2023-2024 онд тулгараад байсан гадаад өрийн дарамтыг бүрэн шийдвэрлэлээ

Zuv.mn
2023/12/05

Монгол Улсын Засгийн газар нь ирэх жилүүдэд эргэн төлөгдөх Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний төсөвт үзүүлэх ачааллыг урт хугацаанд жигдлэх, өрийн багцын эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгах, эдийн засаг, санхүү, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн хугацаа нь тулаад байсан 392.5 сая ам.долларын үлдэгдэл бүхий “Хуралдай” бондын төлбөрийг дахин санхүүжилт хийх өрийн зохицуулалтын арга хэмжээг  2023 оны арваннэгдүгээр сарын 20-28-ны өдрүүдэд амжилттай авч хэрэгжүүллээ. 

Монгол Улс 2017 онд АНУ-ын бодлогын хүү 1 хувьтай байхад анхны өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор 600 сая ам.долларын “Хуралдай” бондыг 8.75 хувийн хүүтэйгээр, 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондыг 5.625 хувийн хүүтэйгээр олон улсын санхүүгийн зах зээл дээр 2017 онд гаргаж байсан бөгөөд бондуудын үндсэн төлбөр 2023-2024 онд төлөгдөх хуваарьтай байв.

Дээрх гадаад бондуудын төлбөрийн төсөв, төлбөрийн тэнцэлд учруулах дарамт, эдийн засагт учруулах сөрөг нөлөөг багасгах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2023 оны нэгдүгээр сард “Сенчири 2” төслийн хүрээнд 650 сая ам.долларын бондыг гаргаж “Хуралдай”, “Гэрэгэ” бондын хэсгээс буцаан худалдан авч, өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн, “Гэрэгэ” бондын үлдэгддэл төлбөрийг 2023 оны тавдугаар сард бүрэн төлж барагдуулсан.

Улмаар Засгийн газрын зүгээс “Сенчири 3” төслийн хүрээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр 5.5 жилийн хугацаатай 350.0 сая ам.долларын бондыг 7.875 хувийн хүүтэйгээр арилжаалан 2024 оны гуравдугаар сард төлөгдөх “Хуралдай” бондын 57% буюу 222.8 сая ам.долларын буцаан худалдан авах өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай хэрэгжүүллээ. “Хуралдай” бондын үлдэгдэл 169.7 сая ам.долларыг шинээр босгосон бондын үлдэгдэл эх үүсвэрээр, мөн тодорхой хэсгийг Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн дагуу төрийн сангийн мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулах бөгөөд ингэснээр 2023-2024 онд тулгараад байсан гадаад өрийн дарамтыг бүрэн шийдвэрлэж, Засгийн газрын өр дэх гадаад үнэт цаасны үлдэгдэл үргэлжлэн буурах нөхцөл бүрдэж байна.  

Энэхүү эх үүсвэрийг шинээр босгохоор олон улсын хөрөнгө оруулагчдад санал тавьсан бөгөөд Ази, Америк, Европын хөрөнгө оруулагчдаас 13.7 дахин их ( 4.8 тэрбум ам.доллар) хэмжээний захиалгыг ирүүлсэн. Мөн дэлхий даяар инфляцийн түвшин огцом нэмэгдэж, АНУ-ын бодлогын хүү 5.5 хувьд хүрсэн энэ цаг үед АНУ-ын бодлогын хүү болон Засгийн газрын шинээр босгосон бондын хүүгийн зөрүү (spread) 2.6 хувь буюу өмнөх Засгийн газрын гадаад бондуудын хүүгийн дундаж зөрүү болох 5.5 хувиас 2.1 дахин бага хэмжээтэй гарсан. Эдгээр үзүүлэлтүүд нь Монгол Улсын Засгийн газарт итгэх олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл түүхэнд байгаагүйгээр сэргэж байгааг харуулж байна.

Засгийн газар хугацаа нь тулсан, өндөр дүнтэй гадаад өр төлбөрүүдийг өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд дахин санхүүжүүлснээр төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлэх төдийгүй Монгол Улсын зээлжих зэрэглэлээ хадгалж үлдэхэд чухал нөлөөтэй.

Тус өрийн зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд олон улсын зах зээлд нэр хүндтэй J.P.Morgan болон HSBC хөрөнгө оруулалтын банкнуудтай хамтран ажилласан. Сангийн сайдаар ахлуулсан Сангийн яам, Монголбанкны ажлын хэсэг шинээр арилжаалах бондын сурталчилгаа буюу Рөүдшоуг арваннэгдүгээр сарын 19-27ны өдрүүдэд Хонг Конг, Сингапур, Английн Лондон, Америкийн Нэгдсэн Улсын Нью Иорк зэрэг хотуудад зохион байгуулж, нийт 100 гаруй хөрөнгө оруулагчтай уулзаж, Монгол Улсын эдийн засаг, төсөв, өрийн удирдлагын чиглэлээр баримталж байгаа бодлогыг таниулж, хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултад хариулт өгчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна