Роланд Уолтерс, Байрон МакНалли: Хойд Америкийн кино урлагийг сэргэн мандуулсан нөхцөл байдал яг одоо Монголд бүрдсэн байна


Британийн Кино академийн шагналт /BAFTA/ зохиолч, найруулагч Роланд Уолтерс, “Болор баавгай” шагналт продюссер Байрон МакНалли нар манай улсад ажлаар ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

"Тамгагүй төр" жүжгийг "Монгол хаан" нэрээр Английн West End-н алдарт “Колизеум” театрт тавьж, Монгол урлагаа дэлхийд сурталчилах мөрөөдлөөр олон зуун залуус зүтгэн ажиллаж буй энэ түүхэн цаг үед дэлхийн алдартай дээрх кино уран бүтээлчид "Монгол хаан"-ыг бүтээхүй" баримтат киног санаачлан продюсерлаж, хөрөнгө оруулан Монгол Улсад зураг авалтаа хийж буй. 

Кино урлагт, тэр дундаа баримтат кинонд сайн зохиол хайх явдал хамгийн чухал байдаг. 100 морьтон монголчууд тал нутгаас Шекспирийн өлгий нутагт, тэр дундаа дэлхийн хамгийн том драмын тайз руу соёлоороо довтолж буй үйл явц, хүндрэл бэрхшээл, тэвчээр, мөрөөдлийн тухай өгүүлэх уг түүх нь дэлхийн үзэгчдэд урам зориг өгөх inspiration болно гэдэгт тэд итгэлтэй байгаа юм.      

-“Тамгагүй төр” жүжиг Англид тавигдах гэж байгаа нь манай улсын урлагийн гарцаагүй нэгэн түүхэн үйл явдал болж үлдэнэ. Энэ чухаг үйл хэрхэн бүтсэнийг дэлгэцэнд давхар мөнхөлж, “Монгол хаан“-ыг бүтээхүй” баримтат киног бүтээж байгаа та бүхэнд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Тэгэхээр, анхны санааг гаргадгийн хувиар продессерээс эхлээд асууя. Ийм кино бүтээх санаа хэрхэн төрсөн бэ?  

Байрон: “Тамгагүй төр” жүжиг Англид “Монгол хаан” гэдэг нэрээр тавигдах гэж байна. Бид Лондонгийн хамгийн том театр болох “Колизеум”-д тоглогдох гэж байгаа энэхүү “Монгол хаан” жүжгийн тайзны ард болж байгаа үйл явдлууд, жүжгийг бүтээхэд Монгол, Английн уран бүтээлчид хэрхэн хамтран ажилласныг уран бүтээлчийн дурангийн нүдээр харуулах, олон нийтэд таницулах зорилгоор энэхүү “Монгол хааныг бүтээхүй” төслийг эхлүүлсэн юм.

Роланд: Түүхийн сэдэвтэй “Монгол хаан” жүжиг Лондонд ирж тавигдах гэж байгааг энэ оны эхээр мэдсэн. Энэхүү жүжгийг Англид тавих ажлыг хариуцан зохион байгуулж байгаа Оливер Кин бид хоёр найзууд. Түүнтэй ярилцаж байгаад энэ талаар сонссон юм. Бидний хувьд кино, уран бүтээл хэрхэн төрдгийг харуулах чиглэлээр баримтат кино бүтээдэг. Өмнө нь яг энэ чиглэлээр олон кино бүтээсэн туршлагатай, энэ төрлөөрөө Британийн кимно академийн шагнал хүртэж байсан учраас үнэхээр сэтгэл хөдөлж, энэ киног хийхээр шийдсэн юм.

"Монгол хаан"-ыг бүтээхүй" баримтат киноны зураг авалт

“Монгол хаан” бол зөвхөн нэг жүжиг биш, гол нь энэ жүжгээр дамжуулаад Монголын түүх, Монгол соёл, уламжлал, зан заншил, монгол уран бүтээлчдийг дэлхийд харуулах сайхан үйл явдал болох гэж байгаа учраас энэ чухал үйл явдлыг баримтжуулж авах нь чухал гэж бодсон.           

 -Италийг дуурийн эх орон гэдэг шиг Английг жүжгийн эх орон гэж хэлж болно. Та бүхэн мэдээж хэрэг зохиолоо уншсан байх. Уншаад өрсөн анхны сэтгэгдлээсээ манай үзэгчидтэй хуваалцахгүй юу. Английн үзэгчид манай жүжгийг хэрхэн хүлээж авах бол?

Роланд: Мэдээж зохиолоо уншсан. Монгол хэл мэдэхгүй болохоор англи орчуулгыг нь уншсан. Уншаад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Энэ жүжигт маань Монголын Хүннү гүрний тухай өгүүлэх боловч дэлхийн бүх л улс, эзэнт гүрний өмнө тавигддаг “Төр гэж юу юм бэ” гэдэг асуулт, түүндээ хариулах “Урвалт, шарвалт” гэх зөрчил, түүний эсрэг “Үнэнч байдал”, “Төрийн эрх ашгийг хувийнхаа ашиг сонирхлоос дээгүүр тавих зарчим” гэх мэт асуулуудыг оруулсан байсан. Тиймээс англи үзэгчид сайн хүлээж авах байх аа.

"Монгол хаан"-ыг бүтээхүй" баримтат киноны төслийн баг

Байрон: Хамгийн гол нь үүнээс гадна энэ жүжигт монгол хүн л ойлгох, монгол агуулгууд байгаа. Тэр нь бид нарт илүү тусахгүй байж ч магадгүй. Гэсэн ч ганц Чингис хаанаар, эсвэл онгон байгальд хийх аяллаар төсөөлдөг Монголын талаарх ойлголтыг нь шинэлэг агуулгуудаар баяжуулах ач ач холбогдолтой юм. Дээр дурьдсан агуулгууд Уильям Шекспирийн жүжгүүдэд ч гардаг шүү дээ.

-Монголчууд энэ жүжгийг Англид тавьснаараа дараа, дараагийн олон уран бүтээл баруун руу гарч тоглогдох үүд хаалгыг нээж байгаа гэж ойлгож, найдлага тавьж байгаа. Бидэнд бас өөр сайн зохиолууд бий. Тэгэхээр, энэ төслийг эхлүүлснээс хойш уран бүтээлчийн хувиар манайхтай цаашид хамтрах, Монголтой холбоотой дараа дараагийн уран бүтээлийн төсөөлөл үүсэж амжсан болов уу?

Роланд: Сонирхолтой асуулт байна. Үнэхээр бид энэ талаар бодож амжсан. Танайд цаашид ялангуяа киноны чиглэлээр асар их боломж байна. Өргөн уудам, байгалийн олон янз байдал бүхий байгалтай, боломж үнэхээр их байна. Цаашдаа ажиллах төслийн санаа, төсөөллүүд орж ирчихсэн байгаа. Бид төсөл эхлүүлснээс хойш продюссер Өнөрөө, Байлаа, найруулагч Баатар зэрэг Монголын олон гайхалтай уран бүтээлчидтэй хамтарч байна. Тэд бидний санааг үнэхээр сайхан хүлээж авч, дэмжиж ажиллаж байгаа. Цаашдаа хамтрах талаар ярьж хэлэлцэх асуудал их бий.  

Зүүн гараас Байрон МакНалли, "Maktub Productions"-ы продюссер Өнөрөө, Роланд Уолтерс

Байрон: Би бас тэгж бодож байна. Хамтрах боломж их бий. Ялангуяа киноны салбарт барууны уран бүтээлчдийг Монгол оронд кино зураг авахуулах, тэр чиглэлийн кино зохиолууд дээр нь туслах, Монгол, Европын уран бүтээлчдийг хооронд нь холбох талаар төслийн санаанууд орж ирсэн байгаа.

-Та хоёр нэг нь Британийн кино академийн шагнал, нөгөө нь Берлиний кино фестивалиас шагнал хүртсэн уран бүтээлчид. Уран бүтээлч хүний нүд маш хурц байдаг шүү дээ. Барууныханд одоогоор Чингис хаанаас угшилтайгаар манай эзэнт гүрэн, хаадын түүх, Монгол ахуй  сонирхолтой байх шиг байна. Өргөжүүлэх шаардлага бий. Та бүхний бодлоор, энэ хоёр сэдвийн араас жагсаах, барууныханд сонирхолтой өөр ямар сэдэв байж болох вэ. Монголын уран бүтээлчдэд санаа өгөөч гэдэг байдлаар асууж байгаа юм?

Роланд: Ер нь хөгжиж байгаа орнуудын хувьд адилхан, маш өргөн боломж байдаг. Танай орны тухайд, хөдөөгийн амьдралаас хот руу, суурин амьдрал руу нүүж ирж байгаа нөхцөл байдал нь их сонирхолтой санагдаж байна. Хөдөө, үеийн үед мал маллаж, малчин амьдралаар амьдарч байсан хүмүүс суурин газарт нүүж ирэхэд маш их өөрчлөлт гарч ирдэг. Бэрхшээл үүдэг. Тэр өөрчлөлт, бэрхшээлийг хэрхэн даван туулж байна вэ, ахуй амьдрал нь яаж өөрчлөгдөв гэдэг ч юм уу. Эсвэл нүүдэлчин ард иргэд нь олноороо хот руу нүүхээр улс орны амьдрал яаж байна вэ гэдэг ч юм уу. Тэр зөрчил, зохицлоос гарч ирэх сэдвүүд их сонин санагдаж байна. Киноны санаа сэдвүүд ч маш их байна.

Байрон: Монгол бол хоёр их гүрний дунд байрладаг, байгалийн маш их эрдэс баялагтай улс. Хойд Америкийн кино урлагийн хөгжилд маш хүчтэй нөлөө үзүүлсэн вестерн киноны түүх, хөндөгдсөн сэдвүүдийг аваад үзвэл дандаа л эрдэс баялаг, түүний хуваарилалт, хууль эрхзүйн зохицуулалтаас болоод зөрчил үүсэж байгаа агуулгууд гардаг. Яг л тиймэрхүү, ямар нэгэн драма л байх ёстой. Кинонд ч, жүжигт ч адилхан. Тэр драмаг үүсгэх нөхцөл байдал яг одоо Монголд бүрэн бүрдсэн байна.

-Анхных гэдэг утгаар, бид “Тамгагүй төр” жүжиг баруунд хэр амжилттай тавигдах бол гэдэгт санаа чилээж байгаа. Манай жүжигчдийн ур чадвар, хэлний бэрхшээлийг даван туулж байгаа байдлын талаар найруулагч хүний тань хувьд сэтгэгдэл сонсмоор байна?

Роланд: Найруулагч хүний хувьд, жүжигчид төрөлх хэлээрээ тогловол өөртөө илүү итгэлтэй, жүжиглэлт, ур чадвар нь нэмэгддэг гэж боддог. Гэхдээ огт мэдэхгүй байсан англи хэлийг өнгөрсөн аравдугаар сараас хойш сураад, дүрдээ орж, жүжгээ сайн болгоё гэж хичээж байгаа жүжигчдийн тэр гайхалтай хичээл зүтгэлийг би үнэхээр үнэлж байгаа. Яг миний өөрийн бодол гэвэл, англичууд гаднын хэл дээр жүжиг үзэж сурсан ард түмэн. Сабтайтл буюу бичгэн хөрвүүлгийг нь уншаад жүжгээ ойлгоод сурчихсан. Тийм болохоор монгол хэл дээр тоглосон ч асуудалгүй. Ер нь монгол хэл дээрээ тоглоосой ч гэж хүсэж байгаа.

"Монгол хаан"-ыг бүтээхүй" баримтат киноны зураг авалт

-Аливаа уран бүтээлийн ард эдийн засгийн агуулга явж байдаг. Тэгэхээр, өмнө нь тавьсан, англичууд ер нь яаж хүлээж авах бол гэдэг асуулттай бараг адилхан юм даа, санхүүгийн тал дээр хэр амжилттай байх бол. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

Роланд: Найруулагч Б.Баатар болон түүний баг, Англи дахь продюсерууд чадлаараа л ажиллаж байгаа. Миний хувьд театрын продюссер биш учраас зах зээлээ сайн мэдэхгүй л байна. Гэхдээ Голливудын хэлж байгаагаар бол, жүжгээ амжилттай болгох, тасалбараа борлуулахын тулд боломжтой бүх аргаар хичээж ажиллаж байгаа гэдгийг л хэлж чадна. Амжилттай сайн болох байх аа.

-Та бүхэн олон улсад уран бүтээл хийж, тэдгээр улсынхаа уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байсан. Монголын уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад ямар байна вэ?

Байрон: Монгол уран бүтээлчдийн заримыг нь таньдаг, Лондонд уулзаж байсан болохоор асуудал байгаагүй. Яг ирээд хамтраад ирэхээр ойлголтын зөрүү гэх үү, нэг асуудлыг хоёр өөрөөр ойлгодог ч юм уу, процесс арай өөрөөр явагддаг байдал ажиглагдсан. Гэхдээ тиймэрхүү юм болох үед би хоорондоо маш сайн ярилцаж, ойлголтын зөрүүгээ арилгаж, асуудлыг тухай, тухайн үед нь маш хурдан шийдээд явсан. 

Роланд: Монголчуудтай хамтарч ажиллахад үнэхээр сайхан байлаа. Бид одоо нутаг буцаад ирэх наймдугаар сард дахин ирж үлдсэн зургуудаа авна. Тэгээд арваннэгдүгээр сард Лондонд жүжиг тавигдах үед тэндхийн амжилтууд, Колизеум дахь тоглолтуудын зурагнуудыг авч дуусаад эдитинг эхлэх юм. Хоёрдугаар сар гэхэд дуусгаж, Канн, Венецийн кино наадмуудад оролцуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.        

-Ярилцлагынхаа сүүлийн хоёр асуултыг хувь уран бүтээлч рүү чиглүүлье. Роланд найруулагч Британийн кино академийн шагнал, Байрон продюсер “Болор баавгай” шагнал хүртсэн. Энэ нэр хүндтэнй шагналуудыг хүртсэн уран бүтээлийнхээ тухай, шагнал хүртээд төрсөн сэтгэгдлийн тань тухай сайхан дурсамжаар ярилцлагаа өндөрлүүлье?

Роланд: Би найруулагчаас гадна зохиолчоор ажилладаг. 1950-иад оны Америкт Ирланд, Хятадын зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн зөрчлийг харуулсан зохиол бичсэний учир Британийн кино академийн шагналыг хүртсэн. Үүндээ маш баяртай байдаг. Шагнал авах нь нэг их гол биш, гэхдээ карьер дээшлүүлэхэд маш их түлхэц өгдөг, миний карьерт ч маш их тус нэмрээ өгсөн болохоор баярладаг.

Байрон: “Butterfly kisses” кинонд ажилласны учир “Болор баавгай” шагнал хүртсэн. Шагнал авсандаа баяртай байдаг.     

Төгсгөлийн оронд: Байрон МакНалли, Роланд Уильямс нар хамгийн сүүлд Пенелопе Круз, Адам Драйвер нарын гол дүрд нь тоглож, домогт найруулагч Майкл Манн найруулсан “Ferrari” кино бүтсэн түүхээр "Enzo Ferrari" хэмээх баримтат киног Итали улсад бүтээсэн нь тун удахгүй дэлхийд нээлтээ хийх гэж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.