Чин-Гүний бодлууд

С.Өлзийбаяр
9 цаг 0 минутын өмнө

Хар цагаан зураг, гүн хөх зураг, толинд ойх дүрс, зах хязгааргүй нүдний зураг. Өнгө холилдон үзэгдэх зургууд цаанаа л амьтай голтой мэдрэгдэнэ. Хүний нүд хамгийн чухал нь, бүхэл бүтэн ертөнц байдаг гэдгийг, тэрийг ажих Гүний нүд ч ердийн биш, камерт буулгаж буй чадвар нь ч энгийн биш гэдгийг би мэдрэн, орчлон ертөнцийг бидэнд ийм үзэсгэлэнтэй болгож харуулж байгаа түүнд хагартлаа баярлаж, эгээтэй нисчихсэнгүй.  

“Урлаг хүмүүсийг холбоно” гэх барьцгүй, баараг үгс хаа нэгтээ сонссон санагдана. Түүний зураг, дүрс бичлэг, хөгжим гээд бүгд л сэтгэлд таатай сайхан хүрэхийг ажваас холбоос оршиж байна, ярилцаж суухын хүслэн болтол оршсоор л байлаа. 

Тэрхүү хүнтэй уулзан, хачирхалтай бодлын үзүүр сүүлийг сонсох боломж гарсанд би ч уг хүний түүхийг хуваалцах болсондоо олзуурхан, ханцуй шамлаж сууна.


Өөрөө өөрийгөө доош нь хийчихгүйхэн шиг амьдрахын төлөө юм хийдэг

Найруулагч, зураглаач, эвлүүлэгч, хөгжимчин Чин-Гүн одоогоор агентлагт эвлүүлэгч зураглаачаар ажилладаг. Хажуугаар нь Blindfold хамтлагт басс гитар тоглож, пост панк, электроник төрлийн хөгжим, богино хэмжээний зохиол бичнэ. Мөн creative code бичиж кодоор зураг зурах гэж оролддог ч одоогоор энэ чадвар нь тааруухан байгаа гэсэн. Тэр ярьж эхэллээ...

Бага байхад олсон хямд хальсан камер

Бага байх үед надад хямдхан, хальсан камер олдсон юм. Түүгээр гэр бүлийнхээ зургийг дарах их дуртай байлаа. Хашаанд байгаа нохойныхоо зургийг өдөр шөнөгүй, дээр доороос амар заяаг нь үзүүлэхгүй байнга дардаг байсан. Сонирхолтой гэдгийг нь тэр үед мэдэрсэн.

Цаг зүггүй бодож яваагүй ч миний энэ хорвоод бууж ирсний утга учир, өөртөө тавьсан зорилго бол хүмүүст ямар нэг байдлаар хараагүй , сонсоогүй үлдсэн зүйлсийг нь харуулах, мэдрүүлэх явдал юм байна шүү гэх мэдрэмжийг бол төрүүлж чадсан.  Гоё харагдсан орчин, юмс үзэгдлийг би өөртөө үлдээдэг. Тэр нь ч надад хангалттай. Заримдаа бас бусдад харуулах бодол төрнө.


Орчин үеийн урлагийн төв цэг нь экспериментал урлаг

Урлаг гэдэг зүгээр л туршилт. Бид хангалттай урт юмсыг мэдэрч чадахгүй. Эл хоёр бодол миний урлагийг харах өнцөг болоод байна.

Урлагийг нэг бол шинээр гаргаж ирнэ. Эс бол өнгөрсөнд байсан урлагийг ахин загварчилна.

Урлагийг туршилт гэж хараад эхлэхээр тархи юу, юугүй задгайрахгүй ч гэсэн арай өөр болно. Экспериментал урлаг тэр дундаа үнэхээр гоё. Маш олон төрлийн урлагийг хольсон. Орчин үеийн урлагийн төв цэг нь экспериментал урлаг гэж санагддаг. Тиймээс хүмүүсийг улагийн энэ төрлийг илүү мэдрээсэй, хийгээсэй гэж хүсдэг.

Хоёрт гэвэл хүн яваандаа мэдрэх зүйлсийг амьдрал богинохон болохоор л гэж давтан, яаарч, гялс мэдрүүлэх гээд байдаг. Хангалттай урт амьдарч, юмсыг мэдэрч чадахгүй болохоор ингэж л урлагийг мэдэж, мэдэрдэг хэрэг.


Ганцаардах дургүй ч ганцаардалдаа тухтай байж чаддаг

Би багаасаа их ганцаардаж өссөн. Гэртээ цагийг ганцаараа их өнгөрөөдөг байлаа. Ээж, аав оройдоо ирж унтаад л өглөө нь ажилдаа гарцгаадаг. Их л дотогшоо хүн байсан. Гадаа гарч тоглодоггүй дээрээ яагаад ч юм жоохноосоо интернэт компьютертой болчихсон, өдрийг түүн дээр л бардаг байсан.

 Одоо хийж байгаа бүхий л зүйлс тэр үеийн ганцаардлын надад хүссэн зүйл ч байж болно. Ганцаардах дургүй ч ганцаардалдаа тухтай байж чаддаг. Хүнээс хамааралгүй ганцаардалд дургүй.


Нүдний шилгүйгээр...

Кофегүйгээр, нүдний шилгүйгээр, гоё компьютерын кейбордгүйгээр амьдарч чадахгүй. Хэзээ нэгэн цагт чадах л байх, гэхдээ одоогийн байдлаар муургүйгээр амьдарч чадахгүй. Урлаг, хөгжим, дуу гээд субьектив зүйлс алга болбол би өөр нэг сонирхолтой зүйлс олоод л амьдарчихна. Тэгэхээр тэр бол нэг их чухал, байхгүй бол амьдарч чадахааргүй зүйлс ер биш.

Байгаль өөрөө хэзээ ч ахин давтагдашгүй комплекс хээ угалзтай, бид хэзээ ч түүн шиг зүйлийг хийж чадахгүй

Хүмүүсийг байгальтай биеэрээ биш, санаа бодлоороо ойр байгаасай гэж хүсдэг. Байгаль нь өөрийн гэсэн алгоритм системтэй, тэрийг хүн мэдэж, мэдэрч чадвал амьдрал хаашаа чиглээд байгааг ойлгож болно. 

Байгаль өөрөө хэзээ ч ахин давтагдашгүй хээ угалзтай. Бид хэчнээн гоё зүйл хийсэн ч тэр байгалийн хээтэй дүйцэхүйц зүйл хийж чадахгүй. Хэрээ мэднэ гэдэг шиг, чадахгүй гэдгээ ойлгох л хэрэгтэй.


Өглөө нэг өвөө ирж надад мөргөсөн

Би өсвөр насандаа их эмзэг болчихсон байсан. Уураа хянаж чаддаггүй, түг түмэн мэдрэмж бодолдоо уурсдаг хэцүүхэн цаг байлаа. Урлаг хийхийн тулд байгальтай нэлээд ойртсон. Ажлын хажууд гол байдгийг ч хэлэх үү, өдөр бүр очиж эрэг хөвөөгөөр сууж уул, мод хараад л. Бүтээл хийх санаагаа олох явцдаа маш их тайвшралыг олж авдаг. Одоо бол бүх юм жин тан тайван хүн болсон юм шиг л санагддаг.

Өглөө нэг өвөө ирж надад мөргөсөн. Угтаа би чинь ажлаасаа хоцорчихсон, утас унтарчихсан хэцүүхэн л байдалтай, үүн дээрээ суурилж хүн амьтанд элдэв бус авир гаргаад яах вэ дээ гээд өвөөг уучилсан, одоо та яв даа. Ер нь эрүүл сэтгэж, тайван сайхан байхад амьдрал бол давгүй сайхан.

Би тайзан дээр гараад хүссэнээ хийдэг, гитар юугаа авч шиднэ. Хүмүүс бүр гайхдаг. Гүнээ тайзан дээр л чухам саваад, элий балай амьтан байснаа, тайзнаас бууж ирээд чигтэйхэн даруухан болчихдог. Гайхахаас ч яах вэ дээ. Бүтэн цаг тайзан дээр тоглочихсон байхад цээжин дэх бул хар буглаа арилж, дараагийн тоглолт хүртэл тайвшрал өгдөг.


Хүмүүс надаас юу хүлээж, юу хүсч энд ирсэн юм бол?

Би өнгөрсөн 11 сард “Самсара” гээд үзэсгэлэнд найруулагчаар ажилласан. Хэд, хэдэн бүтээлээр оролцсон. Тамд очсон эмэгтэй болон эрлэгийн элч хоёрын харилцан яриа өрнүүлж байгаа медиа арт бүтээл болох “Нарака” дээр маш олон цаг ажилласан. Тэр үед ув улаан дүрс дээр удаан суугаад, ер нь л их дарамт авч байсан. Энд ирсэн хүмүүс надаас юу хүлээж, юу хүсэж ирсэн юм бол?

Үнэхээр л би уран бүтээлч бол энд хүмүүст үзүүлэх бус бүтээлээ хийчихсэн байхад л болохоор санагдсан. Гэнэт утга учиргүй шаналалд нөмрүүлээд гуньж гутраад явж байтал манай найз дарс бэлэглэсэн, тэрийг ганцаараа ууж уужирч байлаа. Сэтгэлд тод үлдсэн өдөр гэвэл тэр л байна.


Миний хийж байгаа хөгжим бол олох гээд олж чаддаггүй, сонсох гээд сонсож чаддаггүй хөгжим.

Би өөрөө хийдэггүй ч гэсэн их олон зүйлс сонсохыг хүсдэг. Өдийг хүртэл надад хангалтгүй санагддаг. Мэдээж экспериментал хөгжим гаргаахгүй сонсдог. Пост панк, пост рок хөгжимд дуртай. 

Сүүлийн үед нү метал хөгжимд дуртай болж байгаа, хөөрхөн юм байна лээ. Одоо ингээд олон хөгжим сонслоо, хоёр гурван зуун жилийн өмнөх цагаан арьст капиталистуудын хөгжмийг, классик хөгжмийг гүйцэх зүйл одоогоор төрөөгүй юм байна.

 Орчин үеийн хөгжмөөс классик хөгжимийн чанар луу дөхөх ганц жанр бол пост рок хөгжим санагддаг. Дуртай хөгжмийн зохиолчид гэвэл Erik satie, Вивальди бол домог. Заримдаа сонсож чаддаггүй хөгжим гэж байдаг. Бага байхын л нэг олж сонсож чаддаггүй, дотор байдаг хөгжим. Ерөөсөө миний хийж байгаа хөгжим бол тэр л хөгжим.

Бид нар байгалийн нэг хэсэг

Сүүлд хийсэн богино хэмжээний кино "Fungi" ийн санааг жилийн өмнөөс бодож эхэлсэн. Бид нар байгалийн нэг хэсэг шүү гэх бодлыг хүмүүст хүргэхийг хүссэн. 

Ted Kaczynski ийн "The Industrial revolution and its consequences" гэх захидлыг уншаад "Fungi" г хийх сэдэл авч байсан даа.


Нэг зүйлээс л хөндийрөөд байна уу даа

Бид нар бүгд хөнгөн хөвөргөн, нэг л сатаарсан хийссэн оршиж байх шиг санагддаг болсон. Тик ток, шортс, реелс гэх мэт юм бүгд л богинохон болж байна. Богинохон болох тусам хүмүүс нэг юм тогтож сонсохоо больсон, тогтож бодохоо больсон. Түргэн хоол гэдэг шиг түрхэн зуурын мэдээллээр өдөр хоногоо аргацаадаг болчихсон. Нэг зүйлээс л хөндийрөөд байна уу даа

Ийнхүү Гүн бид хоёрын ярилцлага өндөрлөсөн юм. Гүнээгийн 12 жил сонссон, дуртай дууг та бүгдэд хүргэхийн зэрэгцээ сонсоод юу ч бодолгүй амраарай гэж хэлье. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.