З.Батырбек: Хөтөл, Бэрэн, Эрэл зэрэг 32 чанаргүй зээлдэгчид 1 их наядын төлбөрийн үлдэгдэлтэй байна

2023/12/07

Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбектэй уулзаж, цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Хөгжлийн банкны асуудал нийгмийн анхаарлын төвд ороод багагүй хугацаа өнгөрлөө. Холбогдох шүүх хурлууд нь ч боллоо. Шүүхийн шийдвэрийн биелэлт хэр явагдаж байна вэ?

-Хөгжлийн банкны анхан шатны шүүхийн шийдвэр өнгөрөгч долоодугаар сарын 7-ны өдөр гарсан. Улмаар аравдугаар сард шүүхийн шийдвэр албажиж ирсэн.  

Бид шүүхийн шийдвэр албажиж ирснээс хойш давж заалдах гомдлоо бичиж өгсөн байгаа. Хөгжлийн банкны гэх хэрэгт 80 иргэн, дөрвөн аж ахуй нэгж болон олон оролцогчтой шүүх хурал болсон.

 Хоёр дахь давж заалдах шатны шүүх хурал маань хэзээ болох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартаа ч анхан шатны шүүхийн шийдвэрийг авсны дараа 14 хоногийн дотор давж заалдах гомдлоо гаргах ёстой. Ингээд хуулийн заасан хугацаанд шүүх хурал болох байх гэсэн хүлээлттэй байж байгаа.

Хөгжлийн банкны хувьд шүүхийн захирамж хүлээн аваад холбогдох давж заалдах гомдлоо өгчихсөн байгаа. Бид бүхэн нийтдээ учирсан хор хохирлынхоо хэмжээг тодорхой болгоод анхан шатны шүүх хуралд гомдлоо гаргаад өгсөн байгаа.

-Эргэн төлөлтийн хувьд хэр ахицтай явж байна вэ?

-Эргэн төлөлтийн хувьд одоогийн байдлаар 1.5 их наяд  төгрөг төлөгдчихөөд байж байна. Хөгжлийн банкны хувьд өнгөрөгч 10 дугаар сард 500 сая ам.долларынхаа эргэн төлөлтийг хийсэн. Олон нийтэд мэдээлсэн. Оны төгсгөлд Самурай бондын 30 тэрбум иенийн эргэн төлөлтийг хийхээр хүлээгдэж байна. Хөгжлийн банкны зүгээс аль болох зээлийнхээ эргэн төлөлтөөр энэ бүхнийг барагдуулахаар хичээж ажиллаж байна.

-Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк амаргүй цаг хугацааг даван тууллаа. Цаашид банкны тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж хэр баталгаажиж байна вэ?

-Хөгжлийн банкны хувьд энэ онд маш их ачаалалтай ажилласан. Хууль хүчний байгууллагатай хамтарч ажиллалаа. Үүний ч үр дүн тодорхой хэмжээнд гарсан. 

Хэвлэл мэдээллийн байгууллага болон ард иргэдийн шахалт шаардлагын үр дүнд эргэн төлөлтүүд ахицтай төлөгдсөн гэж хэлж болно.

 Нөгөө талаар Хөгжлийн банк дээрх ажлаас гадна дотоод нөхцөл байдлаа сайжруулах, бодлого журам болон холбогдох  хууль эрх зүйн орчноо шинэчлэх талаар ахицтай ажлуудыг хийгээд явж байна. Он гараад холбогдох процессууд нэлээд эрчимтэй явах байх гэсэн хүлээлттэй байгаа.

-Зээлийн эргэн төлөлтөд үл хөдлөхүүдийг хураан авсан. Улмаар зах зээлд борлуулах ажлыг хэрэгжүүлсэн байгаа. Энэ тал дээр ямар мэдээлэл өгөх вэ?

-Одоогийн байдлаар олон объектууд зарагдаж байна. Бид бүхэн олон нийтэд энэ тухай мэдээллийг нээлттэй зарлаад явж байгаа. Бүх орон сууц, үл хөдлөхүүдийн талаарх мэдээллийг ил тод зарласан. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд борлуулалт сайн байлаа. 

Одоогийн байдлаар 10 гаруй тэрбумын үл хөдлөх борлуулаад байна. Мөн борлуулахаар хүлээгдэж буй нийт үл хөдлөх нь 10 гаруй тэрбум төгрөг болох байх. Дуусаагүй объектуудыг ч гэсэн сонирхож байгаа талууд цөөнгүй байгаа  гэсэн мэдээлэл байна.  Бид аль болох шударга, нээлттэй байх зорилгоор байгууллагынхаа цахим хуудсандаа мэдээллийг дэлгэрэнгүй тавьсан байгаа. 

-Хураагдсан үл хөдлөхүүдийн дунд Гантиг вилла, Шинэ яармаг зэрэг газруудын нэр орсон байсан?

-Бид өнгөрсөн онд хоёр том үл хөдлөхийг хураан авсан. Нэг нь Шинэ яармагийн объектууд, нөгөө нь Гантиг виллагийн  үл хөдлөхүүд. Энэ хоёрт хамаарах объектуудыг зарах процессууд явагдаж байна. Дуусаагүй объектуудын хувьд сонирхож байгаа талууд нэлээд буй. Одоо судалгаа шинжилгээний ажлуудыг хийж байгаа гэх мэдээллийг манай холбогдох газраас өгч байна. 

-Яг одоогоор Хөгжлийн банкны эргэн төлөгдөх ёстой нийт зээлийн үлдэгдэл хэд байна вэ?

-Одоогийн байдлаар Хөгжлийн банкны нийт зээлийн үлдэгдэл 2.3 их наяд байгаа. Түүнээс дахиад өнгөрсөн хугацаанд чанаргүй зээл рүү шилжсэн хэд, хэдэн зээлүүд байгаа. Хэдийгээр бид чанаргүй зээлүүдийг төлүүлээд байгаа ч чанаргүй зээлдэгчдийн тоо бууурахгүй байгаа шалтгаан нь үүнтэй холбоотой.

 Мөнгөн дүнгээр үзвэл, 1 их наядтай тэнцэх хэмжээний чанаргүй зээлдэгчид үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй байж байгаа. 

Тодруулбал, 32 аж ахуй нэгжийн хувьд чанаргүй зээлийн ангилалд  багтаж байгаа. Энэ дундаас томоохон зээлдэгч гэж хэлж болох дөрвөн аж ахуй нэгж буй. Тухайлбал, Хөтөл, Бэрэн, Эрэл зэрэг аж ахуйн нэгжүүд байгаа. Дээрх аж ахуйн нэгжтэй холбогдох шүүхийн процессууд Хөтөлөөс бусад нь дууссан. 

-Хөтөл ХХК яагаад ганцаараа үлдэв?

-Учир нь тус компанийн хэрэг Эрүүгийн хэргээр явж байгаа учраас Иргэний хэргээр шийдвэрлэх боломжгүй гээд шүүхээс  түдгэлзүүлсэн байдалтай байгаа.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.192
    2023/12/11

    ene 1 ats maxн gd gnt grj ird tomigldson shde, hooosn gr gnt drg bl gj u hiihve de

    Хариулах
  • 66.181.177.12
    2023/12/08

    БЭРЭН, эрэлийн хөрөнгийг хурааж аваач.

    Хариулах
  • 202.126.88.92
    2023/12/07

    газрын тос боловсруулах үйлдвэр гээд хэлчихэж чадахгүй байгаа нь Хүрэлсүхээс айгаад байгаа юм уу

    Хариулах