Криптовалют мөнгийг орлож чадах уу

Х.Батсайхан
2023/12/25
“Мөнгө эд зүйл биш. Нийгмийн харилцаа болдогт л мөнгөний гол мөн чанар нь оршдог” 

К.Маркс

Хүн төрөлхтөн нийгэмшиж, хоорондоо худалдаа хийж эхэлсэн цагаас хойш “Мөнгө” гэсэн ойлголт бий болсон гэж эдийн засгийн хичээл дээр заадаг. Мөнгөний үүргийг эхлээд бараа солилцоо буюу эд зүйлс гүйцэтгэж байсан бол яваандаа металл, зоос, цаасан мөнгө хэрэглээнд нэвтэрсэн. Дээрх хэлбэрүүд нь мөнгөний үүргийг тодорхой хэмжээгээр гүйцэтгэж байсан ч өөрийн гэсэн давуу болон сул талтай байв. Бараа солилцоо гэхэд нарийвчлал муутай, металл, зоос нь олон жил ашиглагддаг ч жин ихтэй, цаасан мөнгө нь хөнгөн авсаархан ч амархан элэгдэж мууддаг байх жишээтэй. Технологийн хөгжлөө дагаад цаасан мөнгө хэрэглээнээс шахагдаж, цахим хэлбэрт шилжсэнийг нь мөнгөний “одоо үе” гэж хэлж болно. Эдүгээ дэлхийн бүх мөнгөний 9/10 нь цахим хэлбэрт шилжээд буй. Монгол улсад гэхэд л нийт мөнгөний долоо орчим хувь нь л нэгтээс хорин мянгатын дэвсгэртээ буюу бэлэн хэлбэрээр, үлдсэн 93 хувь нь бэлэн бус буюу тоон хэлбэрээр банкуудын серверт хадгалагддаг байна. Иргэдийн картанд тоон хэлбэрээр байгаа мөнгө хэдий  бодит бус ч гэсэн төлбөрийн хэрэгсэл болж чадаж байгааг бид бүхэн мэднэ.

Тэгвэл цахим мөнгөний дараагийн хэлбэр нь юу байх вэ. Энэ асуултад “Криптовалют” буюу блокчейн технологи дээр суурилсан цахим алгоритм ирээдүйд мөнгийг орлоно” гэж хариулах эдийн засагчид өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Чухамдаа криптовалют ч биш, блокчейн технологи гэвэл илүү оновчтой байж ч мэднэ. Гэхдээ энэ талаар сүүлд өгүүлэхээс өмнө криптовалют гэж юу болох, түүний гол төлөөлөл биткойны талаар дурдах нь зөв болов уу.    

Криптовалют гэж юу вэ, ямар онцлогтой вэ

Одоо ч үнэ цэнээ алдаагүй “Капитал” бүтээлдээ Карл Маркс мөнгийг “Эд зүйл биш” хэмээн ямар нэг хоёрдмол утгагүйгээр тодорхойлж байжээ. Үнэхээр ч түүний зөв юм. Мөнгө гэдэг бол зоос, цаасаар хийсэн мөнгөн тэмдэгт ч биш, харин арилжаанд оролцогчдын итгэл юм. Биткойн тэргүүтэй криптовалютууд үүний нотолгоо.    


Криптовалют гэдэг нь блокчейн технологи дээр суурилсан алгоритмаас бүтдэг. Аливаа улсын мөнгөн тэмдэгтийн цаана төв банк нь байж, алтаар баталгаажиж байдаг бол криптовалютын ард асар өндөр нууцлал бүхий код л бий. Гэсэнч гүйлгээнд хэрэглэгдэж байгаа нь түүнийг хэрэглэж байгаа хүмүүсийн итгэл юм. Банкны серверт тоон хэлбэрээр хадгалагдаж байгаа цахим мөнгөнөөс ялгагдах гол ялгаа нь төвлөрсөн зохицуулалт байхгүй, эзэмшигчид нь өөрсдөө сүлжээ үүсгэж, хоорондоо чөлөөтэй харилцдагт оршдог. Блокчейн технологи нь маш төвөгтэй бодлого бодож байж гаргаж авсан нууцлалын кодоор хамгаалагдсан мэдээллийн гинжин хэлхээс бөгөөд ар араасаа залгагдаж байдаг, нэгэнт залгагдсан бол буцаах ямар ч боломжгүй байдгаараа онцлогтой. Блокууд нь сүлжээнд нэгдсэн бүх компьютеруудад тархан байрлах бөгөөд аль ч компьютераас бүх мэдээллийг харах бүрэн боломжтой байдгаараа онцлог. Та цахим мөнгөөр гүйлгээ хийлээ гэж бодоход заавал банкаар дамждаг, мөн тэрхүү гүйлгээний талаар танаас гадна банк, хүлээн авагч гурав л мэдэж байдаг бол криптовалютын гүйлгээ Per2Per буюу харилцагчдын хооронд шууд хийгддэг, энэ гүйлгээ нь сүлжээнд нэгдсэн бүх хэрэглэгдэд нээлттэй байдгаараа онцлогтой.  

            Одоогоор 1300 гаруй криптовалют байгаа бөгөөд үнэ ханшийн өсөлтөөрөө сүүлийн үед иргэдийн анхаарлыг ихэд татаад байгаа биткойн эдгээр криптовалютуудын зөвхөн нэг нь юм. Биткойн, литкоин, ванкойн нь америк доллар, евро, юань гэдэгтэй ижил гэсэн үг. Эдгээрээс олон хэрэглэгчтэй болж чадсан, өргөн хүрээг хамарсан нь ханшаа нэмэгдүүлнэ. Одоогоор энэ тал дээр хамгийн амжилттай яваа нь л биткойн болохоос бүгд л блокчейн технологид суурилсан, бүгд ижил “мөнгө” юм.

Биткойны тухай  

Сатоши Накамото гэх программчин 2008 онд биткойны санааг гаргаж, загварыг боловсруулан, эх кодыг бичжээ. Тэрээр аливаа засгийн газраас хараат бус, хүн болгоны хэрэглэж болох, аливаа шилжүүлэг хийхэд дундын банк эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй (маш бага) тийм мөнгө бүтээхийг хүссэн гэдэг. Гэхдээ С.Накамотог бодит хүн гэдэгт итгэдэг хүн бараг үгүй. Түүнийг бодит амьдрал дээр  хэн ч хараагүй, хэн ч түүнтэй ярилцаж байгаагүй. Bitcoin-ийн хөгжлийн эхэн үед бусад хөгжүүлэгчид түүнтэй имэйл-р харилцдаг байсан боловч 2011 оноос хойш тэрээр нэг ч и-мэйлд хариу ирүүлээгүй ор сураггүй алга болсон. Түүнийг бодит хүн гэдэгт итгэх хүн бараг байхгүй. С.Накамотогийн цаана ямар нэгэн байгууллага эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг юм. 

Зарим нь Америйн Тагнуулын Төв Газар (NSA) байдаг ч гэж хардах хүн байдаг бол, Жулиан Ассанж байдаг гэж итгэх хүмүүс ч бий. Бүр түүний нэрийг SAmsung, TOSHIba, NAKAmichi, MOTOrola гэх дөрвөн компанийн нууц үйл ажиллагаа гэж ярих ч хүмүүс байдаг. Учир нь түүний санаа нь гайхамшигтай, бүтээл нь хэн ч засварлах шаардлагагүй төгс байсан юм. Тиймээс л түүнийг нэг муу програмчин байсан гэдэгт итгэхгүй байгаа хэрэг. Гэхдээ ихэнхи хүмүүс хэн байх нь чухал бус юу бүтээсэн нь чухал хэмээн үзэж bitcoin-ийг хөгжүүлж хэрэглэсээр байгаа юм. 

Биткойны зах зээл доогийн байдлаар 240 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Гэвч таныг энэхүү мэдээллийг уншиж байхад хэд ч болсон байж мэднэ. Энэхүү нийтлэлийг бичих үед биткойны ханш 46.3 сая төгрөг хүртэл өссөн бөгөөд энэ нь цэвэр эрэлтээс тогтсон ханш учир таныг нийтлэл унших үед 10 дахин буурсан, эс бөгөөс өссөн байх ч магадлалтай юм.

Биткойныг хэрхэн олборлох вэ

Түрүүн хэлсэнчлэн бидний хэрэглэдэг төгрөгийг баталгаажуулдаг ямар нэгэн хатуу валют, алт мөнгө байдаг бол Bitcoin-ийн цаана хэдэн код л бий. Тэрхүү кодууд хаанаас гараад байна вэ? Юуны түрүүнд блок гэсэн ойлголт бий. Энэ нь bitcoin-ийг зааж байгаа юм. Энэхүү блок нь хоорондоо холбоотой гинжин хэлхэнд холбогдсон байдаг. 

Тэрхүү блокийг гаргаж авахын тулд хүндхэн бодлого бодох шаардлагатай. Тиймээс блок гаргаж авах үйлдлийг “олборлох” (mining) гэж нэрлэдэг. Систем нь 21 сая ширхэг bitcoin л гарах боломжтой бүтээгдсэн бөгөөд одоогоор 16 сая нь нэгэнт олборлогджээ. 


Дээр нь дөрвөн жил тутамд олборлолтыг тал хувиар багасгаж байхаар загварчлагдсан учраас жил ирэх бүр олборлогдох коины хэмжээ буурна. Хамгийн сүүлийн биткойныг 2140 онд олборлоно гэсэн тооцоо бий. Гэхдээ нэг биткойн нь 100 сая ширхэг (.00000001) сатошид хуваагдах учраас хэрэглээнд хязгаар байхгүй гэсэн үг. Ер нь блокийг шифрлэхэд маш их математик тооцоолол шаардлагатай болдог учраас нэг bitcoin олборлоход жирийн хэрэглээний компьютероор бол нэлээд хэдэн жил шаардагдана. Өөрөөр хэлбэл процессийн асар их хүч шаардлагатай. Тиймээс энэхүү блокийг тайлахын тулд уг сүлжээнд холбогдсон компьютерууд нийлж байж хүчээ нэгтэн ажилласанаар гаргаж авдаг.

Өртөг, өртөг, өртөг...

Мөнгөний түүхийг эргээд харвал, хүн төрөлхтөн мөнгөний өөрийн өртгийг бууруулах, арилжаанд ашиглахад хялбар болгох чигт явж байгаа нь харагдана. Эд зүйлийг зоос болгож, улмаар цаасан мөнгө болгосон, эцэстээ цахим хэлбэрт шилжүүлсэн гээд л... Тэр болгонд зардал буурч байсан. Тэгвэл биткойны өртөг хэрхэн бүтдэг юм бол оо. 

Биткойныг олборлохын тулд асар өндөр хүчин чадалтай компьютер хэрэг болдог. Ийм компьютер нь асар их цахилгаан зарцуулдаг байна. Британийн Digiconomist’s Bitcoin Energy Consumption Index –оос өнгөрсөн сарын 20-нд гаргасан судалгаанд, нэг жилд 29.5 терраватт цахилгаан эрчим хүчийг зөвхөн биткойн олборлоход зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ. Энэ нь Ирланд улсын эрчим хүчний нийт хэрэглээнээс (25 терраватт орчим) давсан үзүүлэлт аж. 


Биткойныг олборлох, дамжуулах зэрэг бүхий л үйл ажиллагаанд ашиглаж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь дэлхийн 159 орны цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс давсан гэжээ (Зураг 1). Хэрвээ улс гэж тооцвол дэлхийд 61 дүгээрт жагсах хэмжээний эрчим хүчийг хэрэглэсэн гэсэн тооцоо гарсан байна. Дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа нийт эрчим хүчний 0.3 хувь нь биткойн олборлоход зарцуулагдаж байгаа аж.

2017 онд зөвхөн нэг сард биткойн олборлоход зарцуулсан эрчим хүчний хэрэглээ 30 хувиар өссөн бөгөөд хэрвээ өсөлт энэ эрчмээ хадгалж, эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэхгүй байна гэж тооцвол 2020 он гэхэд дэлхийн бүх эрчим хүч ч хүрэлцэхгүй гэсэн тооцоог зарим эрдэмтэд хийх болсон байна.   

АНУ-ын тарифаар тооцвол 2.9 тэрбум ам.доллар, Их Британийнхаар бол түүнээс ч их зардлыг зөвхөн эрчим хүчний хэрэглээндээ зарцуулдаг гэж Digiconomist-ын тайланд өгүүлжээ. Энэ шалтгааны улмаас эрчим хүчний хямд эх үүсвэртэй улсууд биткойн олборлолтоор амжилт олох ирээдүйтэй гэгдэж байгаа юм.

Биткойноор нэг гүйлгээ хийхэд 270 киловатт буюу дундаж америк өрхийн есөн өдрийн хэрэглээнд хүрэлцэх эрчим хүч шаардагддаг, олборлогч компаниудын нийт орлогын 55 хувь нь эрчим хүчний төлбөрт явдаг гэсэн судалгааг Digiconomist хийсэн нь мөн л ирээдүйг нь хангалттай харлуулах үзүүлэлт. Цахим картаар нэг гүйлгээ хийхэд  10 ватт эрчим хүч карцуулдаг гэсэн тооцоо бий. Гэхдээ дээрх тоог баталгаатай үнэн гэж үзэж болохгүй. Беванда гэж өөр байгууллагаас дээрх тоог үгүйсгэж, бит койн олборлоход жилд 2.9-4.5 терраватт, нэг гүйлгээд 16 киловатт эрчим хүч зарцуулдаг гэсэн судалгааг сөргүүлэн тавьжээ.                   

Цахилгааны хэрэглээтэй холбоотой тоо баримтууд:

  • Биткойн олборлоход зарцуулсан эрчим хүчний хэмжээ өнгөрсөн сард 29.98 хувиар өсчээ.
  • Хэрвээ энэ эрчээрээ явдал 2020 оны хоёрдугаар сар гэхэд дэлхийн бүх эрчим хүч биткойн үйлдвэрлэл болон гүйлгээнд зарцуулагдах тооцоо гарч байна.
  • Биткойн олборлогч компаниуд жилд 7.2 тэрбум ам.доллар олсон гэсэн тооцоо байна.
  • Харин энэ хугацаанд 1.5 тэрбум ам.долларыг цахилгааны төлбөрт өгчээ.
  • АНУ-д 2.4 сая хүн биткойн олборлож байгаа нь Хьюстон хотын хүн амын тооноос илүү гэсэн үг юм.
  • Британид 6.1 сая иргэн биткойн олборлож байгаа нь Бирмингем, Лидс, Шеффильд, Манчестер, Брэдфорд, Ливерпуль, Бристоль, Кройдон, Ковентри, Лейстер, Ноттингем гэсэн 11 хот юм уу, Шотланд, Уэльс, Умард Ирланд улсын хүн амын тооноос давж байна.
  • АНУ-ын 12 муж улсын (Аляска, Хавай, айдахо, Мэн, Монтана, Нью Хэмпшир, Нью Мексико, Умард Дакота, Род Айленд, Өмнөд Дакота, Вермонт, Вайоминг) муж улсын хэрэглээг нийлүүлснээс их эрчим хүчийг биткойн олборлоход зарцуулж байна. 

 

Мөнгөний ирээдүй  ба блокчейн технологи

Биткоин тодорхой ашиг сонирхлын бүлэглэл хоорондын арилжааны хэрэгсэл болчих вий гэсэн болгоомжлол бий. “Голдман сакс” банкны захирал нь “Биткойн бол луйварчид алан хядагчдын орогнох үүр” гэж хэлсэн байсан. Эрүүлээр сэтгэдэг хүнд байх л санаа. Биткойны бас нэг эрсдэл нь одоогоор тогтоод байгаа улстөр, эдийн засгийн тогтолцоотой хэтэрхий зөрчилтэй буюу нураах ч эрсдлийг агуулж байгаад оршино. Төрөөс хамааралгүй иргэд хоорондоо итгэлцэж бүх худалдаа арилжаагаа хийнэ гээд бодоод үз л дээ. Тогтолцоо үүнийг зөвшөөрнө гэж үү. Дэлхий нийтээрээ нэгдэж нэг улс болохгүй нь тодорхой учир өөр өөрсдийн мөнгөн тэмдэгт байж л таарна.

 Хэтэрхий төгс ч гэсэн даяарчлалын үзэл санаа мухардаж, “дангааршил” хүчээ авч буй өнөөгийн нөхцөлд улс орнууд хүлээн зөвшөөрөхөд тун хэцүү валют юм, биткойн. Тийм ч учраас одоогоор криптовалютыг хүлээн зөвшөөрсөн нэг ч улс байхгүй. Харин криптовалютын гол давуу тал болох блокчейн технологийг нь цахим мөнгөндөө шингээх хандлага ажиглагдаж байна.


Криптовалютын олборлолт худалдааг төрийн хатуу хяналтад өвч, төрөөс зохицуулж болдог, тэгсэн мөртлөө блокчейн технологид суурилсан крипто рубль гаргахаар шийдвэрлэсэн ОХУ үүний тод жишээ. Мөнгөний ирээдүй биткойн биш блокчейн технологи гэж үзэх шатгаан энэ. Хэрвээ дэлхийн бусад улс ч ОХУ-ын жишээг дагаад эхэлбэл биткойны ханшид нөлөөлөх нь ойлгомжтой юм. “Голдман сакс” банк саяхан гаргасан 2018 оны эдийн засгийн төсөөлөлдөө биткойны ирээдүйг яг энэ талаас нь харж, “Биткойны ханш ирэх онд өссөөр 65 мянган ам.долларт хүрэх ч улс орнууд өөрсдийн мөнгөн тэмдэгтийг блокчейн технологид шилжүүлж эхэлснээр буцаад 1000 ам.доллар болж унана” гэж таамагласан байсан.

Блокчейн бол аливаа мэдээллийг үнэн зөвөөр, найдвартай тараан-байршуулж, чанд хадгалах үнэхээр төгс, гайхамшигтай технологи юм. Салбар бүрт энэ программыг нэвтрүүлж гэмээ нь асар том өөрчлөлт гарна гэж шинжээчид дүгнэдэг. Жишээ нь, блокчейнээр мөнгөн шилжүүлгийн бүртгэл, зээлийн бүртгэл, өмчийн эрхийн бүртгэл, замын хөдөлгөөний зөрчлийн бүртгэл, гэрлэлтийн бүртгэл гээд бүх төрлийн бүртгэлийн мэдээллийг хадгалах боломжтой. Ерөнхийдөө, цаасан дээр бичиж болох бүх зүйлийг  блокчейн дотор бичиж болно. Блокчейнээр хадгалагдсан бүртгэлийг орлуулах эсвэл хуурамчаар дуурайх ямар ч боломж байхгүй. Бас мэдээлэл ил тод байдаг.

 Ингэснээр хүн төрөлхтөн асар их цаг хэмнэж, хөгжил төдий чинээ хурдасна гэсэн үг. Дэлхийн олон улс өдгөө блокчейний давуу талыг ашиглахаар хөдөлж эхлээд байна. Зөвхөн мөнгө төдийгүй, бүртгэлийн нийт системийн ирээдүй нь блокчейн технологи болжээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.159
    2023/12/25

    Belen mungu

    Хариулах
    • 66.181.190.159
      2023/12/25

      Chuhal