А.Котеночкин: Зүгээр л “Котеночкинд”, “Чамайг даа”-г хийсэн газарт” гээд хаяглачихсан захидлууд эзнээ олоод ирдэг байсан

Х.Батсайхан
2023/07/20

“Чамайг даа” хэмээх хүүхэлдэйн киног монголчууд том, жижиггүй үзэх дуртай. “Микки маус”, “Том, Жерри”-гээрээ онгирдог америкчууд хүртэл “Амаа ангайгаад” үзэж байсан гэхээр арга байж уу. Хүүхэлдэйн киноны домогт найруулагч Вячеслав Котеночкин 90 гаруй бүтээл төрүүлсний хамгийн алдартай нь чоно, туулайн мөнхийн хөөцөлдөөнийг харуулсан “Чамайг даа” кино байсан юм. Сонирхолтой нь уг алдарт бүтээлийн шинэ ангиудыг түүний хүү Алексей “эх барьж авчээ”. Домогт уран бүтээлчийн хүү Алексейн нэгэн ярилцлагыг хүргэе.  

-Та хүүхэлдэйн киноны уран бүтээлч болжээ. Нэг талаар сонин, нөгөө талаар ийм алдартай овгийг тээж яваа хүн эцгийнхээ мэргэжлийг залгамжлах нь арга ч үгүй юм?

-Аав маань гэртээ их ажилладаг, студийн уран бүтээлчид гэрт байнга ирдэг байсан болохоор өссөн орчин хамгийн их нөлөөлсөн. Кино бүтээх процесс нүдэн дээр минь явагддаг байлаа л даа. Дунд сургуулийн жилүүдээ “Союзмультфильм”-ийн студиудын нэгэнд суралцаж өнгөрөөсөн. Тэр үед “Аав нь зураач юм чинь хүү нь ч зурах ёстой” гэсэн үзэл давамгайлдаг байсан. Аавыг алдартай болсны дараа намайг мэргэжлийн талаар илт “шахах” болсон. Ханын сонин хийлгэх, ёслолын ажиллагаа хөтлүүлэх гээд л. Сургуулиа төгсөөд Бүх Оросын кино академидшалгуулсан боловч...

-Эцгийн нэр алдар сургуулийн хаалгыг нээж өгөөгүй гэж үү?

-Надад бол нээж өгөөгүй. Уг нь “Үйлдвэрлэлийн дизайн” мэргэжил эзэмшихээр уралдаант шалгалтад орсон юм. Зөвлөлт засгийн үед тийм ч түгээмэл бус мэргэжил байсан. Аав ч үүнийг мэдэрч, студидээ хамт ажиллуулж эхэлсэн дээ. Тэнд “Хуучин пянз” киноны зураачаар ажиллахад их таалагдсан. Тийм ч учраас одоо болтол энэ ажлаа орхиогүй явна.

-Таны амьдралд “Чамайг даа” үүхэлдэйн кино их үүрэг гүйцэтгэсэн байх?

-Мэдээж. 10 наснаасаа хойш л энэ түүхээр амьсгалж явна шүү дээ. Киноны бэлтгэл ажил бараг л манай гэрт явагдсан гэж хэлж болох байх. Шинэ анги болгоны анхны уншигч нь би болдог байв. Бараг 1000 удаа үзсэн гэхэд болох байх. Одоо ч гэсэн курагтаар гарч байгаа таарвал дуустал нь үзэж байж л сална.


-“Чамайг даа”-г америкчуудын “Том Жерри”-г дуурайж хийсэн гэдэг яриа байдаг?

-Яалаа гэж дээ. Аав зүгээр л, “Том, Жерри”-г үзэж байгаагүй. “Том, Жерри”-гийн хуурцгийг би өөрөө 1987 онд “Хусхан” дэлгүүрээс худалдаж авч, аавд үзүүлж байсан юм. гэтэл “Чамайг даа”-гийн анхны анги 1969 онд хийгдсэн шүү дээ. 

-Гэхдээ л энэ хоёр кино төстэй дөө?

-Ямар ч адилхан юм байхгүй. Нэг нь нөгөөгөө хөөдөг нь л адил байх.

-Киноны утга санааг “дээрээс” хэлж өгсөн үү?

-“Чадал муутайг бүү дээрэлх, өөрөө эвгшүй байдалд орно шүү” гэсэн л сана шүү дээ. Дээрээс захиалсан юм байхгүй. Зохиолчид нь ч улсаас захиалга аваагүй. Гэртээ, чөлөөт цагаараа бичсэн байдаг. Аав ч анхнаас нь оролцсон юм биш. Зохиол бэлэн болсны дараа “Союзмультфильм”-ын редакцийн захиргаа олон найруулагчид үзүүлсний эцэст аав зөвшөөрсөн байдаг.   

-Баатрууд нь хаанаас гарч ирсэн юм бол?

-Чоно бол аав өөрөө. Толинд удаан харж байгаад зурсан байдаг. Дашрамд хэлэхэд, чонын дууг Владмир Высоцкий оруулах байсан юм. Гэвч “Союзмультфильм” зөвшөөрөөгүй. Аав дараа нь Анатолий Папановт хандсан. Гэхдээ эхний ангид Высоцкийгийн дуу оруулалт бий. Чоно шүгэлдэнгээ олсоор дээвэр рүү авирдаг хэсэгт...


-Нууц биш бол, аав тань “Чамайг даа”-г бүтээгээд хэр их мөнгө авсан бэ?

-Юу ч аваагүй. Киног прокатанд гаргах эрхийг “Госкино” эзэмшдэг байсан учир мөнгөтэй холбоотой бүх зүйл ажиллагаа найруулагчаас холуур өнгөрсөн. Дөрөв дэх цуврал гарсны дараа авсан “Запорожец”-оо мөн ч олон жил унасан даа хөөрхий.

-Гэхдээ алдар нэрийн хаялгыг бол хүртэж л байсан биз дээ?

-Ард түмний хүндлэл хүлээнэ гэдэг сайхан л даа. Зүгээр л “Котеночкинд”, “Чамайг даа”-г хийсэн газарт” гээд хаяглачихсан захидлууд эзнээ олоод ирдэг байсан. Замын цагдаа нар зогсоогоод торголгүй өнгөрөөж байсан удаа бий.     

Вячеслав Котеночкин.

-Вячеслав Михайлович 90 гаруй кино бүтээсэн байдаг. ИХ ажилладаг байсан биз?

-Бага ажиллаад яаж ийм олон кино хийх билээ... Хүүхэлдэйн киноны зураач гэдэг олон талын авьяас шаарддаг хэцүү мэргэжил. Амьтан, хүн яаж хөдөлдгийг ажиглахаас өгсүүлээд. Бүжиглэж байгаа хүн зурахын тулд өөрөө бүжиглэдэг байж л зурна шүү дээ.

-Гэтэл та ийм хэцүүг нь мэдсээр байж эцгийнхээ ажлыг үргэлжлүүлжээ? -“Чамайг даа”-гийн зохиолчдын нэг А.Курляндскийтай би олон жил нөхөрлөж байна. Түүнтэй хамт үргэлжлүүлэхийг хүссэн ч санхүүгийн боломж олдоогүй юм. Энэ тухайгаа сонинд ярьтал нэг хүн утас цохиж, хоёр ангийг нь санхүүжүүлье гэсний дагуу үргэлжлүүлсэн дээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна