-Ноолуурын зах зээлийн чиг хандлага, хэтийн төлөв-
Тансаг “хувцас” нөмөрсөн амьтад
Дэлхийн тансаг хэрэглээний зах зээл 2017 онд 1.2 их наяд еврод хүрч, дээд амжилт тогтоожээ. Өмнө нь жилд 2-3 орчим хувийн өсөлттэйгөөр явж байснаа БНХАУ-ын хэрэглэгчдийн нөлөөгөөр өнгөрсөн онд 5 хувиар нэмэгдсэнээр ийм болсон байна. Манай улсын зорилтот зах зээл болох ноолууран хувцасны зах зээлд жилд 6-7 тэрбум ам.доллар эргэлдэж байгаа нь тансаг хувцасны зах зээлийн найм орчим хувь аж. Хөнгөн, дулаан, зөөлөн гээд үнэхээр л дээдсийн хэрэглээ болох энэ тансаг “эд”-ийг “үйлдвэрлэдэг” амьтад нь ямаа, хонин бух аж. Ямаан дотроо Монгол, БНХАУ-аас өөр дэлхийн хаана ч байдаггүй “өвлийн ямаа” гол жин дардаг бол хонин бухынх илүү үнэтэй, тансаг зэрэглэлд ордог онцлогтой.
Нэгэн үе нэн ховордож, мөхөхөд дөхсөн ч тоо толгой нь олширч, эдүгээ Хойд Америк, ОХУ, Скандинавын орнуудад нутагшсан хонин бухнаас гивиот гэж нэрлэдэг ноолуур гардаг. Энэ ноолуур нь ямааныхаас найм дахин дулаан байдаг. Канадын дэлгүүрүүдэд 28 грамм жинтэй бөөрөнхий утсыг 95 ам.доллараар зардаг байна. Маш хөнгөн учир 1.5 метр ороолт хийхэд 25-40 грамм утас ордог. Ийм ороолт 250 ам.доллараар хэрэгчдэд хүрдэг ажээ. Нэг бухнаас хоёр кг орчим ноолуур гардаг.
Харин ямааны хувьд, хэдийгээр Иран, Энэтхэг, Турк, Афганистан зэрэг улсууд ноолуур бэлтгэдэг ч ихэнх нь дээр дурдсанчлан Монгол, БНХАУ-аас гардаг байна. Монгол, БНХАУ нийлээд 17-18 мянга орчим тонн, бусад улс 2-3 мянга орчим тонн ноолуур бэлтгэдэг. Тэгвэл баячуудыг ид хошууруулж, эрч хүчээ авч байгаа энэ бизнесийн ирээдүй тааруухан байгаа гэсэн дүгнэлтийг Их Британийн “Керинг” фирм хийжээ.
Гэхдээ үнэ ханш нь унаж байгаа бус харин ч өсч байгаа. Гол нь ноолуурын гарц жил ирэх тусам багасч байгаатай холбоотой юм байна. Тэд Итали, Франц, Японы ноолууран эдлэл үйлдвэрлэгчидтэй уулзаж, бодит байдал ямар байгаа талаар бүрэн мэдээлэл авсны үндсэн дээр дээрх дүгнэлтийг хийжээ.
“Gucci”, “Yves Saint Laurent”, “Balenciaga”, “Alexander McQueen”, “Bottega Veneta” зэрэг алдартай брэндийг эзэмшдэг “Керинг” фирм 2017 онд тансаг хувцасны зах зээлдээ хамгийн том, нөлөө бүхий фирмээр тодорсон тул судалгаа нь бодитой, дүгнэлт нь үнэн зөв гэж үзэх үндэстэй.
Ноолуурын гарц багасч байна
Ноолуур бэлтгэдэг гол улсууд нь Монгол, БНХАУ байхад Итали, Франц, Японы үйлдвэрлэгчдээс судалгаа авсан гэхээр гайхаж магадгүй. Гэхдээ Монголын ноос, ноолуурын холбооноос зарладаг бидний мэдэх тоо, БНХАУ-ын бэлтгэсэн хэмжээ зэрэг нь ноолуурын хэмжээг бүрэн илэрхийлж чаддаггүй байна. Дэлхий нийт жилдээ 18-20 мянга орчим тонн ноолуур бэлтгэдэг гэж байгаа ч үнэн хэрэгтээ үс, хялгас, тоос, бүдүүн ширхэгтэй ноолуур зэргийг салгасны дараа тансаг бүтээгдэхүүн хийхэд бэлэн 6500 тонн орчим түүхий эд л үлддэг ажээ. Бэлтгэгчид нэг ямаанаас 250 грамм ноолуур самнадаг байтал үйлдвэрлэгчид “Нэг цамц хийхэд дөрвөн ямааны ноолуур шаардлагатай” гэж ярьдгийн учир энэ аж. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ хэмжээ илт багассан нь үйлдвэрлэгчдийн сэтгэлийг түгшээх болжээ. Бэлтгэж байгаа ноолуурын хэмжээ 20 мянган тонн хэвээрээ. Гэтэл хэрэглэгчдийн гар дээр бүтээгдэхүүн болж очих учиртай нарийн ноолуур нь 6500 тонн, тэгээд жил ирэх тусам багасаад байдаг. “Керинг” үүний шалтгааныг дэлхийн дулааралтай шууд холбож үзсэн байна.
Ноолуурыг өвлийн ямаанаас бэлтгэдэг. Гэтэл өвлийн ямааны нутаг Монгол, БНХАУ-ын хойд мужуудад өвлийн улиралд олон жилийн дунджаас илт дулаахан байх болсон нь ноолуурын гарц, чанарт нөлөөлж байна гэсэн дүгнэлтийг тэд зоригтойгоор хийжээ. Цагийн байдал дулаарах тусам дулаан хадгалах үүрэгтэй нарийн ноолуурын хэмжээ багасч, бүдүүн хялгасны хэмжээ ихэсдэг. Энэ нь эцсийн дамжлага болох үйлдвэрлэгчдэд хүндрэл учруулах хэмжээнд хүрчихээд байгаа аж. Харамсалтай нь, дэлхийн дулаарлыг багасгах нь дурын хэрэг биш тул ноолуурын орцыг багасгах болжээ.
Эрэлт ихэссээр...
Ноолуураар тансаг зэрэглэлийн хувцас урладаг “Bain&Company”-гийн ахлах зөвлөх Федерика Леватогийн баталж байгаагаар бол, ноолуурын зах зээл сэргэн мандаж байгаа аж. Дунджаас дээгүүр зиндааныхны үйлчлүүлдэг томоохон сүлжээ дэлгүүрүүдэд ноолууран цамцны үнэ хамгийн хямддаа 79.90 ам.доллар байгаа нь үүний баталгаа гэнэ. Ноолуурын гарц цаашдаа сайжрахгүй нь ойлгомжтой учир үнэ нь жил ирэх бүр өснө гэсэн таамгийг салбарын урдаа барьдаг урчууд зөвшөөрч байгаа юм.
Түүхий эд ховордох нигууртай гэдгийг мэдэрсэн “Complect&Ace” гэх мэт компаниуд ноолуурыг спандекс материалтай хольсон утсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн ч энэ нь ноолуурын үнийг буулгахаасаа илүү хөөрөгдөнө гэдгийг тэд баталж байна. Яагаад гэвэл тансаг зэрэглэлд багтдаг худалдан авагчид маш чанартай хуурамч бүтээгдэхүүн гарч ирсэн ч 100 хувь ноолуурыг л сонгох нь ойлгомжтой ажээ. Тэгээд ч аливаа бараа бүтээгдэхүүн ховор байх тусмаа үнэ цэнэ нь нэмэгддэг гэдгийг тэд сануулж байгаа юм.
