоо 2017 оныхоос 80 мянгаар нэмэгдсэн байна. Одоогоор бий болгосон халал дэд бүтцийн хүчин чадал нь л энэ.  Цаашид бааз суурь бэхжихийн хэрээр хэмжээ нэмэгдэж тогтворжих гэнэ.   

“Бүс ба зам” халал аялал жуулчлалыг хөгжүүлнэ

БНХАУ Дундад Азийг холбосон эртний Торгоны замыг сэргээх “Бүс ба зам“ санаачилга гаргаад хэрэгжүүлж байгаа билээ. Энэ санаачилга нь замын дагуух улс орнуудын харилцаа холбоо, дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дагаад халал аялал жуулчлалыг огцом нэмэгдэх нь гарцаагүй болоод байна. 

Исламын шашинтай төдийлөн зөрчилдөөд байдаггүй Зүүн Өмнөд Азийн улс орнууд энэхүү өсөлтөөс аль болох ихийг хүртэхээр халал аялал жууллалын дэд бүтцээ дор бүрнээ базаагаад эхэлсэн байна. 

Манай улсын хувьд, Торгоны зам дагуух бүс нутгийн аялал жуулчлалын маршрутад Монгол Улс нөлөөлөхүйц байр суурийг эзлэх ёстой гэсэн бодлого баримталдаг.   

Монгол Улсын Засгийн газраас “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх замаар “Аялал жуулчлал”-ыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлж, улмаар 2020 он гэхэд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад буй. Халал аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох нь энэхүү зорилгод хүрэх хамгийн дөт зам байж болох юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна