Тэтгэврийн сан: Уламжлал, шинэчлэл

Х.Батсайхан
2023/08/01

Дээр үед улс орны хөгжлийн тулгуур багана нь байгалийн баялаг, аж үйлдвэр, ажиллах хүч байсан бол одоо технологи, хуримтлал гэсэн хоёр тулгуур бусдаасаа илүү жин дарах болжээ. Өнөөдөр дэлхий дээр технологи, хуримтлалтай улсууд илүү амжилттай байж, байгалийн баялаг, ажиллах хүчтэй улсуудад нөлөөгөө тогтоож байна. Хуримтлалын сангууд дотроо Тэтгэврийн сан хамгийн том, иргэдийн амьдралд нөлөөтэй нь байх юм. Өөрөөр хэлбэл, НДШ төлж байгаа иргэн тэтгэвэрт гараагүй байхдаа л үр шимийг нь хүртэж байдаг байна. Гэхдээ энд хүртлээ нэлээд зам туулдаг бололтой. Манай улсын хувьд энэ зам руу орох уу, байх уу хэмээн дэгэж дэрвэж байгаа гэж төсөөлж болно. Zuv.mn энэ удаад тэтгэврийн тогтолцоо гэсэн сэдвийг дахин онцоллоо.

Валютын сангийн барьсан бэлэг

Монгол Улс Хөгжлийн банкны босгосон 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийсний дараа үүсэх эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх, даван туулахын тулд 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт (Extended fund facility) хамрагдаж, сангаас 440 сая ам.доллар, хандивлагч орнуудаас 5.5 сая ам.долларын сахүүжилт авсан билээ. 

Хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улс ОУВСгийн өмнө 8 үүрэг авсан бөгөөд тэдгээрийг үндсэндээ биелүүлээгүй. Харин иргэдийн орлого, амьжиргаанд шууд нөлөөлөх “НДШ-ийг 5 хувиар нэмэх”, “Тэтгэврийн насыг 20 жилийн турш жилд зургаан сараар нэмэгдүүлэх” гэсэн үүргээ ягштал мөрдөж буй. Энэ дагуу НДШ-ийг 2018 оноос 2.0%, 2019 оноос 1.0%, 2021 онд 2.0%-иар нэмж 26% (Ажил олгогч-13.5%; Хувь хүн-12.5%) болгосноор шат дараатайгаар 5% нэмэгдүүлэх ажил үндсэндээ хэрэгжиж дуусчээ. Харин тэтгэврийн насны тухайд жилд зургаан сараар нэмэгдэж явсаар 20 жилийн дараа эмэгтэй хүн 65 насандаа тэтгэвэрт гарах зохицуулалтаар явж байна. 

ОУВС ийнхүү дөрвөн жил ажиллаад гарахдаа Монголчуудын амьдралд 20 жил нөлөөлөх өөрчлөлтийг хийлгээд явжээ. Гэхдээ үүнийг буруу талаас нь биш, тэтгэврийн тогтолцоондоо эрс шинэчлэл хийхийг сануулсан гэдэг талаас нь харвал бидэнд өгөөжтэй. Өөрөөр хэлбэл, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын, эс бөгөөс бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих ажлыг эхлүүлэх цаг нь болсон гэцгээж байгаа юм.

Тэтгэврийн тогтолцооны хэлэбэрүүд

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад, нийгмийн даатгалыг хэрэгжүүлэхдээ

 -“Эв санааны нэгдлийн” буюу хуваарилалтын тогтолцоо

 -Хагас хуримтлалын тогтолцоо

 -Бүрэн хуримтлалын тогтолцоо гэсэн гурван зарчмыг баримталдаг юм байна.

“Эв санааны нэгдлийн” гэдэг нь орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоо. Энэ тогтолцооны үед залуу үеийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрийн насныханд хуваарилдаг.

Бидний өвөө, эмээ одоо бидний төлж байгаа шимтгэлээр амьдарч, бид харин үр хүүхдийнхээ төлсөн шимтгэлээр амьдралаа залгуулна гэсэн үг.

Хагас хуримтлалын буюу хуримтлалын тогтолцоо нь даатгуулагчийн төлсөн шимтгэл нэрийн дансанд нь хуримтлагдаж байх бөгөөд захиран зарцуулах эрх нь даатгуулагчид өөрт нь байдаг.

Өөрөөр хэлбэл, насаараа хуримтлуулсан хөрөнгөө олон жил хувааж хүртэнэ үү, нэг мөсөн аваад үрж дуусгана уу, тухайн даатгуулагчийн эрх байдаг аж. Мэдээж, хагас хуримтлалын тогтолцооны үед бүх мөнгийг нь өгөхгүй тодорхой хэмжээ заана. Хэрвээ энэ тогтолцоонд шилжсэн тохиолдолд нэрийн дансан дахь мөнгө жинхэнэ утгаараа тухайн хүний хөрөнгө болж, тэтгэвэрт гараагүй байхдаа ч аж амьдралдаа ашигтай байлгах нөхцөл бүрддэг байна. Бидний эцсийн зорилго чухам энэ юм.

“Залуусын” гэх тодотголоо гээж буй Монгол Улсад аль тогтолцоо ашигтай вэ

Монгол Улсын хувьд эхний буюу нийгмийн даатгалын орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоогоор явж байгаа. Өнөөдөр хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн шимтгэлээр ахмад настны тэтгэврийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа гэсэн үг.

Энэ тогтолцоо нь хөдөлмөрийн насны иргэд тэтгэврийн насны иргэдээсээ тооны хувьд их байсан тохиолдолд л ашигтай байдаг онцлогтой. Хүн ам эрчимтэй өсч байсан 1960-аад оны үед энэ тогтолцоо яах аргагүй манай улсад хамгийн сайн тохирч байж. 1990-ээд оныг хүртэл иймээрээ л байжээ. Цаашдаа 2030-аад он хүртэл энэ чигээрээ ашигтай байх тооцоо ч гарч байлаа. Гэтэл чухам 1990 оноос хойш тооцоолоогүй хүндрэл гарч иржээ. Ардчилсан хувьсгал ялсны дараа үйлдвэр аж ахйн газрууд дампуурч, улсаараа шахам ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн, энэ хүндрэлээсээ одоо болтол бүрэн гарч чадаагүй нь өнөөгийн хүндрэлийг эхийг тавьсан байна. Манай Улс харьцангуй залуу хүн амтай ч гэсэн ажлын байрны хангамж муу байгаа зэрэг шалтгаанаас үүдэн Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн баланс алдагдалтай гарч байгаа юм. Тэтгэврийн сан одоогийн байдлаар жилд 600 орчим тэрбум төгрөг татаасаар авч буй. Сая НДШ 2 хувиар нэмсэн нь татаасыг 174 тэрбум төгрөгөөр багасгах бөгөөд дахин 5-6 хувиар нэжм байж дөнгөж баланслах байдал харагдана.

Хүн амын насжилт нэмэгдэж байгаа тул 2025, цаашлаад 2030 он гэхэд тэтгэвэр авагчдын тоо улам өсөж, улмаар нийгмийн даатгалын шимтгэл дахин нэмэгдэх, эс бол тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурах нь гарцаагүй байна. Тиймээс хагас, болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих ажлыг нэн даруй авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм.   

“Нэрийн данс”ны хуулийн одоогийн утга иргэдэд ашиггүй

1999 онд манай улс нийгмийн даатгалын тогтолцоондоо шинэчлэл хийж “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийг баталсан. Энэ хуульд 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдын шимтгэлийг нэрийн дансанд төвлөрүүлэх, төвлөрүүлсэн мөнгөнд хүү тооцохоор зохицуулсан. Гэвч нэрийн данстай болсон ч гэсэн үзэл баримтлал нь хуваарилалалтын тогтолцоогоо хадгалж байгаа учраас бүрэн утгаар нь шинэчлэл хийсэн гэж үзэж болохгүй юм.

Яагаад гэвэл, даатгуулагч тэтгэвэрт гараагүй байхдаа юм уу, тэтгэвэрт гараад удаагүй байхдаа нас барлаа гэхэд нэрийн дансан дахь мөнгө нь тэтгэврийн сандаа үлдэнэ. Нэг, эсвэл таван жил тэтгэвэр аваад үлдээсэн хүний мөнгө нөгөө рүү шилждэг хэвээр байна гэсэн үг.

Хүүхэд болоод ар гэрийнхэнд  нь өвлүүлэх, хөрөнгө оруулалтын эргэлтэд оруулах зэрэг зүйл заалт ч огт байхгүй. Нэрийн дансанд шилжинэ гэдэг тэтгэвэр тогтоох аргад л өөрчлөлт орсон гэсэн үг. Тэгэхээр нэрийн дансны хууль гарлаа гээд тэтгэвэр тогтоох аргыг л өөрчилсөн хэрэг болохоос тогтолцоог өөрчилсөн гэсэн үг биш. Дахин хэлэхэд, иргэдээ нэрийн данстай болгосон нь одоогоор төр зөвхөн ирээдүйд үүсэх эрсдлээс өөрийгөө хамгаалж байгаа агуулга давамгайлж, иргэндээ илүү боломж олгож байгаа агуулга нь 0-тэй тэнцэж байна. Төр мөнгө олоод иргэдийнхээ нэрийн дансыг мөнгөжүүлчих юм бол хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шууд шилжих боломжийг хадгалж буй нь л одоогоор энэ хуулийн иргэнд чиглэсэн ганц ашиг. Гэхдээ нэрийн дансаа мөнгөжүүлж байж л энэ ашиг нь гарах юм.

Хуримтлалын тогтолцоо

Иргэдийн чин хүсэл нь хуримтлуулж байгаа мөнгөө тэтгэвэрт гарсныхаа дараа биш, тэтгэвэрт гараагүй байхдаа аж амьдралдаа ашигладаг байх. Ийм боломжийг бүрдүүлсэн улсууд хөгжиж, иргэд нь ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл тэнгэр алхаж байна.

Тэгэхээр бид цаашдаа хуваарилалтын тогтолцооноос татгалзаж, хуримтлалын тогтолцоонд шилжих зайлшгүй шаардлагатай. Энэ ажлыг хийхэд улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх мөнгө хэрэг болно. Гэсэн ч хийх хэрэгтэй юм. Мэдээж 10 хэдэн их наяд төгрөг нэг дор олох боломж хомс. Харин эхний ээлжинд тэтгэвэрт гарч байгаа иргэдийнхээ дансыг мөнгөжүүлээд явах бололцоо бол бий. Төр энэ ажлаа хурдан хийж эхлүүлэх хэрэгтэй байна. Учир нь, төр хоёр ч удаа иргэдээсээ нүүрээ буруулчихсан. 1960 оноос хойш төрсөн иргэд ялангуяа эмэгтэйчүүд хуулийн дагуу 2015 оноос тэтгэвэрт гарч эхэлсэн ч дансыг нь мөнгөжүүлээгүй. Улмаар тэтгэврийн насыг хойшлуулах аргад шилжлээ. Тэтгэврийг дурын дараалсан 5 жилийн цалингийн дунджаас тооцдог байсныг 7 болгож нэмэгдүүлсэн нь ч бас л хорлонтой л үйлдэл байгаа юм. Тиймээс одоо тэтгэвэрт гарч байгаа иргэдийнхээ нэрийн дансыг мөнгөжүүлж эхлэх цаг болсон. Цаашдаа эхний ээлжинд гарч байгаа иргэдийн гэлтгүй бусад бүх иргэдийнхээ нэрийн дансыг мөнгөжүүлэх ажлыг хийхгүй бол иргэдийн ирээдүйдээ итгэх итгэл бөхөх гээд байна.

Халаасандаа мөнгөтэй, түүнийхээ хэмжээг яг таг мэддэг хүн бусдаас арай өөдрөг, сэтгэл санаа тэнэгэр явдаг бичигдээгүй хуультай.

Түүн шиг ядаж л “Нэрийн дансандаа мөнгөтэй хүн шүү би” гэж тайвшрах бололцоог иргэдэдээ олго л доо. Хэрвээ нэрийн дансыг мөнгөжүүлчих юм бол цаашлаад хагас хуримтлалын тогтолцоонд шилжих нөхцөл бүрдэнэ. Тухайн хүн төрөөс зүгээр мөнгө нэхээгүй, өөрийнх нь хурааж хуримтлуулсан хөрөнгө шүү дээ.

Улс төрчид баталсан хуулиа хэрэгжүүлж, амалснаа хийдэг байя. Гэхдээ бэлэн мөнгө өгч шээс баас болгох биш, дэлхийн чиг баримжаатай, устаж алга болох биш, арвижин батаждаг ажилд мөнгө зарж хэвшмээр байна. Иргэдийнхээ нэрийн дансыг нь мөнгөжүүлж, Тэтгэврийн сангаа босгоод авбал дансны эзэн хуримтлалаа барьцаалан зээл авах, ипотекийн зээлийн баталгаа болгох гэх мэтээр амьдралдаа ашиглах боломж бүрдэнэ. Ийм боломж бүрдүүлж өгөх ч ёстой.

Тогтолцооны асуудал хоёр жилийн өмнө хөндөгдөхөд УИХ-д хоёр хуулийн төсөл зэрэг орж ирсэн. УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан хуульд одоо бидний төлж буй 26.0 хувийн шимтгэлийн тодорхой хувийг тэтгэврийн хуримтлал руу шилжүүлэх заалт орсон бол Засгийн газар /НХХЯ, А.Ариунзаяа/-ын боловсруулсан төсөлд хуримтлал үүсгэх шимтгэлийг 26.0 хувиас тусдаа байхаар тусгасан. УИХ энэ хоёр хуулийг нэгтгэхийг даалгаад буцаасан юм. Шинээр гарах хуулийн гол нюанс нь энэ хоёрын алинаар тусгасан бэ гэдэгт орших юм.   

Нийгмийн даатгалын сангаас банкуудад бага хүүтэй байршуулж болж байхад тэтгэврийн зээлийн эх үүсвэр, ипотекийн зээлийн барьцаа болгож ашиглаж яагаад болохгүй гэж. Салхит, Хармагтай шиг орд олоод бэлэн мөнгө болгож тараах биш, Тэтгэврийн сангаа тэтгэе, нэрийн дансаа мөнгөжүүлдэг байя.   Ирээдүйд зайлбаргүй ирэх зовлонгоос зайлья гэвэл ард иргэд хуримтлалтай болцгооё. Улс төрчид бага шиг нарги, бүү тансагла. Битгий амла, улс төрчид бэлэн мөнгө амлахгүй бол ард иргэд нэхдэггүй. “Цар тахлаар халхавчлан цар тахлын дараа ч өөрчлөхөд хэцүү хууль баталж байна” гэдэг шиг хоёр, гурван жилийн хүндрэл бэрхшээлийг аргалаад 20, 30 жилийн зовлонгоор сольдгоо больё.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна