АЙЛЧЛАЛ: АНУ-тай байгуулах "Нээлттэй тэнгэрийн хэлэлцээр" гэж юу вэ, ямар давуу талтай вэ

Zuv.mn
2023/08/03

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харристай уржигдар Цагаан ордонд уулзаж, албан ёсны хэлэлцээр хийсэн билээ. Талууд уулзалтын өмнө хоёр улсын түүхэнд анх удаа Засгийн газрын түвшинд хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд энэ мэдэгдэлдээ “Нээлттэй тэнгэрийн бодлого”-д нийцсэн Агаарын тээврийн гэрээ /Open Skies civil aviation agreements/ байгуулна гэдгээ албан ёсоор зарласан. Zuv.mn энэ удаад АНУ-аас хэрэгжүүлдэг “Нээлттэй тэнгэрийн хэлэлцээр” гэж юу болох, гишүүн улсуудадаа ямар давуу тал авчирдаг талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Агаарын орон зайгаа харилцан нээж, бүгд хожих зарчим

"Нээлттэй тэнгэрийн бодлого"-д нийцсэн хэлэлцээр гэдэг нь АНУ-ын Засгийн газар бусад улс орны Засгийн газартай байгуулдаг хэлэлцээр юм. Хэлэлцээрт нэгдсэн улс нь нэг, нэгнийхээ өмнө харилцан үүрэг хүлээдэг бөгөөд энэ нь нөгөө талаар буцаагаад талуудад тодорхой давуу тал, эрхүүдийг үүсгэдэг онцлогтой. Зарчим нь “Нээлттэй зах зээл” буюу дэлхийн агаарын орон зайн ашиглалтыг нэмэгдүүлэх замаар харилцан давуу байдал үүсгэхэд суурилжээ.

Хэлэлцээрт нэгдсэнээр агаарын тээвэрлэгчийг томилох, нислэгийн багтаамж, давтамж, ашиглах агаарын хөлгийн тухайд хязгаарлалтгүй, тээвэрлэлтийн тарифыг хоёр талын Засгийн газар хоёулаа зөвшөөрөөгүй тохиолдолд л зөвшөөрөхгүй байх “хоёул үл зөвшөөрөх" зарчим буюу бусад нөхцөлд чөлөөтэй тогтоон мөрдөх, хоёр тал “ижил тэнцүү, шударга боломж"-оор хангагддаг. Гэхдээ үүний хажуугаар өрсөлдөөний зарчмыг илүү чухалчилдаг хэлэлцээр юм.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, АНУ-ын Төрийн департаментын Тээврийн асуудал хариуцсан газрын нарийн бичгийн дарга  Ричард Ёнеока /2023.I.24/

АНУ нь одоогийн байдлаар 130 улс, түүний дотор Европын холбоотой Агаарын тээврийн хэлэлцээр байгуулсан. Эдгээр 130 улсын 27 нь Монгол Улсын Засгийн газартай хоёр талын хэлэлцээртэй байна.  

Манай улс энэ хэлэлцээрийг байгуулснаар АНУ-ын нутаг дэвсгэрт шууд нислэг гүйцэтгэхээс гадна гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэлт хийж, нислэг гүйцэтгэх чөлөөтэй зохицуулалт бүрдэнэ. Нөгөө талаар мөн ижил боломжийг бусдадаа олгох юм. Ийм хамтын ажиллагаанаас бидний хүсээд буй гадаад худалдаа, аялал жуулчлалын салбарт өсөлт ирнэ гэж найдаж байгаа гэж ойлгож болно.

Хэлэлцээр байгуулах үйл явц 2023 оны нэгдүгээр сард Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид Улаанбаатар хотноо АНУ-ын Төрийн департаментын Тээврийн асуудал хариуцсан газрын нарийн бичгийн дарга  Ричард Ёнеока тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулах Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэж, санамж бичигт гарын үсэг зурснаар эхэлж, наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр АНУ-д гэрээг эцэслэн байгуулснаар дуусаж байна.

Хэлэлцээрт нэгдсэн улсуудад тавигддаг тодорхой стандарт, шаардлагууд байдаг. Манай улс иргэний нисэхийн салбараа энэхүү шаардлагад нийцүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд өдгөө үргэлжилж буй. Гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн гарах хамгийн эхний том  үр дүн нь АНУ, Монголын хооронд шууд нислэг үйлдэх явдал юм. Энэ ажил ирэх оны хоёрдугаар улирлаас хэрэгжээд эхэлчихнэ гэсэн мэдээллийг албаны эх сурвалжууд өгч буй. 

Цаашдаа иргэний агаарын тээврийн салбарын хөгжлийг хэдэн жилээр урагшлуулах төдийгүй, эдийн засгийн асар том боломжуудыг бий болгох юм.  

“Нээлттэй тэнгэрийн бодлого”-д нийцсэн Агаарын тээврийн гэрээ /Open Skies civil aviation agreements/-нээс гадна "Нээлттэй тэнгэрийн гэрээ" /Treaty open skies/ гэж бий. Хүмүүс эндүүрч магадгүй. Энэ нь Нээлттэй тэнгэрийн хэлэлцээртэй ямар ч хамаагүй бөгөөд АНУ, ЗХУ тэргүүтэй 30 гаруй хүчирхэг гүрнүүд бие, биенээ хянаж, итгэлцлээ бэхжүүлэх зорилгоор санаачилсан олон улсын гэрээ юм. Хүчний тэнцвэрийг хангаж, олон улсын дэг журмыг тогтооход чухал үүрэгтэй гэгдэж байсан боловч 2020 онд АНУ, 2021 онд ОХУ гарснаар ач холбогдлоо алджээ /Дээрх хоёр улс гарснаар гишүүн улсуудын нийт газар нутгийн хэмжээ 80 хувиар хумигдсан/.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна