МЕГА ТӨСЛҮҮД: "Рио Тинто"-гийн заль мэхнээс болж 10 жил "гацсан" Тавантолгойн ДЦС

Х.Батсайхан
Өчигдөр 07 цаг 51 минут

Мэдээллийн Зөв.мн сайт "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн зорилттой уялдуулан хэрэгжүүлж буй 14 мега төслийг цувралаар танилцуулж байгаа билээ. 

Энэ удаад бид Засгийн газар ач холбогдлоор нь хоёрдугаарт эрэмбэлсэн, 450 мВт хүчин чадалтай Тавантолгойн ДЦС-ын төслийг танилцуулж байна.

 Төслийн түүх буюу "Рио Тинто"-гийн заль мэхээс үүдсэн алдагдсан боломж

14 мега төслүүд шинэ зүйл биш, өмнө нь улс орны ирээдүйд чухал ач холбогдолтой хэмээн эхлүүлсэн ч ямар нэгэн шалтгааны улмаас он удаан жилийн турш хэрэгжих боломжгүй "гацсан" хуучин төслүүд гэдгийг бид хил дамнасан төмөр замын төслүүдийн танилцуулгадаа дурдсан билээ. Одоо танилцуулах Тавантолгойн ДЦС-ын төсөл ч тэдний нэг юм.   

Тавантолгойн ДЦС төслийн түүх 2014 оноос эхэлдэг бөгөөд санаачлах болсон шалтгаан нь үндсэндээ Оюутолгойн уурхайг дотоодын эрчим хүчээр хангах зорилгоос үүдэлтэй. 

Монгол Улсын Засгийн газар 2009 онд "Оюутолгой" төслийг хэрэгжүүлэгч "Айвенхоу майнз" компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа  7.3-т "Үйлдвэрлэл эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс хангана" гэсэн заалт оруулсан бөгөөд Оюутолгойн уурхайн үйлдвэрлэл 2013 оноос эхэлсэн гэхээр 2017 ондоо багтаад дотоодоос эрчим хүчээ авах ёстой байв. 

Гэрээний заалтыг хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулагч тал өөрийн талбай дээр шинэ эх үүсвэр барих зөвшөөрлийг 2012 онд авсан ч хоёр жил ажил хийсэнгүй.

 Улмаар Засгийн газрын санаачилгаар "Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээ"-г Оюутолгой ХХК-тай байгуулсан байна. 

Манай талын гол сонирхол нь мэдээж хэрэг, Тавантолгойн ордод түшиглэсэн, нүүрсээр ажилладаг цахилгаан станц байгуулаад тэндээсээ Тавантолгой, Ухаа худаг, Оюутолгой, цаашлаад говийн бүсийн хэрэглэгчдийг хангах явдал байсан бөгөөд Оюутолгойтой гэрээ байгуулсан нь хөрөнгө оруулалт авах гэсэн зорилготой байв. 

Гэтэл “Оюутолгой” буюу “Рио Тинто” манай аргагүй байдлыг ашиглаад гэрээний 1.4.1-т “Оюутолгой ХК Тавантолгой дахь цахилгаан станцын төсөл дэх оролцоо үргэлжилж байгаа нөхцөлд эрчим хүчний хэрэгцээгээ Монгол Улс дахь эх үүсвэрээс хангах үүргийг тус компани заавал биелүүлэх шаардлагагүй” гэсэн утгатай заалт оруулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүргээсээ бултсан юм.

 Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ДЦС баригдахгүй сунжрах тусам 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр (7.3) хүлээсэн эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь дотоодын эх үүсвэрээс хангах үүргээ биелүүлэхгүй байсан ч болохоор болгосон. 

Өөрөөр хэлбэл, манай тал санхүүгийн эх үүсвэр хангалтгүй учир төслөө хурдан хугацаанд ашиглалтад оруулахын тулд Оюутолгойгоос татах хөрөнгө оруулалтыг тооцоод "Рио Тинто" төсөл үргэлжлэх хугацааг сунжруулах эрсдлийг тооцохгүй алдаа гаргачихсан юм. 

Ингээд дөрвөн жилийн дараа буюу 2018 онд "Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээгээ биелүүлэхийг шаардахад “Оюутолгой” ХХК албан ёсны цахим хуудастаа “Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд “Оюутолгой” ХХК нь Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Тавантолгойн цахилгаан станцын төслийн хэрэгжих боломжийг судалж, цахилгааны станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийж ирсэн билээ. 

