Хятадын тулаант киноны домогт жүжигчдийн нэг Саммо Хунг энэ жил 71 нас сүүдэр зоогложээ. Домогт Брюс Ли, Боло Янгаас эхлээд Жеки Чан, Юэн Бьяо, Донни Еэн зэрэг эрт, эдүгээгийн шилдэг мастеруудтай хамтран ажилласан тэрбээр 170 гаруй кино төсөлд оролцож, 100 гаруйд нь өөрөө дүр бүтээсэн юм. Саммо Хунг бол Хятадын тулаант киног Хонконгоос хальж, дэлхий нийтэд алдаршихад чухал үүрэг гүйцэтгэсэн, кино урлагийн амьд түүх болсон хүн. Гэсэн ч намтар номоо бичихгүй гэсэн бодолтой явдаг нэгэн. Түүний нэгэн ярилцлагыг хүргэж байна.
-Та 2010 онд Нью Йоркт болсон Ази кино фестивалиас “Амьдралаа кино урлагт зориулсан”-ыхаа төлөө шагнал хүртсэн. Тэр үед ямар мэдрэмж төрсөн бэ?
-Тийм ээ, тэр үед би маш их сандарч, гайхсан шүү. Бас их гутарсан. “Би ч удахгүй тэтгэвэрт гарах юм байна даа” гэж бодоод (инээв).
-Танд “Хэмнэлээ жаахан удаашруулья” гэсэн бодол орж ирж байгаагүй юу. Яагаад ингэж асуув гэхээр, та 25 жилийн өмнө тоглож байсан кинонд хөдөлж байснаасаа илүү хурдтай тулалддаг болоод байна л даа?
-Би зүгээр ээ. Зүв зүгээр. Ажил маань надад таалагддаг. Хэдий олон жил өнгөрсөн ч өөрийгөө эрч хүчтэйгээр мэдэрч байна. Би кинонд маш их дуртай, миний хувьд маш чухал зүйл.
-Таны эмээ Чин Ци Анг маш алдартай тулаанч байсныг мэднэ. Харин өвөө тань алдартай найруулагч байсан. Аав, ээж тань ч киноны арын албанд хүчин зүтгэсэн. Та хэзээ нэгэн цагт кино урлагаас өөр салбарт ажиллаж үзсэн үү?
-Үгүй ээ. Эмээ, өвөө хоёр маань маш алдартай хүмүүс байсан нь үнэн. Эцэг, эх маань ч уран бүтээлч хүмүүс байсан. Гэхдээ энэ нь намайг кино урлаг руу хөтлөх гол хүчин зүйл байсан гэж хэлэхгүй. Яагаад гэвэл намайг төрсний дараа тэд бүгд кино урлагийн салбарт ажиллахаа больчихсон байсан. Би ч жирийн сургуульд явдаг, байдаг л хүүхэд байлаа. Гэхдээ ердийн сургуульд явах нь надад таалагддагүй байв. Тиймээс хожим Бээжингийн дуурийн сургуульд сурах болсон. Энэ бол шинэ стиль, шинэ боловсрол байсан юм.
Үнэндээ эцэг эхийн хэн нь ч намайг кино бизнест ор гэж шахаж шаардаагүй. Гэхдээ ээжийн талын хамаатнуудаасаа тэд миний талаар “Саммо сургуулиа төгссөнийхөө дараа юу хийнэ дээ”, “Одоо ч яах вэ дуурийн сургуульд сурч л байна. Удахгүй больчихоод өөр юм оролдоод эхлэх вий дээ” гэх мэтээр нэлээд санаа зовж явдаг талаар сонсч л байлаа.
-Хятадын театрын урлагийн сургуульд сурснаар олон чухал чадвар эзэмшсэн байх?
-Миний хувьд бүх юм чухал байсан. Тэр үед бий өөр юуны ч тухай бодолгүйгээр суралцсан. Драмын урлаг, тулааны урлаг бол хэн ч маш чухал шүү дээ. Би одоо ч суралцсаар л байгаа. Бүхнийг яаж илүү сайн хийх вэ гэж боддог минь одоо ч хэвээрээ.
Sammo Hung. "Education of love" /1961/
-Жүжиглэх, тулаант хэсэг зохиомжлох, найруулах, зохиол бичих гээд кинотой холбоотой олон ажил бий. Та бүгдэд нь хүч үзсэн. Гэхдээ аль нь илүү чухал гэж та боддог вэ?
-Зохиол дээр суух, кинонд тоглох хоёрт илүү дуртай. Толгойдоо хэд, хэдэн санаа олчихоод, үйл явдлуудыг төсөөлж, баатруудынхаа хувь хүний онцлогийн талаар бодож, бясалгаж суух сайхан шүү. Би киноны дүрүүдийн талаар хэвшмэл загварыг баримталдаггүй. Тийм ч учраас миний киноны баатрууд маш олон янз байдаг.
-Таны тулаант хэсгийн дэглэлт буюу хореографын ажлуудын талаар тусгайлан ярилцъя гэж бодлоо. Таны дэглэсэн тулаант хэсэг бүгд тэмцэлтэй, баатрууд нь хүчирхэг ч хоорондоо огт өөр байж чаддаг. Үүний нууцыг хэлж болох уу?
-Тухайн кино, дүрүүдээ маш сайн ойлгохоос ажлаа эхэлдэг. Тулаан нь тухайн хүнийхээ онцлогтой ямар нэг хэмжээгээр уялдуулахыг хичээдэг учраас тулаан болгон адил болохгүй л дээ. Хэрвээ бүх тулаан адилхан болчихвол үзэгчдэд хэн зодолдох нь чухал биш байх сан.
-Та “Ип Ман”, “Ип Ман 2” кинонд Донни Еэнтэй гайхалтай гар нийлж ажилласан шүү дээ. Энэ талаараа ярьж өгөөч?
-Мастер Еэн бол тулаант киноны жинхэнэ агуу жүжигчин. Хамтарч ажиллахад маш амар байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Бид хамтдаа цагийг сайхан өнгөрүүлсэн. Донни Еэнтэй хамтарч тоглоход Жеки Чан, Юэн Бьяо нартай хамтарч байх үеийг санагдуулсан. Энэ гурван хүн бол маш сайн хамтрагчид.
-Та бол Хонконгийн кино урлагийн хувьд маш чухал үе болох 60, 70-аад онд уран бүтээлээ ид туурвиж байсан хүн. 80-аад онд өөрөө кино хийх болсон. Сүүлийн жилүүдэд “Ип Ман” зэрэг төсөл дээр ажиллалаа. Аль үе нь таны хувьд илүү чухал байсан бэ?
-Би кино бизнест 40 гаруй жил ажиллажээ. Залуухан жүжигчин анх орж ирж байсан бол одоо хөгширсөн байна. Гэхдээ аль нэгийг нь онцлох аргагүй. 10, 20 жилээр нь багцлах аргагүй. 1973, 1975 он ч гэсэн хоорондоо өөр л байсан. Одоо ч гэсэн өөр. Цаг хугацаа урсаад л, урсаад л байна. Цаг хугацаа хэзээ ч зогсдоггүй шүү дээ. Хүмүүс ч мөн адил, цаг үетэйгээ хамтаар хувьсан өөрчлөгдөж байдаг. Одоо л гэхэд шинэ техник, технологи гарч, кино урлаг улам хөгжиж байна шүү дээ.
-Та 3D тулааны талаар бодож байгаа юм биш биз?
-(Инээж) Яг тийм шүү.
-Та Брюс Лигийн талаархи асуултуудаас залхсан байх даа тийм үү?
-Үнэнийг хэлэхэд би түүний талаар хоёр зүйлээс бусдыг ярьж байгаагүй юм шүү дээ. Яагаад гэвэл тэр бидний баатар шүү дээ. Кинонууд нь гарсаар, хэлсэн үгнүүд нь эшлэгдсээр, зурагнууд нь хүүхэд залуусын өрөөны ханан дээр хадагдсаар л байгааг харж байгаа биз дээ. Хүмүүс түүнийг хэзээ ч мартахгүй.
-Та ер нь хэзээ нэгэн цагт намтраа бичье гэж бодож байв уу?
-Найзууд маань олон жилийн өмнөөс л энэ талаар ярьж байгаа юм. Гэхдээ би өөрөө бол намтраа бичье гэж бодохгүй байгаа. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. Би амьдралдаа их олон муу зүйл хийж байсан хүн. Тиймээс хэн нэгэн нь энэ талаар бичээсэй гэж хүсэхгүй. Бичдэг юм аа гэхэд худлаа бичихэд хүрнэ шүү дээ. Нэгэнт л бичиж байгаа зүйл нь худлаа юм бол энэ талаар бичээд ер нь яах юм бэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.44