Урсгал: Миний бүх уран бүтээлийн үндэс суурь бол байгаль. Учир нь би өөрөө байгалийн нэг хэсэг

2023/06/29

Саунд арт болон экспериментал чиглэлээр туурвидаг бие даасан уран бүтээлч Урсгал буюу Э.Урангоотой ярилцлаа.

-Таны уран бүтээлд экспериментал хөгжим байр суурь эзэлдэг. Хөгжмийн энэ төрлийг та юу гэж тодорхойлох вэ?

-Туршилтын хөгжим гэх юм уу. Монголоор юу гэж орчуулдгийг бүрэн сайн тайлбарлаж мэдэхгүй байна. Хөгжимчин хүн яг тухайн тэр цаг мөчид, өөрт байгаа техник хэрэгслийг ашиглан сэтгэл хөдлөл мэдрэмжээрээ импровизаци буюу бэлдэж төлөвлөхгүйгээр хийдэг. Нөгөө талаараа зүгээр л тухайн мөчдөө юманд баригдалгүйгээр туршилтын хөгжим хийнэ гэсэн үг.

-Орос артисттай хамтарч уран бүтээл хийсэн гэсэн?

-Өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур Санкт Петербург хотоос хоёр уран бүтээлч ирсэн юм. Тэр хоёр маань экспериментал болон документари кино уран бүтээл хийдэг. Өөрсдийн хийсэн анимейшнээ авч ирсэн дээр нь би тухайн мөчид нь дуулж, хөгжмийн импровизаци хийсэн. Хоёр оросын нэг Алексей Мыслицкий нь бүтээсэн киногоо “Playtime” дахь киноны буланд тавьж оролцоно. Мөн манай “Үр” контемпорари театрынхан хамтарч хэд, хэдэн жүжиг, кино бүтээхээр болсон.

-Анх хэзээнээс хөгжим тоглож эхэлсэн бэ?

-Би 14 настай байхдаа анх хөгжим тоглосон. Эхэндээ зүгээр л дуулдаг хүүхэд байсан юм. Дуучин байлаа. Гитар тоглож сурсан шалтгаан нь их тэнэг л дээ (инээв). Манай хамтлагийн хүмүүс миний яг хийхийг хүсэж байсан дуу, аяыг тоглож өгөх боломж байгаагүй болохоор 16 настайдаа гитар тоглож сурсан.

-Хэзээнээс жүжиглэж эхэлсэн бэ?

-Би өөрөө их олон зүйлсийг туршиж үзэх дуртай хүн. Манай “Үр” контемпорари театр “Blackbox” театртай хамтарч жүжиг тавьдаг байлаа. Тэдний нэг нь болох Л.Өлзийтөгсийн зохиол, манай театрын Н.Ууганцацралын найруулж тавьсан абсурд жүжигт анх жүжиглэсэн.


-Тэгвэл экспериментал, контемпорари урлагийг хэзээнээс сонирхов?

-2018 оны үеэс өөрөө продюсингээ хийгээд ганцаараа гитар дээрээ экспериментал хөгжим хийдэг байсан юм. Тухайн үедээ өөрөө яг юу хийгээд явж байгаагаа сайн мэддэггүй байсан. Тэгж байтал 2019 онд Хөх Нар контемпорари нэгдэлийн уран бүтээлч ах эгч нартай танилцсан. Тухайн үед Монголд байсан 20, 30 контемпорари уран бүтээлчидтэй хамт хөдөө явж, тухайн орчноосоо мэдэрсэн мэдрэмжээрээ бүтээл туурвих тав хоногийн хөтөлбөрт оролцох боломж гарсан юм. Манай театраас Н.Ууганцацрал бид хоёр явсан. Тэр үеэс контемпорари урлагт хөл тавьсан.

-Анх ямар мартагдашгүй мэдрэмжийг контемпорари урлаг танд өгч байсан бэ?

-“Хөх Нар”-ын арт ресидэнсэд явахад миний толгойд бүр бүүм болж байлаа. Тэнд маш олон насны, олон төрлийн өөр өөр зүйлс хийдэг уран бүтээлчид байсан. Хамгийн сайхан нь тэр хүмүүс маш эрх чөлөөтэй байсан. Би ямар ч бүтээл хийсэн, юу ч ярьж байсан тэдэнд хамаагүй, үнэхээр л өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байх итгэлийг түрүүлсэн. Юманд маш их нээлттэй хандаж байсан болохоор надад “Би энд үнэхээр өөрийнхөөрөө байж болох юм байна” гэдэг мэдрэмж төрсөн. Тэр бол контемпорари урлагаас миний амталсан хамгийн анхны гайхалтай, мартагдашгүй мэдрэмж байсан.


-Уран бүтээлийн шинэ санаагаа хаанаас, яаж олж авдаг вэ?

-Юм бодохгүй байх үедээ олж авдаг. Тухайн мөчид юу ч төлөвлөөгүй байхдаа, жишээ нь, “Энд ийм хүмүүс үзэх гэж ирсэн байна, би тийм зүйл тоглож үзүүлнэ” гэх ямар ч бэлтгэлгүй байх цагт би өөрийгөө сорих дуртай.

Би ер нь “Би хаана ч байсан уран бүтээл хийж чадна” гэж өөртөө итгүүлдэг. Тийм учраас намайг хаана ч байсан “Ийм бүтээл хий” гэхэд би хэдий айж байгаа ч гэсэн тэр мэдрэмждээ дуртай байдаг болохоор хаанаас ч, хэзээ ч сэдэл, өгөгдлийг авдаг.

Хүн бүр л хэцүү зүйлийг өөр өөр өнцгөөс олж хардаг. Уран бүтээлч хүнийхээ хувьд би хэцүү зүйлтэй аль болох нүүр тулахыг хичээдэг. Энэ маань ч миний уран бүтээлээсээ авдаг сэтгэл ханамжуудын нэг.

-Уран бүтээлээсээ үзэгчдийг юу мэдэрч ойлгоосой гэж хүсдэг, ямар санаа өгөхийг оролддог вэ?

-Өөрсдийгөө мэдэрч сонсоосой. Одоо бид техник, технологийн дэвшилтэт үед амьдарч байна. Тэр хэмжээгээрээ өөртэйгөө ойрхон байх, холбогдох мөч улам л багассаар байгаа. Тийм учраас ямар ч насны хүн зөвхөн миний гэлтгүй бусад уран бүтээлийг ойлгохдоо өөрөө, өөртэйгөө л харьцаж сураасай гэж хүсэж байна. Илүү их цагийг өөртөө зарцуулж, өөрийгөө сонсож, байнга дотогшоогоо өнгийж, амьдралыг таашааж амьдраасай.

-Байгаль танд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Миний бүх уран бүтээлийн үндэс суурь бол байгаль. Учир нь би өөрөө байгалийн нэг хэсэг. Тиймээс миний уран бүтээл байгалиас хэзээ ч холдохгүй гэдгийг би хэчнээн жилийн дараа ч бүрэн итгэлтэй хэлж чадна. Хүн гэдэг өөрөө байгалийн бүтээгдэхүүн юм шүү дээ. Чи зугтсан ч яаж ч мултарч чадахгүй.

Байгаль хүнтэй ярилцах үед, уран бүтээлээ хийх үед бүхий л ухамсрын түвшинд надад нөлөөлдөг.


-Манай уншигчдад хандаж хэдэн үг хэлээч гэж хүсвэл юу гэж хэлэх вэ?

-Өөрийгөө хүлээцтэй, хүндэтгэлтэйгээр сонсож байгаарай. Магадгүй, би энэ үгийг өөртөө хэлэхийг их хүсэж байгаа байх. Ажиглаад байхад ер нь хүмүүс өөртөө их хатуу ханддаг. Тиймээс өөрөө өөртөө хандаж байгаарай, өөрийгөө хайрлаарай, бусдыг ч мөн хайрлаарай л гэж хэлнэ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.