Эцсийн бүтээгдэхүүн гаргах нь Монголын боломж
Брэнд үйлдвэрлэгчдийн ярьж байгаагаар бол, 2010 онд Монголд болсон зуднаар 10 сая ямаа хорогдсон нь ноолуурын зах зээлд том цохилт болсон гэнэ. Дээрээс нь, хэдэн жилийн өмнөөс хөндөгдөх болсон сүргийн бүтцийн асуудал сөргөөр нөлөөлж байгаа ажээ. Хонь өвсийг хазаж иддэг бол ямаа зулгааж иддэг. Ингэснээр өвсийг үндсээр нь сугалж, дахин ургах боломжийг үгүй болгодог гэсэн шүүмжлэл их гарч, ямаан сүргийн тоо толгойг цөөлөх бодлого барьж байгааг гадаадынхан ийнхүү хэлж байгаа бололтой. Ер нь үйлдвэрлэгчдийн ярьж байгаагаас үзвэл, монголчууд ямаан сүргийнхээ тоо толгойг багасгаж байгаа, мөн тоонд илүү ач холбогдол өгөөд чанарт анхаарахгүй байна гэсэн мэдээлэлд сэтгэл дундуур явдаг аж. Италийн тансаг хувцас үйлдвэрлэгч “Loro Piana” фирмийн орлогч захирал Пьер Луижи Лоро Пьяна “Монгол, Өвөрмонголд болдог зуднаас болж ноолуурын бэлтгэл үе үе огцом буурдаг. Ер нь бол түүхий эдийн хомсдол сүүлийн 50 гаруй жилийн турш үргэлжилж байна. Ийм хүнд байхад үйлдвэрлэгчид зах зээл тэнцвэрт байдлыг хангах гэж яаж зовдог гэж бодно” хэмээн гомдоллосон бол Шотландын “Johnstons elgin” фирмийн захирал асан Жеймс Сугден “Монголын мал сүрэг 1993-2009 оны хооронд 23-44 сая толгой болтлоо өссөн. Ямааны тоо бусдаасаа илүү их нэмэгдсэн нь сайн мэдээ ч хүмүүс аль болох их ноолуур самнаж авах гэж хичээхээс чанарт огт анхаардаггүй” гэсэн байна. Өөр газраас олох боломжгүй ноолуурыг түүхийгээр нь шахам авдаг тэд ингэж мэдэгдэж байгаагаас үзвэл, манай ноолуурыг гуйж авах цаг холгүй байна. Бас хэдий ноолуурын гарц багасч байгаа ч түүхийгээр нь экспортолсоор байвал ашиг олигтой нэмэгдэхгүй. Харин боловсруулаад, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл ашиг мэдэгдэхүйц нэмэгдэж болох нь харагдана. Яагаад гэвэл, нэгдүгээрт дэлхий дээр чанартай ноолуурын гарц багасч байгаа. Хоёрдугаарт, үйлдвэрлэгчид цэвэр ноолуур биш, хольцтой утсаар бүтээгдэхүүн хийх явдал нэмэгдэж байна. Гэтэл баячууд, нэр хүндийнхээ төлөө хэчнээн ч их мөнгө төлсөн гудийхгүй тэр хүмүүс цэвэр, тансаг ноолуур л хүсч байна. Энэ нь Монголын үйлдвэрлэгчдэд жинхэнэ алтан боломж гэж санагдана.
Манай улсын компаниуд 2016 онд 9.6 сая ам.долларын бэлэн бүтээгдэхүүн экспортолсон нь 2009 оныхоос даруй 196 хувиар өссөн үзүүлэлт гэж MICC-ийн тайланд дурджээ. Энэ бол сайн мэдээ. Гэхдээ бага байна.
Бидэнд ноолуур байна. Үйлдвэр нь байна. Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөр баталсан нь нь ч зөв зүйтэй арга хэмжээ юм.
Жинхэнэ тансаг зэрэглэлийн 100 хувь ноолууран хувцсыг Монголд л хийдэг гэдэг ойлголтыг төрүүлж чадвал тансаг хэрэглээнд эргэлдэж байгаа 60 тэрбум еврогоос томхон "халбагадах" бодит боломж бидэнд байна. “Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг” гэж үг бий. Зөв “гэдийж”, одооноос эхлэн алсыг харсан бодлого явуулж чадвал ноолууран бүтээгдэхүүний зах зээлийн талыг нь Монголын үйлдвэрлэгчид хянах боломж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна