Монгол Улсын Засгийн газар ураны хайгуул олборлолт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах Францын “Орано” групптэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна. Намартаа багтаад байгуулна гэсэн таамаг тов бий. Тэгвэл уг хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах зорилгоор байгуулсан Ажлын хэсэг өнгөрсөн бямба гарагт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Зөөвч овоо, Дулаан-Уулын уран олборлох уурхай, байгалийн уран буюу шар нунтаг ялгах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уг үйл ажиллагааг сурвалжлах үүрэг хүлээсэн бидний хэдэн сэтгүүлч, Цөмийн энергийн комиссын ажлын алба, БШУЯ-ны ажилтан цөмийн физикч, судлаачдаас бүрдсэн цомхон баг баасан гарагт Улаанбаатараас хөдөлж, Дорноговь аймгийн төв Сайншандад хоноод маргааш нь зорьсон газраа очсон бол Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Ховдод болсон Байтаг богдын тулгаралтын 75 жилийн ойн ёслолоос шууд “Бадрах энержи” ХХК-ийн кэмп дээр ирсэн юм. Франц-Монголын Парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн тэргүүтэй албаныхан мөн хүрэлцэн очсон байв.
Бид цаг алдсан ч том алдаагүй
Тус компани ирсэн зочдодоо хамгийн түрүүнд аюулгүй ажиллагааны дүрэм танилцуулж, зааварчилга өгсний дараа уурхай, үйлдвэртэйгээ танилцуулдаг юм байна. Тиймээс уурхайтай танилцах ажил кэмпэд байрлах хурлын зааланд аюулгүй ажиллагааны зааварчилга сонссоноор эхэлсэн. Дараа нь “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеард, Монголын талын эзэмшигч “Мон Атом” компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал нар танилцуулга хийлээ.
“Бадрах энержи” ХХК-ийн 66 хувийг Францын “Орано” групп, 34 хувийг “Мон Атом” компани эзэмшдэг. Монгол Улсад 1997 оноос ураны хайгуулын лиценз эзэмшин, 2006 онд Дулаан уул, 2010 онд Зөөвч-Овоо ордыг илрүүлж, өдгөө тус хоёр орд дээрээ олборлолт, үйлдвэрлэл явуулахад бэлэн болоод буй. Үндсэндээ Монголд хайгуулын лиценз эзэмшээд 26 жил, орд илрүүлээд 17 жил, ашиглалтын тусгай зөвшөөрлөө аваад долоон жил болсных нь дараа л Монголын төр боломж олгох гэж байгаа нь энэ.
Гүйцэтгэх захирал Марк Мелеард компанийн кэмп дэх хурлын танхимд болсон эхний танилцуулгадаа үүнийг сануулж байна уу гэлтэй, манайхтай яг ижил цаг хугацаанд ураны хайгуулаа эхлүүлсэн Казахстан улс эдүгээ дэлхийн ураны нийт олборлолтын 43 хувийг дангаараа хангах хэмжээнд хүрснийг онцолсон.
Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар харин захирлын ярианы “өө”-г анзаарсан гэлтэй, “Та бүхэн Монголд 26 жилийн турш ажилласан, хайгуулаас нь эхлээд ашиглалт, олборлолт, үйлдвэрлэл болгох гэж он удаан жил тэвчээртэй ажилласныг тань бид ойлгож байгаа.
Гэхдээ энэ цаг хугацаа монголчуудын хувьд ураны олборлолт, ашиглалтын талаар ойлголтоо нэгтгэх, асуудалд няхуур хандах цаг хугацаа байсан” гэсэн нь нэг талаар асуудалд хүлээцтэй хандсан Францын талд талархал илэрхийлсэн, нөгөө талаар одоо хийх Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад ашигтай байдлаар хийнэ гэдгээ товчоор ойлгуулсан углуургатай үг байсан гэдэг нь дараа, дараагийн байр сууринаас нь тодорхой харагдсан юм.
Үнэхээр ч энэ 26 жилийн хугацаанд Монгол Улс Цөмийн энергийн тухай хуулиа /2009 онд/ баталж, энэ салбарыг зохицуулах анхны хууль эрхзүйн орчноо бүрдүүлж авсан. Сүүлийн 10 гаруй жилд ураны хор хөнөөлийн талаар гарсан элдэв мэдээллийн үнэн худал нь ялгарч байна.
“Бадрах энержи” ХХК энэ хугацаанд Монголын ШУА-тай хамтран хяналт-шинжилгээний механизмуудыг бий болгож, тогтмолжуулжээ. Тодруулбал, ураны ордын хөрсний дээд, доод давхаргаас нэвчилтийг тогтоох шинжилгээ, олон км радиуст орших худгаас тогтмол дээж авч, Улаанбаатарт хөндлөнгийн хараат бус лабораториудад шинжлүүлдэг байна.
Казахстаныг судалж үзвэл бүр өдөрт таван удаа дээж авч шинжилдэг аж. Тэгэхээр хяналтын, хараат бус лабораторийг яг уурхай дээр байгуулах шаардлага ч үүсэх бололтой. Энэ мэдээж, хамгийн чухал асуудал тул манай талаас саналдаа тусгаад явах боломжтой. Төсөл хэрэгжсэнээр шууд 800, шууд бусаар мөн 800 ажлын байр бий болох танилцуулгыг бидэнд өгсөн. Энэхүү ажилчид хэр өндөр түвшнийх байх, монгол боловсон хүчнийг бэлтгэх тал дээр яаж анхаарах вэ гэдгийг манай тал мөн нухацтай ярина гэдгээ хэлж байсан. Одоо бол "Бадрах энержи" ХХК-ийн 104 ажилтны 96 хувь нь монгол юм билээ. Ямартай ч "Оюутолгой" 3000 хүн цалинжуулж Улаанбаатарт хог шүүрдүүлэх санал тавьж байсан шиг завхрал дахиж гаргуулж болохгүй гэдгийг монголчууд сайн ойлгосон нь харагдаж байв.
Уурхайд хамгийн ойр нутагладаг малчин н.Ариунболдынх сүүлийн жилүүдэд малын тоо толгой нь өсч аварга малчин болсон. “Бадрах энержи” ХХК хүнсэнд хэрэглэх махаа тэр айлаас авдаг аж.
2009 онд “Рио Тинто”-той байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ алдаатай байсныг ойлгож мэдэрснийг ч 26 жилээс олсон хожилд тооцож /Дахин давтахгүй байх боломж олгож байгаа гэдэг утгаар/ болно.
Тодруулбал, Оюутолгойн гэрээн дээр эхэлж алдаад, одоо нөхөж бий болгохоор хичээж буй Цогтцэцийг хотын хэмжээнд хөгжүүлэх, “Хөх морь” төсөлд оролцуулах гэх мэт асуудлыг “Орано” дээр давтахгүй, анхнаасаа гэрээндээ тусгаад явах боломжийг энэ 26 жилийн хугацаанд бид олж авчээ гэдгийг Ажлын хэсгийн гишүүд, “Бадрах энержи”-гийн удирдлагуудын ярианаас ойлгож болохоор байв.
Улаанбадрах сумын тухайд, газрын тосны баялагтай цөөхөн сумын нэг, БНХАУ-ын “Доншин” компани олборлолт явуулаад олон жил болж байгаа. Гэвч сумын хөгжилд олигтой хувь нэмэр оруулахгүй байгаа нь өнөөх л өмнө гарсан алдаатай гэрээнүүдийн үр дагавар үргэлжилж байгаа хэрэг.
Түүнчлэн, уран олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд гарсан технологийн ахиц дэвшил, олон улсын харилцаанд үүссэн шинэ нөхцөл байдал ч төслийг чухалчлан авч үзэх шалтгаан болжээ.
Уламжлалт ойлголтыг эвдсэн ураны уурхай
Монголчууд бид өөрсдийгөө тэнгэр заяатай, амны хишигтэй гэж ярьдаг. Тэгвэл тэнгэр заяа монголчуудыг ураны салбарт ч ивээжээ. Дэлхий дээр ураныг олборлох олон арга технологи байдгаас хамгийн аюулгүй, байгаль орчинд нөлөөлөл багатай нь Газар доор уусган олборлох арга юм байна. Энэ нь гэхдээ ордынхоо нөхцөл байдал, онцлогоос шалтгаалдаг.
Ураны хүдэр бүхий үе нь дээд, доод талдаа шингэн нэвчүүлдэггүй шаварлаг давхаргатай орд байсан тохиолдолд энэ аргыг хэрэглэх боломжтой болдог. Тэгвэл манай улсын ураны батлагдсан нөөцийн талаас илүүг бүрдүүлж буй уг хоёр орд дээрх шалгуурыг хангажээ. Тиймээс “Бадрах энержи” ХХК-ийн уурхайд хүнд техник тоног төхөөрөмж байхгүй, уул уурхайн түгээмэл дүр зураг болох цооног, хөрсний эвдрэл огт байхгүй, байгалийн унаган төрхөөрөө байсан нь биднийг багагүй гайхшруулсан юм.
"Бадрах энержи" ХХК-ийн уурхайн олборлолтын талбай
Газар дор уусган олборлох технологи нь нэвчүүлдэггүй шаварлаг давхаргуудын дунд тогтсоны уран агуулсан хайргалаг давхрага руу шахаж, чулуулагт наалдаж тогтсон ураныг уусгасных нь дараа соруулж, ураныг нь ялгасны дараа буцаан шахах маягаар тасралтгүй үргэлжилдэг аж.
Ялгах технологи нь ч энгийн, усанд ууссан ураныг тусгай давирхайлаг бодист наалдуулж авдаг. Битүү циклээр явагдах тул нэг ашигласан усаа дахин, дахин ашиглана. Бүрэн хүчин чадлаараа ажиллах үед 500 000 м3 ус битүү циклээр эргэлдүүлж ашиглах тооцоотой.
Энэ нь ижил хүчин чадалтай уурхайнуудад хэрэглэгддэгээс харьцангуй бага гэдгийг “Бадрах энержи” ХХК-ийн захирагч Марк Мелеард онцолж байв. Усанд холих хүхрийн хүчний хэмжээ бага, уусгалт буюу ураны агууламж өндөр гэдэг нь туршилтын явцад батлагдсан тул ийм бага тоо гарчээ.
Гадаад бодлогын “амин сүнс”-ээ аварч үлдэх боломж
Манай улс тусгаар тогтнол аюулгүй байдлаа цэрэг зэвсгийн хүчээр биш, дипломат бодлогоороо хамгаалдаг. Тэртэй тэргүй цэрэг зэвсгээр дийлэхгүй нь тодорхой тул 1990-ээд онд “Гуравдагч хөршийн бодлого”-ыг гаргаж ирж байсан түүхтэй.
Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд зөвхөн улс төрийн дэмжлэг хангалтгүй, эдийн засгийн ашиг сонирхлыг оруулж ирж байж л бодитой болдог тул манайхан нэг хэсэг гуравдагч хөршүүдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг шалгуургүй өгч байсан үе бий. Гэвч гуравдагчуудын төслийг урд хөршийн ААН-үүд үнэ цохиж худалдаж аван хүчгүйдүүлдэг байв.
Одоо хятадууд бүрэн ноёлж байгаа газрын тосны салбарт бид эхлээд АНУ-тай түшилсэн гэдгийг санахад хангалттай. Түүнчлэн, анхнаасаа үнэ өсгөж зарчихаад гарч явах сонирхолтой этгээдүүд ч тэдэн дунд байсан. Ураны салбарт л гэхэд Канадын “Хан ресурс” компани Дорнодын ураны ордын лиценз дээр хоёр хөршийн төрийн өмчит компаниаар үнэ хаялцуулж, Хятадын үндэсний цөмийн эрчим хүчний корпорацид /CNNPC/ зардгийн даваан дээр лицензийг нь цуцалж байв. Энэ явдлаас болж Арбитрын шүүхэд дуудагдаж өр төлбөрт унаж байсан удаатай.
Гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэхэд ямар хэцүү их саадтай байдгийг эндээс харж болох байх. Өдгөө олон улсын нөхцөл байдал өөрслөгдөж, талцан хуваагдах байдалд орж буй нь манай гадаад бодлогын амин сүнс болсон “Гуравдагч хөршийн бодлого”-ыг хүнд байдалд оруулж буй.
Тодруулбал, нэг талд ОХУ, БНХАУ, нөгөө талд барууны ертөнц бусдыгаа нэг талдаа гарахыг шахаж, албадаж байна. Энэ тохиолдолд манайх гуравдагчийн эрх ашгийг шинээр оруулж ирэх гэж гүйх хэцүү. Харин нэгэнт ороод ирчихсэн ашиг сонирхлыг тордож, томруулах нь хамгийн зөв гарц гаргалгаа байж болно. Олон жил зогсонги байдалд байсан орд хөдөлж эхэлсний нэг шалтгаан энэ болов уу. “Бадрах энержи” ХХК-ийн төсөл хөдөлснийг зөвхөн гадаад нөхцөл байдалтай холбохгүй.
Дотоодод эрх баригчид мөн үе солигдож шинэчлэгдсэн, өөрийн гэсэн бодолтойгоос гадна нэгдмэл байгаагийн илэрхийлэл мөн. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарын хэлснээр, тэрбээр Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдтал “Бадрах энержи”-тэй холбоотой асуудлаар улстөрчдийг Франц юм уу өөр бусад улс руу явахыг хориглосон.
Өмнө нь, УУХҮ-яамнаас нэг яваад, АМГТГ-аас нэг яваад л өөр, өөрсдийн бодлоо ярьдаг байдлыг энэ удаа гаргуулахгүй. Ерөнхийлөгч “Эхлээд “Бадрах энержи”-гээс ТЭЗҮ-г нь авч байж, хөдөлж эхэл” гэсэн чиглэл өгсөн, Ажлын хэсэг ч ийм байр суурьтай байгаа аж.
Марк Мелеард захирлын хэлснээр бол УУХҮЯ-наас шинжээч томилсон, дүгнэлт нь арай гараагүй. Шинжээчийн боловсруулсан 320 асуултад өнгөрсөн баасан гарагт хариулж дууссан гэнэ. Энд асуудал гарахгүй бол дүгнэлт үйлдүүлээд Ашигт малтмалын мэргэжлийн зөвлөлд танилцуулж, нөөц бүртгүүлэх юм байна. Манай тал ажлын тав хоногт шийдэх ёстой. Энэ процесст элдэв асуудал гарахгүй бол ТЭЗҮ-г хүлээлгэж өгч, манай талын ажил жинхэнэ утгаараа эхэлнэ.
Хөгжиж, дэвшье гэвэл хийхээс аргагүй сонголт
“Бадрах энержи” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийг цэвэр эдийн засгийн агуулгаар харвал сэтгэл тийм ч их хөдөлгөхөөргүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. ТЭЗҮ манай талд хараахан ирээгүй байгаа ч Марк Мелеард захирлын танилцуулснаар бол төсөл хэрэгжих 30 орчим жилийн хугацаанд улсын төсөвт тэрбум орчим ам.доллар төвлөрүүлнэ. Орон нутгийн хөгжилд жил бүр нэг сая ам.доллар зориулна гэх мэт даруухан тоо харагдана. Гэхдээ бусад агуулга нь асар өргөн юм.
Монгол Улсын Төмөр замын сүлжээг өргөтгөх асуудал яах аргагүй түүний нэг. Өөрөөр хэлбэл, "Бадрах энержи" Улаанбадрах сумыг Зүүнбаянтай төмөр замаар холбох төлөвлөгөө зуржээ. Автозам, цахилгааны шугам ч тавигдана.
Цөмийн салбар бол салбар шинжлэх ухаан хөгжүүлэх хамгийн өргөн боломжтой салбарын нэг. Анагаах ухаан, хөдөө аж ахуй гэх мэт манай гол салбаруудад маш хэрэгтэй технолгиуд энэ төслөөр дамжиж орж ирэх боломжийг манай эрх баригчид бүрдүүлэхээр хичээж буй. Цөмийн цахилгаан станцын сураг ч бий.
Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад айлчилж, цөмийн эрчим хүчний асуудлаар албан ёсны хэлэлцээ хийгээд буцахдаа "Миний бие хоёр улсын эдийн засаг болон биологийн олон төрөл зүйлийг нүүрстөрөгчөөс ангижруулах асуудлыг ярилаа.
Эхний ээлжид, эрчим хүчний бие даасан байдлаа бэхжүүлэхийн тулд нэн чухал металлуудыг нийлүүлэх, танай улсын тус ашигт малтмалыг нийгэм, байгаль орчны шилдэг стандартуудыг дагаж мөрдөн улс орны хөгжилд хүчтэй нөлөө үзүүлэх төслүүдээр дамжуулахад хамтарч ажиллахаар шийдлээ. Үүний тулд "Орано" компанийн түншлэл нь ерөнхий бүтцийн элемент болж байна” гэж мэдэгдсэнийг энд онцольё.
Манайх баялагтай, хөгжих боломжтой гэж ярьдаг ч эрчим хүчгүй бол яагаад ч хөгжихгүй нь тодорхой. Уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хэрэгжих олон том төсөл эрчим хүчний хүрэлцээгүй байдлаас болоод гацаж, хүнд байдалд орж буй. Энэ гацаанаас гарах нэг хувилбар нь цөмийн цахилгаан станц байж болно. Манай улс цөмийн зэвсэггүй бүс болохоос цөмийн эрчим хүчгүй бүс биш.
Уурхайд ажиллах үеэр Монгол-Францын парламентын бүлгийн Монголын талын ахлагч Ж.Чинбүрэн Монголд бүртгэгдэж буй хорт хавдрын шалтгаанд нүүрсний бохирдлоос үүдэлтэй хавдар хүч түрж байгааг онцолсон нь анхаарал татаж, цаашид асуудал энэ чигт явах нь уу гэсэн дохиог өгч байсныг уншигчдадаа дуулгахад таатай байна..
Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Цөмийн энергийн агентлаг (Nuclear Energy Agency) жилийн өмнө цөмийн эрчим хүчийг сэргэгдэх эрчим хүчтэй адилтгаж, “Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд эрчим хүчний тасралтгүй найдвартай байдал чухал нөлөөтэй. Цөмийн эрчим хүчний реакторын шинэ төслүүд хэрэгжүүлэх, одоо ажиллаж буй реакторуудын ашиглалтын хугацааг уртасгах замаар энэ зорилтыг хангана” гээд улс орнуудын Засгийн газруудаас цөмийн эрчим хүчний төслүүдэд дэмжлэг үзүүлэх нь зүйтэй" гэж зөвлөснийг энд бас онцлох ёстой.
Нэг хөгжилтэй, бас бодууштай нь, "Бадрах энержи" ХХК ТЭЗҮ-дээ ХОГ байгуулагдсаны дараа жилд 750 тонноос эхэлж, таван жилийн дотор үндсэн хэмжээ буюу 2500 тоннд хүргэхээр төлөвлөсөн. Марк Мелеард захирлаас энэ талаар тодруулахад "Төрийн байгууллагууд зөвшөөрөл өгөх тал дээр хойрго ханддаг тул тэр эрсдлийг сунгаж тавьсан" гэж хэлсэн. Х.Нямбаатар сайд энэ тайлбарыг сонсоод "Нэгэнтээ дэлхийд туршигдсан стандартыг шууд нутагшуулдаг байх бодлогыг ХЗДХЯ баримтална" гэж байв. Тэрээр үүний өмнө багийнхандаа хандаж, ажлыг хэсэг ахалсныхаа дараа салбарын хууль журмыг судалж үзэхэд аль асуудал нь Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулагдах, аль нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах нь мэдэгдэхээргүй тодорхойгүй байдал ажиглагдсан тул цэгцэлнэ гэдгээ хэлж байсан. Тэгэхээр, ХОГ-г дагаад хууль эрхзүйн шинэчлэл бас хийх юм билээ.
Хөрөнгө оруулалтын гэрээний шинэ жишгийг бий болгох ёстой
Манай улс 2009 онд “Рио Тинто”-г оруулж ирснээс хойш гуравдагч хөрштэй хамгийн том Хөрөнгө оруулалтын гэрээгээ үзэглэх гэж байна. Х.Нямбаатар сайдын хэлснээр, бид өмнө нь “Оюутолгой” дээр нэг алдсан учир “Бадрах энержи” дээр алдах эрхгүй.
Энэ нь шинээр байгуулаагдах ХОГ цаашид байгуулагдах гэрээнүүдэд жишиг болно гэдэг утгаараа ач холбогдлыг нь улам өсгөж, Ажлын хэсэгт ногдох хариуцлагыг нэмж байгаа. Ажлын хэсэг нэгэнтээ улсынхаа эрх ашгийг хамгаалж байгаа тул иргэдийн дэмжлэг ч чухал гэдгийг тэмдэглэе.
2023 оны зургадугаар сарын 10-ны өдөр уурхайн кэмпид болсон даруухан үйл явдал хөрөнгө оруулагчдад шинэ жишиг болж, Монгол Улс цөмийн технологи руу хийх шилжилтийн эхийг тавьсан байгаасай гэж хүснэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.87.5
Бид юмны учир олохдоо удаан байдаг нь хүн амын ихэнхи нь эргүү тэнэгийн ангилалд багтдагт оршино.
Хариулах213.87.149.236
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах192.82.81.71
Дэлхийд туршигдаад ОК болсон технологийг Монголдоо суурьшуулмаар бгаам. Зөндөө л алдлаа. Одоо онох цаг ирж бгаа гэж найдаж бна. Уг нь Нямбаа сайд юм хийх л хүн дээ гэж найдахын, мэткүэ мэткү
Хариулах202.170.73.198
Ерөөсөө л энэ. Нямбаатарыг дэмжиж бна. Хэдий болтол тамын тогоондоо бид амьдрах вэ
Хариулах66.181.161.34
Ямар мундаг бичээ вэ
Хариулах