Өнөөдөр Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгогдож байна” гэсэн мэдэгдэл гаргасан байдаг. Улмаар өөрийн хөрөнгөөр ДЦС барих боломжтой гээд, үүнд дахин дөрвөн жил шаардлагатай гэсэн байдаг. 

Засгийн газар ч Тавантолгойн ДЦС-ыг өөр эх үүсвэрээр барихаар ажиллаж эхэлсэн нь одоогийн Тавантолгойн ДЦС төсөл юм. 

  Боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ 

Улс орны эдийн засгийн хөгжил нь техник, тоног төхөөрөмжийн  бий болгодог хөдөлмөрийн бүтээмжид тулгуурлаж явагддаг бөгөөд энэ бүхний суурь нь эрчим хүчний хангамж байдаг. Тэр ч утгаараа эрчим хүчний салбарын хөгжил эдийн засгийн хөгжлөөсөө түрүүлж явдаг, ирэх жил нь эдийн засгаа 10 хувь өсгөе гэвэл өмнөх жилд нь эрчим хүчний үйлдвэрлэлээ 10-15 хувиар өсгөх байдлаар ажилладаг байна.

Харин манай улсын хувьд,  1984 оноос хойш эрчим хүчний том эх үүсвэр нэмж бариагүй, нийт хэрэглээнийхээ 25 орчим хувийг импортоор авдаг тул аж үйлдвэр хөгжүүлэх боломжгүй байсан. Баруун бүсэд импортын хэрэглээ 70 хувьд хүрдэг, шинээр үйлдвэр барилаа гэхэд төвийн системээс хангах боломжгүй. 


Эдийн засгийн үр өгөөжийг хамгийн их нэмдэг уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр барья гэхэд "Эрчим хүчээ өөрсдөө шийд" гэдэг, тиймээс хоёр хөрш рүүгээ очиж "Манайд жилд нийлүүлдэг хэмжээн дээрээ тэдэн МВт-ыг нэмж өгөөч" гэж царайчилдаг нөхцөл байдалд байна. 
Тавантолгойн ДЦС баригдсанаар энэ хүндрэл үгүй болж, говийн бүсэд боловсруулах үйлдвэрүүд баригдах суурь нөхцөл бүрдэнэ.

   Өртгөө хурдан нөхөх, хамгийн найдвартай төсөл  

Төслийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд 303 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдахаас 690.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Энэ мөнгөний ихэнх хувь буюу 460.6 тэрбум төгрөгийг 2025 оны төсөвт суулгажээ. Явцын хувьд, ТЭЗҮ бэлэн болж, тендер нь зарлагдан ялагч тодроод буй.


Төлөвлөгөө ёсоор 2028 онд ашиглалтад орж, жилд 3.2 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх тооцоотой. 
14 мега төслийн ихэнх нь эрчим хүчнийх бөгөөд манайх эрчим хүчний дутагдалтай гэдэг утгаараа бүгд л найдвартай. Гэхдээ Тавантолгойн ДЦС тэдэн дундаа бүр илүү найдвартай нь юм. Учир нь худалдан авагч бэлэн. Станц ашиглалтад орсон даруйд Оюутолгой ХХК дээр дэлгэрэнгүй тайлбарласан 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний /7.3/ дагуу эрчим хүчээ худалдаж авна. 

“Оюутолгой” ХХК жилд 200-250 сая ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас авч хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Тавантолгойн цахилгаан станц баригдчихвал зөвхөн Оюутолгой ХХК-д энэ хэмжээний борлуулалт хийж /2009 оны ХОГ-нд тусгайлан зааж өгсөн арилжааны үнэ тарифаар/, хурдан хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх юм.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.248
    Өчигдөр

    Нэг хачин юм сонссон … “10% Даваасүрэн гэж хүн сайд байхдаа Рио Тинто цахилгаан станц барих үүрэгтэй байсныг болиулсан” гэж! Хэрэв энэ үнэн бол улсаа бодоогүй сайд мөн үү …

    Хариулах
    • 59.153.115.98
      18 цагийн өмнө

      мөн

  • 202.9.46.29
    Өчигдөр

    Уул уурхайн РиоТинто компани Т.Баярхүүгийн хэлдэг долларын эзэдийн эзэмшлийн компани шүү дээ.

    Хариулах
  • 66.181.161.241
    Өчигдөр

    Маш ойлгомжтой бичжээ

    Хариулах