Сонгуулиас өмнө “Салхит”-ын хоёрдугаар ангийг хийе

Х.Батсайхан
2023/12/27

-Монголчууд баялгийнхаа эзэн гэдэгтээ эргэлзэж байна. Эргэлзээг арилгаж, эзний мэдрэмжээ дахиж нэг авъя-

“Нүүрсний сонсгол”-оос монголчууд нэг л мэдрэмжийг өндөр тунгаар амслаа. Тэр нь "Газрын хэвлийн баялаг төрийн, нийтийн өмч гэж хуульд заасан хэр нь нийтэд нэг их хамаагүй явж ирсэн юм байна", "Ард түмэн баялгийнхаа эзэн нь биш юм байна" гэдэг мэдрэмж.

“Нүүрсний сонсгол”-оос өмнө ард түмэн “Төр энэ их баялгийг яг хэнд хадгалаад, хэзээ идэх гэж биднийг ингэж өлөн зэлмэн амьдруулна вэ” гэж гайхдаг байсан бол дараа нь хариултаа оллоо. Үе, үеийн эрх баригчид, төрд шургалсан этгээдүүдэд амжиж хулгайлж, ахиухан баяжихын тулд л иргэдийнхээ тархийг угааж байдаг гэдгийг мэдлээ. Ард түмний баялгийг ашиггүй ажилллуулах, тонон дээрэмдэх эрх хэнд ч, тэр тусмаа төрд ч байхгүй гэдэгт иргэд бат итгэлтэй болж байна.

Энэ бол нэг талаараа зөв ч төр, иргэнийг холдуулж байгаагаараа маш аюултай. Сая Нийслэлээс автомашиныг тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр гаргахад иргэд биелүүлэхээс татгалзсан тохиолдол гарсан. Төр иргэдэдээ чадамжгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй болж байгаагийн дохио. Хөгшин залуугүй “Төр гэдэг чинь ердөө хэдхэн хулгайч л байдаг юм” гэсэн ойлголттой болж байна. Шийдвэр гаргагчид үүнийг ноцтой хүлээж авч, байдлыг эерүүлэх ёстой.

Юуны түрүүнд, муу, муухайгаа илчилж байгаа нь сайны дохио, хулгайг таслах эрмэлзэл юм гэдгийг харуулах шаардлагатай. Үүнийг хийх нэг арга байгаа нь, сонгуулиас өмнө амжаад “Салхит”-ын хоёрдугаар ангийг хийж /эхний анги дээр гаргасан алдаагаа давтахгүйгээр/, монголчууд баялгийнхаа эзэн гэдэг мэдрэмжийг нь сэргээх ёстой. Тэр нь Салхитын хоёрдугаар ангийг хийх явдал юм.  

“Салхит”-ын нэгдүгээр ангийн алдаа, оноо буюу ирээдүйд өгсөн даалгаврууд  

Тэгэхээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны босгон дээр монголчуудад шинэ жилийн мэндчилгээ хүргэхдээ “Тэтгэврийн зээлтэй хөгшчүүдийн таван сая хүртэлх төгрөгийн зээлийг нэг удаа тэглэх” асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэн зөвшилцөлд хүрсэн талаар мэдэгдсэнийг Салхитын нэгдүгээр анги гээд байгаа юм.  

Энэ ажил хэрэгжсэнээр маш том боломж харагдаж, жишиг тогтсон.

Нэгд, ашигт малтмалын ордуудаа ордуудаа багаас нь эхлэж ашиглах ёстойг харуулсан. Гэр хороооллыг барилгажуулахдаа хотын төвөөс биш захаас эхлэх нь үр дүнтэй гэдэг батлагдсан арга бий. Түүн шиг ашигт малтмалын орд газруудыг ашиглахдаа томоос нь биш, багаас нь эхэлсэн нь илүү тустай гэдгийг Салхит дээр харуулсан юм.

Монголчууд “Стратегийн орд” хэмээн 40 гаруй ордыг төрийн мэдэлд авсан ч ганц Тавантолгойтой зууралдаж, энэ хооронд ганц нэгээр нь хувийн хэвшилд шилжүүлсээр дууссан. Стратегийн ордын жагсаалт гэдэг нь “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд байдаг, эргэлтэд ороод ашиг орлого орж ирвэл ард түмэнд хувь тараагдах тэр хэдэн орд л шүү дээ. Тэдэн дотор бид өөрсдөө эхлээд ашиглалтад оруулчихаар жижгэвтэр /Тавантолгойтой харьцуулахад/ олон бий. Тэр ордуудаасаа эхэлж ашиглаад бий болсон хуримтлалаар нь дараа дараагийн том ордуудаа ашиглаад явья гэдэг санаа байдаг. Салхитыг ашигласнаар бид заавал том орд гэхгүй жижиг ордоор ч том ажил амжуулж болохыг мэдэж авсан.

Хоёрт, ард түмэн “Цүнхний лиценз”-ийн үнэ цэнийг мэдэрсэн. Монгол орны газар нутгийн ихэнх хэсгийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нэрээр цөөн хэдхэн хүн эзэмшиж, түүнийгээ харийнханд зарж баяжиж байгаа талаар мэдээлэл бишгүй л гардаг. Гэсэн ч бид бодитоор нь тусгаж авалгүй “Алаагүй баавгайн арьс” гэдэг утгаар хандсаар ирсэн билээ. Тэгвэл лиценз гэх цаасны цаана ямар их эд баялаг нуугдаж байсныг, эрх мэдэл, танил талаа ашиглаж олж авсан лицензээр хэн хэчнээн их баяжиж, харийнханд газар нутгаа эзлүүлж байсныг “Тэтгэврийн зээлийг тэглэх” ажиллагаа олон нийтэд дэлгэн харуулсан юм. Зөвхөн нэг лицензийн талбай дахь ордоос тэтгэврийн зээлтэй ахмадуудын өрийг тэглэснээр иргэд ард нь ямар, ямар лиценз хэн, хэнд байна вэ, тэр орд нь хэчнээн нөөцтэй юм бэ гэдэг асуудалд анхаарал хандуулах болсон. Энэ бол Салхитын нэгдүгээр ангиас ард түмэнд үлдсэн нэг том өв байсан бөгөөд одоо алдагдчихаас нь өмнө сэргээх шаардлага байна. Төр, ард түмнийхээ талд зогсож, хоёрдугаар анги хийх юм бол энэ өв сэргэнэ.  

Баялгийн эзэд бид гэдгээ бага ч гэсэн мэдэрсэн цагт бусдад амар алдахгүй үнэ цэн, дархлаа суух нь дамжиггүй. Үнэ цэнэ гэдэг нь монгол хүний газар нутгаа гэсэн, өмч хөрөнгөө гэсэн, гадагш нь алдчихгүй юм сан гэсэн эзэн хүний сэтгэлгээ юм.

Хоёрдугаар ангид ашиглах ордууд төрд бий. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон ордын лицензүүд байна. Тэднийг буцааж, “Эрдэнэс Монгол”-д төвлөрүүлээд сонголт хийж болно.

Монголчууд Тавантолгойн баялгаас түүхэндээ нэг л удаа 2020 онд 90,000 төгрөгийн ногдол ашиг авч үзсэн. Өмнө нь “Чалко”-гоос зээлж тараасан “Эх орны хишиг”, “Рио Тинто”-д татварын акт тавьж олж ирсэн 300,000 төгрөгийг үүнд оруулж болох ч мөн чанараараа бүгд сонгууль угтсан авлига байсан юм. Энэ удаад Салхитын хоёрдугаар ангийг хийвэл бас л тэгж харагдана, гэхдээ алдааг дахиж давтахгүйгээр хийж болно.

Өмнөх ангиар таван сая хүртэлх зээлтэй ахмадуудын зээлийг тэглэсэн. Оюутнуудын сургалтын төлбөрийг тэглэх, ипотекийн зээлийг тэглэх гэх мэт олон л хувилбар яригдсан байдаг.

Тэгвэл энэ удаад тэгш бус байдал үүсгэхгүйгээр шийдэж болно. Тухайлбал, иргэдийн нэрийн дансыг мөнгөжүүлж болно. Тэгээд нэрийн дансан дахь мөнгө нь зээлийн баталгаа болдог, тэтгэвэрт гарсныхаа дараа тодорхой хэсгийг нь бөөнөөр нь авч болдог, үр хүүхдэд нь өвлөгддөг хууль эрхзүйн орчин бүрдүүлж болно. Загвар нь бэлэн байгаа, сонгуулиас өмнө амжина. Нийгмийн даатгал төлөх, ажил хийх эрмэлзлийг ч асааж дөнгөх байх. Дагаад даатгал, татвар төлөгчдийн бааз суурь ч нэмэгдэнэ. Засгийн газар ирэх жил анх удаа нэрийн дансыг мөнгөжүүлэх зорилгоор мөнгө төсөвлөсөн болохоор эрмэлзэл байна гэсэн үг. Сайтар бодож боловсруулаад сонгуулиас өмнө энэ ажлыг л хийчихмээр байна. 

Нэгдүгээр ангийг хийсэн ҮАБЗ-ийн гурван гишүүнээс Х.Баттулга бууж, У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр хэвээрээ байна. Хоёрдугаар ангийг хийх эсэхээс эхний ангийг хийх санаачилга хэнийх байсан нь ч харагдана.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.184
    2023/12/27

    Jijig dund uurhainuudiig bugdiig ni huchingui bolgoj Turiin tustei hamgaalaltand av.

    Хариулах