Элсний үйлдвэрлэлд хувьсгал хийж, эдийн засгаа тэтгэх боломж

Х.Батсайхан
2023/06/15

Улс орнууд цөлжилттэй янз бүрийн аргаар тэмцэж байна. Ойн зурвас байгуулах, олон наст ургамал тарих гэх мэт нь цөлжилтийг сааруулах, зогсоох үндсэн арга хэрэгсэл болж буй. Тэгвэл цөлжилтийн араас шил даран явж байдаг элсний нүүдлийг зогсоох, эдийн засгийн эргэлтэд оруулах нь цөлжилттэй тэмцэх бас нэгэн чухал арга мөн.

Элсийг ашигласнаар цөлжилттэй тэмцэхээс гадна чанарын дэвшилт гаргана

Элсийг эдийн засгийн эргэлтэд оруулах, элсний үйлдвэрлэл хөгжүүлэх гэхээр уншигч танд сонин байж магадгүй. Гэхдээ манайхаас бусад улсад энэ салбар хөгжөөд удаж байгаа бөгөөд энэ салбарыг хөгжүүлэхэд олон ажлын байр бий болж, тухайн бүс нутгийн иргэдийн амьжиргаа сайжирдгийн дээр бүтээгдэхүүнийг нь хэрэглэдэг маш олон салбарын бүтээмж, чанар стандарт сайжирдаг байна.

Зам, барилга угсралт: Монгол орны нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулах болсон. Энэ нь барилгын чанар, бат бөх байдалд өөрийн эрхгүй анхаарахад хүргэж байна. Гэтэл энэ чухал үед элсний хомсдолтой холбоотойгоор угаагаагүй бохир элс, дайрганы элсэрхэг хэсгийг нийлүүлж, хэрэглэснээс бетон хольцийн хэвлэгдэх чанарыг хангуулахад хүндрэлтэй болж байгаа талаар зуурмагийн үйлдвэрүүд ярих болсон.

Өөрөөр хэлбэл, барилгын салбарт “Элсний хомсдол, чанар нь бетоны үйлдвэрлэл, чанарт нөлөөлөх гол хүчин зүйл” болоод байна.

Манай бетон зуурмагийн үйлдвэрүүд нь М100-М600 маркийн бетон үйлдвэрлэдэг юм байна. Эдгээрээс хамгийн түгээмэл нь М350 маркийн бетон бөгөөд 1м3 бетоныг үйлдвэрлэхэд ойролцоогоор 900 кг орчим байгалийн элсийг ашигладаг (нийт орцын 35 орчим хувь) аж. Монгол Улсын жилийн хэрэглээ 1,000,000м3 гэж үзвэл ойролцоогоор 1,200,000 тонн (750,000м3) элсийг бетоны үйлдвэрлэлд ашиглаж байна. Эдгээр их хэмжээний элсийг голын сав газар болон байгаль дээрх ил нөөц газар гэсэн хоёр эх үүсвэрээс олборлодог. Харамсалтай нь, голын сав газраас олборлох үед хөрсний олон давхар үеэс элсэн үе буюу олон давхар шүүлтүүрийнх нь нэгийг хуулж таардаг. Энэ нь ундны ус бохирдлын нэг эх үүсвэр болдог, байгалийн бэлэн элсийг олборлоход хөрс эвдэрдэг байна.


Тухайлбал, Зуунмодны элсний ордын олборлолтын эрхийг хяналт төлөвлөлтгүй олгосноос газрын эвдрэл, элсний нүүдэл хүчтэй явагдаж цөлжилт үүсгэж байгаа жишээ байна. Цаашид энэ арга барилаараа явбал барилгын салбар хөгжихийн хэрээр элс олборлолт нэмэгдэж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, ундны усны хомсдол, хөрсний эвдрэл цөлжилт мөн ихсэх нь зайлшгүй. Тиймээс газрын ойр гэж нийслэл буюу хангайн бүсээ сүйтгэлгүй тэртэй тэргүй цөлжиж, элсний нүүдэлд идэгдэж байгаа говийн бүсэд элсний үйлдвэрлэлийг төвлөрүүлбэл ясан юм бэ гэсэн санал гаргаж байгаа юм. Цаашлаад барилгажилт Улаанбаатарт биш, арай урагшихнаа төвлөрөх магадлал ч бий. Алсдаа гарах магадлалтай шинэ нийслэл барих, нийслэлийн статусыг өөр хотод шилжүүлэх гэх мэт шийдлүүд нь мөн элсний үйлдвэрлэлийг говийн бүсэд төвлөрүүлэх санааг зөвтгөх нэг үндэслэл гэж бодож байна.

Газрын тос, байгалийн хийн олборлолт, шилний үйлдвэрлэл: Элсний хэрэглээ зөвхөн барилга, зам төдийгөөр хязгаарлагдахгүй. Шинжилгээ судалгаагаа сайн хийвэл элс нь шилний үйлдвэрлэлийн үндсэн орц, байгалийн хий, газрын тосны олборлолтод чухал хэрэгтэй түүхий эд болдог. Газрын тос, байгалийн хий олборлосон цооногуудыг элсээр дүүргэдэг. Бөөрөнхий ширхэгтэй, нурамтгай, газрын хэлбэр дагаж дүүрдэг элсээр цооногийг дүүргэхэд дутуу олборлогдсон тосыг өөр олборлоход амар байрлал руу шахдаг аж. Мөн хожим нээх хэрэг гарч магадгүй цооногуудыг элсээр бөглөдөг бөгөөд хэрэг гарсан үед усаар буудан онгойлгох нь эдийн засгийн асар хэмнэлттэй байдаг юм байна.

Энэ бол чанарын шаардлага хангасан, угааж боловсруулсан элс үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй БНХАУ зэрэг улс орнуудад экспортлох ч боломж байна гэсэн үг.

Гаднын улсуудын туршлага

Элс боловсруулах үйлдвэрлэл гаднын улсуудад өндөр хөгжсөн байдаг. Барилга, замын стандарт өндөр, чанартай байдаг нь үндсэн түүхий эд болох элс чанартай байдалтай холбоотой гэхэд буруудахгүй.

Эдгээрээс хойд хөршийн “Спецнефтематериалы” ХК-ийг жишээ авья. 1956 онд Сталинградын ордыг түшиглэн байгуулагдаж, хойтон жил нь “Сталинграднефть” нэгдлийн бүрэлдэхүүнд нэгдэж байсан тус компани нь өдгөө байгалийн элсийг том, дунд, жижиг гэх мэт дөрвөн төрлийн ангилалтай, 97-99 хувийн агууламжтай (тоосгүй) болгон боловруулж савлаад худалддаг. Эдний үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд хор хөнөөлгүй тул эрүүл ахуй, халдвар судлал хариуцсан байгууллага нь шалгаж, дүгнэлт гарган баталгаажуулжээ. Бүс нутагт ажилладаг бетон зуурмагийн болон бусад үйлдвэрүүд орцоо эндээс авдаг. Авсан газруудын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн мөн чанар сайтай байдаг байна.

Зөвхөн зам, барилгаар тогтохгүй, газрын тос, хий, төмөрлөг, шилний аж үйлдвэр, хөрсний нөхөн сэргээлт, инженерийн шугам сүлжээ, ус цэвэршүүлэх, тусгаарлах материалын үйлдвэрлэл, шувууны тэжээлийн үйлдвэрлэл гэх мэт олон чиглэлд ажилладаг байгууллагууд хамтарч ажилладаг байна.

Эдийн засгийн ач холбогдол

Одоо ОХУ-ын зах зээлд нэг тонн элс 2000-5000 (80 000-200 000 орчим төгрөг) рублийн ханштай байна. Баячууд усан сан, хиймэл цөөрөмдөө дэвсдэг, 25 кг нь 600 орчим рублийн ханштай элс ч байна. Ийм элсний танилцуулгад “Эдэлгээ сайтай, 2 жилдээ солих шаардлагагүй” гэхчлэн бичсэнээс үзвэл бас байсхийгээд сольдог бололтой. Зах зээлийн эрэлт байна гэсэн үг.

Манайд жишээ нь ийм өндөр үнэ тогтох боломж бага. Гэхдээ цогц байдлаар хөгжүүлснээр үр ашиг гарна. Үнэ ханш бага, овор ихтэй түүхий эдийн бизнес нь угаасаа таваарын гэхээсээ ложистикийн бизнес байдаг. Түүн шиг элсний үйлдвэрлэлээс овойж оцойтол ашиг олдоггүй юм гэхэд тээвэр, дагалдах үйлдвэрүүдээр ажлын байр бий болгох замаар ашиг хүртэх боломж бий. Элс нь нүүдэл дундаа олон төрлийн хог, хольцыг хамж явдаг тул цэвэршүүлэх үйлдвэр байгуулдаг. Мөн задгайгаар тээвэрлэх ёсгүй тул 25 кг-аас эхлээд 0.5, 1, 2 тоннын багтаамжтай, сайн чанарын оёмол шуудай хэрэг болдог. Энэ хэрэгцээг хангах оёдлын үйлдвэрийг орон нутагт байгуулж болно. Энэ мэтээр нэг жижгэвтэр хэмжээний нэг үйлдвэрийг дагаад 100-120 байнгын ажлын байр бий болдог байна. Энэ бол элсийг үйлдвэрлэлийн эргэлтэд оруулсны эдийн засгийн үр ашиг. Мөн мэдээж, зам, барилгын салбарт чанарын ахиц дэвшил гарах том ашиг сонирхол хангагдана.

Говь-Алтайн Хөхморьт анхдагч болох уу?

Манай орны говийн бүс нутаг эрчимтэй цөлжиж, элсний нүүдэл хойш чиглэн хот суурингуудыг ч эзлэхэд бэлэн болоод буй. Тэгвэл энэ аюул хамгийн ихээр тулгараад байгаа газар бол Говь-Алтай аймгийн Хөхморьт сум юм. 30-40-өөдхөн жилийн өмнө “Элсний нүүдэл сумын хамгийн арын айлын хашаанд тулж ирсэн” гэгдэх тус сум гэхдээ элсийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд Монголдоо анхдагч болж магадгүй.

Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга асан Т.Ганзориг

Би Хөхморьт суманд төрж өссөн болохоор цөлжилт ямар аюул тарьж байгааг сайн мэднэ. Аймгийн ИТХ-д дөрвөн удаа сонгогдож ажиллаж байсан хүний хувьд сэтгэл зовж, анхаарч ажиллаж ирсэн. Тэмээтэй хүн харагддаггүй, шавагтай байсан газар одоо элсэн манхан болсон. Цөлжилт үүсэх шалтгаан олон янз. Үүнээс хүний хүчин зүйлийн нөлөө их байгааг онцолж хэлмээр байна. Ойн зурвас сүйдсэнээс элсний нүүдэл маш хурдацтай явагдсан. Тэгэхээр бид мод бут тарихаас гадна элсийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Ингэж чадсан улс орнуудын бэлэн жишээ бий.

Геологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Монгол интернэйшнл стар металл майнинг реусурс” компани тус суманд буй нөхцөл боломжид тулгуурлан “Элсийг эдийн засгийн эргэлтэд оруулж, цөлжилт, элсний нүүдлийг зогсоох, ажлын байр бий болгож, иргэдийн амьдрал, сум орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах” зорилготой төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ аймаг, орон нутгийн захиргаанд гаргаад байгаа юм билээ. Орон нутгаас холбогдох зөвшөөрлийг олговол 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үйлдвэр байгуулах, улмаар үйл ажиллагаа явуулж, анхны хөрөнгө оруулалтаа таван жилийн дотор нөхөх тооцоо хийжээ. Хэр баргийн үйлдвэр 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг таван жилд нөхөхгүй. Элсийг эргэлтэд оруулж эдийн засгийн ашиг олох ямар их боломж бололцоо байгааг ганц энэ төслийн жишээнээс харж болох юм.

Төр засгийн бодлого хэрэгжилтийн хурд социализмын үеийнхээс ч дор байна

Монгол Улс 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр баталж, түүнтэй уялдуулсан олон ч хууль журам баталсан. Хуультай улс оронд бүх ажил хуулийн дагуу явах нь зүй. Тийм учраас хууль эрхзүйн орчин бүрдүүлэх нь мэдээж чухал. Гэхдээ бий болгосон хууль эрхзүйн орчиндоо тохируулаад далайцтайхан ажил хийх нь түүнээс ч илүү чухал. Өнөөдөр байгаль орчны доройтол, цөлжилт 40, 50 жилийн өмнөхөөс илүү хурдассан байхад төрөөс авч байгаа арга хэмжээ тэр үеийнхэд ч хүрэхгүй, өөрөөр хэлбэл цөлжилтийнхөө хурдыг гүйцэхгүй байна.

БНМАУ-ын СнЗ-ийн дарга Ж.Батмөнх 1979 онд Хөхморьт суманд ажиллаад буцахдаа шийдэж өгсөн асуудлууд үүний нэг л жишээ юм. Тэгэхэд Хөхморьт сум элсний нүүдэлд шахагдсан байсан бөгөөд Ж.Батмөнх дарга байдлыг харж учрыг ойлгоод цөлжилттэй тэмцэх чиглэлд улсаас 1.5 сая төгрөг гарган, элсний наагуур ойн зурвас байгуулж өгч байжээ. Гуулингийн усжуулалтын анги тэр чигтээ дайчлагдан оролцож байсан энэ ажил долоон жил үргэлжилж 1986 онд дууссан гэдэг. Тухайн үедээ л дэвшилттэй автомат худаг барьж, усжуулалтын системтэй аж ахуй ч байгуулж байж. Харамсалтай нь, нутгийн иргэд чөлөөт өрсөлдөөнт эдийн засагт шилжих гэж бүдчиж байх зууртаа энэ бүх бүтээн байгуулалтаа өөрсдийн гараар сүйтгэсэн байна. Шилжилтийн үе бүх улсад амар байгаагүй нь тодорхой. Тэглээ гээд манайх шиг бараг бүх ололтоо сүйтгээд тэгээс эхлэх хэрэгтэй болсон нь хэд байдаг бол.

Одоо нийгмийн байгуулалт өөр болсон учраас бүх ажлыг төр хөрөнгө гаргаж хийх боломжгүй, тэгэх шаардлага ч байхгүй. Гагцхүү ажил хийе гэсэн хувь, хүн байгууллагаа мэдээллээр хангаж, боломж бололцоог нь олгоход хангалттай. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн 9.5.1.1-т “Орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор газрын боломжит нөөцийн зохистой ашиглалтыг хангаж чадахуйц газар зохион байгуулалтын төлөвлөлтийг шинэчлэн боловсруулах” гэсэн зорилт бий. Цөлжилтөд өртсөн, өртөхөд ойрхон байгаа засаг захиргааны нэгжүүд энэ зорилтыг хангах чиглэлд хувийн хэвшилтэй нягт хамран ажиллах, бодлогоор дэмжиж ажиллахад бэлэн байдаг гэсэн үг. Гагцхүү таниулан мэдүүлэх ажиллагаа дутуу дулимаг байгаа гэж харж байна.

Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрт “Ган, цөлжилт, газрын доройтлын хяналт- шинжилгээний нэгдсэн мэдээллийн сан байгуулах” гэсэн зорилт ч бас бий. Энэ сангаа олон нийтэд нээлттэй болгож, багахан зохион байгуулалт хийчихвэл ядаж л хүмүүс яг хэрэгтэй газар нь очоод мод тариад байх юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.11
    2023/06/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.126.90.38
    2023/06/15

    Shil tsonh shilen urlal tsonh haalt uu Hhe.

    Хариулах